Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

иргэдийн төлөөлөгч Ц.Батбаатар,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Т.Тамир,

шүүгдэгч А.Анхбаяр тэдгээрийн өмгөөлөгч Б.Солонго /ҮД:1769/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Бавхай овогт Төрбатын Тамир, Мингүн овогт Алтансүхийн Анхбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20538256 дугаартай, 106/2016/0597/Э индекстэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 39 дүгээр байрны 41 тоотод оршин суух, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан Бавхай овогт Төрбатын Тамир, /РД:ХА86121316/

 

            Монгол Улсын иргэн, 1986 оны  12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эгчийн  хамт амьдардаг, “МСS” ХХК-ийн харьяа “Юни сервис солюшн” ХХК-д туслах ажилтан, Архангай аймгийн Чулуут сумын Хүрмэн багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо намаг 27-б-169 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Мингүн овогт Алтансүхийн Анхбаяр /РД:АП86120977/

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А.Анхбаяр, Т.Тамир нар нь 2005 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ иргэн Б.Гантулгыг өөрийн эзэмшлийн суудлын автомашинтай явж байхад нь гар өргөн сууж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авч ирэн эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл болох шилний хагархайг хэрэглэн  довтолж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан Нокиа-6600 маркийн гар утсыг дээрэмдэн 361,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар.Үүнд:

 

            Шүүгдэгч А.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2005 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны шөнө найз Тамир, Батаа хоёрын хамт ява байгаад модны-2 зам орчим бензин дуусаад зогссон. Бид гурав такси бариад 24 цагийн ломбард руу явсан юм. Машины жолооч нь бид нарын үеийн залуу байсан, ломбард дээр очоод мөнгө авчихаад гарч явахдаа Тамираа надад жолооч залуугийн гар нь лаг утас байна, дагуулж яваад авчихъя гэсэн. Би зөвшөөрөөд хамт явсан. Замдаа 25 дугаар эмийн сангийн орчим Батаа буугаад цаашаа Тамир бид хоёр яваад Орбитын орчим очоод Тамираа буугаад айлын хашаа нүдээд байсан. Зүгээр л танихгүй айлын хаалга нүдсэн байх. Удалгүй тэндээсээ хөдлөөд дээшээ өгсөж дахин гэр хороолол дунд очоод зогссон. Тамираа дахин буугаад эргэж суусан. Тамираа эхний айлын гаднаас хөдлөхдөө намайг урд суулгаад өөрөө хойно суусан. Тамираа гаднаас орж ирээд хэсэг сууж байгаад жолооч залуугийн хүзүүнд хавтгай шилний хагархай тулгаад утсаа өг гэж хэлсэн. Би мөнгөө гарга гээд урд хайрцагийг үзэхэд бал гэх мэт зүйл байсан. Тэр залуу надад утсаа өгсөн, Тамираа энд нь буулгаад хаячихъя гэхээр нь би багажинд нь хийе гэж хэлсэн. Тэгээд би буугаад жолоочийн хаалгыг онгойлготол Тамир шилээ надад өгөөд хүзүүнд барьж бай гээд өөрөө бууж жолоочийг татаж буулгасан. Багааж онгойлгон ор гэхэд жолооч найзуудаа хэрэггүй гэхэд Тамир шанаанд нь нэг цохисон. Тэгээд багаажинд ороод хэвтэхэд нь би тагийг нь хаасан. Тамир машиныг барьж хөдлөөд хэсэг явж байгаад уул руу өгсөөд машиныг нь орхичихоод бид хоёр буугаад зугтсан. Бид хоёрыг нэлээн алхаад явж байхад хохирогч залуу машинаа бариад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр хашаа даваад зугтсан. Тэр үед би эрүүл Тамир архи уусан байсан. …Тамираа надаас уг утсыг авсан, хотын төв рүү ороод чи ингээд харь гээд намайг явуулсан. …Дараа нь Тамираагийнд очиход нөгөө утсыг нь танидаг хүндээ өгсөн гэж байсан.

…Тэр үед хэрэг шалгаж байсан одоо нэрийг нь санахгүй байна байцаагч намайг явж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би байцаагчдаа хөдөө явж болох уу гэж асуусан чинь болно гэхээр нь энэ хэрэг дуусчихсан юм байна гэж бодоод хөдөө Архангай аймгийн Чулуут суманд өвөө, эмээ хоёрлуугаа явсан. 2006 оны 11 дүгээр сард зэвсэгт хүчний 013 дугаар ангид 1 жилийн хугацаатай цэргийн албанд татагдан цэрэгт яваад 2007 оны 11 дүгээр сард халагдаад Архангай аймгийн Чулуут суманд очиж мал маллаж өвөө, эмээтэйгээ хамт байж байгаад 2008 онд Булган сум руу шилжиж “Хас-Эрдэнэ нар” гэдэг компанид ажилд ороод 2009 онд Мөнхтуяа гэх хүнтэй гэр бүл болоод 2011 оны 09 дүгээр сард хүүхэдтэй болж 2011 оны 10 дугаар сард Улаанбаатар хот руу эхнэр хүүхэдтэйгээ хамт орж ирээд гэр бариад амьдарч эхэлсэн. …Тэр үед шалгаж байсан байцаагч надад дуудсан цагт ирнэ шүү гэж хэлээгүй. …Хууль дүрэм сайн мэдэхгүй болохоор яв гэхээр нь дууссан юм байна гэж ойлгосон.

…Би энэ хэрэгт 2005 онд шалгагдаж байхдаа сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө нас бага байсан, анх удаа цагдаагийн байгууллагад ирж мэдүүүлэг өгч байсан болохоор айж сандраад худлаа үнэн юм ярьж хэлсэн байна лээ. Тэр үед манай найз Тамир бид хоёр хотын төвд хоёулаа явж байгаад 0.5 граммын нэг шил архи хувааж уусан чинь би муудаад эхэлсэн. Тэгэхээр нь найз Батааг дуудсан чинь ирээд машин бензингүй боллоо гэхээр нь гурвуулаа такси бариад Тамирын гар утсыг 4-н замын тэнд байсан ломбардад тавиад Батаад тухайн үеийн ханшаар бензины мөнгө 10,000 төгрөг өгөөд явуулсан. Тамир манай аавын дүүгийн гэрт очье гээд бид хоёр такси бариад Орбит руу явсан. Таксин дотор ороод би согтуу байсан болохоор муудаад тасраад унасан байсан. Яг юу болсон юм бүү мэд нэг мэдсэн чинь Тамир намайг сэрээгээд явъя гэхээр нь би сэрээд хартал бид хоёр гудамжинд байх шиг байсан ба  шууд салаад гэр гэртээ харисан. …Миний мэдэх зүйл энэ л байна. …Тэр үед намайг цагдаа нар бариад ирсний дараа Тамираагийн аавын куртикны халааснаас авч ирлээ гээд гар утас цагдаагийн газар авч ирж өгч байсан. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 25-27 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүгдэгч Т.Тамирын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Алтансүхийн Анхбаяр гэж хүнийг танина. Манай аавын найз Сэнгээ гэж хүний гэрт аавтайгаа хамт очдог байж байгаад Архангай аймгийн төв дээр Анхбаяртай 2002 онд танилцаж байсан. …Анхбаяр 2005 оны 10 дугаар сарын эхээр хөдөөнөөс ирээд надтай утсаар яриад бид хоёр 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед байх хотын төвд уулзсан. Уулзаагүй удсан юм чинь гээд хоёулаа 2 лааз пиво авч уугаад дахин пиво уух гэсэн чинь мөнгөгүй болоод би аавынхаа дүүгийн гэрт очиж мөнгө авах гээд такси бариад явсан. Бид хоёр гар өргөөд зогсож байхад миний нэг найз таараад хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимоос такси бариад замдаа 4-н замын орчим нэрийг нь санахгүй байна ломбард ороод мөнгө аваад замд таарсан найз маань яваад өгсөн. Бид хоёр цаашаа манай ахын гэрт очих гээд нөгөө такситайгаа Орбитын эцэс рүү явсан. Ахын хаалгыг тогшсон чинь гэрт нь хүн байхгүй байхаар нь эргээд нөгөө таксиндаа суугаад тооцоо хийх гэсэн чинь явсан км-н мөнгө дээрээ тохирохгүй маргасан. Анхбаярт мөнгө байгаагүй надад мөнгө бага байсан би тэр жолоочид үнэнээ хэлээд байгаа мөнгө нь энэ байна гээд учирлаад гуйсан чинь үгүй гээд уурлаад байсан. Би уурлаад маргалдаж жаахан хүүхэд байсан болохоор дэггүй загнаад уурандаа айлгаж байгаад буух санаатай өөдөөс нь дайрч гар утсаа өг гэж хэлээд гар утсыг нь аваад Анхбаяртай хамт буугаад явсан. Тэр оройдоо гэртээ хариад хоносон, авсан утас халаасанд байсан. Маргааш өглөө нь цагдаа нар манай гэрт ирээд гар утасны талаар аавд хэлээд аав тэр утсыг аваад цагдаа нарт хүлээлгэн өгсөн байсан. …Би тухайн үед хөдөө явсан санагдаж байна. Би санаатай зугтаагүй. …Би хүзүүнд нь хутга гэх мэт зүйл тулгаагүй, энэ худлаа, таксины мөнгө хүрэхгүй болохоор нь эхлээд учирлаад дараа нь айлгах санаатайбайж байгаад бууя гэж бодоод гар утсыг нь өөрөөс нь авсан, хээр очиж хаяагүй, арын багаажинд хийгээгүй тэндээ орхиод явсан. …Анхбаярыг дарамталсан зүйл байхгүй, дээрэлхээд дарамталж байсан удаа байхгүй. Жолоочийн гар утсыг авъя гэж Анхбаяр хэлээгүй, хэрэв хэлсэн бол худлаа хэлсэн байна. …Би эхнэр хүүхдийнхээ хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо39-41 тоотод оршин сууж байгаа бөгөөд би аав ээжээсээ хол хөндий байдаг нь үнэн. 2011 онд автомашинтай явж байгаад осол гаргаад шүүхээр ороод нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн болохоор тэнсэнгээ дуустал гэж бодоод хөдөө Хэнтий аймагт очиж мал маллаж байгаад ирсэн. …Тухайн үед харанхуй болсон байсан учраас би жолооч залууг ямар хүн байсан гэдгийг одоо хараад танихгүй. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 165 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

 

            Хохирогч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2005 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Өргөө кино театрын өмнөх замаар явж байтал 20-21 насны 3 залуу гар өргөхөөр нь зогсож авсан. Би тэр үед Toyota Marina маркийн автомашинтай явсан. Тэр залуучууд орж ирээд 4-н зам явна гээд явсан. 4-н зам дээр байдаг 24 цагийн ломбардад нэг залуу нь гар утсаа тавиад 15,000 төгрөг авсан. Тэгээд 5-н шар явна гэхээр нь хөдлөөд явж байтал гар утсаа ломбардад тавьдаг залуу нь 25 дугаар эмийн сангийн орчим буусан. Үлдэж байгаа хоёр нь таксины 5000 төгрөг өгчих гэхэд бууж байгаа залуу нь удахгүй ирэх юм чинь ирээд ав гээд үлдсэн. Бууж байсан залуу хойд сандал дээр сууж байсан бөгөөд үлдсэн хоёрын нэг нь урд сандал дээр, нөгөө нь хойд сандал дээр сууж байсан. Үлдсэн хоёр залуугаас үл мэдэг архи үнэртэж байсан. Тэндээсээ хөдлөөд Орбит дахь Хүнс трейдийн байрны гэр хороололд Ээгий гээд нэг залуугийн гэрт нь очиход уг залуу байгаагүй учир тэндээсээ хөдлөөд Орбитын эцэс рүү нэг айлд очсон. Үсээ хойшоо самнасан канттай кэт өмссөн 173 см орчим өндөртэй залуу нь бууж хүн дуудчихаад эргэж ирээд одоо гараад ирнэ гэж хэлээд хүлээсэн. Энэ үед манай найз нар мессэжээр намайг хүрээд ир гэж дуудаад байсан. Үсээ хойшоо самнасан нь утсаа зарчих гээд гуйгаад байхаар нь би зарахгүй гэдгээ хэлсэн. Таван минут орчим нөгөө хүнийг нь хүлээгээд сууж байтал үсээ хойшоо самнасан нөхөр хойноос хүзүүнд хутга тулгасан. Голын толиндоо харахад хүзүүнд хутга тулгасан гялалзаж байсан. Яг ямар хутга гэдгийг хараагүй, иртэй гялалзсан зүйл хүзүүнд тулгасан байсан. Энэ үед урд сандал дээр сууж байсан намхан нь мөнгөө гарга гээд урд хайрцаг онгойлгож үзээд байсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Хойно сууж байсан нь хутгаа улам чанга хүзүү рүү дараад утсаа өг гэхээр нь би урд сандал дээр сууж байсанд нь гар утсаа өгсөн. Урд сандал дээр байсан жижиг ньь бууж миний хаалгыг онгойлгоод багажиндаа ор гээд буулгасан. Хойно сууж байсан нь хүзүүнд хутга тулгасан чигээрээ дагаж бууж ирсэн. Би түлхүүрээр багаж онгойлгоход ор гээд байсан. Би хэрэггүй найзуудаа гэхэд шанаа руу 2 удаа цохисон. Тас харанхуй байсан учирхэн цохисныг анзаараагүй. Тэгээд багажинд ороход машин хөдлөөд явсан. Нэлээн удаан 10-15 минут орчим хазгай замаар явж байгаад зогсоод тэр хоёр залуу буугаад явах нь сонсогдсон. Би чимээгүй болсны дараа хойд сандалаа хөлөөрөө жийгээд гарч ирээд үзэхэд түлхүүр зоолттой байсан. Машинаа бариад хот руу явж байтал цэргийн хотхоны орчим 2 залуу зам дээр гар өргөөд зогсож байсан. Сайн ажиглаад харахад тэр хоёр залуу байсан. Би өнгөрөөд зогстол тэр хоёр залуу хашаа даваад зугтсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. …Миний хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн. Шарх бага зэрэг хөндүүртэй, өөр гэмтэл байхгүй. …Надаас зөвхөн Nokia 66-00 гар утас  авсан. Өөр ямар нэг эд зүйл огт аваагүй. Mobi дээр одоо 450,000 төгрөгөөр зардаг энэ үнээр нь үнэлнэ. …Сэтгэл санаагаар их цочирдсон, гомдолтой. …Карт /сим/ сэргээлгэх 11,000 төгрөг, явсан безины мөнгөө нэхэмжилнэ, …шүүх хуралд оролцох боломжгүй.

…Тухайн үедээ болон түүний дараа миний биеийн байдал хэвийн зүгээр байсан. Миний мэдэж байгаа зүйл гэвэл араас гараараа хүзүүнээс чанга биш хөнгөн хэлбэрээр хүзүүдэж зуурч аваад утас авсан. Шил юм уу хутга юм уу нэг зүйл хүзүүнд тулгаж байх шиг санаж байна. …Одоо энэ хүмүүсийг хараад танихгүй, тэр үед ч мөн сайн харж чадаагүй, танихгүй хүмүүс болохоор тэр нь ингэсэн гэж хэлж зааж чадахгүй. Миний машин бүрэн бүтэй байсан дараа нь цагдаагийн газар очоод удаагүй гар утсаа авсан болохоор надад хохирол байгаагүй. …Хэн нэгэн хүнд ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Олон жилийн өмнө болсон, миний биеийн байдал хэвийн зүгээр байгаа болохоор энэ хэргийг дахин цааш нь цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж бодож байна. Энэ хэргийг хааж өгнө үү, би дахин дахин ирж чадахгүй эхнэр маань саяхан төрсөн болохоор зав маш тааруу байгаа. Энэ хэргийн талаар шүүх хуралдаанд оролцохгүй, одоо хэргийн талаар нарийн сайн санахгүй мартсан байна. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 8-11, 150 х/

 

            Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Тамираатай эгч дүүсийн хүүхдүүд болох хамаатнууд байгаа юм. 2005 оны 10 дугаар сарын 07-ны орчим намайг гэртээ амарч байхад өглөө 10 цагийн үед Тамираа орж ирээд манай оюутан найз утсаа зарах гэж байна та аваач 80,000 төгрөгөөр зарна гээд байсан. Уг утас нь том дэлгэцтэй саарал өнгийн Nokia утас байсан. Тамираа эрүүл ганцаараа явж байсан. Би дүүгийн үгэнд итгээд 80,000 төгрөгөөр уг утсыг авсан. Тамираа мөнгөө аваад маргааш ирж хамт явж дугаар авч өгнө гэж хэлээд гараад явсан. Маргааш өглөө нь Тамираагийн аав Төрбат орж ирээд Тамирааг асуухаар нь би утас авсан тухайгаа ярихад Тамираа наад утсыг чинь хүнээс дээрэмдсэн юм шиг байна гээд 80,000 төгрөг өгөөд авч явсан.  …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 12-13 х/

 

            Гэрч Д.Төрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Цагдаагаас манай гэрт ирж танай хүү Тамиртай уулзах хэрэгтэй байна гэж ярихаар нь хамаатны Ганболд гэж хүнтэй уулзаж хүүгээ сурагласан. Ганболд надад Тамираа энэ утсыг надад 80,000 төгрөгөөр зарсан гэж Nokia утас үзүүлсэн. Би тэгэхээр нь Ганболдод 90,000 төгрөг өгөөд уг гар утсыг нь аваад танайд хүлээлгэн өгсөн юм. Ганболдод манай найз утас зарах гэж байгаа гэж хэлээд зарсан юм билээ. Сүүлд нь цагдаагаас сонсоход хүн дээрэмдэж авсан гэж хэлсэн. Би Тамираатай одоог хүртэл уулзаагүй байна, ээж рүүгээ нэг яриад найзуудтайгаа байгаа гэж ярьж байна лээ. Би ганц хүүтэй хүн. Тамираа багадаа гэмтэж их сонин болчихсон, заримдаа сонин сонин юм ярьж байдаг.

…Тамирыг одоо хаана байгааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тамир маань эхнэр хүүхэдтэй болоод Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрыг нь мэдэхгүй байна тусдаа гарсан, миний хувьд хүүгээсээ жаахан хол хөндий байдаг. Анхнаасаа хөндий харьцаатай өссөн ээж амьтай хүүхэд. …Би одоогоос 2 жилийн өмнө хамт амьдрахаа болисон, миний хувьд хүүгээ нуусан зүйл байхгүй. Яг үнэндээ бол миний дагавар хүүхэд, анхнаасаа би өөрийнхөө нэрээр овоглож авсан. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 16-17, 95 х/

 

            Шинжээчийн дүгнэлт ¹4991

            1.Гантулгын хүзүүнд зах ирмэг тэгш эдгэж буй шарх үүссэн.

            2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ.

            3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болно. Шинжээч эмч Ө.Сарангэрэл /1 дүгээр хавтасны 19 х/

 

            Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн гэмтэл шарх нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл ба дээрх гэмтэл нь хурц ирмэг захтай зүйлээс үүсэж эдгэрч буй шарх гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь гарын хумснаас үүсэх боломжгүй гэмтэл юм. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 2 х/

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 6 х/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 7 х/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

           

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд

А.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтасны 32 х/

            Т.Тамирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтасны 88 х/

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтасны 107-109 х/

            Т.Тамирын хяналтын хувийн хэргийн хуулбар /1 дүгээр хавтасны 118-125 х/

            Т.Тамирын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтасны 168 х/

            Т.Тамирын хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хавтасны 171-179 х/

            “Юнисервис Солюшн” ХХК-ний тодорхойлолт /2 дугаар хавтасны 9-10 х/

            А.Анхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтасны 11 х/

А.Анхбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтасны 14-17 х/

            А.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтасны 18 х/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд А.Анхбаяр урьд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаагүй, харин Т.Тамир 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал 2012 оны 12 сарын 06-ны өдөр дууссан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч А.Анхбаяр, Т.Тамир нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тэдгээрийн үйлдэлд тохирсон байна.

 

Хохирогч Б.Гантулга нь хохирлын төлбөрт утасны үнэ болох 450,000 төгрөг, карт /сим/ сэргээлгэх 11,000 төгрөг, явсан безины мөнгөө нэхэмжилнэ /1 дүгээр хавтасны 8-11 х/ гэж мэдүүлсэн боловч тухайн хэрэг гарсан өдрийн дараа өдөр нь өөрийн гар утсыг буцаан авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгээр /1 дүгээр хавтасны хх‑ийн 150 х/ тогтоогдож байна.

 

Т.Тамир, А.Анхбаяр нар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялын доод хэмжээгээр буюу 5 жил 01 хоногийн хорих ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.

 

Т.Тамир, А.Анхбаяр нар нь 2005 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн тул 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Энэ хууль 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна гэсний дагуу дээрх гэмт хэрэг нь 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа.

Иймд Т.Тамир, А.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар тус бүрт нь оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялаас 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг, мөн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасч, Т.Тамир, А.Анхбаяр нарт оногдуулсан ялаас үлдэх 1 хоногийн хорих ялыг Т.Тамирын  урьдчилан цагдан хоригдсон 6, А.Анхбаярын урьдчилан цагдан хоригдсон 34 хоногт оруулан тооцож, тэдгээрийг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Т.Тамир, А.Анхбаяр нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Бавхай овогт Төрбатын Тамир, Мингүн овогт Алтансүхийн Анхбаяр нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Т.Тамирыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 05 /таван/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, А.Анхбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 05 /таван/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Т.Тамир, А.Анхбаяр нарт оногдуулсан 05 /таван/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Т.Тамир, А.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 /таван/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялуудаас 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасч, Т.Тамир, А.Анхбаяр нарын биечлэн эдлэх ялын хугацааг 01 хоногоор тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Т.Тамирын цагдан хоригдсон 6 хоног, А.Анхбаярын цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, тэдгээрийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

6.Т.Тамир, А.Анхбаяр нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Тамир, А.Анхбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ

 

                                                   ШҮҮГЧИД                           Г.МӨНХЗУЛ

 

                               Л.БААТАР