Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/169

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,     

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Б-ийн  Г-д  холбогдох эрүүгийн 2210005090239 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн .......... оны ........ дугаар сарын ...........-ний өдөр Өвөрхангай аймгийн ......... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........., ам бүл-.......... хамт, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д ургийн овогт Б-ийн  Г /РД:......................./

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ******* байрны ******* тоотод хохирогч ******* хардаж зодсоны улмаас биед нь тархи доргилт, амны салстад шарх, зүүн алимын салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын угалзанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.    

                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 2210005090239 дугаартай хэргээс:

 

1. *******  биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8 дахь тал/

2. Хохирогч *******  мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2893 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дахь тал/

3. Гэрч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн ******* дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* байрны ******* тоот гэртээ найз охин хохирогч *******-г “*******-той хардсаны” улмаас зодож биед нь “тархи доргилт, амны салстад шарх, зүүн алимын салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын угалзанд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:    

Хохирогч *******  мөрдөн байцаалтад өгсөн: “...2022.02.11-ний өдөр манай найз залуу Г гэрт нь хүн байхгүй гээд уух санаа гаргасан. Намайг найзуудаа дуудчих гэсэн. Тэгээд *******-ын гэрт очиход 3 найз  нь ирсэн. Бид бөөндөө хөзөр тоглонгоо архи уусан...Би 00-с гарч ирээд жижиг өрөө рүү орох гэтэл хаалга нь түгжээтэй байсан. Г өөрөө онгойлгоход шалдан байсан. Г нь том өрөөнд орж ирээд намайг Мягмардоржтой унтсан гэж хэлээд зодож эхэлсэн. Миний гарыг өчиж барьж байгаад нүүр рүү гараараа маш олон удаа цохисон, хоолойг маань боосон, үсдсэн, ам дарсан, маш ихээр цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/     

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г надад “М  чамаас болоод ууралчихлаа чи аргадаадах” гэхээр нь би 00 өрөөнд М г дагуулаад орсон. Тэнд бид 2 Гантогтохын өмнөх найз охиных нь тухай ярьж байгаад гарч ирсэн. Бид хоёр 00-с гараад иртэл Г унтлагын өрөөнд ороод хаалга үүдийг нь өшиглөөд эхэлсэн. Тэр өрөөнд би М тай 00 орохоосоо өмнө Е-ийг  оруулчихсан байсан юм. М  тэр хоёрыг хардаж Г хаалга онгойлгомогц үсдэж аваад барилцаад авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2893 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...*******  биед тархи доргилт, амны салстад шарх, зүүн алимын салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

          Шүүгдэгч *******антогтох, хохирогч *******  нар нь үерхдэг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих нийлж архидан согтуурсан байна. Энэ үед шүүгдэгч ******* нь найз охин *******-г өөрийн найз *******-тойхардаж, цохих, боож унагаах зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед тархи доргилт, амны салстад шарх, зүүн алимын салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын угалзанд зулгаралт гэмтэл бүхий гэмтэл учруулсан ба шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт хамаарна гэжээ.

          Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан, шүүгдэгч нь суралцахын зэрэгцээ цагийн ажил эрхэлж орлого олдог гэх байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д  ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д  мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******  мөрдөн байцаалтын шатанд “миний бие гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч *******-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Д овогт Б-ийн  Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д  мэдэгдсүгэй.    

 

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР