Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгонтөгс,     

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Й  овогт У-ын У-т холбогдох эрүүгийн 2110022010179 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, .....оны .... дүгээр сарын......-ний өдөр Булган аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа тээвэр хийдэг ажилтай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ............ тоотод оршин суух хаягтай, урьд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Й  овогт У-ын У  /РД:................/,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ******* дугаар байрны 1-р орцны гадаа хохирогч *******-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв. 

 

Эрүүгийн 2110022010179  дугаартай хэргээс:

 

1. Хохирогч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дахь тал/

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 11399 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

3. Гэрч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

4. Гэрч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

 Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

 

 Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ******* дугаар байрны 1-р орцны үүдэнд хохирогч *******-ийг “А  гэх эмэгтэйтэй хардсан”-ны улмаас зодож биед  нь “зүүн зовхинд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор буланд цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:   

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ******* байрны 1-р орцны гадна найз *******, ******* гэх охины хамт алхаж байтал 35-40 орчим насны үл таних эрэгтэй “ална” гээд орилоод гүйгээд ирсэн. Тухайн үед хэн рүү орилж байгаа юм бол гэж бодоод алхаж байтал араас ирээд дагзан тус газар цохиод авсан юм. Би эргэж хараад бариад байхад миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. ...Намайг яагаад зодож байгаа юм бэ, хэн юм бэ гэхэд урдаас уурлаж өшиглөөд цохиод байсан. Би таныг танихгүй, та яагаад ингээд байгаа юм бэ гэхэд ярилцъя гэхэд намайг заамдаж аваад миний нүүрэн тус газар мөргөж, баруун гараараа зүүн нүдэнд 3-4 удаа цохисон юм. Намайг доош тонгойлгоод 2-3 удаа өвдөглөхөд би өөрийгөө хамгаалж гараараа хаасан юм. ...Хар өнгийн Приус 20 маркын автомашин дээр ирж арын хаалгаа онгойлгоод намайг суу гээд хүчээр авч явах гэж чирч түлхээд байхаар нь зууралдаад машины арын хэсэгт очиход дахин намайг доошоо тонгойлгож байгаад өшиглөөд байсан. Олон удаа болохоор санахгүй байна. Тухайн үл таних хүн дунд зэргийн согтолттой байсан ба тухайн үед ******* бид хоёр 2,4 л савлагаатай Сэнгүр шар айрагнаас 2 цайны стаканаар уусан байсан. Гэнэт ийм асуудал болсон болохоор маш их гайхаад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. ...Цуг явсан дүү нь эрүүл байсан. Тэр залуу нь “наадах чинь ямар ч хамааралгүй юм байна явъя” гээд байсан...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дахь тал/    

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 11 сарын 11-ний өдөр хуучин найз охин А тай уулзахаар болсон. А ыг хүлээнгээ найз *******ийн гэрт орсон. *******ийн гэрт том савтай пиво дөнгөж задлаад ууж эхэлж байхад А  “Яармагт ирчихлээ” гэхээр нь байгаа газраа зааж өгсөн. ******* бид 2 гудамжинд гарахад А  машинтайгаа ирсэн. ...Тэр залууг огт танихгүй. Өмнө харж байгаагүй. Бид 3-ыг явж байхад араас сигналдаад тоохгүй яваад байхаар машинаас буугаад орилоод хүрээд ирсэн. Тэгээд шууд араас зуураад асуудал эхэлсэн. А  тэр залуугийн талаар юу ч хэлэхгүй байж байгаад цагдаа дээр ирээд нөгөө залууг “миний уулздаг байсан залуу” гэж хэлсэн. Тэр залуу А ыг хардаад над руу дайрсан байсан. Надад гэмтэл учруулахаар гар хүрч чадаагүй. Харин зууралдаж байхдаа *******ийн бэлэг эрхтэн рүү өшиглөж, цохиж духыг нь хавдаасан байсан. ******* бид хоёр тэр залууг цохиогүй. Тэр залуутай хамт байсан дүү нь оролцоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

 Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А   гэх эмэгтэй машинтай хүрч ирээд У  ахтай уулзсан. 2-3 минутын дараа У  ах машинд суугаад хөдлөх гэж байхад ******* гэх эмэгтэй түрүүлээд хөдлөөд баруун зүг рүү явсан. У  ах “эднийх ийшээ байдаг болсон юм уу, араас нь дагаарай” гэж хэлээд дагаад явсан. ******* гэх эмэгтэй Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн зүүн талд байх хороололд руу ороод зогсоод машинаа цоожлоод 2 залуутай байр руу орох үед У  ах бид 2 машинтай араас нь очсон. У  ах буугаад ...тэр 3-тай юм ярьсан. Намхан залуу нь машинд чинь суухгүй гэж хэлэхэд У  ах 1-2 удаа цохисон. У  ах гүйгээд очиход нөгөө 2 залуу нь зугтаасан. Тэгэхээр нь би араас нь очоод У ыг машинд суулгаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 11399 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...*******-ийн биед зүүн зовхинд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор буланд цус хуралт. баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн зовхинд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүг мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт төмсөгний хэсэгт тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй гэсэн нь нүдэнд ил харагдах цус хуралт зулгаралт зөөлөн эдийн няцрал байгаагүй тул дүгнэлт хэсэгт тусгаагүй. Энэ нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлд хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дахь тал/  

 

Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би их согтоогүй байсан. Баруун шууны гэмтэл анх тэр 2 залуутай зууралдаж байх үед учруулсан байх, зүүн нүдний зовхин цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтлүүдийг сүүлд салаад *******тэй цагдаагийн хэлтэс рүү явж байхдаа зугатаачихаж магадгүй гээд машинд оруулах гэхэд эсэргүүцэх үед нь цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ******* дугаар байрны 1-р орцны үүдэнд хохирогч *******-ыг “А  гэх эмэгтэйтэй хардсан”-ны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

          Иймд шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-т ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ансүхээс мөрдөн байцаалтын шатанд “миний бие гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч ******* ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Й  овогт У-ын У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т мэдэгдсүгэй.  

 

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР