Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 240/2016/0046/э/ |
Дугаар | 47 |
Огноо | 2016-06-20 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх,
Шүүгдэгч: Ц.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн Цэцэгдэлгэрийн Баярсайханд холбогдох 201616000057 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1987 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 6-28 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан гэх Боржгон овгийн Цэцэгдэлгэрийн Баярсайхан /регистрийн дугаар: КЮ87112178/
Яллагдагч Ц.Баярсайхан нь шунахайн сэдэлтээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум Дунд сайхны 7а-19 тоот хашаанд байх иргэн Б.Зинагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Монел маркийн LCD зурагт, тоон системийн хүлээн авагч, “Ди ди Эш” антений тогоо зэрэг эд зүйл хулгайлж 357000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
C:\Users\aldarmaa\Documents\Received Files\2016-06-20 № Баярсайхан.docx
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Зина мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...2016 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө би гэрээ эзгүй үлдээсэн байсан. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өглөө гэртээ иртэл гэрийн цоож эвдээд буцаагаад зүүгээд орхисон байсан. Гэрт ортол хойморт тавиур дээр байсан 32 инчийн Монел нэртэй зурагт, тоон систем, удирдлагын хамт, гэрийн зүүн талын ор бүтээсэн байсан улаан хүрэн өнгийн торон бүтээлэг зэрэг зүйл алга байхаар нь гараад ул мөр хайсан чинь зүүн гэрийн зүүн талд байсан Ди ди Эш антенийн тогоо алга байсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...манай гэрээс хулгайд алдагдсан Ди Ди Иш антений тогоо, зурагт, тоон системийн хүлээн авагч удирдлага зэргийг бүгдийг нь хүлээж авсан. Обуд, орны бүтээлэг зэргийг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Баярсайхан надад мэдэгдэлгүйгээр хулгайн эд зүйл зарсан. Би түүнд итгээд зурагтыг өөрийнхөө хэрэглэж байсан хятад хөргөгчөөр солиод дээрээс нь 40.000 төгрөг өгсөн. Хөргөгчөө Баярсайханаас авсан. 40.000 төгрөгөө нэхэмжилж байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
Гэрч З.Мөнгөнбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ байгаагүй. Манай аав бид нар нэг хашаанд амьдардаг. Дараа нь гэртээ ирэхэд гэрийн зүүн талд байсан Ди ди Эш антенийн тогоо, аавын цоожтой гэрээс Монел маркийн хар өнгийн зурагт, тоон симтемийн хүлээн авагч, удирдлагын хамт алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Гэрч Б.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...2016 оны цагаан сараас хойш байсан одоо сар өдрийг нь санахгүй байна. Орой 21 цагийн үед Баярсайхан манайд ирээд зурагт зарах гэсэн юм. Энэ зурагтыг аваад удаагүй байгаа мөнгөний хэрэг гараад байна. Хөргөгчөөр солиод дээрээс нь 50.000 төгрөгийн хэрэг байна. Зурагтыг аваад ирсэн байгаа гэхээр нь оруулаад ир гэсэн. Тэр хөргөгчөө маргааш нь авъя гэсэн. Би Баярсайханд архи, тамхи авч өгөөд явуулсан. Маргааш орой нь манай нөхөр Загдаа хөргөгчийг Баярсайханы гэрт хүргэж өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 30.000 төгрөг нийтдээ 40.000 төгрөг Баярсайханд өгсөн. Нилээд хэд хоногийн дараа Баярсайхан ирээд би эхнэртэйгээ муудалцаад салах дээрээ тулаад байна нөгөө зурагтаа авмаар байна гээд аваад явсан. Удалгүй нөгөө зурагт нь хулгайн эд зүйл болж таарсан. Баярсайхан манай хөргөгчийг авчирч өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
Шүүгдэгч Ц.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Зинагийнд очиход гэрт нь хүн байхгүй байсан. Гэрт нь ороод цаг орчим хүлээхэд ирэхгүй байсан. Тэгээд уух гэж авч очсон архинаасаа ууж байгаад гарахдаа тоон систем, хавтгай LCD зурагт, зүүн талын гэрийн гадаа байсан тогоо антенн зэргийг хулгайлж аваад гэррүүгээ явсан. Гэртээ ирээд гадаа пиндээ хийгээд орхисон. Зина гэдэг хүн манай ээжтэй суугаад удаагүй байгаа юм. Бид нар тусдаа амьдардаг. Би ээжтэйгээ уулзах гэж хааяа очдог байсан. Хулгай хийсний маргааш өдөр нь LCD зурагт, тоон систем 2 ыг Загдаагийнд аваачиж үлдээгээд зурагтыг нь жижиг хөргөгчөөр солихоор болж дээрээс нь 30000 төгрөг авахаар болсон. 2 хоногийн дараа тоон системээ аваад 500 кг нүүрсээр зарсан. Одоо миний хулгайлж авсан эд зүйл бүгд цагдаагийн газарт хураагдсан байгаа. Би тухайн үед ганцаараа явсан. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 28-р хуудас/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №ӨМӨ/15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ын 30-р хуудас/,
Өмнөговь аймг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №59 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-35-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №24 дүгээр магадлалын хуулбар /хх-ийн 53-54-р хуудас/,
Өршөөл үзүүлэх комиссын тогтоолын хуулбар /хх-ын 54-р хуудас/,
Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №27 дугаартай хугацааны өмнө тэнсэн сулласан захирамжийн хуулбар /хх-ийн 56-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Отгонжаргалын хохирол төлбөргүй гэсэн тодорхойлолт зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Баярсайхан нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум Дунд сайхны 7а-19 тоот хашаанд байх иргэн Б.Зинагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж Монел маркийн LCD зурагт, тоон системийн хүлээн авагч, “Ди ди Эш” антений тогоо зэрэг эд зүйл хулгайлж 357000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Зинагийн:“...2016 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө би гэрээ эзгүй үлдээсэн. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өглөө гэртээ иртэл гэрийн цоож эвдээд буцаагаад зүүгээд орхисон байсан. Гэрт ортол тавиур дээр байсан 32 инчийн Монел нэртэй зурагт, тоон систем, удирдлагын хамт, гэрийн зүүн талын ор бүтээсэн байсан улаан хүрэн өнгийн торон бүтээлэг зэрэг зүйл алга байхаар нь гараад ул мөр хайсан чинь зүүн гэрийн зүүн талд байсан Ди ди Эш антенийн тогоо алга байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-р хуудас/
Гэрч З.Мөнгөнбаярын:“...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэрэг гарах үед би гэртээ байгаагүй. Манай аав бид нар нэг хашаанд амьдардаг. Дараа нь гэртээ ирэхэд гэрийн зүүн талд байсан Ди ди Эш антенийн тогоо, аавын цоожтой гэрээс Монел маркийн хар өнгийн зурагт, тоон симтемийн хүлээн авагч, удирдлагын хамт алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Гэрч Б.Отгонжаргалын:“...2016 оны цагаан сараас хойш байсан. Орой 21 цагийн үед Баярсайхан манайд ирээд зурагт зарах гэсэн юм. Энэ зурагтыг аваад удаагүй байгаа мөнгөний хэрэг гараад байна. Хөргөгчөөр солиод дээрээс нь 50.000 төгрөгийн хэрэг байна. Зурагтыг аваад ирсэн байгаа гэхээр нь оруулаад ир гэсэн. Тэр хөргөгчөө маргааш нь авья гэсэн. Би Баярсайханд архи, тамхи авч өгөөд явуулсан. Маргааш орой нь манай нөхөр Загдаа хөргөгчийг Баярсайханы гэрт хүргэж өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 30.000 төгрөг нийтдээ 40.000 төгрөг Баярсайханд өгсөн. Нилээд хэд хоногийн дараа Баярсайхан ирээд би эхнэртэйгээ муудалцаад салах дээрээ тулаад байна нөгөө зурагтаа авмаар байна гээд аваад явсан. Удалгүй нөгөө зурагт нь хулгайн эд зүйл болж таарсан. Баярсайхан манай хөргөгчийг авчирч өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
Шүүгдэгч Ц.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн: “Би 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Зинагийнд очиход гэрт нь хүн байхгүй байсан. Гэррүү ороод цаг орчим хүлээхэд ирэхгүй байсан. Тэгээд уух гэж авч очсон архинаасаа ууж байгаад гарахдаа тоон систем, хавтгай LCD зурагт, зүүн талын гэрийн гадаа байсан тогоо антенн зэргийг хулгайлж аваад гэррүүгээ явсан. Гэртээ ирээд гадаа пиндээ хийгээд орхисон. ...Хулгай хийсний маргааш өдөр нь LCD зурагт, тоон систем 2 ыг Загдаагийн аваачиж үлдээгээд зурагтыг нь жижиг хөргөгчөөр солихоор болж дээрээс нь 30000 төгрөг авахаар болсон. 2 хоногийн дараа тоон системээ аваад 500 кг нүүрсээр зарсан. Одоо миний хулгайлж авсан эд зүйл бүгд цагдаагийн газарт хураагдсан байгаа. Би тухайн үед ганцаараа явсан. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 28-р хуудас/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №ӨМӨ/15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Баярсайханыг орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Баярсайхан нь урьд нь ...2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийг 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өршөөн хасч /хх-ын 54-р хуудас/, эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хорих ялаас 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд /хх-ийн 56-р хуудас/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал нь дууссан байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зинад “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний №ӨМӨ/15 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд зааснаар /хх-ийн 20-р хуудас/ 357.000 төгрөгний хохирол учирсан боловч шүүгдэгч Ц.Баярсайхан нь хулгайд алдагдсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь хохирогч Б.Зинагийн:“...манай гэрээс хулгайд алдагдсан Ди Ди Иш антений тогоо, зурагт, тоон системийн хүлээн авагч удирдлага зэргийг бүгдийг нь хүлээж авсан. Обуд, орны бүтээлэг зэргийг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/ болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул хохирогч Б.Зинад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Б.Отгонжаргал 40.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Баярсайхан нэхэмжилсэн 40.000 төгрөгийг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Отгонжаргалын хохирол төлөгдсөн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан гэж үзэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан баривчлах ялаар шийтгэж, шүүгдэгч Ц.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас цагдан хорих нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Баярсайхан нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ц.Баярсайхан нь хохирогч Б.Зина, иргэний нэхэмжлэгч Б.Отгонжаргал нарт төлөх төлбөр хохиролгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржгон овгийн Цэцэгдэлгэрийн Баярсайханыг орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярсайханд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 /гурав/ сар 5 /тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярсайханд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Баярсайхан нь хохирогч Б.Зина, иргэний нэхэмжлэгч Б.Отгонжаргал нарт төлөх төлбөр хохиролгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорьсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Баярсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА