| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00320/и |
| Дугаар | 301 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 301
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8-37 тоотод оршин суух, Өөлд овогтой Түмбаатарын Чинбатын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Чинбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өөлд овогтой Түмбаатарын Чинбат нь 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Есөнбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зуухны машинистаар томилогдож 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дээрх тамга тэмдэг бүдэг арилсан байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Түмбаатарын Чинбат нь 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Түмбаатарын Чинбат нь 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1978 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаартай “насанд хүрээгүй хүмүүст мөнгө олгох тухай” тушаал,
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай “ажил өөрчлөх тухай” тушаал,
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай “болзол дүгнэсэн тухай” тушаал,
Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1980 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 89 дугаартай “шагнах тухай” тушаал,
-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал,
-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаас Түмбаатарын Чинбатад олгосон хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд “Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар тушаалаар 1976 оы 10 дугаар сарын 04-ний өдрөөс халаалтын зуухны машинистаар ажиллуулав, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тушаалаар 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Ардын цэргийн албанд тэнцсэн учир үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт хийгдэж байгууллагын тамга дарагдсан, дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажлаас чөлөөлсөн тушаал нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тушаалын огноо, дугаартай таарч байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Өөлд овогтой Түмбаатарын Чинбатыг 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өөлд овогтой Түмбаатарын Чинбатыг 1976 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН