Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

 

 

 

 

 

2022            3             09                                        181       

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох 2205000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *****мэргэжилтэй, сард 3 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн ** дүгээр гудамжны** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Б.

 

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Ч.Ттыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр шинэ жилийн арга хэмжээ болж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд найз маань согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагч найзыг чинь эрүүлжүүлэх рүү авч явна гэхээр нь би хамт явъя гэж хэлээд хамт эрүүлжүүлэх байранд ирсэн. Цагдаагийн алба хаагч намайг овог нэр, регистрээ хэл гэж хэлэхээр нь би хэлэхгүй гэж түүнийг нэг удаа алгадаж, мөргөсөн. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагын эсэргүүцэж, гэмтэл учруулсан нь миний буруу. Хохирогч ЭМЖЖ эмнэлэгт чихээ үзүүлсэн гээд 800 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийг төлж, уучлалт гуйсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Т мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Төмөр замын цагдаагийн газраас над руу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуу жолооч хүлээлгэж өгнө гээд залгасан. Би согтуу жолоочийг авах гээд очиход согтуу иргэн тээврийн хэрэгсэл жолоодоод, замын хашлага мөргөөд дээр нь гараад зогсчихсон байдалтай байсан. Тухайн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэх гэхэд хамт явж байсан найз Б нь “би найзыгаа өгч явуулахгүй, явбал би хамт явна” гээд ажил үүрэг гүйцэтгэхэд саад учруулаад байсан тул арга ядаад хамт авч явсан. Ингээд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр эрүүлжүүлэх байранд Б болон түүний найзыг авчирсан бөгөөд эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөхөөр эрүүлжүүлэхийн картыг бөглөхөөр иргэн Б-аас овог нэр, регистрийн дугаарыг асуухад хэлэхгүй байсан ба “би чамд хэлэх албагүй” хэмээн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн. Улмаар Б нь намайг сууж байхад зүүн хацар луу баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд би гайхаад “яаж байгаа юм бэ” гэж асуугаад босоод очиход шууд миний нүүр лүү нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд би тэвчээд дахин яагаад ингэж байгаа талаар асуухад намайг хэл амаар доромжлоод миний өөдөөс салаавч гаргасан ба яриаг нь сонсоод зогсож байх үед дахин 2 удаа гараараа миний нүүр лүү цохисон тул тусгай хэрэгсэл ашиглаж албадлагын арга хэмжээ авч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Надад ил харагдах байдлаар ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Зүүн хацар улайгаад бага зэрэг хавдсан байсан. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй, тухайн иргэнд хуулийн дагуу арга хэмжээг нь авч өгнө үү.

Т.Б нь миний эмчилгээний зардал болох 800 000 төгрөгийг барагдуулж өгсөн. Цаашид гомдол саналгүй гэжээ. (хэргийн 32-33, 70 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Б мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст байрлах эрүүлжүүлэх саатуулах байранд 24 цагийн албан үүргээ гүйцэтгэж байх үед 00 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн замын цагдаа дэслэгч Ч.Тт гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 эрэгтэйн хамт орж ирсэн. Тухайн 2 эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаантай байсан ба замын цагдаа Тт иргэн Бы биед үзлэг хийж согтолтын зэргийг хэмжих гэхэд Б эсэргүүцэж, овог нэрийг нь асуухад хэлэхгүй байсан. Би тухайн үед камерын өрөөнд сууж байсан ба Ттыг сууж байхад нь иргэн Б шууд нүүр лүү нь алгадаж, Тт суудлаасаа босоод ирэхэд Б шууд нүүр хэсэг рүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд буцаагаад хойш нь түлхэхэд Б баруун гараараа нэг удаа Тт цагдаагийн нүүр лүү цохисон. Тэгэхээр нь эрүүлжүүлэх байрны цагдаа дэд ахлагч Пүрэвцэндийн хамт бид хоёр үүд хэсэг рүү очиж тухайн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан иргэн Бд биеийн хүч хэрэглэж, нэгдүгээр камерт оруулан эрүүлжүүлсэн гэжээ. (хэргийн 23-34 дугаар хуудас)

 

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн эрүүжүүлэх, саатуулах байрны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Бичлэгийн 00 цаг 45 минут 13 секундэд Т.Б нь Ч.Ттыг гараараа цааш нь түлхэж байна. 00 цаг 48 минут 7 секундэд Т.Б нь Ч.Ттын нүүр рүү баруун гараараа алгадаж байна. 00 цаг 48 минут 20 секундэд Т.Б нь Ч.Ттын нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж байна. Дүрс бичлэгийн 00 цаг 48 минут 39 секундэд Т.Б нь Ч.Ттын өөдөөс салаавч гаргаж байна. Т.Б цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг дахин эсэргүүцэж баруун гараараа Ч.Ттын зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж байна гэжээ. (хэргийн 12-17 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Т.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)                                                            

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Ч.Ттыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Тт, гэрч Б.Б нарын мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн эрүүлжүүлэх, саатуулах байрны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй болно.

 

Хохирогч Ч.Тд тус гэмт хэргийн улмаас гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ба “Т.Б нь миний эмчилгээний зардал болох 800 000 төгрөгийг барагдуулж өгсөн. Цаашид гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Т.Быг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Т.Бд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН