| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00309/и |
| Дугаар | 297 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 297
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ажилчны гудамж станц 3-1 тоотод оршин суух, Эрээн бөх овогтой Зандарын Цогзолмаагийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Цогзолмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Эрээн бөх овогтой Зандарын Цогзолмаа нь 1969 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд хивсчнээр томилогдож 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он зөрсөн байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлэн өгсөн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд хивсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Зандарын Цогзолмаа нь 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд хивсчин, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Зандарын Цогзолмаа нь 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд хивсчнээр, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд конторын үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн даргаас 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Зандарын Цогзолмаад олгосон №256131 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд “Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Лениний зам нэгдэлд хивсчнээр томилов, Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19 тоот тушаалаар 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс уул ажлаас чөлөөлж, конторын үйлчлэгчээр томилов” гэж, 6-7 дугаар хуудсанд “компаний бүх гишүүдийн хурлын 1994 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс Лениний зам хувьцаат компани тарж хувийн аж ахуйтнаар шилжүүлэв” гэсэн бичилт хийгдэж, байгууллагын тамга дарагдсан, дээрх хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
Харин иргэний тэтгэвэр авах эрх нь тухайн иргэний ажиллаж байсан газар эсвэл өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлж байсан нөхцөлд үүсэх бөгөөд Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 189 дугаартай архивын лавлагаанд “Баян-Уул сумын Лениний зам” нэгдэл нь 1991-1992 онуудад ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан ба 1993-1994 онд төлөөгүй болохыг тодорхойлов...” гэсэн байх тул 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.
Иймд Эрээн бөх овогтой Зандарын Цогзолмааг 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд хивсчнээр, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд конторын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Эрээн бөх овогтой Зандарын Цогзолмааг 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд хивсчнээр, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд конторын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН