Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/205

 

                                                           

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Азжаргал нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овогт Бямбаагийн Эд холбогдох эрүүгийн 2211000000055 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дархчууд овогт Бямбаагийн Э /РД:./,

Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, охин, зээгийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хотхоны 418-64 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Хятад Улсын Эрээн хотоос “LIANHUA QINGWEN JIAONANG” гэх нэртэй 300 хайрцаг эмийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр нийт 5,051,050 төгрөгөөр хууль бусаар импортлон авч ирж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цахимд орчинд зар байршуулан Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөгүй “LIANHUA QINGWEN JIAONANG” гэх нэртэй эмийг импортолсон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Э,

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Э нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Хятад Улсын Эрээн хотоос “LIANHUA QINGWEN JIAONANG” гэх нэртэй 300 хайрцаг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр нийт 5,051,050 төгрөгөөр хууль бусаар импортлон авч ирж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цахимд орчинд зар байршуулан Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөгүй “LIANHUA QINGWEN JIAONANG” гэх нэртэй эмийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэрч О.Бадамгарав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай компани нь “Лянхуа” гэх эмийг Монгол улсын эмийн бүртгэлд 2020 оны 11 сард бүртгэлийн F20201120R007797 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан. Эмийн улсын бүртгэлийн дугаар нь давхцахгүй, үйлдвэрлэгчээс Монгол Улсад импортлон Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн загварын дагуу, бүртгэлийн дугаараар гаалиар оруулж, татвараа журмын дагуу төлдөг. Эмийн сан, эмнэлэг бусад эм ханган нийлүүлэх байгууллагуудад худалдан борлуулдаг. Түүний дараа эмийн сан, эмнэлэг нь иргэдэд тухайн эмийг худалдан борлуулдаг. Эмийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад зайлшгүй эмийн сангийн тусгай зөвшөөрөл шаардлагатай байдаг.          ...Найрлагын хувьд ялгаатай эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ савлагааны загвар нь өөр байна. Монгол улсад хятад бичигтэй савлагаатай бүтээгдэхүүн импортлохыг хориглодог. Хэрэглэх заавар нь мөн хятад хэлээр дээр байна. Бүртгэлийн F20201120R007797 дугаар нь хайрцаг дээрээ хэвлэгдсэн байдаг. Тэр бүртгэлийн дугаар байхгүй байна, Манай компанийн эмийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, импортолдог Лянхуа эм нь улсын бүртгэлийн дугаартай, англи бичигтэй савлагаатай, хэрэглэх заавар нь монголоор байдаг. Таны үзүүлсэн Хятад бичигтэй Лянхуа гэх эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, орц найрлага нь тодорхойгүй, хэрэглэх заавар нь ойлгомжгүй байна. Иргэн хүн хэрэглэхэд ямар гаж нөлөө үзүүлэхийг мэдэх боломжгүй юм...” гэх /хавтаст хэргийн 29-30-р тал/,

Гэрч Ц.Мөнх-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Монгол улсын эмийн бүртгэлийн шийдвэрийг Эрүүл мэндийг яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөл гэх байгууллага гаргадаг... Хүний эмийн зөвлөлөөр сонгон шалгаруулсан, Сайдын тушаалаар батлагдсан орон тооны бус “Эмийн бүртгэлийн шинжээч”-д бүртгэх, бүртгэхгүй эсэх талаар дүгнэлт гаргадаг. Эдгээр шинжээчид нь Улсын эмнэлгүүдийн эмч, эм зүйч, Улсын их сургуулийн багш, ажилчид байдаг. Тухайлбал бөөрний эм бүртгэлд оруулах тухайд Бөөрний чиглэлээр мэргэшсэн, эмийн бүртгэлийн шинжээчид хүргүүлэх зэргээр ажилладаг. Эмийн бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлөөр хэрэглэх зааврыг хэлэлцэж, баталгаажуулдаг. Хэрэглэх зааврыг Монгол хэл рүү орчуулах, хурлаар хэлэлцэж баталгаажуулдаг. Үүний дараа Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж бүртгэх, бүртгэхгүй, тодруулах нэмэлт материал шаардлагатай бол хойшлуулах шийдвэр гаргадаг. Бүртгэсэн тохиолдолд 5 жилийн хугацаатай, Төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулсан, Эрүүл мэндийн яамны тамгатай бүртгэлийн гэрчилгээ олгож, Эмийн бүртгэлийн давхцахгүй дугаар олгож, Эмийн бүртгэлийн хэлтэс бүртгэж авдаг. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэнээр Монгол улсад худалдаалагдах, хүний эмийн эмчилгээнд хэрэглэхээр зөвшөөрөгдсөн гэж үзнэ. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/295 тушаалын 1.3-т зааснаар Хүний эмийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн шийдвэрлэсэн эмийн тухайн шошго бүхий савлалтын хэлбэрийг улсын бүртгэлтэйд тооцно, өөр хаяглалт, савлалттай эмийг бүртгэлгүйд тооцно гэж заасан байдаг. Үүнийг үндэслэн хятад хаяг, савлалттай “Лянхуа” гэх эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй гэж үзэх бөгөөд, хүний эмийн эмчилгээнд зөвшөөрөгдөөгүй гэж үзнэ...” гэх /хавтаст хэргийн 54-56-ртал/,

Гэрч С.Цэндпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Эаас 2021 оны 11 сард “Лянхуа” гэх эмээс 10 хайрцгийг худалдан авч 100,000 төгрөгөөр худалдан аваад, өөрийн эзэмшлийн хаан банкны 5007530988 гэх данснаас Эын 5018164442 дансанд шилжүүлсэн. Тухайн эмийг манай гэр бүлийн гишүүд ковидын халдвар аваад эмчилгээнд хэрэглэсэн...Цагаан хайрцагтай, хятад бичигтэй, дотроо 24 ширхэгтэй, 2 хавтгай капсултай эм байсан... Хятад бичигтэй англи бичигтэйгээрээ ялгаатай байсан, найрлага нь ижилхэн гэж ойлгоод бас арай хямд байсан болохоор худалдаж авсан...” гэх /хавтаст хэргийн 39-40-р тал/,

Гэрч Г.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...12 цаг 30 минутын үед Баянмонгол хорооллын зүүн уулзвар дээрээс үл таних эмэгтэй гар өргөж суугаад барилгачдын талбай хүргүүлнэ гэсэн. Тэгээд би тэр эмэгтэйг барилгачдын талбай дээр хүргэсэн, тэр эгч буцаад хүргүүлнэ гэж байсан. Тэр эгч хайрцагтай зүйл барьсан явж байсан. Тэр эгчийг танихгүй. Тэр эгчийн барьж явсан цаасан хайрцаг дотор юу байсан талаар би мэдэхгүй...” гэх /хавтаст хэргийн 43-р тал/,

Гэрч А.Түвшиндүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би Э гэх хүнээс Хятад улсад үйлдвэрлэгдсэн Лянхуа гэх эмийн бүтээгдэхүүнийг 2021 оны 09 сарын дундуур худалдан авч байсан. Би 20 ширхэг хайрцаг Лянхуа гэх эмийн бүтээгдэхүүний 10 хайрцаг эмийг нь өөрөө авч, 10 хайрцаг эмийг нь Манлай суманд байх өөрийн төрсөн ээж Нарангэрэл рүү явуулж байсан. Би уг эмийг Эаас авахдаа нэг хайрцаг эмийг 13,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би төлбөрөө төлөхдөө өөрийн хаан банкны 5591025638 тоот данснаас Эын хаан банкны 5018164442 тоот данс руу хоёр хувааж шилжүүлж байсан юм...” гэх /хавтаст хэргийн 60-61-р тал/,

Г.Мөнхцэцэгийн эзэмшлийн 49-67 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 4-12-р тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 13-16-р тал/,

Б.Эын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, О.Бадамгараваас хүлээн авч хэрэгт хавсаргасан №0020523 дугаартай Эмийн бүртгэлийн гэрчилгээ, бусад баримтууд, /хавтаст хэргийн 17-22-р тал/,

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас ирүүлсэн 04/1815 дугаартай албан бичиг, түүний хавсралт, /хавтаст хэргийн 73-81-р тал/,

Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 50/55 дугаартай албан бичгээр ирүүлсэн дугаартай дансны хуулга мэдээллийн “Бямбаагийн Эын эзэмшлийн 5018164442 тоот дансанд:

-С.Цэндпүрэвийн эзэмшлийн 5007530988 тоот данснаас 2021.11.08-ны өдөр шилжүүлсэн 100,000 төгрөгийн орлогын гүйлгээ,

А.Түвшиндүүгийн эзэмшлийн 5591025638 тоот данснаас 2021. 10.11-ий өдөр шилжүүлсэн 390,000 төгрөг, 2021.11.09-ний өдөр шилжүүлсэн 195,000 төгрөгийн орлогын гүйлгээ,

Б.Нарангэрлийн эзэмшлийн 5733030491 тоот данснаас 2021.10.15-ны өдөр шилжүүлсэн 120,000 төгрөгийн орлогын гүйлгээ,

Лхагважавын Баасанхүүгийн эзэмшлийн 5376107111 тоот данснаас 2021.10.31- ний өдөр шилжүүлсэн 420,000 төгрөгийн орлогын гүйлгээ,

Бямбаагийн Эын эзэмшлийн 5018164442 тоот данснаас 5753755685 “Hasituya” гэх дансанд 2021 оны 09 сарын 30-ны өдөр 5,684,500 төгрөг шилжүүлсэн зарлагын гүйлгээ хийсэн талаар хуулга, /хавтаст хэргийн 86-153-р тал/,

Дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 154-158-р тал/

шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт, тухайн үед манай дүү болон манай аав өвдсөн байдалтай байсан. Миний ах дүү нар ковид туссан байсан учраас би 300 ширхгийг авч ирээд цөөхнийг нь сошиалаар зарсан. Тэгээд удалгүй хураалгасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдож байна. 

гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Хятад Улсын Эрээн хотоос “LIANHUA QINGWEN JIAONANG” гэх нэртэй 300 хайрцаг эмийг импортлох зөвшөөрөлгүйгээр нийт 5,051,050 төгрөгөөр хууль бусаар авч ирж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цахимд орчинд зар байршуулан Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөгүй “LIANHUA QINGWEN JIAONANG” гэх нэртэй эмийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Эыг Эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр үзйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатайгаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5 дах заалтад заасан оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй,

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад заасныг баримтлан улсын яллагчийн саналыг харгалзан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад Улсад үйлдвэрлэгдсэн “LIANHUA QINGWEN JIAONANG”гэх бичигтэй 100 хайрцаг эмийн төрлийн бүтээгдэхүүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархчууд овогт Бямбаагийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5 дах заалтад заасан оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад Улсад үйлдвэрлэгдсэн “LIANHUA QINGWEN JIAONANG”гэх бичигтэй 100 хайрцаг эмийн төрлийн бүтээгдэхүүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД