| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00317/и |
| Дугаар | 300 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 300
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд оршин суух, Жалайр овогтой Дүгэржавын Уртнасангийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Уртнасан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Жалайр овогтой Дүгэржав Уртнасан нь 1957 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн. 1977 оны 04 дүгээр сараас Гуулийн тосгоны Тэжээлийн аж ахуйд ойжуулагчаар 1990 оны 11 дүгээр сарыг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он зөрсөн, бичилт зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Гуулин тосгоны Тэжээлийн аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Дүгэржавын Уртнасан нь 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Гуулин тосгоны Тэжээлийн аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Дүгэржавын Уртнасан нь 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Гуулин тосгоны Тэжээлийн аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан болох нь:
-БНМАУ, Хөдөө аж ахуйн яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Гуулингийн тэжээлийн аж ахуйн даргын 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай “улирлын ажилчин авах тухай” тушаал,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаартай “...Тус аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйд улирлын ажилчнаар ажиллаж байсан Дүгэржав овогтой Уртнасан нь” гээд 1977 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар, 1978 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар, 1979 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар, 1980 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар, 1981 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар, 1982 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар, 1983 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар, 1984 оны 05 дугаар сараас 11 дүгээр сар, 1985 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар, 1986 оны 04 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сар, 1988 оны 04 дүгээр сараас 12 дугаар сар, 1989 оны 04 дүгээр сараас 12 дугаар сар, 1990 оны 02 дугаар сар, 05 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал хугацаанд тус тус авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа,
-Гуулингийн хорооны намын үүрийн нарийн бичгийн дарга, АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга, ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, Тэжээлийн аж ахуйн дарга нараас 1979 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шагнасан “Баярын бичиг”,
-Гуулингийн хорооны намын үүрийн товчоо, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, тэжээлийн аж ахуйн зөвлөлийн 1981 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Баярын бичиг”,
-Гуулингийн тэжээлийн аж ахуйн даргаас 1982 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр олгосон “Гэрчилгээ”,
-Тэжээлийн аж ахуйн захиргаанаас шагнасан 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Баярын бичиг”,
-Хөдөө аж ахуйн яамны харьяа Говь-Алтай аймгийн Тэжээлийн аж ахуйгаас Дүгэржавын Уртнасанд олгосон хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд “ТАА-н даргын 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 тоот тушаалаар 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс ТАА-д улирлын ажилчнаар авч ажиллуулав, Гуулингийн тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 тоот тушаалаар 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өвчний учир групэд орох болсон тул ойжуулагчийн ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан байна. Дээрх хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Жалайр овогтой Дүгэржавын Уртнасанг 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Гуулин тосгоны Тэжээлийн аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жалайр овогтой Дүгэржавын Уртнасанг 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Гуулин тосгоны Тэжээлийн аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН