| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00314/и |
| Дугаар | 292 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 292
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар баг, Хүрэмтэд оршин суух, Олхонууд овогтой Норовсамбуугийн Хасаановын хүсэлттэй
Нийгмийн даатгалын дэвтэр болон архивын лавлагааны эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Хасаанов шүүхэд гаргасан хүсэлтдээ: Олхонууд овогтой Норовсамбуугийн Хасаанов миний бие 1957 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн. Тухайн үед нийгмийн даатгалын дэвтэр дээр миний нэрийг Хасаанов гэж бичихийг Асаанов хэмээн буруу бичсэн байна. Мөн Батлан хамгаалах яамнаас олгосон хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаан дээр миний нэрийг Хасанов хэмээн нэг “а”-г орхигдуулж буруу бичсэн байна. Иймд 0822145 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 000008523 дугаартай архивын лавлагааг миний бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Н.Хасаановыг нийгмийн даатгалын дэвтэр, архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч Н.Хасаанов нь Нийгмийн даатгалын дэвтэр болон архивын лавлагааны эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Олхонууд овогтой Норовсамбуугийн Асаановт олгосон №0822145 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Олхонууд овогтой Норовсамбуугийн Хасаанов мөн болох нь хэрэгт нотлох баримтаар гаргасан овог, нэр өөрчилсөн тухай гэрчилгээнд “РД:ДВ57082554, 1957 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Олхонууд, Норовсамбуугийн Асаановыг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаартай захирамжаар Норовсамбуугийн Хасаанов болгон өөрчилсөн тухай” гэрчилгээ, уг гэрчилгээ нь 2013 онд нийгтийн даатгалын дэвтэр олгосны дараа буюу 2017 онд нэр солиулсан байгаа үйл баримт, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар нь иргэний үнэмлэх дээр бичигдсэн эцгийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаартай таарч байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архиваас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Норовсамбуугийн Хасанов гэх нэрээр олгосон 000008523 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд Хасаановын нэрийг Хасанов гэж үсгийн алдаа гарган зөрүүтэй бичсэн болох нь иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн тухай гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Уг архивын лавлагаа нь хугацаат цэргийн алба хаасныг нотолж, хугацааг тооцуулахаар эрх олгосон эрх зүйн баримт бичиг тул шүүх эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Иймд Олхонууд овогтой Норовсамбуугийн Хасаановыг Олхонууд овогтой Норовсамбуугийн Асаанов гэх нэрээр олгосон №0822145 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Норовсамбуугийн Хасановт олгосон 000008523 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Олхонууд овогтой Норовсамбуугийн Хасаановыг Олхонууд овогтой Норовсамбуугийн Асаановт олгосон №0822145 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Норовсамбуугийн Хасановт олгосон 000008523 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН