Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 16

 

“Алтай нэгдэл” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч “Алтай нэгдэл” ХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Ганболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Алтанбадралт, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Санчигдорж, Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 825 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 734 дүгээр магадлалтай, “Алтай нэгдэл” ХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 825 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.3, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Алтай нэгдэл” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “Алтай нэгдэл” ХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 734 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.  

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиалагч байгууллага болох Уул уурхайн яамнаас “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын төсөл, “Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер зарлан зохион байгуулсан. Уг тендерт оролцсон “Геосан” ХХК, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Геомин” ХХК, “Найманбат” ХХК, “Гео-Эрин” ХХК, “Жинст-Уул” ХХК, “Литолог” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу олгогдсон эрхийн хүрээнд гомдол гаргасныг Сангийн яамны зүгээс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан байдаг.

Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд хуулийн 52.1.7-д “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх” гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан болохыг анхан шатны шүүх харгалзан үзэх боломжтой байсан. Сангийн яам дээрх тендер шалгаруулалтыг хянан үзэж хуулийн 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасны дагуу тендер шалгаруулалтыг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр хүчингүй болгосон нь хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байна. Дээрх хууль нь тухайлсан зохицуулалттай онцгой харилцааг зохицуулагддаг хууль юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 825 дугаар шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж захиргааны маргаан бүхий акт болох Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичгүүдийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийн хүчингүй болгосон. Дээрх тендер шалгаруулалтын хүчингүй болгосон шийдвэр нь хуулийг зөв ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Захиалагч Уул уурхайн яам дээрх тендер шалгаруулалтад шалгарсан оролцогч болох нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр буюу мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 хоног дуусаагүй байхад гэрээ байгуулсан нь хуульд зөрчсөн байдаг.

Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичигт дээрх гэрээ байгуулсан үйлдэл хуулийн 42.1.2-т заасанчлан захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр хуулийн зохицуулалтыг зөрчиж гэрээ байгуулсан болохыг мэдэгдсэн албан бичиг байсан. Давж заалдах шатны шүүх дээрх хуульд заасан хуулийн заалтыг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байсан боловч давж заалдах шатны шүүх хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Нэхэмжлэгч “Алтай нэгдэл” ХК нь Монгол Улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 5/4708, мөн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4/63 дугаартай албан бичгүүдийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж “гомдол гаргасан гэх зарим компаниуд нь гомдол  гаргаагүй, тэдгээрийн нэрийг ашигласан хууль бус гомдлыг Сангийн яам хүлээн авч хуульд заагаагүй үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон, гэрээнд гарын үсэг зурснаас хойш гаргасан харьяаллын бус гомдлыг хүлээн авсан, гэрээний эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх нөхцөлгүй болгосон” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Алтай нэгдэл” ХК нь Уул уурхайн яамнаас зарласан улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд хийгдэх геологийн судалгааны ажлын хүрээнд хэрэгжүүлэх 12 төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн 2, 6, 8, 9 дугаар багцад тендер ирүүлснээс 2, 6 дугаар багцын тендерт ялагчаар шалгарч, улмаар “Худгийн нуруу-50”, “Сант-50” нэртэй 2 төслийн “зөвлөх үйлчилгээний гэрээ”-г 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус тус захиалагчтай байгуулж, гэрээний дагуух үе шатны ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендерт оролцогчийн “захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай” асуудлаарх гомдлыг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд 55.3-т “...гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана” гэж зааснаар захиалагч хууль зөрчсөн эсэхийг тогтоохын тулд гомдолд дурдсан асуудал үндэслэлтэйг бодитойгоор тогтоох ажиллагааг зайлшгүй явуулах ёстой.

Харин хариуцагч Сангийн яам нь захиалагчид хандан “шаардсан тендерийн баримт, материалыг ирүүлээгүй учир гомдлыг хуулийн 55.2-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон” гэж тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг 2016 оны 4/4708 дугаартай албан бичгээрээ мэдэгдсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүйн зэрэгцээ уг тендерийн 2, 6 дугаар багцын тендерт шалгарч, гэрээ байгуулсан нэхэмжлэгч “Алтай нэгдэл” ХК-д сөргөөр нөлөөлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан болохыг харгалзан үзээгүй” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн дээрх албан бичигт дурдсанаар “тендерийн баримт, материалыг ирүүлээгүй” гэж уг тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т зааснаар “бүхэлд” нь хүчингүй болгосноос бус захиалагчийн, нэхэмжлэгч “Алтай нэгдэл” ХК-тай  байгуулсан “зөвлөх үйлчилгээний гэрээ”-г мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасан үндэслэлээр худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч цуцлаагүй, ийм үндэслэлээр уг маргаан бүхий захиргааны актыг гаргаагүй учир хяналтын шатны шүүх энэ асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэрээ байгуулсан үйлдэл нь хуулийн 42.1.2-т заасныг зөрчсөн болохыг мэдэгдсэн албан бичиг байсан, ...давж заалдах шатны шүүх хуулийн уг заалтыг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байсан” гэх хяналтын гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Уг албан бичиг нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны  “Тендер шалгаруулалтын тухай” 5/4708 дугаар албан бичигт үндэслэсэн ба үүгээр шийдвэрлэгдсэн “тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, захиалагчийн байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тухай”-г уг тендерт шалгарч, гэрээ байгуулсан нэр бүхий оролцогчдод “дамжуулан мэдэгдсэн”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тодорхойлсон “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна.

Хариуцагч Уул уурхайн яам нь дээрх албан бичгийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй хэдий ч захиргааны хэргийн шүүхийн “харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж, хуульд хэрэглээний алдаа гаргасан байдлыг хяналтын шатны шүүх залруулах нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй учир нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах  нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх уг маргаантай харилцаанд хамааралгүй Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 521 дугаар зүйлийн 521.2, 56 дугаар зүйлийг баримталсан нь буруу болсон тул шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 825 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 734 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Алтай нэгдэл” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаартай албан бичгүүдийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар мэдэгдлийн “Алтай нэгдэл” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ