Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0129/Э |
Дугаар | 2022/ШЦТ/138 |
Огноо | 2022-02-07 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | П.Ганбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/138
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч П.Ганбаатар, шүүгдэгч Т.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02991 0096 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г овгийн Т.П, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний ** дугаар ангид харуул ажилтай, ам бүл гурав, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 5 дугаар багт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.П нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах “МТ” шатахуун түгээх станцын орчимд зүс таних хохирогч Ц.Х-ыг хүргэж өгөхдөө тээврийн хэрэгсэлд нь гээгдүүлсэн Айфоне Се маркийн rap утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Г овгийн Т.П нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын орчимд зүс таних хохирогч Ц.Х-ыг хүргэж өгөхдөө тээврийн хэрэгсэлд нь мартаж буусан “IPhone Se” маркийн rap утсыг бусдынх болохыг мэдсээр байж завшин 600,000.0 төгрөгийн хохирол учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч Ц.Х-ын “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би ажлын газрын дүү болох Б болон найзаар нь хүргүүлээд буухдаа машин дотор нь “IPhone Se” маркийн гар утсаа үлдээгээд буусан. Найзындаа ороод найзынхаа rap утсаар өөрийн *** гэсэн дугаар руу залгаж үзсэн чинь дуудаад авахгүй байсан, дахиж залгахад холбогдох боломжгүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дах тал), гэрч Л.Ц-ын “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр П гэж хүн манай ломбардад “IPhone Se” маркийн гар утсаа 250,000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавсан. Манай байгууллага хугацаа нь дуусаад 7 хоног хүлээдэг учир 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдан борлуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/014 дугаартай “IPhone Se” загварын гар утас 600,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18 дахь тал), гэрч Л.Ц-оос гаргаж ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Т.П-ын нэрээр IPhone фирмийн Se загварын *** имей кодтой гар утсыг барьцаанд тавьж 7 хоногийн хугацаатай 250,000 төгрөг авсан тухай “***” ХХК-ийн “***” ломбардын барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Т.П яллагдагчаар “...Би Х эгчийн машинд үлдээсэн “IPhone Se” маркийн гар утсыг 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “***” барьцаалан зээлдүүлэх газарт 250,000 төгрөгийн барьцаанд тавьж, уг 250,000 төгрөгийг хүний машин мөргөсөн төлбөрт өгсөн. Би Х д хохирлын 600,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, гэм буруугаа хүлээж байна...” гэж (хавтаст хэргийн 65-66 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.П нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж авсан этгээд өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.П-ын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гээгдэл эд зүйл болох “IPhone Se” загварын гар утсыг 600,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ болох 300,000.00 төгрөгөөс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч Т.П-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.П-ыг “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Х нь шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед “хохиролд 600,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч Т.П-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Т.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...ялын талаар хэлэх саналгүй...” гэв.
Шүүгдэгч Т.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 27-41 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 52-55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Т.П-д оногдуулсан долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Г овгийн Т.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д оногдуулсан долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.П-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА