Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

 

2022           02            28                                          145

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

хохирогч: О.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /2576/,

шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 2205001260016 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, , сард 1 400 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, эхийн хамт,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, М.

 

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****и” нийтийн караокед О.Бы нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.М мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлт болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хохирогч намайг түрүүлж цохисон. Миний биед гэмтэл учраагүй бөгөөд тухайн үедээ хавдаад эдгэсэн. Хохирогчтой уулзахад эмчид үзүүлсэн, 3 сая төгрөг нэхэмжлэнэ гэж хэлсэн. Би хохирогч руу 280 000 төгрөг шилжүүлсэн. Хохирогчийн хагалгааны зардал 3 668 332 төгрөгийг цалингаасаа төлнө. Манай ажил улирлын чанартай болохоор цалин бага байгаа. Гэхдээ би эмэгтэй хүний гарыг мушгисан, хэл амаар доромжилсон болон хохирогчийг бөгжтэй хэсгээр цохисон асуудал байхгүй. Харин гараараа цохисон нь үнэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Цагдаагийн байгууллагад шалгагдах явцдаа хохирогчоос уучлалт гуйсан. Миний буруу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Б мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Г.М тухайн өдөр намайг өөрийг нь түрүүлж цохисон гэж хэлж байна. Г.М караокед эмэгтэй зөөгч рүү дайраад, элдэв янзаар хэлж, гарыг нь мушгихаар би боль гэж шаардлага тавьсан. Гэтэл эсрэг талын ширээнээс над руу дайрч, элдэв янзаар хэлээд босож ирэхэд нь манай найз болиулах гээд дундуур нь ороход манай найзыг цохисон. Тэгээд барьцалдаж байх хооронд нь би голоор орж салгасан. Тухайн караокед байсан хүмүүс бүгд дундуур нь орж салгасан. Ингээд салаад сууж байсны дараа би микрофоны зай солиулах гээд хаалгаар гарахад Г.М нь миний араас баруун талын шанаа руу цохиж, хананд савж, өшиглөж, угз татан шалан дээр унагаад нүүр лүү өшиглөж, гараараа цохисон. Намайг гартаа зүүсэн бөгжтэй хэсгээрээ цохисон. Тухайн өдрийн орой гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж, дараа өдөр нь ЭМЖЖ гэх хамрын мэс заслын эмнэлэгт очиж үзүүлсэн. Мөн дараа нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор хагалгаа хийлгэх төлбөргүй улмаас хагалгаа хийлгэж амжаагүй байна. Хагалгааны зардал 3 668 332 төгрөг болно гэсэн бөгөөд тус эмнэлгээс нэхэмжлэл бичүүлж авсан. 280 000 төгрөгийг томографийн зураг авхуулсан болон эмчилгээ, үзлэг, эм тарианы зардалд зарцуулсан. Хамрын таславч тэгшлэх хагалгаа, хамар ясны хугарал засах  гэсэн 2 хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Одоо биеийн эрүүл мэндийн хувьд орой унтахад баруун талын хамар битүү, амьсгалахад хүндрэлтэй. Зүүн талын хамрын нүхнээс байнга цустай зүйл гардаг. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа учраас хагалгааны зардлыг нэхэмжилж байна. Анх гэмтэл согог үндэсний төвд үзүүлэхдээ хамар ясны хугарал, таславчийн муруйлтыг эмчлэх боломж байгаа эсэхийг асууж үзсэн. Хамрын мөгөөрс нь гарч цоорсон, цус гарсан байсан. Гэмтлийн эмч нар тухайн үед оёх үйлчилгээ үзүүлээд өөр үйлчилгээ үзүүлээгүй. Заавал хагалгаанд орно. Манайхаас авах арга хэмжээ байхгүй гэж хэлсэн. Би дуучин, тайзан дээр гардаг мэргэжилтэй. Маш сайн хагалгаа хийлгэх шаардлагатай учраас судалж үзээд “ЭМЖЖ” эмнэлгийг сонгосон. Цагдаагийн газарт намайг мэдүүлэг өгөхөд Г.М нь гэмшсэн шинжгүй, намайг өөрөөсөө болж ийм болсон гэж хэлсэн. Дараа нь би хагалгааны талаар хэлэхэд холбогдох зардлыг төлөх боломжгүй гэж хэлсэн. Надад хохирол төлнө гэж хэлээгүй. Нэг удаа уулзаж, нэг удаа утсаар ярьсан гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Б мэдүүлэхдээ:

23 цаг 30 минут болохоор 10 минутын өмнө сүүлийн дууг өөр хүн дуусгах ёстой байсан. Тэгээд би дуу дуулж байсан саарал малгайтай 2-2 дугаар ширээнд сууж байсан ах дээр очоод таны дуу дууссан байна, микрофоноо өгчих, одоо тэгээд ч хаах цаг болсон байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө ах намайг хэл амаар доромжлоод, хөөгөөд, орилоод босож ирснээ микрофоноо шууд үүд рүү шидсэн. Тэгээд намайг дахин хэл амаар доромжлоод над руу хараагаад байж байтал эсрэг талын 4 дүгээр ширээнд сууж байсан ах нарын нэг нь босож ирээд “чи болиоч ээ, эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө ах нөгөө хүмүүстэй хэрэлдээд, маргалдаад зууралдсан. Тэгээд би заалнаас гараад текэн дээр ирээд зогсож байтал удалгүй нөгөө 2 дугаар ширээн дээр сууж байсан ах гарч ирээд над руу дайраад, орилж байснаа буцаад орсон. Гэтэл удалгүй намайг өмөөрсөн ах микрофоны зай солиулъя гээд хаалгаар гарч ирэхэд нөгөө над руу дайраад байсан 2 дугаар ширээн дээр сууж байсан ах араас нь гэнэт гарч ирээд шууд хамар руу нь цохиод, өшиглөөд, татаж унагаад дээрээс нь цохиод байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад цагдаа дуудсан гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 254 тоот дүгнэлтэд:

1. О.Бы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацанд үүссэн байх боломжтой.

4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

...бичлэгийг тоглуулж эхлэхэд дэлгэцэн дээр Би Ти Си нийтийн караокены текний хэсэг харагдаж байх бөгөөд уг текний ард болон урд тал нь эмэгтэй хүмүүс зогсож байх бөгөөд бичлэг эхлэхэд 2 дахь секундэд хохирогч О.Б караокены өрөөнөөс микрофон барьсан гарч ирж байх үед түүний араас Г.М гарч ирж, баруун гараараа О.Бы эрүүн тус газарт цохиж, хана налах үед нь баруун хөлөөрөө толгой хэсэг рүүнь өшиглөж, баруун гараараа О.Быг татаж, газар унагааж, дээр нь хоёр удаа цохиж, дахин цааш чирч камерын тусгалаас гарч байх бөгөөд тухайн газарт байсан хүмүүс салгаж байгаагаар бичлэг дуусав. (хэргийн 26 дугаар хуудас) 

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Мд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн **дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Би Ти Си” нийтийн караокед хохирогч О.Бы нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Б, гэрч Ц.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 254 тоот дүгнэлт,  2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд шүүгдэгчээс 280 000 төгрөгийг төлжээ.

 

Хохирогч нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлтыг эмчлүүлэх хагалгаанд 3 668 332 төгрөгийн зардал гарна. Иймд дээрх хохирлыг нэхэмжилж байна гэснийг шүүгдэгч Г.М сайн дураар хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Маас 3 668 332 төгрөг гаргуулж, хохирогч О.Бд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн эмчилгээний зардалд 3 668 332 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Мыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.М нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Маас 3 668 332 төгрөг гаргуулж, хохирогч О.Бд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН