Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 110/2015/0030/З |
Дугаар | 221/МА2016/0508 |
Огноо | 2016-07-22 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2016/0508
2016 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2016/0508 | Улаанбаатар хот |
Н.С-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0016 дугаар шийдвэртэй, иргэн Н.С-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0016 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.6, 17 дугаар зүйлийн 17.2, 20 дугаар зүйлийн 20.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.С-с аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Ш-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын 1 дэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь хэсгийг хүчингүй болгож, энэ хэсэгт Н.С-г төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III дугаар шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл 15 хувь, хоол, унааны зардлыг олгохыг нэмж тусгахыг хариуцагчид даалгаж, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 15-аас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх цалин хөлс, хоол унааны зардал 7.583.031 төгрөг /долоон сая таван зуун наян гурван мянга гучин нэг/-өөс 7.228.239 төгрөг /долоон сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун гучин есөн/-ийг Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл 795106 төгрөг /долоон зуун ерэн таван мянга нэг зуун зургаа/ нийгмийн даатгалын сангийн дансанд нөхөж шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.С-с аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд магадлагч эмчээр томилохыг хариуцагчид даалгах шаардлагыг болон илүү нэхэмжилсэн цалин хөлс 354,792 төгрөг /гурван зуун тавин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/-ийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.С давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхнаасаа нэхэмжлэлд хариуцагчийг “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс” гэж тодорхойлон гаргаж байсан боловч анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 тоот шийдвэрийг уншин сонсгох үед хариуцагчийг буруу тодорхойлсон юм. Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын хэлтэс” гэж нэхэмжлэл гаргасан байхад “нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Ш” хэмээн анхан шатны шүүх буруу тодорхойлсон. Миний бие хариуцагчийг солих талаар ямар нэгэн хүсэлт, тодруулга өгөөгүй байхад шүүхээс дур мэдэн хариуцагчийг солисноор хуульд заасан нэхэмжлэгчийн эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна. Хуулийн этгээдийг санаатайгаар иргэн болгож өөрчилж байгаа юм шиг бодол төрж байна. Яагаад гэхээр миний бүхий л шаардлагыг иргэн С.Ш-с гаргуулахаар, мөн түүнд даалгахаар шийдвэрлэж байгаа мэт хууль бус шийдвэр болсон гэж бодож байна. Учир нь энэхүү шүүхийн шийдвэр хэвээр үлдвэл С.Ш дарга маргааш албаны ажлаас халагдаж өөр нэгэн хүнээр солигдоход энэхүү шүүхийн шийдвэр биелэгдэшгүй даалгавар болж үлдэх гэж байна.
Хууль бус бүрэлдэхүүнтэй шүүх хурал болсон гэж үзэж байна. Учир нь нийгмийн даатгалын хэлтсин дарга С.Ш-н өөрийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Т.Б нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлөн энэхүү шүүх хуралдаанд оролцох эрхгүй этгээд учраас хэлтсийн дарга С.Ш-г өөрийг нь биечлэн оролцуулахаар хүсэлт, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Т.Б-г энэхүү шүүх хуралдаанд оролцох боломжгүй болох талаар хуулийн үндэслэлтэй хүсэлтээ 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гаргаж, шүүх хуралдааны үеэр итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Т.Б-н тухайн байгууллагад ажилладаг болохыг нотлох баримт гаргуулахыг хүссэн боловч шүүгч захирамжаараа энэхүү хүсэлтүүдээс үндэслэлгүйгээр татгалзсан бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь зөвхөн С.Ш-г төлөөлөх эрхтэй болохоос биш Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийг шүүхэд төлөөлөх эрх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууудаар тогтоогдоогүй юм. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн төлөөлөгчөөр оролцох байгууллагын эрх баригч нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ гэрчилсэн баримт бичиг, бусад ажилтанд олгогдсон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэсэн байдаг ба Т.Б-н хувьд тухайн байгууллагын ажилтан биш бөгөөд тухайн хариуцагч байгууллагад огт хамааралгүй этгээд учраас байгууллагыг төлөөлөх эрхгүй юм. Жич: Хавтаст хэрэгт Т.Б-д Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Ш-н итгэмжлэлээс өөр ямар нэгэн түүний тухай байгууллагыг төлөөлөх эрхийн бичиг баримт авагдаагүй байна.
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т албан тушаалтан албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх нь ашиг сонирхлын зөрчил үүсч болохыг нь дурдаж хориглосон байдаг билээ. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Ш-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь насаараа шүүхийн байгууллагад ажиллаж энэ жилийн эхнээс шүүхийн байгууллагаас албан үүргээс чөлөөлөгдөн тэтгэвэрт гарсан ахмад шүүгч асан хүн билээ. Өдгөө манай шүүхийн бүх шүүгчид, ард иргэд бид нар түүнийг шүүгчээ хэмээн хүндэтгэж явдаг байсан юм. Гэтэл Т.Б нь шүүхэд бусдыг төлөөлөн оролцоно гэхээр миний бие ихээр эмээж болгоомжлон түүнийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүүхэд мэдүүлж хүсэлтээ гаргасан боловч шүүх үр тоомсорлов. Ер нь Монгол Улсад шүүх хэмээх ганц байгууллага байдаг бөгөөд шүүхийн эрхэм шүүгч хэмээн хүндэт албан тушаал байдаг. Энэхүү албыг хашиж байсан хүн шүүхийн байгууллагад бусдыг итгэмжлэх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй хэмээн бодогдуулахгүй байхын аргагүй юм.
Анхан шатны шүүх нь миний цалин хөлсийг дутуу тооцож эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан юм. Би ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 тоот шийдвэрээр 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нөхөн олговор авч байсан ба тухайн нөхөн олговрын хэмжээнээс багасгаж тооцож миний эрх зүйн байдлыг дордуулсан юм. Мөн миний дундаж цалин хөлсийг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Хавтаст хэрэгт дээрх шийдвэрүүд авагдсан болно.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Ш болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “Н.С нь давж заалдах гомдол гаргаж байгаа асуудал нь шүүхийн үндэслэлтэй гарсан шийдвэрийг үндэслэлгүйгээр эс буруушааж байгаа нь урьд энэ хүн томилогдсон ажлыг хийхгүйгээр дээд шатны шүүхэд гомдлоо гаргаж гэртээ хувийн бизнесээ хийж байгаад манай хэлтсээс энэ хугацаанд бүгд 15,9 сая төгрөг авсанд амтархаж дахин тэр аргаа хэрэглэе гэсэн санаа байна гэж ойлгож байна.
Учир нь Н.С-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тушаал гаргаж, түүнийг ажлаас чөлөөлсөн тухай эрхийн акт гаргасан хүн тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Ш би мөн тул шүүх Н.С-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Ш мөн гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй биз дээ. Өнөөдөр Нийгмийн даатгалын хэлтсийн ажлыг С.Ш би удирдаж байгаа бөгөөд Н.С-г ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалыг би гаргаж гарын үсэг зурсан болохоор намайг шүүх хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байх гэж би бодож байна. Тэгээд ч шүүх Н.С-н нэхэмжлэлийг хүлээн авч, С.Ш намайг хариуцагчаар татах захирамж гарган надад хариуцагчийн эрх үүргээ Н.С-д нэхэмжлэгчийн эрх үүргээ шүүх тус тус тайлбарлаж гарын үсэг зуруулсан өдрөөс эхлэн өнөөдөр хүртэл С.Ш би уг хэргийн хариуцагч болоод явж байгааг Н.С өнөөдөр мэдсэн мэтээр шүүхийг хууль зүйн үндэслэлгүй буруутгаж байгаа нь бидний дээр бичсэн дүгнэлтэд хүргэж байна.
С.Ш миний бие энэ албанаас хэзээ нэгэн цагт өөрчлөгдлөө ч гэсэн төрийн залгамж халааны зарчим ёсоор шүүхийн шийдвэрийг дараагийн хүн биелүүлдгээрээ биелүүлнэ. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэнэ гэдгийг Н.С мэдмээр юм. Н.С-н давж заалдах гомдол ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон хэрэг мөн гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б миний бие Увс аймагт шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2015 оны 12 дугаар сард өндөр настны тэтгэвэрт гарснаар чөлөөлөгдөж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргатай гэрээ хийж улмаар Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар тус хэлтсийн хуулийн зөвлөхөөр томилогдсон юм. Шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хүн аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн зөвлөх хийхийг хориглосон хуулийн заалт байхгүй. Харин 2 жилийн дотор өмгөөлөгч хийж болохгүй гэсэн хуулийн заалттай гэдгийг би сайн мэднэ. Нэгэнт би Нийгмийн даатгалын хэлтсийн хуулийн зөвлөх гэсэн ажлыг хийж байгаагийн хувьд Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан бичгээр намайг Н.С-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсноор би энэ хуулийн 63 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд оролцож хуульд заасан эрх, үүргээ эдэлж тайлбараа ярьсан болно. Гэтэл Н.С нь шүүх хуралдаанд намайг элдвээр доромжилсноос гадна давж заалдах гомдолдоо Т.Б нь зөвхөн С.Ш-г төлөөлөх эрхтэй болохоос биш, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг шүүхэд төлөөлөх эрхгүй. Нийгмийн даатгалын хэлтэст огт хамааралгүй этгээд” гэж доромжлон бичсэнд гомдолтой байна.
Т.Б миний бие шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоноор Н.С-н хэлсэнчлэн надад шүүхэд нөлөөлөх ямар нэгэн эрх хэмжээ ч үгүй бөгөөд шүүгч надаар нөлөөлүүлэхгүй гэдгээ би Н.С-р хэлүүлэхгүйгээр мэднэ. Уг шүүх хуралдаанд би өмгөөлөгчийн байр сууринаас биш итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр сууринаас эрх, үүргээ биелүүлсэн болно. Миний хэлсэн үг, шүүх хуралдаанд оролцсон байр суурь шүүх хуралдааны камер болон шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бичигдсэн байх гэж найдаж байна.
Н.С-н “шүүх миний цалин хөлсийг дутуу бодсон” гэдэг нь огт үндэслэлгүй шалтаг, харин шүүгч маань түүний цэцэн үгэнд итгэж авбал зохих цалингаа илүү бодсон байна лээ.“ гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхмет болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: “... Н.С ажилгүй байгаа хугацааны цалинг шүүх түүний хүсэлтээр 2015 оны 09 дүгээр сарын 15-аас 2016 оны 06 дугаар сарын 10 хүртэл 7 228 239 төгрөгөөр бодож манай Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу бодогдсон байна. Учир нь Н.С нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрээ дэвшүүлэн сонгуульд өрсөлдөж байгаа учир Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 4-д зааснаар 04 дүгээр сарын 01-ээс эхлэн ажлаас чөлөөлөгдөх хуулийн заалттай байна. Хуулийн энэ заалтын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаад сонгуульд нэрээ дэвшүүлсэн бүх хүмүүсийг ажлаас чөлөөлж цалин олгохгүй байгаа учир энэ заалт тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Н.С-д ч хамаарагдах ёстой болно. Хэрэв Н.С нь сонгуульд нэрээ дэвшүүлж сонгуульд өрсөлдөж байгаагүй бол шүүхээс түүний ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 09 дүгээр сарын 15-ээс 2016 оны 06 дугаар сарын 10-ны хүртэлх хугацааг тооцож гаргах ёстой байх. Н.Сакенд ажилгүй байсан цалинг 2015 оны 09 дүгээр сарын 15-аас 2016 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаагаар тооцох ёстой тул Н.С-д ажилгүй байсан гэх 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүх хурал болох хүртэл 2016 оны 06 дугаар сарын 10-ны хүртэл хугацаанаас 04 дүгээр сарын 01-ээс 06 дугаар сарын 10 хүртэлх 2 сар 10 хоногийн цалин болох 1 534 527 төгрөг хасаж тооцоход түүний ажилгүй байсан хугацаа 6 сар 15 хоногт ногдох цалин 4 609 045 төгрөг болно. Гэтэл шүүх түүний ажилгүй байсан хугацааны цалинг 7 085 552 төгрөг гэж 2 482 507 төгрөг илүү тооцсон байна.
Шүүх Н.С-д хоол, унааны зардал гэж 378000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Н.С нь энэ хугацаанд биеэр ажиллаагүй нөхцөлд хоол унааны зардал олгох журам байхгүй. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчээр энэ хугацаанд ажиллаж байсан их эмч Ж.С нь хоол, унааны хөнгөлөлтийг бүрэн авсан болно.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын 4-д заасны дагуу Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар томилсон ажил хийгээгүй Н.С-д хоол, унааны хөнгөлөлтийг олгох ёсгүй юм.
Ингэж тооцсоноор Н.С-н нийгмийн даатгалын шимтгэлд 560334 төгрөгийг нийгмийн даатгалын дансанд бид шилжүүлсэн юм. Шүүх үүнийг 795106 төгрөг гэж 228771 төгрөг илүү бодсон байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт “... Н.С-д Нийгмийн даатгалын хэлтсээс 7228239 төгрөг гаргуулах гэсэн ч 4603045 төгрөг гаргуулан олгох, түүнийг нийгмийн даатгалын шимтгэлд 795106 төгрөг шилжүүлэх гэснийг 506334 төгрөг шилжүүлнэ” гэсэн өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч Н.С хариуцагчийн давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “... Тус гомдолд намайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа тул төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой талаар дурджээ. Ажилгүй хүний хувьд би ямар ажлаас татгалзах юм бэ? Хэрэв ажилтай байсан бол сонгуульд нэр дэвшихийн тулд төрийн албанаас татгалздаг тэнэг хүн би биш юм. Намайг нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснөөс болж одоо хүртэл шүүхээр эгүүлэн тогтоолгохоор 3 жилийн турш маргаж явна. Ажилд авахыг даалгасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсан ч нийгмийн даатгалын хэлтсийн дарга одоо хүртэл намайг ажилд аваагүй, ажилгүй байна. Хэрэв Нийгмийн даатгалын хэлтсийн дарга миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлдээ хүлээн зөвшөөрч намайг ажилд авсан бол би сонгуульд нэр дэвшихээс татгалзах байсан. Учир нь би 3 жилийн хугацаанд маш их сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол амссан. Тухайлбал, би цалингаа иргэний хэргийн шүүхэд хандаж 3 шатлалын шүүх хуралд оролцон байж гаргуулсан шийдвэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар одоо хүртэл гүйцэд авч чадаагүй байна. Арай гэж шийдвэр гүйцэтгэлийн журмаар өгч байгаа цалингаа хариуцагч тал намайг ямар ч хохиролгүй болсон мэтээр ярьж, мөн биеэр ажиллаагүй тул хоол, унааны мөнгө олгохгүй хэмээн үндэслэлгүй гомдол гаргажээ. Намайг биеэр ажиллуулахгүй байгаад би буруугүй юм. Дээрх шат дамжлагаар явж цалингаа гаргуулахад надад маш их хохирол гардаг. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нар урамшуулал гэж тодорхой хувийг татаас болгон авахаас гадна тухайн шийдвэрийг гаргуулахын тулд гурван шатны шүүхээр явахад мөн адил нийлэн зардал чирэгдэл гарна.
Хариуцагч нийгмийн даатгалын шимтгэлийг буруу тооцсон, мөн илүү цалин хөлс тооцож олгосон хэмээн давж заалджээ. Цалин хөлсний талаар анхан шатны шүүх нь харин ч хариуцагчид ашигтай шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл миний дундаж цалин хөлсийг Улсын дээд шүүхээс эцэслэн тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхад миний эрх зүйн байдлыг дордуулан цалин хөлсөө түүнээс доогуур тооцож тогтоосон явдалд бие даасан давж заалдах гомдлоо гаргасан юм.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг зөв үнэлсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Н.С-д ажилгүй байсан хугацааны хоол унааны хөлсийг тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Н.С-с Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаал, мөн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, дээрх нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ж.С-г магадлагч эмчийн ажилд түр томилсон учраас түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, түүнийг магадлагч эмчээр томилсон Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/197 дугаар тушаалын Б.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд намайг томилох шийдвэр гаргахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, миний 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 6 сар 11 хоногийн нөхөн олговор цалин болох 5 492 538 төгрөгийн нөхөн олговрыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт Нийгмийн даатгалын хэлтсээс тус тус гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.[1]
Анхан шатны шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шийдвэрлэх тухай” 80 дугаар захирамжаар “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/197 дугаар тушаалын Б.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд намайг томилох шийдвэр гаргахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийг тухайн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.
Үүний дараа нэхэмжлэгчээс “Намайг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд томилох шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 9 сарын хугацаанд ажилгүй байсны 7 583 031 төгрөгийн нөхөн олговрыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт Нийгмийн даатгалын хэлтсээс тус тус гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа дахин ихэсгэжээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд магадлагч эмчээр томилохыг хариуцагчид даалгах болон илүү нэхэмжилсэн цалин хөлс 354 792 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа “Шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон, хууль бус бүрэлдэхүүнтэй шүүх хурал болсон, цалин хөлсийг дутуу тооцож, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан” гэжээ.
Учир нь шүүхийн шийдвэрийг С.Ш иргэний хувьд биш, харин Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга хэмээх албан тушаалтан болохынхоо хувьд биелүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн албан тушаалтан солигдсон ч төрийн албаны залгамж халаа үргэлжилж, шүүхийн шийдвэр биелэгдэхэд аливаа саад учрахгүй юм.
Нэхэмжлэгч Н.С нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгуульд өрсөлдөж байгаа нь баримтаар тогтоогдоогүй, хэргийн оролцогч нар анхан шатны шүүх дээр энэ талаар маргаагүй байх тул энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0016 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 20 дугаар зүйлийн 20.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.С-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, энэ заалтад “Н.С-г төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III дугаар шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл 15 хувь, хоол, унааны зардлыг олгохоор нэмж тусгахыг хариуцагчид даалгаж, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 6 850 240 төгрөг /зургаан сая найман зуун тавин мянга хоёр зуун дөч/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Н.С-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 151 дэх тал