Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0269

 

Иргэн С.Агийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээд Т.Д, түүний өмгөөлөгч К.Е нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн С.Агийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгийн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамж болон Т.Д, Д.М нарыг Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000201220 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга шүүхэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Уг 1786 м.кв газрыг анх 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 030100124 дугаар газар эзэмших гэрчилгээгээр иргэн Т.Дд олгож, дараа нь 0.17 га эзэмшүүлэх тухай 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар захирамж гарсан байна. 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргаснаар 1786 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар захирамжаар Хошахан нөхөрлөлд эрх шилжүүлэн эзэмшүүлжээ. Дараа нь кадастрын зурагт буусан хэмжээгээр 1760.6 м.кв газрыг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар иргэн Т.Дд үргэлжлүүлэн эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нь уг газарт миний барьсан дэлгүүр байгаа гэх боловч иргэн С.Ад тухайн газарт газар эзэмшүүлсэн тухай ямар нэгэн шийдвэр, эрхийн акт гараагүй, иргэн Т.Дн эзэмшиж байгаа 1760.6 м.кв газарт маргаан бүхий газар багтаж байгаа тул нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 14 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэлийг хийх үүрэгтэй.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэлээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна гэж заасан байдаг.

Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч Туртай овогтой Даркей нь 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Тирлик захын урд байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн байрыг бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн ирснийг улсын бүртгэгч Р.Б хүлээн авч, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж Ү-0213002729 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000201220 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

Улсын бүртгэлийн байгууллагын хийсэн бүртгэл холбогдох хууль журмын дагуу хийгдсэн, ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй байх тул Ү-0213002729 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 000201220 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн одоо маргаан үүсгэж буй газар нь Өлгий сумын Худалдаа бэлтгэл компаниас 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр миний бие 4 сая төгрөгөөр худалдаж авч, Өлгий сумын Засаг даргад хандаж, Өлгий сумын Засаг дарга 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар олгох тухай 80 дугаар захирамжаар 1786 м.кв талбайтай газрыг эзэмшихийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 030100124 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон. Газрын албаны ажилтан Ш.Өнербек гэх хүн уг газрыг хэмжиж, би бүх материалаа бүрдүүлээд газрын гэрчилгээ авч, үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнээс хойш одоог хүртэл газрын хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй.

... 2006 оны 06 сард С.А болон түүний нөхөр болох Ш.Е нар надтай тохиролцож хөлс төлөхөөр болж, миний хашаан доторх саравчны зүүн өмнөд талын хоосон зайд буюу машин орох хаалганы залгаа байрлах модон хашааг буулган дэлгүүр барьсан.

... Тухайн дэлгүүр барьсан газар нь миний эзэмшил газар байсан учир тухайн үед харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулж, тухайн дэлгүүрийг барихад гарсан бүх өртгийг түрээсийн хөлсөнд тооцож би аваад, тэд түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Эдгээр бүх үйл ажиллагааг бид харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн. Хэрэв дэлгүүр барьсан газар нь миний эзэмшлийн газар биш байсан, тэд дэлгүүрээ түрээсийн хөлсөнд тооцож олгоогүй байсан бол тухайн газарт бүтэн 8 жил ямар нэгэн маргаан гаргахгүйгээр зүгээр сууж байх ёсгүй байсан.

... С.А тодорхой хугацааны түрээсийн хөлс төлөөгүй учир би 2013 онд сум дундын шүүхэд хандаж зохих шийдвэр гаргуулж байсан. Энэ шийдвэр гарах үед үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй асуудал яригдсан. С.А, түүний нөхөр Ш.Е нар энэ асуудлыг далимдуулан надаас 8 жилийн түрээсийн төлбөр болох 12.370.000 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэл нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж хэрэгсэхгүй болсон. Үүнээс үр дүн гарахгүй болохоор нь дараагийн асуудал болгож танай шүүхэд хандаж байгаа юм.

... Нэгэнт дэлгүүрийг би түрээсийн хөлсөнд тооцож авсан учир 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, улсын бүртгэлийн 000201220 дугаар гэрчилгээ авсан. Тухайн үед С.А, түүний нөхөр Ш.Е нарын миний эзэмшил газарт барьж босгосон дэлгүүрийн байрны өртгийг миний бие түрээсийн төлбөрт дүйцүүлэн гэрээ хийн худалдан авсны хувьд ... Т.Д миний хувьд эрх шилжүүлж авч байгаагаараа улсын бүртгэл үнэн зөв гэж тооцож байна. Гэрчилгээ авахдаа ямар нэгэн хуулийн заалт зөрчөөгүй, зохих журмын дагуу материалаа бүрдүүлэн өгч бүртгэл хийлгэсэн.

... Т.Д надад газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар захирамж нь С.Агийн ямар нэгэн эрх, ашиг сонирхол,түүний эдийн болон эдийн бус эрхийг зөрчөөгүй болно.

... Бид 1999 онд Худалдаа бэлтгэл компаниас худалдаж авсан Гэр ахуйн барааны дэлгүүр /хуучин нэрээр/ нь уртаашаа 14.5 м, өргөөшөө 21 м, нийтдээ 304.5 м.кв талбайтай дэлгүүр юм. Дэлгүүр одоо ч хуучин хэмжээгээрээ байгаа бөгөөд хажууд нь залгаж өөр дэлгүүрүүд барьсан. Би 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уг дэлгүүрээ Улсын бүртгэлийн хэлтэст шинэчлэн бүртгүүлж, 000105463 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ авсан. Ингэхэд дэлгүүрийн байрлаж байгаа эзэмшил газрын хэмжээгээр 1786 м.кв талбайтай дэлгүүрийн 1 давхар барилга байгууламж гэж улсын бүртгэгч бичсэн байна. 1786 м.кв гэдэг нь одоо миний хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын хэмжээ болохоос биш дэлгүүрийн барилга, байгууламжийн хэмжээ биш юм. Үүнийг шүүх газар дээр нь үзлэг хийж тогтоох бүрэн боломжтой.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар С.Агийн өмчлөлд шилжүүлэн авах гэж буй Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 40 м.кв талбайтай дэлгүүр нь улсын бүртгэлийн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаар гэрчилгээгээр Т.Д, Д.М бид хоёрын хамтын өмч учир С.А уг байрыг нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-02113002729-д бүртгэж, 000201220 дугаар гэрчилгээ олгогдсон Т.Д, Д.М нарын хамтын өмч болох дэлгүүр нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0213000459 тоотод бүртгэж, 000105463 дугаар гэрчилгээ олгосон үйлчилгээний зориулалттай 1786 м.кв бүхий бидний эзэмшил газарт байрлалтай бөгөөд уг барилга байгууламжууд газартай салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж, үл хөдлөх хөрөнгө болох тул бие даасан обьект гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар С.Агийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд үндэслэлгүй, хууль бус шаардлага тавьж нэхэмжлэл гаргаж байгаа С.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Агийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамж болон Т.Д, Д.М нарыг Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000201220 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.А давж заалдах гомдолдоо: Хэрэв гуравдагч этгээд Т.Д нь биднийг болон улсын бүртгэгчийг хуурч мэхлэн гэрчилгээ аваагүй байсан бол 2006 онд бид өөрсдөө зохих журмын дагуу хүсэлт гаргаж, барилга барьсан гээгүй газрыг эзэмшилдээ авч, үл хөдлөхийн эрхийн гэрчилгээг өөрсдийнхөө нэр дээр авах ёстой байсан юм. 2006 он буюу би барилга барих хүртэл иргэн Т.Дд 47 м.кв х 38 м.кв хэмжээтэй, зах уруу орох замаас 8 метр зайтай газар олгосон тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр огт гарч байгаагүй. Иймд, уг 1999 оны 80 дугаар захирамж, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст байгаа схем зургийн хамт хүчин төгөлдөр нотлох баримт болно гэж үзэж байна. 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргын 283 дугаар захирамжаар урьд эзэмшиж байсан 1786 м.кв газар гэж эзэмшүүлсэн 63141 м.кв буюу 86 м.кв газрыг хаанаас, яаж нэмж олгосон тухайгаа тухайн захирамжид дурдаагүй байна. Уг захирамжийг хуульд нийцүүлэн зөв гаргаагүй учраас хууль зөрчиж гарсан захирамж гэж үзэж байна. Засаг дарга захирамждаа 86 м.кв газрыг нэмж эзэмшүүлсүгэй гэж бичих ёстой байтал тэгж бичээгүй байна.

Худалдаа бэлтгэл компани нь 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн Т.Дд 4 сая төгрөгийн үнийн дүнтэй обьект, эд барааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн байдаг. Үүнд, бид маргахгүй байгаа, гол маргаж байгаа зүйл газар эзэмших эрхийн 020100124 тоот гэрчилгээ, мөн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаартай захирамжтай шууд холбоотой. Газар эзэмшүүлэх тухай зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гараагүй байхад 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 020100124 дүгээр газар эзэмших гэрчилгээг иргэн Т.Д олгосон байна. vi гэрчилгээнд газрын хэмжээг 1786 м.кв гэж тэмдэглэсэн байдаг. Дараа нь буюу 40 хоногийн дараа Өлгий сумын Засаг даргын 80 дугаар захирамж гарсан. Уг захирамжид Кегершин хоршооны байрыг хувьдаа худалдаж авсан бичиг баримтыг үндэслэн схем зурагт заасны дагуу барааны зах уруу замаас 4 метрийн зайд, уртаашаа 35 метр, өргөөшөө 47 метр буюу 0.17 га газрыг иргэн Т.Дд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар олгосугай гэсэн байгаа.

Үүнээс хойш өнөөдөр хүртэл гарсан эрхийн гэрчилгээ, гэрээ, захирамжуудад газрын хэмжээ 1786 м.кв гээд заасан байна. 1999 онд алдаатай, буруу бичигдсэн гэрчилгээнээс болоод өнөөдөр хүртэл бүх бичиг баримтууд алдаатай бичигдэж иржээ. Хошахан хоршоо татан буугдаад өв залгамжлалын аргаар газрыг иргэн Т.Д эзэмшээд явсан. Тухайн үед газрын хэмжээ 1786 м.кв гээд явж байсан боловч хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар 1786 м.кв гэх тоо өөрчлөгдөөд, 1760 м.кв газрыг иргэн Т.Дд эзэмшүүлсэн байдаг.

Өлгий сумын Засаг даргын 1999 оны 80 дугаар захирамжийн үндэслэл болсон гол бичиг баримт бол схем зураг юм. Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн схем зураг дахь газрын хэмжээ дээрх захирамжид байгаа 35 м.кв х 47 м.кв гэх хэмжээтэй таарч байна. Анхны Өлгий сумын Засаг даргын захирамжийн үндэслэл болсон схем зураг мөн гэдгийг бид үүгээр гэрчилж байгаа. Уг схем зургаас маргаан бүхий газар хоосон байсан гэдэг нь харагдаж байна. 35 м.кв х 47 м.кв гэдгийг үржүүлж үзэхэд 1645 м.кв гарч байгаа, хамгийн ихэдлээ гэхэд захирамжид заасан 0.17 га гэсэн хэмжээнээс хэтрэхгүй газрыг олгосон гэж үзэх үндэслэлтэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүд асуугдсан. Гэрчүүдийн мэдүүлгийг 1999 оны захирамж болон схем зурагтай харьцуулан үзэхэд гэрч А.Б, А.М, С.Т нарын мэдүүлэг үнэнд ойрхон дөхөм байсан гэдгийг схем зургийг харж байгаад ойлгосон. Газрын асуудлыг сум дундын шүүхийн түрээсийн маргааны явцад олж мэдсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг.

Нэхэмжлэгч миний гол маргаж байгаа зүйл гэвэл тухайн үед гуравдагч этгээдээс газрын гэрчилгээ үзүүлж хуураагүй байсан бол би өөрийн өмчлөлдөө барилгаа бүртгүүлэх ёстой байсан. Яг энэ хэсэгт миний эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас авсан схем зураг, 1999 оны Өлгий сумын Засаг даргын 80 дугаар захирамж зэрэг нотлох баримтуудаас үзэхэд тухайн газар эзэнгүй байсан байна. 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Өлгий сумын Засаг даргын 80 дугаар захирамжид 0.17 га газар гэсэн байна. Захирамжийн дагуу олгогдсон 1999 оны газар эзэмших гэрчилгээнд илүү газар олгож зөрүү гарсан.

Захирамжид заасан хэмжээг зөрчиж илүү газар эзэмшүүлсэн гуравдагч этгээдийн гарт байгаа гэрчилгээг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрчилгээ уг гэрчилгээ бас захирамжийг үндэслээд байгуулагдах ёстой. Уг гэрээнд үндэслэл болгосон захирамжийг архиваас бид олж чадаагүй /энэхүү захирамж огт байхгүй захирамж байсан/. 3 жилийн өмнөх захирамжийг үндэслэн гэрээ байгуулсан нь бас учир дутагдалтай. Дараагийн нэг гол бичиг баримт бол схем зураг юм.

Уг схем зургийн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст байгаа хуулбар хувьд газрын хэмжээг 35 м.кв х 47 м.кв гэсэн мөртлөө Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт байгаа үндсэн буюу эх хувьд нь 38 м.кв х 47 м.кв гэсэн байгаа. Ийм зөрүүтэй байгаа, үүнийг шинээр үйлдсэн байх магадлалтай гэсэн хардалт бий. Учир нь, яагаад зөрүүтэй байгааг хариуцагч тал тайлбарлаж чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг дүгнэж үзвэл тухайн нотлох баримтууд дотор үндэслэлтэй нь 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Өлгий сумын Засаг даргын 80 дугаар захирамж юм.

Уг захирамжид бусад баримтуудыг үндэслэх байсан. Гэхдээ тэрхүү баримтууд нь зөрүүтэй байна. Иймээс 1999 оны гэрчилгээ, бусад холбогдох баримтууд эрхийн доголдолтой гэсэн дүгнэлтэд хүрч байна. Т.Дд 2006 онд нэхэмжлэгч барилга барих үед илүү газар болох 86 м.кв газартай холбоотой газрын гэрчилгээ. гэрээ, захирамж байхгүй байсан.

Иргэн, хуулийн этгээд өөрийн барьсан барилга, байгууламжийн доорх газрыг тэргүүн ээлжид өмчлөлдөө авах эрх нь бий. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д ... энэ хуулийн 5.1.5.2-т заасан газрыг тэргүүн ээлжид үнэгүй өмчилж авах гэсэн заалттай. Мөн хуулийн 5.1.5.2-т ... Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх гэсэн зохицуулалттай юм. Хэрвээ иргэн Т.Д энэ газар миний газар гэж худлаа хэлж тухайн барилгыг өөрийн нэр дээр буулгаж аваагүй байсан бол хуулиараа нэхэмжлэгч тухайн газрыг тэргүүн ээлжид эзэмшилдээ авах бүрэн боломжтой байсан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь ...газрын албаны үүрэгт хамаарч байгаа тул 1786 м.кв газар эзэмшүүлсэн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан асуудалд иргэн Т.Дг буруутгах үндэслэлгүйгээс гадна энэхүү 1786 м.кв газрыг эзэмшүүлэхээр 1999 онд гэрчилгээ олгогдсон асуудал нь маргаан бүхий газарт 7 жилийн дараа буюу 2006 онд дэлгүүрийн барилга барьсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул уг гэрчилгээг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ байна гэж дүгнэлээ... гэсэн нь огт үндэслэлгүй хэт нэг талын ашиг сонирхлыг бодож хууль зөрчиж дүгнэсэн.

Учир нь 1999 онд Засаг дарга захирамждаа 1700 м.кв газрыг олгохоор захирамжилсан мөртлөө газрын алба түүнд заасан хэмжээнээс илүү газар олгосон явдлыг хууль ёсны байсан мэтээр мөн маргаан бүхий газар /Тил-Анар дэлгүүрийн байр байгаа газар/ тухайн үед Т.Дн эзэмшилд байгаагүй сул газар байсан юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь ... Сул чөлөөтэй газар биш болох нь сансрын зураг /2005 оны/, гэрч Ж.Естай, А.Хоршабай, Ж.Ержан, Ж.Бахытгүл М.Еркинбек нарын мэдүүлэг нэхэмжлэгчийн өөрийнх нь сум дундын 2 дугаар шүүхэд гаргаж байсан тайлбар, мөн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Худалдааны байранд талбай түрээслэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэхүү нэхэмжлэгч С.Агийн нөхөр Ш.Е, иргэн Т.Д нарын байгуулсан гэрээний 2.3 дахь заалтад ... түрээслүүлэгчийн газарт барьсан байрны үнэ болох 2600 000 төгрөг нь түрээсийн төлбөр болох 15 сард багтах болно гэж тусгасан.

Мөн нэхэмжлэгч С.А нь ..анх дэлгүүрээ тухайн газарт бариад Т.Дтэй амаар тохиролцож түүнийг 2.600.000 төгрөгөөр үнэлээд түүнд худалдаж, уг мөнгийг 15 сарын түрээсийн төлбөрт тооцож, түрээсийн гэрээ байгуулсан гэж мэдүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ... гэжээ. Сансрын зураг гэдэг нь ямар ч баталгаагүй засвар сүүлд фотошопоор засаж янзалсан зураг байж болох тул түүнтэй үндэслэн шийдвэр гаргах нь учир дутагдалтай, мөн гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа гэх боловч маний хүсэлтээр мэдүүлэг авагдсан гэрч нар тухайн газрыг сул чөлөөтэй байсныг нотолж байгаа.

Яагаад тэдгээр хэдэн гэрчийн мэдүүлгийг үнэлж бусад гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй байдаг билээ. Түрээсийн гэрээний тухай яривал тухайн үед Т.Д энэ бол миний газар гэж хэлсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ үзүүлсэн учраас аргагүй байдалд түүнтэй түрээсийн гэрээ байгуулж байсан юм.

Түүний тухайн үед намайг хуурч мэхлэн ийнхүү гэрээ хийснийг сүүлд мэдлээ. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Анхан шатны шүүхээс тухайн үед яагаад гомдол гаргаагүй хэмээн намайг буруутгаж байх шиг санагдсан. Би тухайн үед энэ талаар мэдээгүй бөгөөд хэрэв мэдсэн бол тухайн үед аймгийн Засаг дарга болон газрын албанд гомдлоо гаргаж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах байсан.

Би 1999 оны 09 дүгээр сарын 25-наас 2006 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны асуудлыг хөндөж байхад хариуцагч болох аймгийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, газрын алба, гуравдагч этгээд, нөгөө талын гэрчүүд, мөн шүүгч 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл гарсан захирамж шийдвэр 2011 онд манай аймагт явагдсан кадастрын зураг, аймаг сумын Засаг даргын гаргасан захирамжийн дагуу газрын гэрчилгээ, гэрээ бичигдэх хуультай мөртлөө түрүүлж бичигдсэн газрын гэрчилгээг шийдвэрийн үндэс болгоод байгаа нь эргэлзээ төрүүлээд байна.

2002 онд 50 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхэд хүчин төгөлдөр байсан /47 м.кв х 35 м.кв/ схем зургийг одоо болохоор нотлох баримтаар аваагүй байдаг нь зүйн бус хэрэг байна. Захиргааны шүүх хурал дээр иргэн Т.Д тайлбар өгөхдөө би уг схем зургийг өгөөгүй огт мэдэхгүй юм байна гэсэн. Тэгэхлээр иргэн Т.Дн бүрдүүлэх материалыг өөр хүн юм уу, улсын бүртгэлийн хэлтэс өөрөө бүрдүүлэн авч архивт хадгалаад байгаа болж байна ууНотлох баримтаар авсан газрын алба дахь үндсэн хувь гэж байгаа схем зураг нь он, сар, өдөр, үйлдсэн хүний нэр, гарын үсэг, тамга, тэмдэггүй байгаа. Захиргааны шүүхийн хэргийн явцад Өлгий сумын газрын даамал н.Зангар, газрын албаны мэргэжилтэн н.Ермурат нарын хэмжилт хийж үйлдсэн схем зураг дээр тодорхой гарч ирээд байхад шүүх бидний маргаан бүхий дэлгүүрийн газар Т.Дн эзэмшил газрын аль хэсэгт байгаа нь тогтоогдоогүй байна гэж шийдвэрлэсэн байдаг. Маргаад буй газар дээр барьсан дэлгүүрийн барилгыг намайг байхгүй хойгуур миний нөхөр н.Ермекээс хүчээр шахуу түрээсийн үнэнд оролцуулан авсан болохоос бид хоёрын хооронд 263.д зааснаар бичгээр хийсэн худалдах, худалдан авах гэрээ огт байхгүй байгаа.

Миний гарын үсэг ч алга. Амаар тохирсон зүйл ч байхгүй. Эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхэд 21.2-т зааснаар урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн албанд хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана гэж заасан байдал.

Сум дундын иргэний хэргийн 146 дугаар шийдвэр дээр иргэн Т.Дн эзэмшил гээд байгаа 1786 м.кв газарт энэ хэмжээгээр нэг давхар барилга байгууламжийн хууль ёсны өмчлөгч мөн байна гэдгээр шийдвэр гаргуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ байдлаар үзэхэд газар дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийн эзлэх талбайн илүү гарчихаад байна.

Жишээ нь: /1786 м.кв + 50 м.кв + 40 м.кв = 1876 м.кв/

Аймгийн Засаг даргад 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн өргөдлийн хариуг өгөөгүй мөртлөө 2015 оны 03 дугаар сарын 13-нд иргэн Т.Дд А/129 дүгээр захирамж гаргаж өгсөн. Би хоёр дахь өргөдлөө 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгч, хариуг нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 8.03/1379 дүгээр албан бичгээр авсан. Үүн дээр 86 м.кв газар илүү олгосон гэж үзэхээр байна гэж дурдсан байгаа юм. Уг газрын 2 кадастрын зураг, хоёр хүний эзэмшиж байсан путкийн эзнийг шүүх хурал болж өнгөрсний дараа олж мэдсэн болно.

Иймд, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамжулсын бүртгэлийн Ү-0213002729 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Агаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамж, Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, 40 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр Т.Д, Д.М нарыг бүртгэсэн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000201220 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт /хуучин 4 дүгээр баг/ Тирлик захын урд байрлах Гэр ахуйн барааны дэлгүүрийн барилга бусад обьектуудын орчмын 0.17 га газрыг Өлгий сумын Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар захирамжаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар анх иргэн Т.Дд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар газар эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар захирамжаар Т.Дн үүсгэн байгуулсан Хошахан ЗГБХ нөхөрлөлд, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар газрын хэмжээг 1760.6 м.кв болгон иргэн Т.Дд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсээр иржээ.

Иргэн Т.Дгийн эзэмшил газарт Тил-Анар дэлгүүрийн барилга багтаж байгаа нь хэрэгт авагдсан Көгершин хоршооны /хуучин Гэр ахуйн барааны дэлгүүр/ эдэлбэр газрын зураг, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч С.А Т.Дд газар эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө тухайн газрыг эзэмших, ашиглах талаар эрх бүхий этгээдэд хандаж хүсэлт гаргаж байгаагүй, газрыг Т.Дд эзэмшүүлсэн шийдвэр болон Тил-Анар дэлгүүрийн өмлөгчөөр бүртгэсэн бүртгэлтэй холбогдуулан урьд нь маргаж байгаагүй бөгөөд зөвхөн хууль бусаар газар түрээсэлж, авсан, уг газрыг түрээслэхдээ илүү төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр Т.Дгээс төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, маргаж байсан нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 71 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 718 дугаар тогтоол зэргээр тогтоогдсон байна.

Тиймээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 80 дугаар захирамжаар 0.17 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхээс өмнө газар эзэмших гэрээг түрүүлж иргэн Т.Дд олгож, түүндээ газрын хэмжээг 1786 м.кв гэж заасан нь нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээдээс өөрийн эзэмшлийн газар дээр байрлах дэлгүүрийн барилгыг өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу гаргасан мэдүүлгийг улсын бүртгэлийн байгууллага хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000201220 дугаар гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 /Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна/-т заасантай нийцсэн тул бүртгэлийг хууль бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Захиргааны хэргийн шүүх тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон, нэг удаагийн захирамжилсан шинжтэй, захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг учир захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн бичгээр хийсэн Худалдах, худалдан авах гэрээ байхгүй, сум дундын иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хууль зөрчсөн гэх гомдлуудад дүгнэлт өгөх боломжгүй.

Иймд, эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР