Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

  2022          02          14                                     2021/ШЦТ/86

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

Шүүгдэгч: Н.М-, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.М-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000150073 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.М-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.М- нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хажууд иргэн Д.М-г тодорхой шалтгаангүйгээр нүүр хэсэг рүү нэг удаа мөргөж, гараараа цохиж улмаар түүний биед “зүүн зовхинд шарх, цус хуралт, зулгаралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч анх надаас 10 сая төгрөг нэхэмжилсэн. Дараа нь 5 сая болсон. Шүүхэд хэрэг шилжих үед 1 сая төгрөг өг гэсэн. Би толгойн зураг авахуулсан гэж нэхэмжилсэн 120.000 төгрөгийг шилжүүлсэн. Баримттай хохирлыг барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Акуа ... улсын дугаартай автомашинаараа таксинд өдөржин явсан. Шөнийн 12 цаг өнгөрч байхад Цамбагаравын баруун талын замаар эргэхэд 3 залуу гар өргөхөөр нь аваад хороолол руу явсан. Хорооллын байрнуудын дунд нэг газар сууж архи ууя гэхэд тэр нэг залуугийн нь эхнэр залгаад гэмтэл дээр байна хүрээд ир гэсэн. Тэгээд би нөгөө 3 залууг аваад гэмтэл рүү автомашинтайгаа явсан. Гэмтлийн хаалганы гадна очиход ногоон эрээн куртиктэй, дунд зэргийн нуруутай залуу машинаас буугаад эхнэрийгээ очиж зодсон. Тэгээд эхнэрийнх нь хажууд автомашинтай зогсож байсан залууг ...нийлж зодох гээд байсан юм. Тэгэхээр нь би зодоон болохоос урьдчилан сэргийлэх гээд тэр хэд дээр очиход хөх куртиктэй нь миний нүүр хэсэг рүү нэг удаа мөргөж, гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд гарнаас нь бариад зогсож байхад эхнэрийгээ зодож байсан залуу араас ирээд нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Ар талаас нуруу хэсэг рүү 2-3 удаа мөн адил цохисон. ...шүүх эмнэлгийн 38 дугаартай дүгнэлтээр миний биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зулгаралт гэмтлийг миний нүүр хэсэг рүү мөргөсөн, цохисон залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөхөр намайг “чи зүгээр бай” гээд түлхсэн. Тэрийг нөхрийн сууж явсан таксиний жолооч ах М- харчхаад эхнэрээ зодож байна гэж ойлгоод бид хэд дээр ирсэн. Тэгээд дундуур нь ороод “боль” гээд манай нөхрийг түлхэхэд М- найз Ганбаттай нь муудалцаад байна гэж ойлгоод М- гэх таксины жолоочийг нэг удаа мөргөж, 1-2 удаа нүүр хэсэг рүү нь цохиход эргүүлээд М-ын толгой руу хэд хэдэн удаа цохиод түлхэхэд М- хойшоо халтираад унасан. Тэгээд тэр ахыг хойш нь хараад зогсож байхад Ганбат нь М- найзыг нь зодоод унагаасан байна гэж ойлгоод хойноос нь 2 удаа өшиглөсөн. Тэр ахыг унатал нь өшиглөсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний сууж явж байсан таксины жолооч хүрч ирэхэд найз М- таксины жолоочтой маргалдаад нэг удаа нүүр рүү нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Шинжээчийн 38 дугаартай дүгнэлтэд: “...Д.М-гийн биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 30-31/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 4/, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-62/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Н.М- нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хажууд иргэн Д.М-г найзыг нь зодож байна гэсэн шалтгаанаар нүүр хэсэг рүү нэг удаа мөргөж, гараараа цохиж улмаар түүний биед “зүүн зовхинд шарх, цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.М-гийн мэдүүлэг, гэрч Б.Н-, Г.Г- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.М- нь хохирогч Д.М-г өөрийн найзыг нь зодож байна гэж буруу ойлгон улмаар түүнийг цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Н.М-ын хохирогч Д.М-г цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.М- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Д.М-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчид 120.000 төгрөг төлсөн ба хавтаст хэрэгт хохирогчийн эмчилгээ хийлгэсэн, мөн эмчилгээ хийлгэх талаарх нотлох баримт авагдаагүй бөгөөд цаашид хэдэн төгрөгийн хохирол гарах эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогчид 120.000 төгрөгийн хохирол төлсөн тул доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Н.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 120.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Д.М- нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-ад   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР