Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 298

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын 1 дүгээр баг, Хуримт 4 гудамж 1 тоотод оршин суух, Боорчи овогтой Даваажавын Ичинноровын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ичинноров шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Даваажав овогтой Ичинноров нь 1960 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумд төрсөн. 1982 оноос хойш Сүхбаатар зам нэгдэлд 1983 оныг дуустал газар тариалан дээр ажиллаж байсан. Гуулин тосгонд 1987 оноос 1992 оны 3 сарыг дуустал ус тохируулагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага байсан юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотолгоо баримтыг үндэслэн 1982 оны 01 дүгээр сараас 1983 оныг дуустал Сүхбаатарын зам нэгдэлд газар тариалан дээр ажиллаж байсан 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сар хүртэл Гуулин тосгонд тус тус ажиллаж байсан ус тохируулагч хийж байсан ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Даваажавын Ичинноров нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатарын зам нэгдлийн захиргаа аж ахуйд ажилчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Гуулин услалтын системийн барилга угсралтын конторт барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Даваажавын Ичинноров нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатарын зам нэгдлийн захиргаа аж ахуйд ажилчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Гуулин услалтын системийн барилга угсралтын конторт барилгачнаар ажиллаж байсан болох нь:

-БНМАУ-ын Усны аж ахуйн яамны Гуулингийн услалтын системийн барилга конторын даргын 1987 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай Даваажавын Ичинноровыг 87.04.03-наас барилгачнаар ажиллуулсугай гэх “ажилчин авах тухай” тушаалын архивын хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 417 дугаартай “Тус аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн ЗАА-д 1982-1983, Гуулингийн услалтын системийн барилга угсралтын конторт 1987-1992 онд ажиллаж байсан Даваажав овогтой Ичинноров нь” гээд 1982 оны 01 дүгээр сараас 1982 оны 10 дугаар сар, 1983 оны 11 дүгээр сар, 1987 оны 04 дүгээр сараас 06 дугаар сар, 09 дүгээр сараас 10 дугаар сар, 1988 оны 06 дугаар сараас 08 дугаар сар, 1989 оны 02 дугаар  сар, 04 дүгээр сараас 05 дугаар сар, 08 дугаар сар, 1990 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар, 1991 оны 06 дугаар сараас 07 дугаар сар, 09 дүгээр сараас 11 дүгээр сар, 1992 оны 03 дугаар сараас 04 дүгээр сар, 06 дугаар саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлээс Даваажавын Ичинноровт олгосон хөдөлмөрийн дэвтрийн 7-8 дугаар хуудсанд 1982, 1983 онд ажиллласан хоног, авсан хөлс бичигдсэн байгаагаар,

-Гуулингийн услалтын системийн барилгын контороос Даваажавын Ичинноровт олгосон №192853 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд “Гуулингийн услалтын системийн барилга конторын даргын 1987 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 26 тоот тушаалаар 1987 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Гуулингийн услалтын системийн барилга угсралтын конторт барилгачнаар авч ажиллуулав, Гуулингийн усны когторын даргын 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 69 тоот тушаалаар 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс аж ахуйн нэгжийн өөрчлөлтөөр Оргил хувьцаат компанид ажиллуулав” гэсэн бичилт хийгдэж, байгууллагын тамга дарагдсан, дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаал нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тушаалын огноо, дугаартай таарч байх бөгөөд дээрх хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

 -Мөн 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхбатын Ариунбаярыг төрүүлсэн тухай түүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  гэрэл зураг, гэрч С.Рэнцэнноровын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Боорчи овогтой Даваажавын Ичинноровыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатарын зам нэгдлийн захиргаа аж ахуйд ажилчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Гуулин услалтын системийн барилга угсралтын конторт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боорчи овогтой Даваажавын Ичинноровыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатарын зам нэгдлийн захиргаа аж ахуйд ажилчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Гуулин услалтын системийн барилга угсралтын конторт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН