Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/MA2016/0475

 

 “Болд Гянт Болд” ХХК, “Хишигт-Арж” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг, өмгөөлөгч Л.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Болд Гянт Болд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох, “Хишигт-Арж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашиг малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтланБолд гянт болд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн “Болд гянт болд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-025022 дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дахь “Дугуй” нэртэй 1106,33 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Болд гянт болд” ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь хэргийн бодит байдал хэрхэн тогтоогдсон, энэ тохиолдолд тухайн үүссэн маргааныг хуульд хэрхэн зохицуулсан байгаа талаарх шүүхийн дүгнэлт тусгагдсан байх учиртай юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд санал авах мэдэгдлийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хэдэн удаа хүргүүлэх талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй, ч дахин санал авахыг хориглосон зохииуулалт байхгүй тулБолд гянт болд” ХХК-ийн өргөдөлд санал авах мэдэгдлийг дахин хүргүүлсэнд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн  “хууль бус үйлдэл хийж 2 удаа санал авах мэдэгдэл явуулсан” гэсэн тайлбарыг мөн зөвтгөх үндэслэлгүй байна”, “Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайнуудын ихэнх хувьд нь эхний удаа “Дэмжээгүй” санал өгсөн тул тухайн компаниудын өргөдөлд санал авах мэдэгдлийг дахин явуулсан гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд ардчилсан нийгмийн нэг шалгуур нь олон ургалч үзлийг хөхүүлэн дэмжихэд оршдог. Энэ утгаараа ардчилсан нийгэмд “Хориглосноос бусдыг зөвшөөоөх” эрх зүйн зохицуулалтын хэв маяг үйлчилдэг тул дахин санал авах мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэнд хариуцагчийг буруутгах боломжгүй” гэжээ. Шүүхийн шийдвэрийн анализ бол маш чухал зүйл. Үүгээр шүүгч нар аливаа асуудлыг дур зоргоороо шийдвэрлээгүй хуулийн хүрээнд шийдвэрлэжээ гэдгийг гаргаж ирдгээрээ ач холбогдолтой. Хуульд ихэвчлэн ерөнхий заалтууд орохоос аргагүй байдаг. Нийгмийн харилцаа баян учраас хуульд байгаа ерөнхий заалт, зарчмыг шүүгч нар тухайн амьдралд хэрэглээд маш үндэслэлтэй тайлбарлах замаар эрх зүйн харилцааг зохицуулдаг гэж үздэг. Энэ бол ямар эрх зүйн бүл байхаас үл хамаардаг нийтлэг зүйл. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 341 дүгээр шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгааг тусгахдаа шаардлага тус бүрийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэл бүхий тайлбар, тухайн харилцааг зохицуулсан ямар захиргааны акт болон хуулийн зүйл заалтыг баримталсан нь тодорхойгүй, харин шүүгчийн зөвхөн өөрийн эрх зүйн нийтлэг зарчим, зохицуулалтын хэв маягийн талаарх хагас дутуу ойлголт дээрээ тулгуурласан болох нь харагдаж байна. Тухайлбал, "ардчилсан нийгэмд хориглосноос бусдыг зөвшөөрөх эрх зүйн зохицуулалтын хэв маяг үйлчилдэг" гэсэн үндэслэлээр төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан уг хэрэгт ач холбогдол бүхий албан бичгийг хэдэн удаа явуулах талаарх хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй тул хууль зүйн маргаантай үр дагавар бий болгосон, хоорондоо зөрчилтэй агуулга бүхий албан бичгийг хэд хэдэн удаа санал авахаар болон хүргүүлсэн байдлыг зөвтгөсөн байна. Хувийн эрх зүйд "Хориглосноос бусдыг зөвшөөрнө" гэсэн зарчимд тулгуурласан ерөнхийд нь зөвшөөрөх, нийтийн эрх зүйд "Зөвшөөрсөнөөс бусдыг хориглоно" гэсэн зарчимд тулгуурласан ерөнхийд нь хориглох гэсэн зохицуулалтын хэв маяг үйлчилдэг. Энэ нь нийтийн буюу тэр дундаа захиргааны эрх зүйн хувьд хуулиар эрх олгогдсон төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ дураар авирлах, ингэснээр иргэдийн эрх, эрх ашгийг хохироох, зөрчихөөс сэргийлэх зорилготой байдаг. Харин хувийн эрх зүйн хувьд илүү боломж олгогдож, хуулиар олгогдсон хэмжээ хязгаарыг зөрчөөгүй л бол иргэний эрхээ илүү чөлөөтэй эдлэх гэсэн агуулгатай нь захиргааны шүүгчээр тогтохгүй, эрх зүйн мэдлэг олж авсан ямар ч хүнд ойлгомжтой асуудал. Гэтэл шүүгч зохицуулалтын уг хэв маяг, зарчмын талаарх буруу ойлголт дээрээ үндэслэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэснээс гадна "ардчилсан нийгмийн нэг шалгуур болсон “олон ургальч үзлийг хөхиүлэн дэмжих” гэсэн шүүгчийн үйл ажиллагаанд хамааралгүй эрх зүйн ямар  харилцааг зохицуулсан “зарчим”-ыг удирдлага болгосон нь ойлгомжгүй, төрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хориглоогүй учраас л тухайн нэг асуудлын талаар хоорондоо зөрчилтэй албан бичиг удаа дараа гаргахыг “олон ургальч үзлийг хөхиүлэн дэмжих” гэсэн үндэслэлээр зөвтгөж байгаа нь ямар ч мэргэжлийн бус, хууль зүйн гэхээсээ илүү учир шалтгааны ямар ч үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хуульд үндэслэгдсэн байна гэсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан шаардлагыг хангаагүй байна. “Хишигт-арж”  ХХК-иас Ашигт  малтмалын  газрын  Хяналт  шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр "Болд гянт болд" ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 6 дугаар сарын  17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т "Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана" гэжээ. Гэтэл шүүгч дээр дурдсан хяналт шинжилгээний ажлын тайлангийн талаар үнэлэлт дүгнэлт    гаргахдаа    нэхэмжлэлийн    шаардлагад    дурдсан,  хуулбарыг хавсаргасан хууль бус албан бичгийг үндэслэн Болд гянт болд компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан хяналт үнэлгээний ажлын тайлангийн төсөлд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр "Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг цуцлах" гэсэн цохолт хийсэн талаар хянан үзэж дүгнэлгүйгээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 13.4, 15.3 дахь хэсгүүдийг үндэслэн манай тайлбаруудыг үгүйсгэжээ. Улмаар 1/15 тоот албан даалгавар биелэгдээгүйг тогтоосон байна. Дээрх үндэслэлээр “Хишигт-арж” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Гэтэл “Хишигт-арж” ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын газраас хяналт шинжилгээ явуулсан болон уг хяналт шинжилгээний ажлын тайланг үндэслэн албан даалгавар гаргасан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 13.4, 15.3 дахь хэсгүүдийг зөрчсөн эсэх талаар маргаагүй, тухайлбал "төрийн байгууллага албан тушаалтан хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд "өөрийн хянан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрт дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулах", "гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ" гэсэн талаар маргаагүй, харин хяналт шинжилгээний тайланг хууль бусаар өөрчилж, энэхүү хууль бус өөрчилсөн тайлангаа үндэслэн албан даалгавар гаргасан тул Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 1/15 тоот албан даалгаварыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл шүүгч уг нөхцөл байдлыг тогтоох талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 1/15 тоот албан даалгаварыг биелэгдсэн эсэхээс үл шалтгаалан дараах үндэслэлээр "Хишигт-арж" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг шүүх дүгнэлт гаргахдаа орхигдуулж, зөвхөн нэг талыг барьсан тайлбарыг үндэслэн, маргаж буй нөхцөл байдлын талаар дутуу ойлголттойгоор дүгнэлт гаргажээ. Түүнчлэн аль ч талын нэхэмжлэлийн шаардлагад "Болд гянт болд" болон "Хишигт-арж" ХХК-иудын аль нь хамгийн түрүүнд гаргаж өгсөн талаар маргаан байхгүй бөгөөд харин нэг нь нэгэнт зарлагдаад хамгийн түрүүнд бүртгэгдсэн өргөдөл нь  цуцлагдсан тул хүчингүй болсон, нөгөөх нь хуулийн дагуу зарлагдаад хамгийн түрүүнд бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх авах боломж нь хэвээр байгаа 2 тусдаа ажиллагаа гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн "Хишигт-арж" ХХК-ийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хуульд заасан шаардлагыг хангасан учраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Говь-Алтай аймгаас удаа дараа өмнөх хүчингүй болсон тендерт зөвшөөрсөн хариу авахаар хандсан албан бичгийн үр дүнд хууль бус хариу ирүүлсэн учраас давхардсан хариу ирүүлэх боломжгүй болсныг дурдах нь зүйтэй. Дашрамд дурдахад захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, сэргээн тогтоох явдал юм. Гэтэл уг чиг үүргийг хэрэгжүүлж байгаа шүүгч нь захиргааны эрх зүйн зохицуулалт, зарчмын талаар буруу ойлголттой, цаашилбал гэмт хэргийн шинжтэй үйлдлийг өөгшүүлэн дэмжиж, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь шүүгчийн гаргасан энэ удаагийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах үндэслэл болоод зогсохгүй тухайн шүүгчийн өөрийнх нь шүүгч байх мэдлэг, чадвар, ёс зүин чадамжтай эсэхэд нь эргэлзэхэд хүргэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь ... хуульд үндэслэсэн байна”, 72 дугаар зүйлийн 72.4-т “Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана.", мөн зүйлийн 72.5-д "Тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж,..." гэснийг тус тус хангаагүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгох буюу "Болд гянт болд" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль ёсны эрхийг баталгаажуулж өгнө үү.”  гэжээ.  

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Болд гянт болд” ХХК нь  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох NE-025022 дугаартай өргөдлийн бүртгэлийг сэргээн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл, “Хишигт-Арж” ХХК нь Ашигт малтмалын газарт холбогдуулан “Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Болд гянт болд” ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайлан, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэл тус тус гаргажээ. /хэрэг нэгтгэгдсэн/

Анхан шатны шүүх “Болд гянт болд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хишигт-Арж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь гомдол гаргасан байна.

Хэдийгээр “Болд гянт болд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хишигт-Арж” ХХК гомдох эрхгүй ч  тэрээр өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд гомдол гаргасан, нэхэмжлэлийн шаардлагууд өөр хоорондоо холбоотой нөхцөл байдлыг харгалзан хэргийг бүхэлд нь хянах нь хуульд харшлахгүй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 19.1.4-д “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох”, 19.2.2-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Болд гянт болд” ХХК мөн хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд байх ба хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч дээрх хуульд заасны дагуу шүүлт хийж, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй тул тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж  үзэн, энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж тус тус зааснаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэх саналыг ирүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчийн хүсэлтээр дахин 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 6/492 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Санал өгөх боломжгүй” гэх хариу болон урьд ирсэн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэх саналыг үндэслэн  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэр гарчээ.

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 366 дугаар шийдвэрийн “Болд гянт болд” ХХК-д холбогдох хэсэг хуульд нийцэхгүй байна. Тодруулбал,

Ашигт малтмалын тухай хуулийн19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц ...30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж зааснаас үзвэл мэдэгдэл явуулсан хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу ирээгүй тохиолдолд тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэхээр хуульчилжээ.

Гэтэл хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс дээрх хугацаа өнгөрснөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд нэгэнт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч дахин санал авах мэдэгдэл явуулсан тохиолдолд дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтаар үйл ажиллагаа нь явагдах учиртай.

Дахин санал авах мэдэгдэл явуулах эсэх нь тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд ийнхүү 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дахин санал авах мэдэгдэл явуулсан нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан “Хишигт-Арж” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрхийг дүгнэвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн “Болд гянт болд” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн эхний заалт хууль зөрчөөгүй байх бөгөөд харин хуулиар тогтоосон 30 хоног хэтэрсний дараа ирсэн гэх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Санал өгөх боломжгүй” гэх, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Дэмжиж байна” гэх хариу ирсэнд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байжээ.

           “Хишигт-Арж” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Болд гянт болд” ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайланг захиргааны акт гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучин/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т ”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заасан бөгөөд дээрх хяналт шинжилгээний ажлын тайлан “заавал биелэгдэх”, “захирамжилсан” шинжийг агуулаагүй гэж үзнэ.

          Иймд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучин/ 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах үүрэгтэй.

          Харин Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгавар захиргааны акт мөн боловч уг албан даалгаварт заагдсан үүрэг биелэгдээгүй, нэхэмжлэгч нарын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

          Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, өмгөөлөгч З.Шүрэнчулуун нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан атлаа 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хэргийн материалтай танилцах шаардлагаар хойшлуулах хүсэлт гаргасныг хангах боломжгүй гэж үзсэн болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                           

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

 “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хишигт-Арж” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/15 тоот албан даалгаврыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Болд гянт болд” ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай хяналт шинжилгээний ажлын тайланг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ   

ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН