Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0128/Э |
Дугаар | 2022/ШЦТ/137 |
Огноо | 2022-02-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/137
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02078 1464 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Э.У, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Үерийн ногооны талбай ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарны 02-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.У нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ** дүгээр цэргийн ангийн 1 дүгээр гудамжны ** тоотод иргэн Э.Т-тай маргалдаж толгой тус газар нь модоор цохиж, баруун гарын шуу хэсгийг архины хагарсан шилээр зүсэж, эрүүл мэндэд нь “баруун шуунд шарх, баруун хөмсөг, дух, хамрын нуруунд сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Э.У нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ** дүгээр цэргийн ангийн 1 дүгээр гудамжны 63 тоотод иргэн Э.Т-тай маргалдаж толгой руу нь модоор цохиж, баруун гарын шуу хэсгийг архины лонхны хагархай шилээр зүсэж, бие махбодод нь “баруун шуунд шарх, баруун хөмсөг, дух, хамрын нуруунд сорви” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дэх тал), хохирогч Э.Т-ын “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд урд талын хөрш Т ахынд орсон. 0.33 литрийн “Хараа” нэртэй архи аваад Т ахынд уугаад сууж байтал гаднаас У согтуу ороод ирсэн. У орж ирээд надад хандаж “хөгшин банди минь, энд юу хийж яваа юм” гэхээр нь “чиний гэрт биш, ахынхаа гэрт байна” гэж хэлээд маргалдаад байж байтал У миний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би барьж аваад хавсарч унагаасан чинь Т ах “манай гэрээс гарцгаа” гээд бид хоёрыг хөөгөөд гаргасан. Гадаа гараад У миний нүүрэн тус газар нь 2-3 удаа цохихоор нь би бас барьж аваад хавсарч унагаагаад дээр доороо ороод ноцолдож байсан чинь У хаанаас прусс мод авсныг нь мэдэхгүй байна, миний толгой руу модоор цохичихсон. Тэгснээ архины шилний хагархай аваад миний баруун гарын шуу хэсэгт зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8514 дугаартай “...Э.Т-ын биед баруун шуунд шарх, баруун хөмсөг, дух, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 10-14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Э.У нь яллагдагчаар “...Т ахтай муудалцаад зодсон нь үнэн...” гэж (хавтаст хэргийн 80 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.У нь боловсролгүй, монгол хэл, бичиг мэддэггүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт зааснаар, мөн түүний зөвшөөрснөөр шүүх хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн Хууль зүйн туслалцааны төвөөс томилогдсон өмгөөлөгч оролцсон болохыг дурдах нь зүйн хэрэг.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8514 дугаар дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.У-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.Т-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Э.У-ын модоор хохирогчийн толгой руу цохиж, баруун гарын шуу хэсгийг архины хагарсан шилээр зүссэн үйлдэл болон хохирогч Э.Т-ын баруун шуунд шарх, баруун хөмсөг, дух, хамрын нуруунд сорви бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.У-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...Шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг гэж мэдүүлж байгаа ч нотлох баримт гаргаж өгөөгүй, баримтаар нотлогдохгүй байна. Шүүгдэгч нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж торгох ялаар шийтгэгдэж байсан ч өөртөө дүгнэлт хийгээгүй. Иймд шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагч нь 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй, ар гэрт нь өөр ажил эрхэлдэг хүн байхгүй, гэр бүлээсээ ганцаараа ажил эрхэлдэг. Урьд торгох ялаар шийтгэгдэж байсан нь тухайн үед орлого олдог болох нь нотлогдож байсан байх гэж бодож байна. Иймд торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 61-65, 68-70 дахь тал), 800,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 600,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн тухай 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 166 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар (шинээр гаргаж өгсөн), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу болон урьд хоёр удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг прүсс мод, нэг ширхэг шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.У-т сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг прүсс мод, нэг ширхэг шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА