Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

 

 

 

 

2022            3            09                                          179

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2205000000179 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 23-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5 сар 10 хоногийн хугацааны өмнө тэнсэж суллагдсан, Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудалд хохирогч Б.Ттай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ үл ойлголцож, маргалдаж, Б.Тын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогч намайг хэл амаар доромжилсон болохоор би түүийг зодсон юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Баримтаар тогтоогдсон 138 000 төгрөгийг хохирогчид төлөхөөр бэлэн авчирсан. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Энэ байдал нь надад том сургамж боллоо гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Т мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр...Хятад хоолны газарт орж хоол идээд найз З-той нэг шил архи хувааж ууж сууж байтал Згийн найз нар болох Мөнхөөлэй, Энхням нар гаднаас орж ирсэн. Бид 5 тухайн газраас гараад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “***” зочид буудалд ороод, дахин нэг шил архи авсан. Бид нар хоорондоо юм яриад сууж байтал Мөнхөөлэй гэх залуу үгийн зөрүүгүй ширээн дээр гараад миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд намайг манараад байж байхад учиргүй намайг зодож эхэлсэн. Намайг зодуулж байхад зочид буудлын ажилтан гаднаас орж ирээд та нар болиоч ээ наад хүнээ аллаа гээд зодооныг болиулсан гэжээ. (хэргийн 10 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.З мэдүүлэхдээ:

Т, Мө, Э бид нар “Этүгэн” гэх зочид буудалд ороод нэг шил архи авч уугаад байж байхад Т нь М-г хэл амаар доромжилж эхэлсэн. Тэр 2 маргалдаж, барилцаад авсан. Бид нар тэр хоёрыг салгаад настай хүмүүс байж жоохон хүүхдүүд шиг зодолдоод яах гээд байгаа юм бэ, идэж ууж чадахгүй бол явцгаа гэж хэлээд тэр 2 гарч явсан. Т дараа нь хамар хугарчихсан байна гэж хэлсэн гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Л мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би буудалдаа ажиллаж байхад 201 тоот өрөөнд 5-6 орчим эрэгтэй хүмүүс орсон. Орж ирээд удалгүй 2 давхарт зодоон болоод байгаа юм шиг дуу гарахаар нь би дээшээ гараад хартал зодоон болсон, өрөөний алчуур цус болсон байсан. Би орж зодооныг салгаад коридорт гаргаж иртэл нэг залуугийн хамраас цус гараад, нэг залуу тухайн залууг цохиод байсан. Буудалд ирэхдээ маргалдсан зодолдсон зүйл байгаагүй. 180 см өндөртэй, туранхай залуу байсан. Хамраа хугалуулсан гэх ах нь арай жижиг, махлаг, давхараатай нүдтэй ах байсан гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21ий өдрийн шинжээчийн 2015 дугаар дүгнэлтэд:

1. Б.Тын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ***дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5 сар 10 хоногийн хугацааны өмнө тэнсэж суллагдсан гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд хохирогч Б.Ттай “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Т, гэрч Д.З, Ж.Л нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 2015 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 138 000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан бөгөөд цаашид хамрын мэс засалд орох зардалд 3 668 332 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь 140 000 төгрөгийг төлсөн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Б.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг УлаанБын хотын бүсчлэлээс 2 (хоёр) сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хохирогч Б.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН