Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,   

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч *******аттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт Б-ийн  Б-д  холбогдох эрүүгийн 2110000001229 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ....... оны ........ дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /......../ ам бүл .......... хамт Хан-Уул дүүргийн ........дугаар хороо, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А  овогтой Б-ийн  Б /РД:.........................../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******  нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ******* 26-р гудамжны ******* тоотод хохирогч *******  маргалдаж улмаар зүүн дал, хэвлийд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 2110000001229 дугаартай хэргээс:

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123 дахь тал/ 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11881 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/  

Шүүгдэгчийн хувийн байдА  холбоотой баримтууд гэрч Б.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 78, 88-89 дэх тал/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 62-64, 91-116 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *******  нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ******* 26-р гудамжны ******* тоот гэртээ хохирогч *******  үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зүүн дал, хэвлийд хутгаар хатгаж биед нь зүүн дал, хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:    

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ******* 29-р гудамжны 330 тоотод ээж *******, дүү ******* нарын хамт амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1996 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид хамт алба хааж байсан *******ийнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгино 26-******* тоот гэрт нь очсон юм. Би найз *******ийн гэрт очоод эхний өдөр нь архи уугаагүй. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 24, 25-нд бид хоёр архи уусан. 2021 оны 11 дугаар сарын 26-ны өглөө *******ийн гэрт байж байгаад өглөө Б дэлгүүр гараад Хараа нэртэй 0.33 архи 1 шилийг авч ирээд бид хоёр хувааж уусан юм. Тэгээд өдөр Мэлс гэх найз маань бид хоёрт Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи авч өгөөд бид хоёртой хувааж ууж байгаад гэр рүүгээ явсан. Тэгээд Б бид хоёр үлдсэн архиа хувааж уусан. Тэгээд орой Чинбат гээд манай найз Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи Б бид хоёрт авчирч өгөөд ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд Б бид хоёр тухайн архийг хувааж ууж байгаад цэрэгт алба хааж байснаа ярьж байгаад маргалдсан. Тэгээд бид хоёр заамдалцаж авсан чинь Б ширээн дээрээ төмс арилгаж байсан хар иштэй хутгыг баруун гараараа аваад миний гэдэс рүү 1 удаа хатгах шиг болсон. Тэгээд намайг тонгойсон байхад нуруу руу дахиад хатгах шиг болсон. Тэгээд цус гараад байхаар Б “би цагдаа эмнэлэг дуудлаа” гээд дуудлага өгсөн юм. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлэг ирсэн. Миний эм тарианы мөнгийг Б бүрэн төлсөн учраас надад санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Шүүгдэгч *******  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...******* бид хоёр хоорондоо маргалдсан. Юунаас болсныг сайн санахгүй байна. ******* миний уруул руу гараараа нэг удаа цохихоор нь би уур хүрээд хоол хийх гээд гаргасан байсан хутгаа чиглүүлээд 2 удаа хатгасан чинь “намайг хутгалчихаж байгаа юм уу” гэсэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123 дахь тал/     

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11881 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...*******-ын биед зүүн дал, хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.  

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч ******* , хохирогч ******* нар нь найз нөхдийн холбоотой бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийлж архидан согтуурсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

            Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтуурсан байсан бөгөөд тодорхой шалтгаангүйгээр хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч *******  нь ширээн дээр байсан хутгаар хохирогч *******-ын хэвлий болон зүүн даланд тус бүр нэг удаа хутгаар хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

          Иймд шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч *******аттулга нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ******* 26-р гудамжны ******* тоот өөрийн гэрээс 2 /хоёр/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, хохирогчтой уулзуулахгүй байх албадлагын арга хэмжээ авах дүгнэлт гаргав.   

 

Шүүгдэгч  ******* ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтуурсан үедээ маргалдсаны улмаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон шүүгдэгч нь харааны бууралттай, хөдөлмөрийн чадвар 90 хувь алдалттай, эмнэлгийн хяналтад байдаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******  нь харааны бууралттай, хөдөлмөрийн чадвар 90 хувь алдалттай, эмнэлгийн хяналтад байдаг тул түүний эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* өд мэдэгдэв.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь гэм хорын зардалтай  холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч ******* ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.   

Шүүгдэгч *******  нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдъя.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А  овогт Б-ийн  *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* өд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******  нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР