Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр /томилолтоор/,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205002410107 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** урьд ял шийтгэлгүй, О.Б /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажиллаж байсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Синчи Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцын тухайн өдрийн орлого болох 9.182.203 төгрөгийг банканд тушаана хэмээн хуурч авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

           Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажиллаж байсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Синчи Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцын тухайн өдрийн орлого болох 9.182.203 төгрөгийг “***” ШТС-1 салбарт тушаана” хэмээн хуурч авч явсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хувьсгалчдын зам гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн харьяа ШТС-9 дээр түгээгчээр ажиллаж байсан О.Б гэх залуу 24 цаг ээлжид гараад тухайн өдрийн бэлэн мөнгөний орлого болох 9.182.203 төгрөгийг тушаана гэж кассан дээрээс авч гараад тэр чигээрээ дахиж ирэхгүйгээр алга болсон. О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагад ажилд орох хүсэлт өгөөд 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тухайн салбар дээр гарч эхэлсэн бөгөөд 3 дахь удаагаа гараанд ажиллаж байсан. Тухайн өдрийн орсон орлогыг маргааш өглөө нь буухдаа Тасганы овоонд байрлах “***” ШТС-1 салбар дээр авчирч тушаадаг...” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

         Гэрч Л.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Бий хамт ээлжид гараад 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ээлжээс буугаад өглөө ээлж хүлээлцээд тооцоогоо хийсэн. Тэгэхэд миний тооцоо ял таараад Бий тооцоо 97.000 төгрөгийн зөрүү гарсан. Үүнээс Б “35.000 төгрөгийн бензин хүнд өгчихсөн, тэр хүн миний данс руу шилжүүлчих байх” гэж байсан. Тэгээд “үлдэгдэл мөнгийг нь би өөрөө зохицуулчихна, ямар ч байсан болгоод мөнгөө аваад тушаачихна, та юунд нь санаа зовох вэ, би мөнгийг нь төв салбар дээр аваачаад өгчихнө” гэхээр нь би түрүүлээд явсан. ...Компанийн зүгээс яг энэ нь тушаана, тэр нь тушаана гэдэггүй учир өглөө аль боломжтой  нь аваачиж өгдөг. Тухайн өдөр Б намайг “та яв яв, би тушаачихна, санаа зоволтгүй” гээд байхаар нь би итгээд түрүүлээд явсан. Гэтэл өдрийн орлого болох 9.100.000 орчим төгрөг аваад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

         Гэрч Э.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.Б нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зурагтын эцсийн Супер-92 колонк дээр түгээгчийн ажилд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 3 удаагийн ээлжид ажилласан. Ороод удаагүй байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ээлжид гараад 17-ны өдөр ээлжээ хүлээлцсэн. Манай шатахуун түгээх станцын салбарууд төв салбар дээрээ орлогоо төвлөрүүлдэг. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б нь тухайн өдрийн орлого болох 9.000.000 орчим төгрөг /яг нарийн дүнг нь санахгүй байна/ төв рүү авч яваад тэр чигээрээ алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,        

         “***” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...Нийт 9.182.203 төгрөг” гэх борлуулалтын мэдээ /хэргийн 5 дугаар хуудас/,

         Шүүгдэгч О.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “***” шатахуун түгээх станцад ажилд орсон.Тэгээд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зурагтын хуучин эцсийн хажууд байдаг салбар дээр 1 хоног дадлага хийгээд тухайн газраа жинхлэгдээд ажиллахаар болсон. Тэгээд 3 хоног ажиллаад сүүлийн өдрийнхөө өглөө нь буухдаа бэлэн мөнгөний орлого болох 9.202.200 төгрөгийг авч явж “***” ХХК-ийн төв оффист очиж тушаах ёстой байсан боловч би өөрөө аваад явсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 37-39 дүгээр хуудас/, ажилд орохыг хүсэгчийн анкет /хэргийн 40-41 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажиллаж байсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Синчи Ойл” ХХК-ийн шатахуун түгээх станцын тухайн өдрийн орлого болох 9.182.203 төгрөгийг “***” ШТС-1 салбарт тушаана” хэмээн хуурч авч явсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “***” ХХК-ийн борлуулалтын мэдээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг ойлгоно.

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

         Шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч О.Бийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

    Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***” ХХК-д 9.182.203 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байна.

           Иймд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Бээс 9.182.203 төгрөгийг гаргуулж, хохирогч “***” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч О.Бий хувьд хохирол төлбөрийг барагдуулаагүй, мөн түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олдог гэх баримт байхгүй тул хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

             Шүүгдэгч О.Бий хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “...өөрийгөө илчилсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Бийг “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагын хохирол нөхөн төлүүлэх, нийгэмшүүлэх зорилгын хүрээнд түүнд 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч О.Бий 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Бийг Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Бий 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Бээс 9.182.203 төгрөгийг гаргуулж, хохирогч “***” ХХК-д олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО