Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

                 

 

                                   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Г.Мөнхтүвшин, хохирогч Б.Х, шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03099 0036 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн Д.Н, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барс зах дээр ачигч ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо, Хилчиний ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 929 дугаар шийтгэх тогтоолоор 600 нэгж буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Х-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж цээжин тус газар нь хутгаар хатгаж биед нь цээжний зүүн урд хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Т овгийн Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Сонгинхайрхан дүүргийн 30 дугаар хороо, *** тоотод хамтран амьдрагч Б.Х-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж цээжин тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал), эд мөрийн баримаар “ажлын хэсэг нь 13 см, бариул нь 11 см, нийт урт 24 см бүхий хар өнгийн иштэй хутга 1 ширхэг”-ийг тооцсон мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), хохирогч Б.Х-ын “..2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед манай найз У гэрт ирсэн. Бид хоёр 2.2 литрийн “Нийслэл” пиво 2 савын хувааж уугаад, хоол унд хийгээд байж байтал манай нөхөр 19 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Э гэх хүний хамт ирсэн. Ирэхдээ бага зэргийн согтуу орж ирсэн. У, Э, манай нөхөр Н бид хамт 0.75 литрийн “Хараа" нэртэй архи хувааж уусан. Би нөхөр Н-ыг У-тай хардаад та хоёр сая Э бид хоёрыг дэлгүүр явах хооронд юу хийж байсан бэ гээд тоглоод хэлтэл Н уурлаж босож ирээд “чи намайг У-тай юу хийнэ гэж бодсон юм бэ” гэж хэрэлдэж байгаад гал тогооны шүүгээнд байсан жижиг хутгыг аваад миний цээжний зүүн дээд хэсэгт зүссэн. Манай нөхөр урьд нь буюу 2019 онд намайг зодоод миний биед хөнгөн хохирол учруулж байсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), гэрч Ж.Э-ын “..Н өөрийн эхнэр болох Х-тай маргалдаж эхэлж элдэв үгээр доромжилж байгаад шууд босож ирээд шүүгээн дотроос бор иштэй хутга аваад Х-ын цээж рүү хатгасан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11958 дугаартай “...Б.Х-ын биед цээжний зүүн урд хэсгийн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.Н нь яллагдагчаар “...бид нар архиа ууж дуусаад унтах болсон чинь манай эхнэр Х намайг найзтайгаа хардаад хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрээд эхнэрийн айлгах гээд хутга бариад цээжний зүүн хэсэгт нэг удаа зүссэн...” гэж (хавтаст хэргийн 82 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Н нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11958 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.Н-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Х-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Хохирогч Б.Х нь гэмт хэрэг гарах үед буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь “***” эмнэлгийн баримтаар нотлогдож байх ба шүүгдэгч Д.Н түүний нөхөр (хамтран амьдрагч) тул түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Н, хохирогч Б.Х нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Д.Н нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад “хохирогчийн ... жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч Д.Н-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.

Хохирогч: “...Миний нөхөр Д.Н нь ганцаараа ажил эрхэлдэг. Иймд торгох ял шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч: “...Торгох ял шийтгэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 64-66 дахь тал), ял биелэгдсэн талаарх баримт (шинээр гаргаж өгсөн), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 71-75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгч Д.Н-ын ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Д.Н-ын ганцаараа ажил хийж орлого олдог байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацааг нэмэгдүүлж, торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Т овгийн Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н-т сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА