| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0021/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/22 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/22
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч Х.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б-ын Т-т холбогдох эрүүгийн 2113002050011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, регистрийн дугаар БК..........., Ж овогт Б-ын Т-, 1995 оны 11 сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ........ сумын ....... дугаар баг, Баянзүрхт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2013 оны 02 сарын 14-ний өдөр Баян- Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулж байсан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 4 жил 3 сар 17 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 11 сарын 18-ны орой Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт байрлах хохирогч Д.А-ийн 1 тооны ямааг хулгайлсан,
Мөн 2021 оны 11 сарын 19-ний орой гурван удаагийн үйлдлээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт байрлах хохирогч Д.А-ийн 1 тооны ямааг хулгайлж, нийт 280000 төгрөгийн хохирол, хохирогч Д.С-ын 4 болон 5 насны 2 тооны ямааг тус тус хулгайлж, 260000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1.1 Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой тус аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт байрлах Д.А-ийн 1 тооны ямааг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орой тус аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт байрлах хохирогч Д.А-ийн 1 тооны ямааг хулгайлж нийт 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой тус аймгийн Улаанхус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.С-ын 1 тооны ямааг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед шилжих шөнө тус аймгийн Улаанхус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.С-ын нэг тооны ямааг хулгайлж нийт 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хохирогч Д.А-, Д.С нарын мэдүүлэг, гэрч Б-аас 2 ширхэг хар зүсмийн ямааны арьсыг хураан авч хохирогчдод хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрч Б, Ш, М-, А нарын гэрчийн мэдүүлэг, А-аас гаргаж өгсөн гэрэл зургийг хавтаст хэрэгт тусгасан мөрдөгчийн тогтоол тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т-ийн өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-ын Т-ийг бусдын 4 тооны ямааг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.” гэв.
1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Б.Т- нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Учирсан хохирол болох 600.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн. Харин улсын яллагчаас санал болгож буй гэмт хэргийн улмаас олсон орлого гээд байгаа 40.000 төгрөгийг яллах дүгнэлтэд дурдаж ирүүлээгүй.” гэв.
1.3. Шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113002050011 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
1. Мөрдөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 22, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 5-10 дахь тал/,
2. Гэрч Р.Б-аас шүүгдэгч Б.Т-ийн худалдсан гэх 1 ширхэг хар зүсмийн ямааны арьсыг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
3. Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
4. Гэрч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,
5. Гэрч М.Ш-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,
6. Шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээний БӨА-21-246 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 28-35 дахь тал/,
7. Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал/,
8. Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 167-172 дахь тал/,
9. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 76-78 дахь тал/,
10. Гэрч Р.Б-аас шүүгдэгч Б.Т-ийн худалдсан гэх 1 ширхэг хар зүсмийн ямааны арьсыг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 79-82/,
11. Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 88-89, 180-181 дэх тал/,
12. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,
13. Гэрч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/,
14. Эд зүйл бүхий ямааны арьст үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 154-162 дахь тал/,
15. Шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээний БӨА-22-013 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 201-216 дахь тал/,
16: Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг //1 дэх хавтаст хэргийн 167-172 дахь тал/ зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Харин шүүгдэгч Б.Т- болон түүний өмгөөлөгч С.Т-эс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- дэмжин оролцож, шүүгдэгч Б.Т-т хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
1.1. Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 11 сарын 18-ны орой тус аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт байрлах хохирогч Д.А-ийн 1 тооны ямааг хулгайлсан, 2021 оны 11 сарын 19-ний шөнө тус аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт байрлах хохирогч Д.А-ийн 1 тооны ямааг хулгайлж, нийт 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Мөрдөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 22, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 5-10 дахь тал/,
- Гэрч Р.Б-аас шүүгдэгч Б.Т-ийн худалдсан гэх 1 ширхэг хар зүсмийн ямааны арьсыг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
- Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тус аймгийн Улаанхус сумын төвд буюу 7 дугаар багт оршин суудаг. Би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй ба хашаандаа 57 тооны ямаатай. Уг ямаагаа өглөө бэлчээрт гаргаж орой хашаанд байлгадаг. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед байх гэрийн ойролцоо ямаан сүргээ тууж явж байхад манай гэрээс ойролцоогоор 20 орчим метрийн зайтай газар ямааны сэг байсан. Уг ямааны сэгийг би өөрөө очиж харахад толгой, гэдэс хэсэг нь бүтэн, арьсыг нь төхөөрсөн байдалтай арьсгүй байсан. Мөн хоолойг нь зүсэж нядалсан зүйл харагдаагүй ба уг ямаа нь миний ямаа мөн байсан. Учир нь, хар зүсмийн толгойтой, эвэртэй, баруун талын эвэрт нь шар өнгийн будаг түрхсэн байсан. Тэгээд би уг ямааг нохой идсэн юм болов уу гэж тоогоогүй байсан. Мөн тус өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн үед байх миний бие өөрийнхөө гэрт байж байхад миний хөрш айлын залуу болох Хонхи хочтой залуу манайд ирж танай хашааны гадна үл таних эрэгтэй хүн ямаа нядалж байгаад бид нарыг хараад зугтаачихлаа, та мэдээгүй юм уу гэхэд би гэрээсээ гараад харахад манай малын хашааны гадна талд мөн миний 1 тооны хар зүсмийн ямааг хоолойг нь зүсээд амийг нь тасалсан, арьсыг нь төхөөрч байгаад зугтсан байсан. Тэгээд би уг Хонхи хочтой залуугийн хамт ямаа нядалж байгаад зугтсан гэх хүнийг сумын төвийн гудамжаар эрж хайгаад олоогүй юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
- Гэрч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Б.Т-ийг гаднаас нь зүс танина. Бид нарын хооронд төрөл садангийн болон өөр ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Би Б.Т-ийг урд өмнө Д-гийн хүүхэд гэдгээрээ таньдаг ба нэрийг нь мэдэхгүй байсан. Сүүлд хүмүүсээс тодруулж асуухад Бердимуратын хүү Тилеубек гэдгийг мэдсэн. Бердимуратыг манайх Д- гэж хоч нэрээр нь дууддаг юм. Манай сумын 5 дугаар багт оршин суудаг. Миний бие тус сумын төвд арьсны ченж хийдэг юм. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21 цаг өнгөрч байсан байх, сайн санахгүй байна. Миний бие өөрийн гэрт байж байхад манай гэрт Б.Т- ирсэн. Тэр ирэхдээ 1 ширхэг ямааны арьс авч ирсэн ба уг арьсыг худалдах талаараа хэлсэн. Тэгээд би уг арьсыг нь үзэж байгаад 39000 төгрөгөөр авсан. Тухайн үед Б.Т-ийн авч ирсэн арьс нь хар зүсмийн ямааны арьс байсан ба уг арьсыг өөрийнхөө арьс гэж хэлсэн. Би тухайн үед Б.Т-т 39000 төгрөг бэлнээр өгсөн байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,
- Гэрч М.Ш-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тус сумын төвд буюу 7 дугаар багт оршин суудаг. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М- гэх хүний хамт манай гэрийн хашааны гадаа зогсож байхад манай хөрш айл болох Д.А-ийн хашааны гадна буланд үл таних залуу ямар нэгэн юм хийж байх шиг харагдсан. Тэгээд би хажууд нь очихоор дөхөхөд уг залуу бид нарыг хараад зугатаад явсан ба тэр залуу Д.А-ийн хашааны гадна буланд ямаа нядалж байсан. Тэгээд би уг залуугийн араас хөөсөн боловч барьж чадаагүй. Нөгөө залуу харанхуйд нуугдсан байсан. Тэгээд би нөгөө залуугийн ямаа нядалсан гэх газарт буцаж очиход хар зүсмийн эвэртэй ямааг хоолойг нь огтолж, цусыг нь гаргаж, арьсыг нь гаргаж байсан байна. Тэгээд би Д.А-ийн гэрт нь очиж болсон явдлыг хэлсэн. Тэгээд Д.А-и гарч ирээд нөгөө нядалсан гэх ямааны сэгийг хараад өөрийн малын хашаанд байсан ямаа мөн байна гэсэн. Тэгэхээр нь бид дахиад нөгөө залууг сумын гудамжаар хайгаад олоогүй юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,
- Шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээний БӨА-21-246 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 28-35 дахь тал/,
- Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М.Ш- идшээ гаргасан бөгөөд миний бие тэднийд байсан юм. М.Ш- бид хоёр тэдний гэрээс гарч хашааны гадна зогсож байхад хөрш айл болох Д.А-ийн хашааны буланд үл таних хүн ямар нэгэн юм хийгээд байгаа юм шиг сууж байгаа харагдсан бөгөөд М.Ш- бид хоёр дөхөж очиход нөгөө үл таних залуу биднийг хараад зугтсан. Тэгээд бид хоёр юу хийж байгаад зугтаасан юм бол гэж ойртоод очоод хартал хоолойг нь хэрчиж нядалсан, арьсыг нь салгаж байсан хар зүсмийн эвэртэй ямаа байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.А-ийн хашаанаас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой нэг ямаа авсан. 2 дахь ямааг нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой авсан юм. Цагийг нь сайн санахгүй байна. Хоёр дахь ямааг нь аваад нядлаад сууж байхад 2 хүн ирэхээр нь би зугтаагаад яваад өгсөн. Эхний ямааны зөвхөн арьсыг нь аваад махыг нь үлдээсэн. Хоёр дахь ямааг нядалж байхад хүн ирэхээр нь тэр чигт нь орхиод зугтсан. Нэг ямааны арьсыг Болат гэх хүнд зарсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 167-172 дахь тал/ зэргээр,
1.2. Мөн шүүгдэгч Б.Т- нь 2 удаагийн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт байрлах хохирогч Д.С-ын 4 болон 5 насны 2 тооны ямааг тус тус хулгайлж, 260000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 76-78 дахь тал/,
- Гэрч Р.Б-аас шүүгдэгч Б.Т-ийн худалдсан гэх 1 ширхэг хар зүсмийн ямааны арьсыг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 79-82 дахь тал/,
- Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие өөрийн хашаандаа 24 тооны ямаатай юм. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой манай гэрт тус сумын иргэн Х.А- гэгч ирсэн. Тэр манайд ирээд утсаа гаргаж ирээд надад хар зүсмийн ямааны зургийг үзүүлж энэ танай ямаа биш үү, үүнийг сая үл таних залуу авч явж байлаа, би сэжиглээд танайд хүрээд ирлээ гэсэн. Би Х.А-ын гар утсанд байгаа ямааг харахад миний ямаа мөн байсан. Тэгээд Х.А- бид хоёр нөгөө ямаа тууж яваа гэх хүний араас очиход олоогүй ба эргээд гэрт ирж малын хашаагаа үзэхэд нөхөө Х.А-ын зургийг нь авсан хашаанд ирсэн байсан. Тэгээд хүмүүс андуураад тууж явсан байлгүй гэж бодсон. Маргааш нь өглөө 08 цагийн үед байх хашаандаа явж байхад манай хашааны гадна талд ойролцоогоор 80 метрийн зайтай газарт айлуудын нохойнууд бөөгнөрч байсан. Тэгээд би юу болсон бол гэж явж очиход тэнд арьсыг нь хуулсан, арьсгүй, хоолойг нь хэрчиж зүссэн ямааны сэг байсан. Уг ямааны сэг миний ямаа мөн байсан. Тэгээд би ойр орчмоос сэжигтэй зүйл ажиглаад үзэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 88-89, 180-181 дэх тал/,
- Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний би тус аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт оршин суудаг. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 22 цаг өнгөрч байхад миний бие өөрийн хашааны 00-д сууж байхад манай хашааны ойролцоо ямааны боогдож байгаа дуу чимээ гарсан. Тэгээд би хашаанаас гараад уг ямааны дуу чимээ гарсан зүг рүү очиход нэг үл таних залуу хар зүсмийн, эвэртэй, хоёр эврийн дунд буюу духны хэсэг цагаан зүстэй, урд талын нэг хөлийн шилбэ хэсэг нь цагаан зүстэй ямааг хүзүүнээс нь гараараа барьсан дээр нь сууж авсан хоёр хөлөөрөө хавчиж ертөнцийн зүгээр зүүн зүг рүү чиглээд явж байсан. Уг залуу надад дээд гудамжнаас явж байгаа миний өөрийн ямаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яг хэнээс авсан бэ гэхэд Ж.Д-ээс авсан гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед өөрийн гар утсаар уг залуугийн авч явж байсан гэх ямааны зургийг авч, бичлэг хийж авсан байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,
- Гэрч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б.Т-ийг гаднаас нь зүс танина. Миний бие тус сумын төвд арьсны ченж хийдэг. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Б.Т- гэгч ирсэн. Тэр ирэхдээ 1 ширхэг ямааны арьс авч ирж худалдах талаар хэлсэн. Тэгээд би уг арьсыг үзэж арай жижиг хэмжээтэй байсан учир 26000 төгрөгөөр авсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/,
- Эд зүйл бүхий ямааны арьст үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 154-162 дахь тал/,
- Шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн тогтоол, үнэлгээний БӨА-22-013 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 201-216 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Смагулын ямааг тэр орой нь тэр хоёр хүнээс зугтсаны дараа хулгайлж аваад нядалж арьсыг нь аваад махыг нь үлдээгээд, дахиад буцаж очоод 2 дахь ямааг нь аваад явж байгаад тэдний хөрш залууд баригдаад миний зургийг дараад чиний ямаа биш байна, хаанаас авсан бэ гэхээр нь би юм хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд тэр ямаагаа алдаад явуулсан юм. Миний хийсэн хэрэг бол Д.А-ийн 2 тооны ямааг авч нядалсан ба Д.С-ын 2 тооны ямааг авч нэгийг нь нядалж, нэгийг нь алдаад явуулсан юм.” /1 дэх хавтаст хэргийн 167-172 дахь тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т- нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор очиж уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.
Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгодог юм.
Шүүгдэгч нь 4 бог мал хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.А-ид 280,000 төгрөгийн, хохирогч Д.С- 120,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Р.Б-ад 145.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Т-ээс 280.000 /хоёр зуун наян мянган дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Д.А-ид, 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.С-д, 145000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Р.Б-ад тус тус олгож шийдвэрлэв.
6.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “ Шүүгдэгч Б.Т-ийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж 2 жил 5 сарын хугацаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхаар тогтоон шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 17 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн ба өнөөдрийн шийтгэх тогтоолоор оногдуулах 1 жил 6 сарын хорих ялын нэмж нэгтгэн нийт эдлэх ялын 5 жил 9 сар 17 хоногоор тогтоох саналтай.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс шүүгдэгчид “Улсын яллагчаас санал болгосон 1 жил 6 сарын ялыг 1 жил болгох саналтай байна” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Б.Т- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 223 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 226-230 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 231-250 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 01-05 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.
Шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар, 17 /арван долоо/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил, 2 /хоёр/ сар, 10 /арав/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 /таван/ жил, 2 /хоёр/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т- нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ЦХШЗ/03 дугаартай шүүгчийн захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан тул шүүгдэгч Б.Т-ийн өнөөдрийн байдлаар цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
7. Бусад асуудлаар.
Тус хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Т-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн AJ6156893 серийн дугаартай 10000 мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, NZ8647304 серийн дугаартай 10000 мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AS3950635 серийн дугаартай 5000 мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг хохирогч нарын хохирол төлүүлэхэд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Т- нь энэ гэмт хэргийн улмаас 40,000 төгрөгийн ашиг олсон байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 40.000 /дөчин мянга/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Б-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар, 17 /арван долоо/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сар, 10 /арав/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил, 2 /хоёр/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 5 /тав/ жил, 2 /хоёр/ сар, 10 /арав/ хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн AJ6156893 серийн дугаартай 10000 мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, NZ8647304 серийн дугаартай 10000 мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AS3950635 серийн дугаартай 5000 мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг хохирогч нарын хохирол төлүүлэхэд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого болох 40.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ээс 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.А-ид, 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.С-д, 145.000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Р.Б-ад тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Б.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК