Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

улсын яллагч Р.Очирсүрэн

хохирогч Д.Отгонжаргал,

шүүгдэгч Б.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэйгээр хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шажинбат овогт Баатарын Гантулгад холбогдох 201526012336 дугаартай,  188/2016/0001/Э индекстэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Набсан” ХХК-д барилгын туслах ажилтан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 31-35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шажинбат овогт Баатарын Гантулга /РД:ЧГ79012511/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Гантулга нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 31-35 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Д.Отгонжаргалтай хамтран архидан согтуурсан үедээ “танай ах, дүү нар миний амьдралд тусалдаггүй” хэмээн маргаан үүсгэж улмаар Д.Отгонжаргалын цээжний зүүн хэсэгт нэг удаа өшиглөж, бие махбодид нь зүүн 5, 6, 7 дугаар хавиргануудын хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсэн дараах нотлох баримтуудаар Үүнд:

            Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед эхнэр Отгонжаргал, охин Хонгорзул нарын хамтаар гэртээ байж байхад гаднаас манай найз Энхбаяр 1 шил 0,5 литрийн хараа архи, 2,5 литрийн Боргио пиво авч орж ирээд Отгонжаргал, Энхбаяр бид гурав хувааж уусан бөгөөд Энхбаяр амсчихаад л гараад явсан. Оройн 19 цагийн үед Отгонжаргал бид хоёр архи пиво ууж дуусгачихаад би гэрийн хойд талын орон дээр хэвтэж байсан Отгонжаргал орны хөлд сууж байсан. Отгонжаргал бид хоёр хамаатан саднуудаасаа болж маргалдсан бөгөөд миний уур хүрээд Отгонжаргалыг сууж байхад нь түүний цээжнийх нь зүүн талд нэг удаа өшиглөчихсөн чинь Отгонжаргал гэрээс гараад гүйчихсэн юм. Тэгэхээр нь Толгойтод байдаг эмээгийндээ очиж нэг хоночихоод маргааш нь Сэлэнгэ аймгийн Зүүн хараа руу хүмүүстэй цуг алтанд яваад 2016 оны 03 дугаар сард хотод ирсэн. ...Отгонжаргал эхлээд танай хамаатнууд амьдралд тусалдаггүй гээд байхаар нь би танайх ч гэсэн тусалдаггүй шүү дээ гэж хэлээд бид хоёр маргалдсан. Отгонжаргал сүүлдээ гэрээс хөөгөөд байхаар нь миний уур хүрээд цээж рүү нь өшиглөчихсөн. ...Отгонжаргал бид хоёр 2012 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа хүүхэдгүй, одоогоор албан ёсоор гэр бүлээ батлуулж амжаагүй байна. ...Тэр үед манай 5 настай охин Хонгорзул хараад зогсож байсан, би дунд зэргийн согтолттой буюу өөрийн үйлдэл үг яриаг удирдан жолоодох чадвартай байсан. ...Бид хоёрын дунд хааяа гэр бүлийн маргаан гардаг байснаас өөр ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй. ...Би тэр үед орон дээрээ хэвтэж байсан болохоор гутлаа тайлчихсан оймстойгоо хэвтэж байсан. Би гуталгүй хөлөөрөө өшиглөсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65, 67-68 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Д.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би нөхөр Гантулга, охин Хулан /15 нас/, охин Хонгорзул /5 нас/ нарын хамтаар гэртээ байж байхад 18 цагийн үед манай нөхрийн найз Энхбаяр гаднаас 1 шил 0,5 литрийн Хараа архи, 2,5 литрийн Нийслэл пиво авч орж ирсэн бөгөөд Гантулга Энхбаяр бид гурав архи, пивийг хувааж уусан. Энхбаяр манайд орж ирэхдээ нилээн согтуу байсан бөгөөд авч ирсэн архинаасаа 1 татчихаад гараад явсаны дараа Гантулга бид хоёр үлдсэн архи, пивийг нь хувааж уусан юм. Тэгтэл 19 цагийн үед Гантулга бид хоёр ах дүү нараасаа болж хоорондоо маргалдсан бөгөөд Гантулга “танай хамаатнууд манай амьдралд юугаар гийгүүлдэг юм” гэж хэлээд миний цээж рүү хөлөөрөө 1 удаа хүчтэй өшиглөхөд нь би газар уначихсан чинь Гантулга дахиад цохих гээд дайрахаар нь би босоод гэрээсээ гарч гүйгээд урд талын гудамжинд амьдардаг Хосоогийнд ороход Хосоо байхгүй тэдний дүү нар болон манай охин Хулан нар байхаар нь би тэд нараар цагдаа дуудуулсан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь би дагуулаад гэртээ ороход Гантулга гараад зугтаачихсан байсан. ...Гантулга бид хоёр хамт амьдраад 3 жил болж байна, гэр бүлээ батлуулаагүй байгаа. ...Бид хоёр дунд зэргийн согтолттой, өөрсдийн үг яриа үйл хөдлөлийг удирдан жолоодох чадвартай байсан. ...Гантулга урьд нь надад гар хүрч байгаагүй. ...Гантулгыг намайг зодох үед хажууд манай бага охин Хонгорзул байсан, өөр хүн байгаагүй. ...Би ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн тасагт 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 10 хоног хэвтэн эмчлүүлж ор хоногийн мөнгө 54,000 төгрөгөө төлж чадаагүй байгаа, одоо ямар ч баримт байхгүй байна. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 х/

Хохирогч Д.Отгонжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...  үлдсэн пиво, архийг бид 2 хувааж уусан. Тэгээд ах дүү нараасаа болж хоорондоо жаахан маргасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй    ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Насанд хүрээгүй гэрч О.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Аав /Гантулга/ ээж /Отгонжаргал/ бид гурав гэртээ байж байхад аав ээж хоёр архи ууж байгаад хоорондоо маргалдаад аав уурлаад ээжийн гэдэс рүү өшиглөсөн чинь ээж амьсгалж чадахгүй байна гээд гараад гүйчихсэн. Удалгүй аав хойноос нь гараад явсан, би гэртээ ганцаараа үлдээд байж байхад ээж эгч Хулантай цуг гаднаас орж ирсэн, дараа нь цагдаа нар ирсэн. ...Аав их согтуу байсан, ээж бараг л архи уугаагүй гайгүй байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

 

            Насанд хүрээгүй гэрч О.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед манай хашаанд байдаг хамаатны айл руу орсон бөгөөд намайг гэрээс гарахад ээж хамтран амьдрагч Гантулгатай нэг шил архи хувааж уугаад үлдсэн. Би урд талынхаа айлд хамаатны охин Зулаа /16 настай эмэгтэй/-тай цуг байж байхад удалгүй ээж гэдсээ дарчихсан эвхэрчихсэн орж ирээд “цагдаа дуудаарай” гэж хэлэхээр нь би Гантулгад зодуулчихсан юм байна даа гэж бодоод өөрийнхөө утсаар 102 дугаарын утас руу залгаж хаягаа хэлээд “хүн зодуулчихсан байна” гэж дуудлага өгчихөөд гэр лүү ороход Гантулга ах гараад явчихсан байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн, дараа нь түргэний эмч ирээд ээжийг үзчихээд явцгаасан. ...Намайг тэр өдөр урд талынхаа айл руу ороход ээж Гантулга нар адилхан халамцуу л байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

            Гэрч Н.Жаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Отгонжаргал нь миний 5 дахь хүүхэд бөгөөд Гантулга нь миний охин Отгонжаргалтай хамтран амьдраад 3 жил орчим болж байна. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй бөгөөд манай хашаанд тусдаа гэр бариад Хулан, Хонгорзул нарын 2 охинтойгоо цуг амьдардаг юм. ...2015 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө би Отгонжаргалын гэрт нь ороход охин маань орон дээрээ атийчихсан хэвтэж байхаар нь би юу болсон талаар нь асуухад Гантулгадаа зодуулчихсан гэхээр нь би Отгонжаргалыг дагуулж гараад эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн талынх нь 3 хавирга нь хугарчихсан байна гэхээр нь би гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. ...Отгонжаргал нь урьд хүнтэй сууж хамт амьдарч байгаагүй, эцэг нь тодорхойгүй 2 хүүхэдтэй юм. Сүүлд Гантулга гэж залуутай танилцаж цуг амьдарсан бөгөөд хааяа хоорондоо маргалдаж муудалцаж, зодолдож байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 х/

                       

Шинжээчийн дүгнэлт: ¹16246               

-Отгонжаргалын биед зүүн 5, 6, 7-р хавирганы хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар /хх-ийн 25 х/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэсэн болно.

           

Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Б.Гантулга нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9‑д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 х/‑аар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.

 

            Б.Гантулга анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.

 

            Б.Гантулга нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4 дэх заалтад нийцэж байгаа тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

           

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шажинбат овогт Баатарын Гантулгыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 400 /дөрвөн зуун/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Б.Гантулгад мэдэгдсүгэй.

 

4.Б.Гантулгад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.Отгонжаргал нэхэмжлэх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ