Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

2022            3            09                                        177 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч: Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мт холбогдох эрүүгийн 2205000320118 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ***суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машины оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.

 

Шүүгдэгч Ж.М нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй зочид буудлын *** тоот өрөөгөөр үйлчлүүлэх явцдаа үл ойлголцох,  хэрүүл маргааны улмаас хохирогч А.Хы эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацар шанаа, дээд уруул, зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун завжинд цус хуралт,  баруун зулайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэжээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Хохирол төлсөн талаар баримт байхгүй боловч мөрдөн байцаагч хохирол төлөх үед хажууд байсан. Одоогоор би ажилгүй байгаа боловч 2022 оны 3 дугаар сарын 15-наас ажилдаа орно. Улсын яллагчтай 550 000 төгрөгөөр торгох торгуулийн ялын өөрийн сайн дураар тохиролцсон. Энэ торгуулийг 2 сарын хугацааанд төлнө. Хойшид дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- А.Х мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын 3 давхарт 302 тоот өрөө рүү ажлын найзууд Гэ, Мө хоёртой хамт өрөө аваад орсон ба бид гурав тэндээ 0,75 литрийн Эдэн нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд би өрөөнөөс гарч буудлын ресепшинтэй уулзах гээд хоёр давхарт зогсож байхад үл таних залуу над дээр ирээд бид хоёр танилцаад тэдний өрөө рүү орсон. Өрөөнд ороход М гээд намайг зодсон залуу байсан. Тэдний өрөөд бид гурав пиво хувааж ууж байгаад гарахаар болоод гадагшаа гарч хоол идээд тэндээсээ гараад хороололд караокед орж нэг цаг дуулж байгаад гурвуулаа буцаад буудалдаа очоод дахиад нэг шил архи хувааж ууцгаасан. Нэг мэдсэн чинь миний танилцсан залуу явчихсан, М бид хоёр үлдсэн байсан. 01 цаг орчим болж байсан тул би явлаа гээд гарах гэсэн чинь хаалгаа түгжчихсэн байсан ба намайг явуулахгүй гээд хаалганаас цааш нь түлхэхээр нь би чи ямар аймар бүдүүлэг юм бэ гээд буцааж түлхээд гарч гүйх гэсэн чинь ардаас үснээс зулгаагаад ор луу түлхэж унагасан. Тэгээд би босох гэсэн чинь “чи муу яасан овоо пизда вэ” гээд гараа зангидаж байгаад нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгээд би арай гэж доороос нь босоод чамд зодуулж байхаар амиа хорлоно гээд цонх онгорхой байхаар нь үсрэх гээд цонх руу ойртоход миний үснээс зулгаагаад намайг цонх руу ойртуулаагүй. Тэгээд би цонхоор туслаарай гэж зөндөө орилсон. Тэгэхэд гаднаас хоёр цагдаа орж ирсэн.

Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 18, 58 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.М мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би ээлжтэй байсан ба үл таних хоёр залуу ***тоот руу орж хоносон ба маргааш нь дахиж өрөөгөө сунгасан. Тэгээд нэг залуу нь хэзээ явсаныг нь мэдээгүй. Уг эмэгтэйг тэр өрөө рүү орсоныг ч мэдээгүй. Ямар ч байсан тэр эмэгтэй үлдсэн залууд нь зодуулчихсан, цагдаа нар ирээд аваад явсан. Хэрхэн яаж зодсон талаар мэдээгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11363 дугаар дүгнэлтэд:

1. 2. А.Хы биед хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, шанаа, дээд уруул, зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун завьжинд шарх, баруун, зүүн зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ж.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.М нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй зочид буудлын ***тоот өрөөгөөр үйлчлүүлэх явцдаа “хамт архи уусангүй, явах гэлээ” гэх шалтгаанаар хохирогч А.Хыг зодож, түүний эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацар, шанаа, дээд уруул, зүүн мөр, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун завжинд цус хуралт,  баруун зулайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Х, гэрч Б.М нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11363 тоот дүгнэлт, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч А.Х нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд “би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ж.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Мыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ж.Мт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН