| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00319/и |
| Дугаар | 299 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 299
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 2 дугаар баг, Төгрөгийн эх, 2 тоотод оршин суух, Урианхай овогтой Дамдинсүрэнгийн Батдаваагийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Батдаваа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Урианхай овогтой Дамдинсүрэнгийн Батдаваа нь 1957 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумд төрсөн. 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс Төгрөг сумын кино механикчаар томилогдон ажилласан бөгөөд 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрийн нэр зөрсөн бичилт зөрүүтэй байгаа учираас шүүхээр ажилласан жилийг тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Төгрөг сумын кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Дамдинсүрэнгийн Батдаваа нь 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Төгрөг сумын кино механикчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Дамдинсүрэнгийн Батдаваа нь 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Төгрөг сумд кино механикчаар ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай Төгрөг сумын Намын үүр, захиргааны санал болон кино механикч З.Ванчигийн хувийн өргөдөл хүсэлтийг харгалзан Төгрөг сумын кино механикч З.Ванчигийг 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Дамдинсүрэнгийн Дашдавааг кино механикчээр томилсон “ажлаас чөлөөлөх ба томилох тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай соёлын байгууллагуудын 1986 оны социалист уралдааны дүнг үндэслэн шагнасан “...Д.Батдаваа Төгрөг сумын кино механикч, диплом, 45 төгрөгийн үнэтэй альбом.. гэсэн “зарим байгууллага, хүмүүсийг шагнах тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Соёлын хэлтсийн даргын 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай Дамдинсүрэнгийн Батдавааг Төгрөг сумын клубт кино механикч жолоочоор 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай гэх “ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн АДХГЗ-ны соёлын хэлтсээс Дамдинсүрэнгийн Батдаваад олгосон №118909 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай тушаалаар 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс Төгрөг сумд кино механикчаар томилон ажиллуулав, 6-7 дугаар хуудсанд захирлын 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 85 тоот томилолтоор 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс СГДС-д кино механик жолоочийн ангид элсүүлэн суралцуулав, Захирлын 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 59 тоот тушаалаар 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс сургуулиа төгссөн тул БНМАУ-ын Соёлын яамны 6 дугаар сарын 13-ны өдрийн 168 тоот томилолтыг үндэслэн Говь-Алтай аймгийн Соёлын хэлтсийн мэдэлд шилжүүлэв”, 8-9 дүгээр хуудсанд Соёлын хэлтсийн даргын 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалаар 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Төгрөг сумын кино механикчаар томилон ажиллуулав, Аймгийн кино үйлдвэрийн газрын захирлын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 тоот тушаалаар 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс кино механикчийн үүрэгт ажлаас чөлөөлж Төгрөг сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв” гэсэн бичилтүүд тус тус хийгдэж байгууллагын тамга дарагдсан, дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаал нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тушаалын огноо, дугаартай таарч байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд СГДС-д кино механик жолоочийн ангид элсэн суралцаж төгссөн талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн байх тул уг хугацаанд ажилласан гэж үзэж тогтоох боломжгүй байна.
Иймд /РД:ЦД57032274/ Урианхай Дамдинсүрэнгийн Батдавааг 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Төгрөг сумд кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар /РД:ЦД57032274/ Урианхай Дамдинсүрэнгийн Батдавааг 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1в992 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Төгрөг сумд кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН