Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 

2022            3            09                                         183

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч: Ж.Г, түүний өмгөөлөгч М.Очбадрал /2185/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хорчин овогт Жавдалын Гт холбогдох эрүүгийн 2105023220125 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон ****мэргэжилтэй, хувиараа хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл эрхэлдэг, сард 2 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Г.

 

            Шүүгдэгч Ж.Г нь “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Ш***” ХХК-иас орж ирсэн, борлуулалтын орлого 100 000 000 төгрөгийг хувийн дансаар шилжүүлэн авч, хувьдаа зарцуулан завшсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Г мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 100 сая төгрөгөөр хөөсөнцөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж авсан. Хохиролд өөрийн 2 өрөө байрыг шилжүүлэн өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчтай 10 сая төгрөгийн торгох ялыг өөрийн сайн дураар тохиролцсон. Энэ торгуулийг 1 жилийн хугацаанд төлнө. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч -З.Б мэдүүлэхдээ:

Манай “****” ХХК нь барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэдэг компани байгаа юм. Манай компанид менежер ажилтай Ж.Г нь “***” ХХК-д борлуулсан хөөсний үнэ 100 000 000 төгрөгийг компанийн данс руу орох ёстой байтал өөрийн хувийн дансандаа шилжүүлэн авч өөрөө хөөсөнцөр хавтангийн тоног төхөөрөмж авч, манай компанийн мөнгөнөөс завшиж хохирол учруулсан. Манай компанид хувьцаа эзэмшдэг хүн байхгүй. Нэг хүний өмчит компани байгаа юм. Харин жилийн эцсийн тайлан балансаа гаргасны дараа ажилчиддаа тодорхой хэмжээний урамшуулал олгодог байсан гэжээ. (хэргийн 17 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.Ба мэдүүлэхдээ:

Би “***” ХХК-ийн үүсгэн байгуулагч, үйл ажиллагааг төлөөлөн ажиллаж байгаа хүн юм. Манай компани “**” ХХК-тай хөөс нийлүүлэх гэрээний дагуу хөөс нийлүүлж байна. Уг хугацаанд манай компанийн ажилтан Ж.Г нь Хаан банк дахь өөрийн дансанд компанийн захирал болон бусад удирдлагын зөвшөөрөлгүйгээр 100 000 000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулан, завшсан байна. Ж.Г нь “***” ХХК-ийн хөрөнгийг зарцуулах эрх мэдэл байхгүй. Зөвхөн жилийн эцэст сайн ажилласан тохиолдолд ашгийн хувиас тушаал гарган олгодог гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Г эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.Г нь “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Ш***” ХХК-иас “***” ХХК-д шилжүүлсэн борлуулалтын орлого 100 000 000 төгрөгийг хувийн дансаар шилжүүлэн авч, хувьдаа зарцуулан, их хэмжээний эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Б, гэрч Б.Ба нарын мэдүүлэг, Ж.Гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Г болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Хохирогч “***с” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22/02 тоот албан бичигт  “Ж.Г ньь компанид учруулсан хохирлоо барагдуулж, өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах *** хотхоны 2 өрөө орон сууцыг компанийн нэр дээр шилжүүлсэн тул цаашид ямар нэгэн гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч н Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ж.Гийг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ж.Гт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН