| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00334/и |
| Дугаар | 309 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 309
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт 2-13 тоотод оршин суух, Дайчин тайж овогтой Дарамзагдын Чинбатын хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Чинбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дарамзагд овогтой Чинбат миний бие 1957 оны 07 дугаар сарын 08-нд төрсөн. Төрүүлсэн ээж Д.Дунжий нас барсан тул ээжийнхээ эгч Даваа овогтой Сайнхүү дээр очиж түүний нөхөр Б.Дарамзагдаар овоглосон билээ. 1974 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолооч засварчин орон тоонд ажилд ороход нээгдсэн Дунжий овогтой Чинбат гэсэн хөдөлмөрийн дэвтэрийг миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн Дарамзагд овогтой Чинбатыг хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч нь БНМАУ-ын Тээврийн яамны харьяа металистын техник мэргэжлийн сургуулиас 1974 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон Дүнжийн Чинбатын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дайчин тайж овогтой Дарамзагдын Чинбат мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Төрүүлсэн ээж Д.Дунжий нас барсан тул ээжийнхээ эгч Даваа овогтой Сайнхүү дээр очиж түүний нөхөр Б.Дарамзагдаар овоглосон...” гэсэн нь буюу Дунжийн Чинбатыг Дарамзагдын Чинбат хэмээн овоглосон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Архивын Ерөнхий газрын үндэсний төв архивын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 03/2-1428 дугаартай Говь-Алтай аймгийн Баян сумын 4 дүгээр багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн архивын лавлагаа, мөн тус газрын 03/2-1429 дугаартай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 1956 оны 02 сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн архивын лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, 23 дугаартай Бадрахын Дарамзагд, Даваагийн Сайнхүү нарын 1956 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэгсдийн гэрчилгээ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул Дайчин тайж овогтой Дарамзагдын Чинбатыг БНМАУ-ын Тээврийн яамны харьяа металистын техник мэргэжлийн сургуулиас 1974 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дүнжийн Чинбатад олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар /ДЮ57070872/ Дайчин тайж овогтой Дарамзагдын Чинбатыг БНМАУ-ын Тээврийн яамны харьяа металистын техник мэргэжлийн сургуулиас 1974 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дүнжийн Чинбатад олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН