Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/163

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анударь хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий,  

хохирогч ******* ,        

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц  овогт О-ийн  Б-д холбогдох эрүүгийн 2210000000002 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, .......... оны ........ дугаар сарын ...........-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ........., ам бүл 1, Хан-Уул дүүргийн ....................тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Ц  овогт О-ийн  Б  /РД:............/,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* худалдааны төвийн орчимд иргэн ******* ийн нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд 4/14/ шүдний булгарал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хамтран амьдрагчийн охин гэрээсээ гараад алга болоод байсан. Манай  гэрээс эд зүйл алдагдсан байсан. Тэгэхээр нь би гэрийн түлхүүрээ авчихсан. Гэтэл намайг орой ирэхэд гал тогооны өрөөний цонхоор орох гээд хэдэн залуучууд өргөж байхаар миний уур хүрсэн. *******ийг найзтайгаа машинд сууж байхад би нэг удаа цохисон. Би хохирогчид шүд хийлгэхээр судалж байгаа. Би хэвтэрт байдаг өндөр настай ээжтэйгээ хамт байдаг. Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.   

 

Хохирогч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найзындаа байхад манай ах “машин халааж бай” гэхээр гараад машиныг нь халааж байтал 1 давхарын цонхоор 2-3 хүн орж байсан. Цонхоор орж байсан хүмүүс нь нэг охин, настай эгч, нэг банди байсан. Би цонхноос нь машинаа холдуулах гэж байтал ******* машинд орж ирээд намайг цохисон. “Чи манайхаас юу хулгайлсан” гээд цохисон. Би “юу” гэтэл шууд цохисон. Миний баруун дээд 3 дахь шүд хугараад унасан ёзоор нь үлдсэн. Би шүдээ эмчлүүлж хуучин хэвэнд нь оруулмаар байна. Эхний цохилтоор шүд гэмтээсэн. Толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тархи доргисон байсан бариулаад зүгээр болсон гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210000000002 дугаартай хэргээс:

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10 дахь тал/

Хохирогч *******  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/   

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл  /хавтаст хэргийн 75-76 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 32 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны гадна гэрийнх нь цонхоор орж байсан хүмүүстэй андуурч хохирогч ******* ийн нүүр, толгой руу нь гараараа цохиж бие махбодид нь нь “баруун дээд 4/14/ шүдний булгарал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:     

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: хохирогч ******* ийн биед үзлэг хийсэн талаарх /хавтаст хэргийн 9-10 дахь тал/

Хохирогч *******  мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 18 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дэлгүүрийн урд талын шороон зогсоол дээр байсан ах Ариунсүлдийн тээврийн хэрэгслийг асааж халаагаад байж байтал гэнэт танихгүй согтуу ах хаалга онгойлгон орж ирээд ямар ч шалтгаангүйгээр намайг зодсон. Би тэр хүнээс зугтаагаад хорооны цагдаад хэлчихээд буцаад ирсэн чинь байхгүй байсан. Иймд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн юм. Миний толгой хэсэгт гараараа нилээн олон удаа цохисон. ...40 гаран насны эрэгтэй хүн байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12123 дугаартай шинжээчийн дугнэлтэд:

Б .Д-ийн биед баруун дээд 4/14-р шүдний булгарал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч *******  нь 1-4 гэж дугаарласан 4 хүний гэрэл зургаас 3 гэж дугаарласан ******* ын зургийг заасан. /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

           Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 04 тоот гэрийнх нь цонхоор нууцаар нэвтэрч байсан хүмүүстэй андуурч хохирогч ******* ийг машиндаа сууж байхад нь нүүр, толгой руу нь гараараа цохисны улмаас “баруун дээд 4/14/ шүдний булгарал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна. Хэдийгээр шүүгдэгч ******* нь өөрийн орон байр болоод өмч хөрөнгийг бусдын халдлагаас хамгаалах эрхтэй боловч тухайн хэрэгт хамааралгүй “автомашинаа халааж байсан хохирогч ******* ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.  

          Иймд шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.  

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.  

Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо: “...Би барилгын мэргэжилтэй. Дархан-Уул аймагт цэцэрлэгийн барилгын ажил эхлэх гэж байгаа. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял, ажил хийхэд хүндрэлтэй байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.     

    

Шүүгдэгч  ******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тэрээр хувиараа барилгын ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ийн бие махбодид “баруун дээд 4/14-р шүдний булгарал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь гэм хорын зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч ******* ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Харин хохирогч *******  нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ц  овогт О-ийн  Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.    

 

4.  Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч *******  нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

    

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР