Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтөлж,

улсын яллагч Д.Нямдэлэг,        

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Г-ын  Г-д холбогдох эрүүгийн 2110021891201 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, .......... оны ......... дугаар сарын ..........-ны өдөр Төв аймгийн .........суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............. ажилтай, ам бүл ......... хамт Баянзүрх дүүргийн ...........дугаар хороо, ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Г-ын  Г /РД:..................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М ” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох орлогын мөнгийг үргэлжилсэн үйлдлээр буюу харилцагч “А ” дэлгүүрээс 2021 оны 7 дугаар сард 1.285.373 төгрөг, “О ” дэлгүүрээс 783.373 төгрөг, “Э ” дэлгүүрээс 250.000 төгрөг тус тус авч, нийт 2.318.746 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 2110021891201 дугаартай хавтаст хэргээс:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/

2. Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Гэрч *******-ийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/

“М ” ХХК-ийн захирлын тушаал /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

Ажлын байрны тодорхойлолт, анкет /хавтаст хэргийн 46-50 дахь тал/ 

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал, 38-39 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 65 дахь тал, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ, “М ” ХХК-ийн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.  

 

          Шүүгдэгч *******  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М ” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн харилцагч “А ” дэлгүүрээс 2021 оны 7 дугаар сард 1.285.373 төгрөг, “О ” дэлгүүрээс 783.373 төгрөг, “Э ” дэлгүүрээс 250.000 төгрөг, нийт 2.318.746 төгрөгийн орлогыг завшсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г нь 2021 оны 7 дугаар сард А  гэх дэлгүүрт гоо сайхны барааны захиалга авчихаад шууд 1.285.370 төгрөгийг өөрийн дансаар авсан байсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Оюун огтлогч дэлгүүрээс захиалга авч 783.373 төгрөгийг хувийн дансаараа авсан байсан...Мөн тухайн өдрөө Эко дэлгүүрээс 250.000 төгрөгийг бэлнээр авсан байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/     

Гэрч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Компаний орлогоос завшсан 2.318.740 төгрөгөөс хассан. Одоо манайд 2.007.209 төгрөгийг өгөх ёстой...Г тухайн гурван дэлгүүрээс авсан мөнгөө манай компанид мэдэгдээгүй. Тухайн дэлгүүрүүд мөнгө өгөхгүй болохоор нь би өөрийн биеэр очиж тооцоо нийлсэн. Тэгэхэд Гансүхийн данс руу шилжүүлчихсэн байсан. Дансны хуулгыг нь надад өгсөн. Төв аймагт байдаг дэлгүүртэй би гар утсаар нь холбогдож фэйсбүүкээр хуулгыг нь авсан. Тэгсэн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ******* ийн данс руу шилжүүлчихсэн байсан. Г нь авсан мөнгөө манай компанид огт хэлээгүй...” мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/   

 

Гэрч *******-ийн  мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Гансүхийн данс руу 300.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 483.783 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн....Манайх М  ХХК-иас О  дэлгүүрийн нэрээр бараа авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/       

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…М  ХХК-иас манай лангуу ахуйн хэрэглээний бараа захиалдаг. ...хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Энэ оны 2021 оны 8 дугаар сарын сүүлээр Г нь хүүхдийн хичээлийн хэрэгсэл авах гэсэн юм гээд надаас 250.000 төгрөг авсан. Тэгээд 250.000 төгрөгөө өгөхгүй байсан. Тэгээд Г нь “чи манай барааны сүүлийн тооцооноос хасаад тооцчих” гэсэн. Уг мөнгийг манайд шилжүүлсэн барааны үнээс нь хасаж тооцсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/  

          “М ” ХХК-ийн захирлын тушаал “…2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б-334 дугаартай ******* ийг ажилд авах тухай...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-349 дугаартай ******* ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай...” тушаал /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Хөдөлмөрийн гэрээ: “М  дистробюшин” ХХК болон *******  нарын хооронд байгуулсан “худалдааны төлөөлөгч”-ийн ажлын байранд байгуулсан гэрээ /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ 

“Монголиан сиар дистрибюшин” ХХК-ийн Ажлын байрны тодорхойлолт, анкет: худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод: -бэлэн мөнгө харилцагчдаас авсан тохиолдолд тухайн өдөртөө багтаан компанийн дансанд байршуулна. Ингэхдээ харилцагчийн мэдээллийг алдаагүй үнэн зөв хийх гэжээ. /хавтаст хэргийн 46-50 дахь тал/

 

Шүүгдэгч ******* ийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би М  ХХК-нд 2019 оны 11 сард ажилд орж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. ...Би Хан-Уул дэлгүүрээс 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1.285.370 төгрөгийг өөрийн Хаан банкны дансанд авсан. Гэтэл зээл татаад авчихсан. О  дэлгүүрээс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөгийг авч хувьдаа хэрэглэсэн. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний цалинг өгөхгүй байхаар нь мөн уг дэлгүүрээс 483.783 төгрөгийг өөрийн дансаар авсан. Эко дэлгүүрээс 250.000 төгрөгийг хүүхдийн хичээлийн хэрэгсэл авах зорилгоор авчихсан. ...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал, 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч *******  нь “М ” ХХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б-334 дугаартай тушаалаар худалдааны төлөөлөгчөөр ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулагдснаар уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд түр шилжсэн байна. Тодруулвал түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг *******  нь ажил үүргийнхээ дагуу ажиллахгүй, борлуулалтын орлогоос 2.318.746 төгрөгийг “М ” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр өөртөө завшжээ.     

Шүүгдэгч *******  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М ” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох орлогын мөнгийг үргэлжилсэн үйлдлээр буюу харилцагч “А ” дэлгүүрээс 2021 оны 7 дугаар сард 1.285.373 төгрөгийг, “О ” дэлгүүрээс 783.373 төгрөгийг, “Э ” дэлгүүрээс 250.000 төгрөгийг тус тус завшиж “М ” ХХК-д нийт 2.318.746 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.       

            Иймд шүүгдэгч ******* ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Л.Батжаргал нараас “хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар” маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:                   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжүүдийг харгалзан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн хуулийн 7.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар авах саналтай байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгч ******* ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй тул гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн санал, хүсэлтийг гаргажээ.   

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар *******  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь батлагдаж байна. /хавтаст хэргийн 74 дэх тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...2700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч  *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* эд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******* эд мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ******* эд тайлбарлав.

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

 

            М ” ХХК-ийн албан бичигт: “...*******  нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хохирол, гомдолгүй...” гэсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******  нь 2.318.746 төгрөгийг хохирогч “М ” ХХК-нд нөхөн төлснийг дурдъя.    

 

Шүүгдэгч ******* ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Б  овогт Г-ын  Гансүхийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* эд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ******* эд мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ******* эд тайлбарласугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******  нь 2.318.746 төгрөгийг хохирогч “М ” ХХК-д нөхөн төлснийг дурдсугай.    

 

7. Шүүгдэгч ******* ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР