Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 291

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр баг, Баян-Өндөрт оршин суух, Сэргэлэн хар овогтой Цагаан-Ухнын Ганхуягийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Ганхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цагаан-Ухна овогтой Ганхуяг нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд 1966 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн. 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Алтай хотын худалдааны трестэд хайрцаг засвар, төвд агуулах хайрцагны бэлдэц бэлтгэх ажилд ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил дутаж байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Алтай хотын худалдааны трестэд хайрцаг засвар, төвд агуулах хайрцагны бэлдэц бэлтгэх ажилд ноормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Ц.Ганхуягийн шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Сэргэлэн хар овогтой Цагаан-Ухнын Ганхуяг нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестэд ноормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Ганхуяг нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестэд ноормчноор ажиллаж байсан болох нь:

 -Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын “...Ц.Ганхуягийг 1988.10.15-ны өдрөөс орсон тушаалыг тус тус нөхөн гаргасугай...” гэсэн 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай “зарим ажилчдын тушаал нөхөн гаргах тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаартай “”Тус аймгийн Алтай хотын худалдааны трестэд ноормчноор ажиллаж байсан Цагаан-Ухна овогтой Ганхуяг нь” гээд 1989 оны 06 дугаар сараас 1991 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд авсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Сэргэлэн хар овогтой Цагаан-Ухнын Ганхуягийг 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестэд ноормчноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сэргэлэн хар овогтой Цагаан-Ухнын Ганхуягийг 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестэд ноормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Н.ОЮУНБИЛЭГ