Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 18 өдөр       Дугаар 128/ШШ2019/0181              Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.Х Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.У, Ш.УР, Т.У, С.Г,

Нэхэмжлэгч: “ У Ш” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газрын алба,

Гуравдагч этгээд: Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгах тухай захиргааны акт гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах, Сүхбаатар дүүргийн Газрын албанд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгасан тухай бүртгэл хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Х.Б, Д.Э, Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, иргэдийн төлөөлөгч Э.З нарийн бичгийн даргаар                   Ө. Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ш.ч, Ш.УР нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уийн өмгөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 6 нэхэмжлэл гаргасан боловч  нэхэмжлэгч  Г.А

нас барсан учраас түүнтэй холбоотой нэхэмжлэлийг буцааж, 5 нэхэмжлэгчтэй тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 5 нэхэмжлэгчийн 4 нь иргэн, 1 нь хуулийн этгээд  байгаа. Ш.ч, Ш.УР нар нь эгч дүү бөгөөд Т.У, С.Г нар нь бусад нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч нар “Баянбулагийн зуслан” гэдэг газарт нийтдээ 15.000 м.кв газрыг эзэмшдэг. Тус газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нэхэмжлэгч 5 этгээдтэй газрын гэрээ байгуулж  тус тус газрыг эзэмшүүлсэн. Ш.ч нь 15.000 м.кв газар дотор тус бүр нь 700 м.кв 2 хэсэг газрыг эзэмшдэг. Нэхэмжлэгч иргэдийн эзэмшлийн газрын хэмжээ бүгд 700 м.кв байдаг бол ,“ У Ш” ХХК 9835 м.кв газрыг эзэмшдэг.

Нэхэмжлэгч нар эдгээр газрыг эзэмшиж байх хугацаандаа 2012 оноос хойш газрын төлбөрийг зохих журмын дагуу хугацаанд нь төлсөн бөгөөд газар эзэмших эрхийн 5 жилийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусах болсон учраас нэхэмжлэгч нар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус гаргасан. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2 удаа хариу өгсөн байдаг бөгөөд уг хариуд нь “...үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ буюу тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө нь гуравдагч этгээд Б.Нийн нэхэмжлэл дээр бүртгэлтэй  байна. Иймээс газар эзэмших, ашиглах эрхийг цаашид сунгах боломжгүй...” гэсэн тайлбарыг өгсөн.

Улмаар нэхэмжлэгч нар тус асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын алба болон Нийслэлийн Засаг даргад тус тус хандсан.

Б.Н нь мөн тус асуудалтай холбоотойгоор өргөдөл гаргасан гэх боловч, хэргийн материалд авагдсан байгаа Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ирүүлсэн нотлох баримтад байгаа гараар бичсэн гуравдагч этгээдийн өргөдөл нь хэзээ гаргасан болох нь тодорхойгүй бөгөөд газар эзэмших тухай өргөдөл биш байдаг. Тус өргөдөлд “...миний эзэмшлийн барилга эдгээр иргэдийн газар дээр байрладаг тул тус асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн байдаг.

Гуравдагч этгээд үл хөдлөх хөрөнгө нь иргэн Ш.УРы эзэмшлийн газар дээр байршил нь давхацсан бөгөөд нэхэмжлэгч нарын аав болох П.Ш нь амьд ахуй цагтаа иргэн Б.Нийн Доржпүрэв гэдэг хүнд худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн.

Нэхэмжлэгч Ш.УРы газар дээр Б.Нийн үл хөдлөх хөрөнгө нь давхцаж байгаа учраас тус давхцал бүхий газрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг удаа дараа амаар тайлбарлаж байсан. Гэтэл гуравдагч этгээд 15.000 м.кв газрыг эзэмших ёстой буюу үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа тус газрыг хамтад нь худалдсан гэж маргадаг. П.Ш нь Б.Нд 2007 онд 194 м.кв 2 давхар үл хөдлөх хөрөнгийг худалдсан байдаг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд байгаа гэрээ болон бусад мэдээлэлд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдахад газрыг хамтад нь худалдах талаар дурдаагүй байдаг.

Анх 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдөр П.Ш, Ш.УР, Ш.ч нар тус тус 400 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд тус газрыг цаашид сунгах ажиллагаа хийгдээгүй, газар эзэмших эрх дуусгавар болсон. Иймээс 2012 онд шинээр газар эзэмших тухай хүсэлтээ гаргасан.

 Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын албанаас “...өв залгамжлалын гэрчилгээ байхгүй бөгөөд үүнтэй холбоотой материал бидэнд ирээгүй учраас газар олгогдсон байгаа нь эргэлзээтэй...” гэж тайлбарладаг. Тус газар нь өв залгамжлалтай ямар нэг хамааралгүй эдгээр 4 иргэн, хуулийн этгээд нь шинээр газар олгох тухай журмын дагуу тус газрыг эзэмших, ашиглах эрхийг олж авсан.

Хуульд заасан үндэслэлээр бус зөвхөн гуравдагч этгээдийн нөхцөл байдлаас шалтгаалан нийт 15.000 м.кв газар эзэмшиж байгаа бүх этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаад гомдолтой байгаа учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

             Хоёр. Нэхэмжлэгч Ш.ч, Ш.УР, Т. Уранчимэг нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             “2001 оны 08 дугаар сарын 03-ны өдөр анх тус газарт аав нь 2 хүүхдийнхээ хамтаар газар эзэмших эрх олж авсан бөгөөд өөрсдийн эзэмшлийн биш газрыг оруулан хашаа барьсан байдаг. 2004 оноос 2 хүүхэд нь гадаад улс руу явсан. Тухайн газар эзэмших эрх нь дууссан болон дахин сунгагдсан эсэх нь тодорхойгүй байдаг бөгөөд 2012 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргахад нь Газрын албанаас газар давхцаж байгаа талаар хэлж, маргаан гаргахгүй байх талаар асуухад эдгээр хүмүүс нь ямар нэг маргаан гаргахгүй гэж гарын үсэг зурсан байдаг” гэв.

Гурав. Нэхэмжлэгч  С.Г, “ У Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2, 37.1.3-т тус тус заасан үйл ажиллагааг  хийлгүй хариуг шууд өгсөн” гэв.

Дөрөв. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн П.Ш нь “Баянбулаг зуслан” гэдэг газарт 2004 оны Ү/22*******- улсын бүртгэлийн дугаартай 194,7 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг бүртгүүлж байсан. Тус орон сууцын байрлах газарт 1,5 га газрыг хамарсан хашаа барьсан байсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан. П.Ш нь Б.Нд Ү/22*******- улсын бүртгэлийн дугаартай 194,7 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг худалдаж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй байдаг. 2009 онд иргэн П.Ш нас барсан.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар захирамжаар С.Г нарын 6 этгээдэд 15.000 газрыг хуваан эзэмшүүлэх шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нарын газар баталгаажилтын хувийн хэрэгт өв залгамжлалын хууль ёсны баримт бичиг, хээрийн судалгаа болон суурийн судалгаа хийсэн баримт байдаггүй. Маргаан бүхий газарт орших 194,7 м.кв талбай бүхий хувийн орон сууц нь Б.Нийн нэр дээр бүртгэлтэй байдаг нь 2012 оны 216 дугаартай захирамж хуулийн дагуу гарсан эсэх нь эргэлзээтэй байгаа.

Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх үүссэн, дахин газар олгогдсон мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгах зэрэг асуудалд өв залгамжлалын асуудал хамааралгүй.       

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмнө нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтнээс асууж тодруулахад тухайн газар нь их хэмжээний торлогтой бөгөөд ийм газарт газар олгохгүй байх талаар бодлого баримталж байгаа талаар мэдээлсэн.

Нэхэмжлэгч нар 2002 оноос хойш тухайн газар дээр амьдарч байсан гэж ярьдаг. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаанаас үзэхэд 1990 оноос хойш гэр бүл салсан тухай мэдээлэл гарч ирдэг. 2012 оноос 2017 он хүртэл тухайн газар дээр нэхэмжлэгч нарыг амьдарч байгаагүй гэж үздэг.

Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн хугацааг сунгах эрх нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад байдаг бөгөөд нэхэмжлэгч нар Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлтээ удаа дараа гаргаж хариу авч байсан. Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандсан үйлдэл байхгүй гэж үзэж байна. Иймээс эс үйлдэхүй гаргасны улмаас газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа гэж үзэхээргүй байгаа. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж зааны дагуу нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тав. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Засаг даргад хандаж нэхэмжлэгч нар гэрчилгээ сунгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусахаас 30 хоногийн өмнө дүүргийн Засаг даргад хандах ёстой байсан. 2012 оны Засаг даргын захирамжаар хээрийн судалгаа, орчны судалгаа явуулаагүй байна. 2012 оноос 2017 онд уг маргаан бүхий газарт иргэн амьдарч байгаагүй. Иймд захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 61 дүгээр 61.1-д заасны дагуу шийдвэр гаргаж байгаа нь ерөнхий хууль зөрчөөгүй үйлдэл юм” гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээд Б.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тодруулсан. Үүнд “...нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захиргааны актыг гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах болон Сүхбаатар дүүргийн Газрын албанд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан тухай бүртгэл хийхийг даалгах...” гэсэн 3 үндсэн шаардлага байна гэж ойлгосон.

Нэхэмжлэгч нар анх 2017 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан ч Газрын албанаас хариу өгөөгүй тул 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дахин хүсэлт гаргасан. Дахин гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг Сүхбаатар дүүргийн Газрын алба өгсөн байдаг. Үүний дараа 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Газрын албанд хүсэлт гаргасан байдаг. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг үүссэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын алба болон Нийслэлийн Газрын албанд гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зөрчил гаргасан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу 2017 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасны дараа тус төрийн захиргааны байгууллага нь асуудлыг шийдвэрлээгүй бол шүүхэд хандах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ хэрэгжүүлээгүй. Үүнээс хойш хагас жил өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасны дагуу 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э 2004 оноос хойш гадаад улс руу явсан гэж хэлж байна. 2004 оноос хойш Монгол Улсад амьдраагүй тухай баримт Америкийн нэгдсэн улсаас ирсэн байдаг нь авагдсан байдаг.                               

Хавтаст хэргийн 151 дэх талд 2011 онд өөрийн аав болох П.Шг нас барсны дараа өв залгамжлалтай холбоотойгоор Т.У нь өөрт ногдох газраасаа татгалзаж Ш.чт газар эзэмших эрхээ шилжүүлсэн байдаг. Иймээс Т.У нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэл зориг нь бодитой юу? гэх асуулт гарч ирж байна.

“ У Ш” ХХК  газар эзэмших тухай хүсэлтээ 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр анх өгсөн байдаг. 2011 оны 04 дүгээр сарын 31-ны өдөр кадастрын зургаа хийлгэсэн байдаг. Гэтэл хавтаст хэргийн 99 дэх талд “ У Ш” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компани нь 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс үзэхэд тус компани байгуулагдахаасаа өмнө кадастрын зураг хийлгэж, газар эзэмших тухай хүсэлт гаргаж улмаар газар эзэмших эрхээ авсан үйл баримт байна. 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр огноологдсон хүсэлтүүд 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд бүртгэгдэж хүсэлтийг хүлээж авсан гэж харагддаг. Энэ хугацаанд яагаад асуудал нь шийдвэрлэгдээгүй нь одоо болтол тодорхойгүй байдаг. Мөн хариуцагчийн удаа дараагийн тайлбаруудад “...нэхэмжлэгч иргэд, хуулийн этгээд анх газар эзэмших эрх авахдаа хуульд заасан журмын дагуу авсан эсэх нь эргэлзээтэй...” гэж дурдагддаг.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж зааны дагуу хүсэлтээ гаргаж мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйн талаар ярьж байгаа бөгөөд эс үйлдэхүй нь хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхгүй байх тохиолдолд яригдана. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргаагүй хүсэлтүүдэд Засаг дарга шийдвэр гаргахгүй.  Иймээс шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ даалгах тухай шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж заасны дагуу үүнийг хүсэлтдээ хавсаргаж өгсөн байх ёстой байсан бөгөөд тус тодорхойлолтыг байхгүй гэж өмнөх анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй учраас түүнтэй холбоотой мэдээллийг гаргаж өгөх боломжгүй талаар ярьсан. Сүүлд нэхэмжлэгч нар тус үнэлгээг гаргуулах ёстой гэдгийг ойлгож, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийж, үнэлгээ хийлгүүлэхээр хандсан байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан тодорхойлолт байхгүй гэж үзэх бүрэн үндэслэл байгаа.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна” гэж заасан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 11.1-д “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг бичиж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээтэй хамт олгоно. Дүгнэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн Газрын алба тус дүгнэлтийг гаргаж өгөх ёстой. Сунгуулах тухай  хүсэлт  болон  анх  2012  онд  газар

эзэмших хүсэлт гаргахдаа тус үнэлгээг хийлгээгүй байгаа.

Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байна гэж үзэх үндэслэл байхгүй” гэв.

           Долоо. Иргэдийн төлөөлөгч Э.Згийн дүгнэлт: “Нэхэмжлэгч талыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгах тухай захиргааны акт гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах, Сүхбаатар дүүргийн Газрын алба нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгасан тухай бүртгэл хийхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 216 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар С.Г 700 м.кв, Т.У 700 м.кв, Ш.ч 700 м.кв, Ш.УР 700 м.кв, “ У Ш” ХХК-д 9835 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, мөн тус дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөх, нэр шилжүүлэх тухай” 451 дүгээр захирамжаар Э.Эийн 700 м.кв газрын эзэмших эрхийг Ш.чт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Талууд дээрх үйл баримтад маргадаггүй бөгөөд газар эзэмших 5-н жилийн хугацаа 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусах тул хугацаа сунгуулах хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэгч талаас “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2-д заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн удаа дараа зохих шатны байгууллагад хүсэлтээ гаргасан боловч иргэн Б.Нтэй холбоотой асуудал гарч ирсэн тул үл хөдлөх хөрөнгө, мөнгө санхүүгийнхээ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүл гэж бидний газар эзэмшүүлэх хүсэлтийг сунгах тухай хүсэлтээс өөр зүйлийн талаар ярьж, бидний танихгүй  Б.Н гэдэг хүний орон сууц худалдах, худалдан авах гэрээнд хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл өгөөгүй, газар шилжүүлэх гэрээ хийж байгаагүй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ түүний нэр дээр байгаа гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагч талаас “...иргэн П.Ш нь 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд  Баянбулаг аман дахь хувийн сууцаа иргэн Б.Нд  шилжүүлсэн тул 15000 м.кв хэмжээтэй, төмөр хашаа бүхий газрыг тус иргэнд эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэж өргөдөл бичиж өгсөн. Гэтэл 2009 онд П.Ш нас барж, Б.Нийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө нь бүртгэлтэй байхад газрыг өөр иргэнд эзэмшүүлэх боломжгүй” гэж маргаж байгаа болно.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу ... өөрийн мэдэлд байлгах”-ыг, газрын талаар төрөөс баримтлах зарчмаар тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”-аар заажээ.

Мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэнд ...энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ...хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх шаардлагыг  газар эзэмшигчид тавьж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д газар эзэмшигчид “...хууль тогтоомж, ...гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” эрхтэй байхаар заажээ.

Газрын тухай хуулийн  37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар зааж, мөн зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргахаар 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн баримт”, 37.1.3-т “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт”, 37.2-т “... дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн ...дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус заажээ.

            Тэгвэл энэ хэрэгт авагдсан 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн зээлдэгч П.Ш,  Монгол шуудан банкны хооронд хийсэн ЗБГ/88 дугаартай  “Зээлийн барьцааны гэрээ”-ээр иргэн П.Ш Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Баянбулаг-1350 хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 194,7 м.кв Y-22*******- дугаартай хувийн сууцыг 40.887 ам.долларт барьцаалуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “эрх түдгэлзүүлэх тухай” 1/11942 дугаар албан бичгээр дээрх  барьцааны зүйлийг  битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.Н худалдан авсан болох нь тогтоогдож байна.

            Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3/1150 дугаартай албан бичигт “2006 оны 9 дүгээр сараас 2012 оны 7 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18******* дугаар бүхий газар нь 15001.72 м.кв талбайтайгаар иргэн П.Шгийн нэр дээр газар эзэмших эрхтэй бүртгэлтэй байсан ба 2012 оны 8 дугаар сарын архивын зурган мэдээллээс уг нэгж талбарын дугаар устгагдсан” байна гэж, мөн П.Шд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 390 дугаар тоот шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагт зуслангийн зориулалтаар 400 м.кв газрыг 5-н жилийн хугацаагаар ашиглуулсан болох нь 2002 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 010403003 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. Эдгээрээс үзэхэд хариуцагчийн гаргасан “...дүүргийн Засаг дарга 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар С.Г нарын 6-н иргэн, “ У Ш” ХХК-д дээрх газрыг хуваан эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа өв залгамжлалын хууль ёсны баримт бичиг үндэслээгүй... үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Б.Нийн нэр дээр бүртгэлтэй байхад газрыг өөр иргэнд эзэмшүүлсэн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

            Өөрөөр хэлбэл П.Ш үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьж, худалдах худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн үйл баримтад, мөн уг үл хөдлөх эд хөрөнгө байгаа 700 м.кв газартай нэхэмжлэгч тал маргахгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд П.Шгийн хувьд эзэмшил, ашиглалтад байсан газраа барьцаалж, шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна.

            Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас ирүүлсэн гэрчилгээний хугацаа сунгах боломжгүй талаарх тайлбартаа “...маргаан бүхий газар нь тухайн үед газрын албаны зохион байгуулагч хээрийн болон суурин судалгаа хийгээгүйгээс иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохооргүй торлогтой газарт газар эзэмшүүлсэн” гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Нийслэлийн ногоон бүсэнд зуслангийн сууцны зориулалтаар газар ашиглуулах эрх олгох тухай” 390 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Баянбулагт 373 өрхөд 14.92 газар ашиглах эрхийг баталгаажуулж, түүний хавсралтаар П.Ш, Ш.УР, Ш.ч нарт 0.04- га  газрыг ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Шинээр байгуулагдсан хороодын хамрах нутаг дэвсгэр, байршил, хүн амын тоог тогтоох тухай” 08 дугаартай, мөн 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар  тогтоолууд тэдгээрийн хавсралтаар “Сүхбаатар дүүргийн Баянбулаг нь шинээр байгуулагдсан хороодын хамрах нутаг дэвсгэр байршилд хамрагдсан” үйл баримтаар хариуцагчийн дээрх тайлбар няцаагдана. Мөн  шүүхээс хариуцагчийн “торлогтой, хүн амьдарч болохгүй” гэж үзсэн тайлбараа нотлохыг шаардсан боловч холбогдох баримтыг ирүүлээгүй болно.

            Хариуцагч нэхэмжлэгч нарыг “...хуульд зааснаар газар эзэмших эрхийн  гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ дүүргийн Засаг даргад гаргахаар заасан боловч газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байгаагүй, ... 2012-2017 оны хооронд уг маргаан бүхий газарт амьдарч байгаагүй” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нар Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан болох нь нотлогдох бөгөөд үүнийг Засаг даргад гаргаж байгаагүй гэж буруутгах боломжгүй юм. Учир нь Сүхбаатар дүүргийн Газрын албаны чиг үүрэг нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаас  газрын талаар баримтлах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй тул тус дүүргийн газрын албанд гаргасан хүсэлтийг Засаг даргад гаргаагүй гэж үзэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч нар тухайн газартаа амьдарч байгаагүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдлоо.

            Нэхэмжлэгч нар хугацаа сунгуулах хүсэлтдээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт”-ыг хавсаргаж  ирүүлээгүй болох нь  хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...дүгнэлт гаргахыг зогсоосон байсан тул манайх судалгааны тайланг дүгнүүлж хүргүүлэх боломжгүй байсан” гэх тайлбараар тогтоогдох ба Байгаль орчны үнэлгээний зөвлөх байгууллага болох “Б” ХХК-иар  хийлгүүлсэн  “Байгаль орчны суурь судалгааны тайлан” нь эрх бүхий этгээдээр батлагдаагүй тул нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан торлог бүхий газар нь иргэн гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж болохоор байгаль орчинд нөлөөлөх байдлын дүгнэлт гарсан гэж үзэхгүй. Шүүхэд  ирүүлсэн Нийслэлийн Байгаль орчны газрын “ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09/954 дугаар албан шаардлагын дагуу... зуслангийн дүгнэлт гаргахыг зогсоосон” гэсэн мэдэгдлээс үзэхэд дүгнэлт гаргахыг зогсоосон гэх хугацаа нь 2017 онд буюу нэхэмжлэгчийн газар эзэмших  эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргах үетэй хамааралгүй байна.

            Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж, мөн Газрын тухай хуулийн заалтаас үзэхэд  газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт болон холбогдох баримтуудыг эрх бүхий этгээд хүлээн авч, нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхой хуульд заасан хугацаанд хянаж, шалгасны дараа гэрчилгээний хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан байх тул шүүхээс гэрчилгээний хугацаа сунгахыг шууд даалгаж шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй болно.

            Нөгөөтэйгүүр тухайн газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших боломжтой эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гараагүй байхад хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр зөв тул ийнхүү хугацаа сунгахыг шүүх даалгах боломжгүй.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдээс  эрх бүхий захиргааны байгууллагад газар эзэмших хүсэлтээ хуульд зааснаар гаргах эрхийг хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, 37.2 дугаар зүйлд заасныг баримтлан Ш.У, Ш.УР, Т.У, С.Г болон “ У Ш” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгах тухай захиргааны акт гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн хугацаа сунгасан тухай бүртгэл хийхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.Ч

ШҮҮГЧ                       Д.                                            

 ШҮҮГЧ                       Н.