Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

    2022          02        28                                     144     

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,  

хохирогч: Ц.М,

шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн От холбогдох эрүүгийн 2203000000055 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн ***суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нарийн боовны технологич мэргэжилтэй, “, сард 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, нөхөр, хүүхэд, зээгийн хамт, О.

 

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг 38 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” ХХК-ийн баруун урд замд Б.Пүрэвдэлгэрийн эзэмшлийн “Ниссан Тида” загварын, **** УБҮ улсын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын орчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч, 61 настай, эмэгтэй Ц.Мг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.О мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би 20 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Энэ хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн үйлдэлд холбогдож байгаагүй. Тухай үед дүүгийнхээ тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд ногоон гэрэл ассан тул хөдөлгөө үргэлжлүүлсэн. Гэтэл тэр үед мөн явган зорчигчийн ногоон гэрэл ассан ба гарцаар 2 хүн гарч байсан ба хараад, тулаад тоормос гишгэх үед осол болсон. Хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь уулзаж, мөн утсаар ярьж байсан. Хохирогчид нийт 950 000 төгрөг төлсөн. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар нэхэмжилбэл төлнө. Хохирогч одоо нэг удаа эмнэлэгт хэвтэхэд даатгалын мөнгийг нь төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч -Ц.М мэдүүлэхдээ:

Би 2017 онд харвалт өгч, нөхөн сэргээх эмчилгээнд 2 удаа хэвтэн эмчлүүлж биеийн байдал дээрдэж байсан. Тухайн өдөр гэр лүүгээ явж байгаад гарцаар гарч байхдаа мөргүүлсэн. Ослын дараа хаван буухгүй байсан учраас гэмтлийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар хэвтсэн. Одоо нуруу бүсэлхийгээр өвддөг, 3-6 сарын хугацаанд хэвтрийн дэглэмтэй бай гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа 3 сарын эмчилгээ бичиж өгсөн ба цагдаад тэр талаарх баримтыг өгсөн. Шүүгдэгч нь эмнэлэгт хэвтээд гарах гэж байхад ирж уулзаж, зураг авахуулж өгсөн. Одоо би сайн явж чадахгүй, хэвтэрт байгаа. Эрүүл мэндийн даатгалаар эмнэлэгт 2 удаа хэвтсэн. Одоо даатгалын мөнгөө нэхэмжилж байна. Даатгалын мөнгөөр жилд 2 удаа хэвтдэг. Одоо дахиад эмнэлэгт хэвтэхэд төлбөрийг өөрөө төлөх тул хэвтэн эмчлүүлэх даатгалын мөнгийг нэхэмжилнэ гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч- Х.Г мэдүүлэхдээ:

Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14-15 цагийн үед охин Оийн машины жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр зээнцэр хоёр настай Ялалтын хамт суугаад явж байхад Баруун 4 зам өнгөрөөд Нарны гүүр рүү эргэдэг уулзвар дээр ертөнцийн зүгээр урагшаа эргэхдээ замаар явж байсан хүн мөргөсөн. Тухайн үед би хүүхэд тэврээд явж байсан болохоор сайн хараагүй. Ямар ч байсан 3 хүн машины урдуур орж ирээд хойд талд нь явж байсан хүн мөргөгдсөн. Харин урд нь явж байсан хоёр хүн хойно нь явж байсан хүн мөргөгдөх үед буцаад ирсэн. Тэгээд охин О буугаад тухай мөргүүлсэн хүнийг сугадаж машины арын суудалд суулгаад, цагдаа, түргэн дуудсан гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 960 тоот дүгнэлтэд:

1. Ц.Мгийн биед зүүн шаант ясны дээд булууны шахагдсан хугарал, тахилзуур ясны толгой хэсгийн цууралт, зүүн өвдөгний үений холбоосны суналт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

  Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай магадалгаанд:

  1. “Ниссан Тида” загварын,**** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын орчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 94 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг 38 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд замд Б.П-ийн эзэмшлийн “Ниссан Тида” загварын, **** УБҮ улсын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын орчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Ц.Мг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шаант ясны дээд булууны шахагдсан хугарал, тахилзуур ясны толгой хэсгийн цууралт, зүүн өвдөгний үений холбоосны суналт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.М, гэрч Х.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 960 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай магадалгаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Б.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ц.М нь өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой эмчийн үзлэг хийлгэсэн 40 000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн сахиурын хоол 105 000 төгрөг, Ковидын шинжилгээ хоёр удаа хийлгэсэн 60 000 төгрөг, хөлийн чиг авсан 85 000 төгрөг, хэвтэн эмчлүүлэгчийн төлбөрт 124 000 төгрөг, дүрс оншилгооны 290 000 төгрөг, Электрофорез үзлэг хийлгэсэн 60 000 төгрөг, цусны ерөнхий шинжилгээ хийлгэсэн 48 000 төгрөг, эмчийн үзлэг хийлгэсэн 40 000 төгрөг, нийт 852 000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргасан бөгөөд шүүгдэгч Б.О 950 000 төгрөг төлжээ.

 

Иймд шүүгдэгч Б.Оийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь нэг удаагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарах даатгалын мөнгийг нэхэмжлэнэ гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг дурдав.

 

Хохирогч Ц.М нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Оийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Оийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.От даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.О нь хохирогч Ц.Мг эмнэлэгт нэг удаа хэвтэхэд түүнтэй холбоотой даатгалын мөнгийг төлөхөө илэрхийлсэнийг дурдсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН