| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00324/и |
| Дугаар | 312 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 312
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багт оршин суух, Тэгшийн Дандарбаатарт холбогдох
1.691.929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Дандарбаатар нь сум хөгжлийн сангаас 2014 онд зээл авч, зээлээ хугацаанд нь төлөлгүй 3.111.229 /гурван сая нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун хорин есөн/ төгрөгийн өр үүсгэснийг аймгийн Аудитын газраас 2016 онд шалгаж акт тогтоосон юм. Үүнээс 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг төлж, үлдэгдэл болон алдангийн 1.691.929 /нэг сая зургаан зуун ерэн нэгэн мянга есөн зуун хорин есөн/ төгрөгийг сумын Засаг даргаас актаа төлөх тухай мэдэгдэх хуудас удаа дараа өгсөн боловч одоог хүртэл төлөхгүй байна. Т.Дандарбаатарын зээлийн өр болох 1.691.929 /нэг сая зургаан зуун ерэн нэгэн мянга есөн зуун хорин есөн/ төгрөгийн төлбөрийг барагдуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.
Хариуцагч Т.Дандарбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн иргэн Тэгш овогтой Дандарбаатар миний бие нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сум хөгжүүлэх сангаас зохих журмын дагуу 3 жилийн хугацаатай 6.000.000 төгрөгийн зээл аваад буцаан төлөлтийг жилийн эцсээр хийж ирсэн ба одоо 1.691.929 төгрөгний үлдэгдэл байгаа бөгөөд уг мөнгийг ирэх 10 дугаар сарын 15-наас наана төлж барагдуулахаар төлөвлөөд байгаа юм. Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ЗДТГ-ын албан хаагчид /нягтлан/ элдэв алданги тооцож, төл хэмээн шаардаж байгаа юм. Иргэний хувьд би өөрөө авсан зээлээ зохих хугацаанд нь төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Т.Дандарбаатарт холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 1.691.929 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Дандарбаатар нь зээлийн үлдэгдэл 1.691.929 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 1.691.929 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 42.021 төгрөгний тал хувь буюу 21.010,5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Т.Дандарбаатарт холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 1.691.929 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Дандарбаатар нь зээлийн үлдэгдэл 1.691.929 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 42.021 төгрөгний тал хувь буюу 21.010,5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН