Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

 

 

 

 

 

     2022         02          14                                     2021/ШЦТ/84

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Э.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч: Т.Т- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Т-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105025690084 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Т-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Т- нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын урд талын автобусны буудал дээр “...утсаар чинь нэг яриад өгье” гэж хохирогч С.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Самсунг А-12 маркийн гар утсыг нь залилан авч 355.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Т- шүүх хуралдаанд: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тараад, бүжигтээ 7 цагт орж, 9 цагт тарсан. Тараад гэмтлийн хажуу талын караокед А- гэх хүнтэй танилцаад сууж байсан. Тэгээд 2 эмэгтэйтэй танилцаж, ганц хоёр пиво ууж байгаад 12 цагт хаана гэхээр нь хажуу талын буудалд орж суусан. Нэг эмэгтэй нь агсам тавиад байхаар нь бид нар гарч гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд бид 3 буудалд хоноод өглөө 8 цагт гарсан. Буудлаас гараад автобусны буудал орчимд утсаар чинь яриад өгье гэж хэлээд, гар утсыг нь буцааж өгөөгүй аваад явсан. Гар утсыг бусдад зарсан байсныг цагдаагийн байгууллагаас хураан авч буцаан өгсөн. Би гар худалдсан хүнд хохирлыг нь шилжүүлэн өгч төлсөн” гэв.

Хохирогч С.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орой ажлынхантайгаа Гэмтлийн эмнэлгийн ойролцоо байрлах нийтийн караокед сууж байгаад оройтоод нийтийн байрныхаа дээр байдаг зочид буудалд ажлынхаа эгч Энхжаргалтай болон нийтийн караокед танилцсан үл таних 2 залуугийн хамт хоносон. Тэгээд өглөө буудлаас 08 цагийн үед би түрүүлээд гарахад тэнд байсан Билгээ гэх нэг залуу намайг дагаад хамт гарсан. Тэгээд хорооллын эцсийн автобусны буудлаас автобусанд суугаад явж байгаад автобуснаас буугаад тэр миний утсаар нэг яриад өгье гээд авсан. Тэгээд прадоксийн буудал дээр буугаад миний утсыг аваад явчихсан. ...би 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Мобиком төвөөс 499.000 төгрөгөөр авч байсан хөр өнгийн Самсунг А-12 маркийн гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагт ажлаа тараад С.Г-ын хамт манай ажлын хойно байдаг пабад ороод нэг, нэг пиво уусан. Дараа нь гараад Гэмтлийн эмнэлгийн тэнд нийтийн караокед орсон. Бид 2 цаг орчим дуулчхаад гарахад араас 2 үл таних залуу гарч ирсэн. Тэр 2 залууг дагуулаад нэг зочид буудалд орсон. ...би 2 хоногийн дараа утсаа алдсаныг нь мэдсэн. С.Г- нь хар өнгийн утастай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэмүүжин гэх залуу Самсунг А-12 маркийн гар утсыг 2021 оны 12 дугаар сарын сүүлээр надад өгч байсан бөгөөд тухайн гар утсыг ...мөнгөний хэрэг гараад зарж байсан болохоор өөрийнх нь гар утас гэж бодоод 220.000 төгрөгөөр тухайн гар утсыг аваад цааш нэг эмэгтэйд хүнд 300.000 төгрөгөөр зарж байсан санагдаж байна. Тэгээд сая цагдаагийн байгууллагаас надаас гар утас авсан тухайн эмэгтэй рүү ярьсны дараа тухайн эмэгтэй ирээд надаас авсан гар утсаа хүлээлгээд өгсөн. Би түүний мөнгийг өгсөн байгаа. Би тухайн гар утсыг хулгайн гар утас гэж мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 63/,

Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монтел худалдааны төвөөс нэг хүнээс хуучин хэрэглэж байсан хар өнгийн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй Самсунг А-12 маркийн гар утсыг 390.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас саяхан миний хүү Анхбадрал руу залгаад миний худалдаж авсан тухайн утсыг хулгайн гар утас байна гэсэн тул би тухайн үед нь шууд өөрийн гар утсыг худалдаж авсан хүн дээр Монтел худалдааны төв дээр очиж ...гар утсыг буцааж өгөөд өөрийн 390.000 төгрөгийг буцаагаад авсан. Тухайн утас надад байхгүй. Анх худалдаж авсан хүндээ эргүүлээд өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 65/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...миний гар утсыг авсан гэх залуу 3 дугаарын хүн мөн байна. Би царайг нь сайн санаж ...25-30 орчим насны 160-170 см өндөртэй, хамарныхаа баруун талд мэнгэтэй байсан” гэжээ. /хх-н 37-38/,

Яллагдагчаар Т.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолд дурдагдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...би түүний гар утсыг нэг ярчихья гэж аваад ярьж байгаад гар утсыг аваад нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксийн буудал дээр буучихсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 33-34/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 37-39/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 53-58, 70-76/, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт /хх-н 81/, хохирогчийн хүсэлт /хх-н 82/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Т.Т- нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын урд талын автобусны буудал дээр “...утсаар чинь нэг яриад өгье” гэж хохирогч С.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Самсунг А-12 мракийн гар утсыг нь залилан авч 355.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Г-ын мэдүүлэг, гэрч М.Э-, Ц.А-, Л.Уянга, иргэний нэхэмжлэгч Ц.Г- нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.Т- нь хохирогч С.Г-ын гар утсыг ярьчихаад өгье гэж итгэл төрүүлэн авч, улмаар буцааж өгөлгүй хуурч, залилаж аван хохирогчид хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Т.Т- нь шүүх хуралдаанд хохирогчийн гар утсыг авсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Г-, иргэний нэхэмжлэгч Ц.Г- нар нь хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлт бичгээр /хх-н 81, 82/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Т.Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Т.Т-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг” тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Т.Т-д улсын яллагчийн оногдуулсан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР