Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч С.Ууганбаяр,         

хохирогч байгууллагын өмгөөлөгч М.Дэлгэрнасан /ҮД:1587/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:           

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-ийн овогт А-ийн Б холбогдох эрүүгийн 2110021050052 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ............ оны....... дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...............” ХХК-нд ....., ам бүл ........... хамт, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, З-ийн овогт А-ийн Б   /РД:.........................../,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ажилчны 1 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулах “******* ******* ******* *******” ХХК-д борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тус компанийн импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнийг борлуулахдаа бүтээгдэхүүний үнэ болох 20.568.302 төгрөгийг хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн  байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулагчаар орсон. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл бараагаа зараад дэлгүүрээс бэлэн тооцоо хийсэн мөнгөнөөс заримыг нь компанид тушаагаад заримыг өөртөө авчихдаг байсан. Анх ажилд орохдоо барьцаа 2.000.000 төгрөг байршуулсан. Цалин дээр сар бүр 100.000 төгрөг эрсдэлийн санд суутгадаг байсан. Нийт 3 сая гаран төгрөг болсон гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2110021050052 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/

Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/  

“******* ******* ******* ******* Аудит” ХХК-ийн  аудиторын дүгнэлт /хавтаст хэргийн 14-37 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал/

*******  ын Хаан банкны *******, дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 122-135/   

“******* ******* ******* *******” ХХК-ийн захирлын тушаал: “…2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 20/56 дугаартай *******  ыг борлуулагчийн ажилд томилох тухай...” /хавтаст хэргийн 43 дахь тал/

“******* ******* ******* *******” ХХК-ийн захирлын тушаал: “…2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 21/46 дугаартай *******  ыг ажлаас чөлөөлөх тухай...” /хавтаст хэргийн 46 дахь тал/   

“******* ******* ******* *******” ХХК, *******  тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, барьцааны гэрээ /хавтаст хэргийн 38-41 дэх тал/ 

Шүүгдэгч *******  ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 102 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 108 дахь тал/, гэрч Н.М-ын  мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******  ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт. 

 

           Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ажилчны 1 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулах “******* ******* ******* *******” ХХК-д борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд тус компанийн импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнийг борлуулахдаа бүтээгдэхүүний үнэ болох 20.568.302 төгрөгийг хувьдаа завшсан болох нь:  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компани 4 борлуулагчтай ба түүний нэг болох ******* гэх залуу манайд ажиллаж байх хугацаандаа дутагдал гаргаж улмаар тухайн дутагдлыг “******* ******* ******* ******* Аудит” ХХК-иар хянуулж 20.568.302 төгрөгийн дутагдал гаргасан болохыг тогтоосон. *******  тай  уулзаж ярилцахад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. ******* нь манай байгууллагад 2 жил орчим ажилласан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 23-ны хугацаанд аудит хийсэн ба тухайн хугацаанд гаргасан дутагдал юм... Хамгийн сүүлд түүний авлагатай харилцагч нартай нь тооцоо нийлж байж илрүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/     

Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компани импортын хүнсний худалдаа эрхэлдэг. Манай борлуулагч *******  ын хариуцсан харилцагч нартай тооцоо нийлэх хэрэгтэй болоод ******* хэлэхэд ажилдаа ирэхгүй зугатсан. Тэгээд бид нар “асуудалтай болоод ингэж байна” гэж мэдээд хариуцсан айлуудаар нь явж тооцоо нийлж авлага тулгатал бараг ихэнхи айл тооцоогоо дуусгасан байсан. Борлуулагч *******  ын хувийн дансанд болон бэлнээр олгосон байсан. Шүүж үзэхэд 51 харилцагчаас мөнгийг нь авчихсан 20,568,302 төгрөгийн дутагдал гарсан... Уулзаж тооцоо нийлье гэхээр ихэнхи газрууд жижиг дэлгүүрүүд болохоор баримтаа гаргаж өгдөггүй, зарим нь баримтаа олохгүй байна гэх мэтээр тооцоо нийлэх боломжгүй байсан. Гэхдээ амаар бүгд л манайхтай тооцоогүй гэдгээ илэрхийлсэн. Удсан авлагатай айлуудаас тооцоо нийлэх гээд *******  ын хариуцсан айлуудаас авлагаа нэхэх болтол өөрөө зугтаж алга болсон нь сэжиг төрүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/    

   

“******* ******* ******* ******* Аудит” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №21/91 дугаартай дүгнэлтэд “...******* нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 20.568.302 төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК-нд төлөх тооцооны үлдэгдэлтэй байна...тооцоо нийлээгүй *******  аас авах авлагын тооцоо 20.568.302 төгрөг байна...” гэсэн аудиторын дүгнэлт /хавтаст хэргийн 14-37 дахь тал/

  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 06 дугаартай дүгнэлтэд:  ******* нь “******* ******* ******* *******” ХХК-д 20.568.302 төгрөгийн өглөгтэй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал,

 

*******  ын Хаан банкны *******, дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 122-135 дахь тал/

 

Гэрч Н.М-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 онд Б  тай танилцаж, улмаар  1 жил орчим хамтран амьдарч дундаасаа 2-3 насны хоёр хүүхэдтэй болсон. ...Сүүлийн үед хамт байхаа больсон. Б   нь одоо хааяа нэг хүүхдүүдээ эргэж тойроод л явж байгаа. Бид нар албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй...Компанийн мөнгийг юунд зарцуулсныг ойлгохгүй байна. Гэртээ үр хүүхэдтэй юу ч авч өгч байгаагүй...” мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/

 

“******* ******* ******* *******” ХХК-ийн захирлын тушаал: “…2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 20/56 дугаартай *******  ыг борлуулагчийн ажилд томилох тухай...” /хавтаст хэргийн 43 дахь тал/

 

“******* ******* ******* *******” ХХК-ийн захирлын тушаал: “…2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 21/46 дугаартай *******  ыг ажлаас чөлөөлөх тухай...” /хавтаст хэргийн 46 дахь тал/     

 

“******* ******* ******* *******” ХХК, *******  тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, барьцааны гэрээ /хавтаст хэргийн 38-41 дэх тал/

 

Шүүгдэгч *******  ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би ажиллаж байх нийт хугацаандаа дутаасан мөнгө 24.000.000 орчим төгрөг болсон. Би анх ажилд орохдоо барьцаа 2.000.000 төгрөг компанид байршуулсан байсан ба ажиллах хугацаандаа сар бүр цалин дээрээсээ 100.000 төгрөг хураалгадаг байсан нь хуримтлагдаж явсаар намайг ажлаас гарах үед 3 сая гаруй төгрөг болчихсон байсан. Үүнийг миний дутаасан мөнгөнөөс хасаж тооцоод эцсийн байдлаар 20.568.302 төгрөгийн дутагдлын үлдэгдэлтэй болсон. Би энэ мөнгийг дутааснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/ зэрэг нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.    

         Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болно.

         Шүүгдэгч ******* нь ******* ******* ******* *******” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд тус компаний харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд түр шилжсэн байна.

         Тодруулвал: шүүгдэгч *******  ын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, боломжийг бий болгосон ба тэрээр борлуулалтын орлогоос 20.568.302 төгрөгийг “******* ******* ******* *******” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.        

            Иймд шүүгдэгч *******  ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь “хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар” маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.  

 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:                   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгчээс нийт 23.568.302 төгрөг гаргуулж хохирогчид олгох саналтай...” гэсэн дүгнэлт гаргасан.

Хохирогч байгууллагын өмгөөлөгч М.Дэлгэрнасан шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “…Шүүгдэгч *******  ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. ******* нь ажлаа хаяад алга болсон. Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж олсон. Шүүгдэгч *******  ыг хохирол барагдуулна гэх итгэл алга....” гэсэн санал, хүсэлтийг гаргажээ.      

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь батлагдаж байна. /хавтаст хэргийн 108 дахь тал/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...2700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч  ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэрээр хохирол төлж барагдуулаагүй /21.568.302 төгрөг/ байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******  ын анх удаа хорих ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.  

         Гэмт хэргийн улмаас “******* ******* ******* *******” ХХК-д 20.568.302 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба “******* ******* ******* ******* Аудит” ХХК-д аудитын дүгнэлтийн төлбөрт 1.000.000 төгрөг, “Бэрс партнерс” ХХК-д өмгөөллийн үйлчилгээ авсан зардалд 2.000.000 төгрөг, нийт 23.568.302 төгрөгийг шүүгдэгч *******  аас нэхэмжилсэн байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******  аас нийт 21.568.302 төгрөг гаргуулж хохирогч “******* ******* ******* *******” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.  Хохирогч “******* ******* ******* *******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөө оролцуулах, өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй тул нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.     

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З-ийн овогт А-ийн Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

4. Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс тоолсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******  аас 21.568.302 төгрөгийг гаргуулж хохирогч “******* ******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.          

  

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР