Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

2022           02            28                                        143  

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч: Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Э.Шт холбогдох эрүүгийн 2205000000098 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Э.Ш.

 

Шүүгдэгч Э.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн *** тоот нийтийн байрны ** тоотод хохирогч Ж.Сийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун ухархайн дотор хананы хугарал, хамрын нуруунд шарх, нүүрний баруун хэсэгт тархмал, зүүн зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Ш мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан бөгөөд хохирогч Ж.С манай дэлгүүрт орж ирээд архи байна уу гэхээр нь дэлгүүрт архи зарахгүй гэхэд архи олох боломж байна уу гэхээр нь би архи аваад оръё гэж  хэлээд архи аваад орсон. Тэгээд Ж.Стэй хамт архи ууж, юм ярьж сууж байгаад бид хоёр маргалдаад би түүнийг цохисон. Тухайн үедээ би согтуу байсан. Өөрийн үйлдлээ мэдэж байсан. Хохиролд 327 000 төгрөг төлсөн. Хохирогч цаашид өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.С мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед би өөрийн түрээслэн амьдарч буй Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн *** тоот нийтийн байрны ** тоот өрөөндөө ганцаараа баг зэргийн согтуу хэвтэж байтал манай нийтийн байранд амьдардаг Шинээ гэх залуу ганцаараа манайд орж ирээд хамт гарч, архи ууя гэхээр нь би “ах нь гарахгүй” гэтэл Шинээ манайхаас гарч яваад удалгүй нэг шил 500 граммын савлагаатай архи авч орж ирээд, бид хоёр уг архийг нь уунгаа хоорондоо юм яриад, би газар гудсан дээр хэвтэж байтал гэнэт Шинээ над руу хүрч ирээд гараараа миний нүүр рүү гурав, дөрвөн удаа цохихоор нь би “Шинээ чи яаж байна, болиоч ээ” гэхэд Шинээ намайг цохихоо больсон бөгөөд миний хамраас цус гараад байсан. Тэгтэл Шинээ “ахаа намайг уучлаарай” гэж хэлээд манай гэрээс гараад явсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдээд унтаж байтал өглөө нь манай бэр орж ирээд миний нүүр, ам цус болсон байхыг хараад хэн зодсон талаар асуухаар нь би Шинээ намайг зодсон гэдгийг хэлтэл цагдаад дуудлага өгсөн. Би нэгдүгээр эмнэлэг дээр хамрын хагалгаанд орсон. Уг хагалгааг 120 000 төгрөгөөр хийлгэсэн гэжээ. (хэргийн 16-17 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Х мэдүүлэхдээ:

Би өглөө болгон хадмынхаар орж ажлын хувцасаа сольдог болохоор өнөөдөр өглөө хувцасаа солих гээд 08 цаг гээд гэрт нь очиход гадна хаалга нь онгорхой байдалтай байхаар нь гайхаад дотогшоо орсон чинь хадам аав С газар гудсан дээр нил цус болсон унтаж байхаар нь би гайхаад татаж байгаад сэрээсэн чинь аав өөдөөс “аав нь хүнд зодуулчихлаа, гаднаас хүн орж ирсэн” гэсэн ба ямар хүн орж ирсэн юм бэ гэсэн чинь хэлэхгүй байсан. Тухайн үед хадам аав Сий баруун талын хацар, шанаа, эрүү, нүд орчим, баруун дагз хөхөрч хавдсан, мөн хиймэл доод, дээд шүднүүд нь унасан байсан. Манай аавыг зодсон хүнийг Шинээ гэдэг. Аавын байгаа байрны 10 тоотод эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27ы өдрийн шинжээчийн 841 дугаар дүгнэлтэд:

1. Ж.Сий биед хамар ясны хугарал, баруун ухархайн дотор хананы хугарал, хамрын нуруунд шарх, нүүрний баруун хэсэгт тархмал, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Ш нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Ш нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн ** тоотод байрлах нийтийн байрны ** тоотод хохирогч Ж.Сийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун ухархайн дотор хананы хугарал, хамрын нуруунд шарх, нүүрний баруун хэсэгт тархмал, зүүн зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.С, гэрч Б.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 841 тоот дүгнэлт, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Шт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 327 050 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан бөгөөд шүүгдэгчээс 327 050 төгрөгийг төлжээ. Иймд Э.Шыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Э.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Шыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.Шт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Шт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН