Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 294

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг, Баянголд оршин суух, Бэсүд овогтой Шолхооны Цогзолмаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Цогзолмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Бэсүд овогтой Цогзолмаа нь 1965 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумд төрсөн. 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Үүнээс хойш тасралтгүй тус сумд мал маллаж амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний нотлох баримтыг үндэслэн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын  31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Шолхооны Цогзолмаа 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын  31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шолхооны Цогзолмаа 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын  31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 434 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Баянгол бригадад малчин байсан Шолхоон овогтой Цогзолмаа нь” гээд 1982 оны 01 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал, 1986 оны 04 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сар, 1987 оны 03 дугаар сараас 1989 оны 12 дугаар сар, 1990 оны 02 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон байгаа болон 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, хүү Гаравцоогийн Ууганбаяр, 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, хүү Гаравцоогийн Уламбаяр нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Бэсүд овогтой Шолхооны Цогзолмаагийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бэсүд овогтой Шолхооны Цогзолмаагийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН