Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

   2022          02          07                                     2021/ШЦТ/68

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: П.Отгонбаатар /томилолтоор/,

Хохирогчийн төлөөлөгч: Э.О-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх /онлайн/, Б.Очирдорж,

Шүүгдэгч: С.О-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, П.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт С.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805027830339  дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.О-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч С.О- нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ний “...” гэх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт зээлийн мэргэжилтнээр 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа хуурамчаар зээл гаргах, хуурамчаар хаалт хийх, сунгалт хийх зэрэг аргаар ажил хүлээлцэх үед бэлэн байсан кассын үлдэгдэл, зузаатгал нэртэй тус компаниас санхүүжүүлсэн санхүүжилтийн орлого, зээлийн үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны орлого болох сунгалтын хүү, хаалтын хүү, иргэдийн барьцаалсан хөрөнгийг зарж борлуулсан орлого зэрэг тус компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 168.765.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.О- шүүх хуралдаанд: “...Би анх хохирогчтой 2013 онд танилцаж байсан. Би энэ ажлыг хийхээс өмнө нэг байгууллагад ажиллаж байсан бөгөөд тухайн үед байгууллагын үйл ажиллагаа татан буугдах гэж байсан. Би ажлаасаа гарна гэсэн бодол байгаагүй. Надтай О- ажлын санал тавьж байна гээд холбогдсон. Тэгээд 2017 оны 02 дугаар сард ажлаасаа гарч 2017 оны 3 дугаар сарын 25-наас эхлээд барьцаалан зээлдүүлэх газарт ганцаараа зээлийн менежерээр сууж эхэлсэн. Шинэ орсон хүмүүсийг хулхи эд зүйл авч болохгүй гэж сануулж байсан. Тэгсэн хэдий ч би өөрийн хэмжээнд сайн шалгасан хэдий ч 10 гаран сая төгрөгийн өрөнд орсон байсан. Тэгээд нэмж зээлийн баримт хуурамчаар бичсэн. Жишээ нь 1327 дугаартай зээлийн гэрээтэй хулхи эд зүйл авсан тул би өрөнд орно гэсэн ойлголттой байсан учраас 1328 дугаартай зээлийн гэрээ үүсгэн 1327 дугаартай 100.000 төгрөгийн зээл нь хүүтэйгээ нийлээд 107.000 болж байвал 1328 дугаартай зээл үүсгэн 107.000 төгрөгийн зээл гарсан гэж 1327 дугаартай зээлийг хаадаг байсан. Миний хуурамчаар бичсэн зээлийн гэрээ 100 хэдэн сая төгрөг хүртлээ мөнгө завшсан зүйл байхгүй. Тийм орлого орж ирээгүй. Бүх дансны хуулгыг шалгаж үзэхээр миний дансаар 80 гаран сая төгрөг орж ирсэн байдаг. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхдээ би хохирлыг хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Э.О- шүүх хуралдаанд: “...Би О-тэй 2013 онд танилцаж, эгч дүүгийн харилцаатай байсан. Төрсөн дүүгээсээ илүү ханддаг байсан учраас хамтран ажиллах санал тавьсан. Өөрөө ч ажиллана гэж анхнаасаа ярьж байсан. 2016 оны 11 дүгээр сард “...” барьцаалан зээлдүүлэх газрыг нээж байсан. Ингээд 2017 оны 2 дугаар сар хүртэл би ганцаараа ажиллуулсан. 2 дугаар сараас С.О-ийг 45 хоногийн хугацаатай дагалдуулан авч, 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн С.О- нь ганцаараа сууж эхэлсэн. Тэгэхдээ би 7 хоногт, 14 хоногт нэг удаа очиж, зааж зааварлаж байсан. Хуурамч алт, монет эдлэлийг чулуун дээр зурж, тусгай бодисоор шалгахад тодорхой харагдана. Хуурамч алт, монет авсан гэдэг нь С.О-ийн хийж байгаа үйлдэл. 2017 оны 3 дугаар сарын 25-наас ажилд орсон байтал анхны үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын дундуур нөүтбүүкээр эхэлсэн байдаг. Миний санаж байгаагаар Жавхлантөгс гэх хүн байсан санагдаж байна. Тухайн нөүтбүүкийн зээлийн баримтыг гаргаж, бодитой зээлдэгч рүү яриад зараад алдагдлаа нөхөж байсан зүйл байгаа. Цагдаагийн байгууллагад зээлийн баримт, кассын дэвтэр гэх мэт бүх баримтыг гаргаж өгсөн. С.О- нь 41 сая төгрөгийг над руу шилжүүлсэн гэж байна. Энэ мөнгийг өөрийн цалингаараа эргүүлж төлж байсан гэж байна. Ихэнх гүйлгээний буюу 90 хувь нь бид хоёрын дансаар хийгдсэн. Хуурамчаар бичсэн зээлийн сунгалт, хаалтууд гэж 2.605.800 төгрөг над руу орж ирсэн. Магадгүй энэ мөнгийг өөрийн цалингаараа төлсөн байх. Үлдсэн бүх мөнгө нь бодитой зээлийн, бодитой зээлдэгч нарын мөнгө. Би ойр ойрхон хүүхдээ эргэж гадагшаа явдаг мөн хөдөө явдаг байсан. Энэ үед бусад харилцагчаас мөнгө орж ирдэг байсан. Гэтэл С.О- нь 2017 оны 8 дугаар сараас эхлэн намайг “ таныг гадагшаа, дотогшоо явахаар хүмүүс мөнгө орсон гэдгийг шалгаж чадахгүй байна, өөрийн дансаар аваад тань руу шилжүүлж байя” гэх санал тавьсан. Би 100 хувь итгэж байсан болохоор “миний дүү дансаараа аваад эгчийнхээ данс руу шилжүүлж бай” гэж хэлсэн. Дансны хуулгыг харахад бодиттой зээлдэгчийн мөнгийг шилжүүлээгүй тохиолдол байсан. Баасанбямба гэх бодитой зээлдэгчийн мөнгө 500.000 төгрөгийг над руу шилжүүлээгүй тохиолдол хүртэл байсан. Байрны тухайд “Ариг банкнаас” 30 сая төгрөгийн зээлийг авсан. Үүнээс 20 сая төгрөгийг манай нөхөр бэлнээр авч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. 9.810.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байдаг. Энэ зээл нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Үндсэн төлөлтөө 5 дугаар сарын 12-ноос төлөх ёстой байсан. Гэтэл С.О- нь зээлээ төлөхгүй алга болсон. Тэгээд эхний төлөлтийг би хийсэн. Төлөлтөө хийгээд 5 хоногийн дараа 1 салбар дээр очиход 7 сая төгрөгийн бараатай, тухайн бараа нь миний сууж байсан үеийн зээл олголт байсан. Бусад нь чулуу, тоосго байсан. Энэ хэрэг гараад 4 жил болж байна. Энэ хугацаанд хувь хүн, банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн зээл, хүүний өрөнд дарагдсан. С.О- нь 4 жилийн хугацаанд надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Өөрөө хэрэг хийсэн хүн шиг цагдаагийн байгууллагад очиж, байнга хяналт тавьж явсаар ирсэн. Хохирол төлбөр болох 168.765.000 төгрөг болон аудитын төлбөр 4.000.000 өмгөөлөгчийн хөлс 8.000.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Э.О- гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 7 хоногийн өмнө ломбардандаа тооллого хийсэн. Ингээд тооллогын явцад 46.000.000 төгрөг гарсан байсныг мэдсэн. Ингээд ажилтан болох С.О-ийг дуудахад С.О- нь таньдаг хүмүүстэй зээлсэн байгаа бүгд найдвартай хүмүүс байгаа юм. 7 хоногийн дараа бүх мөнгөө хүүтэй нь аваад ирнэ гэж хэлсэн. Ингээд би 7 хоног хүлээгээд ирэхгүй нөхөр Т-, нөхрийн эгч Х.А-, ах Б- нарт хэлсэн. Ингээд манай нөхөр С.О-ийг мөнгөө олоод ир гэж явуулсан. Явсаны дараагаар эгч А- ажил дээр ирээд барьцаанд байгаа хамгийн их сунгалттай нэг аппарат, нэг нөүтбүүкний барьцааны эд зүйлс байгаа гэх савыг задлахад аппаратын савнаас чулуу, нөүтбүүкний савнаас дөрвөлжин цаас гарч ирсэн. ...О-ийг ирэхээр нь асуухад гэрт байгаа гэж хэлсэн боловч цагдаа ирсэний дараа гэрт байхгүй гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 78-86/,

Хохирогчийн төлөөлөгч Э.О- мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд 2017 оны 02 дугаар сарын сүүлээр дадлагажигчаар ... ломбардандаа авч сургаад 2017 оны 3 дугаар сараас эхлэн бие даан ажиллах чадвартай болсон гэж үзсэн тул 2017 оны 4 дүгээр сараас эхлэн ...-1 ломбардын салбарыг хариуцуулан ажиллуулахаар болсон. С.О- нь ажиллаж байх хугацаандаа өдөр тутмын кассын гүйлгээг явуулж тухайн өдөр гаргасан зээл, зээлийн хаалт, зээлийн хүүний дэлгэрэнгүй мэдээлэл мөн бэлэн мөнгөний эцсийн үлдэгдлийг мэдээлдэг байсан. Миний хувьд 14 хоногт 1-2 удаа биечлэн очиж ажилтай нь танилцаж эргэлтийн хөрөнгө шаардлагатай тохиолдолд дансаар болон бэлнээр зузаатгал хийдэг байсан. Сар бүрийн тооллогоор зээлийн барьцааны боолт, лацтай эд барааг баримттай нь тулгаж үзэж байсан хэдий ч барьцаанд тавьсан эд зүйлсийн лацыг хөндөх задлах боломжгүй тул цүнх болон хайрцаг баглааны гадна талаас тоолж лацыг шалгаж байсан. Гэтэл манай ломбардны зузаатгал санхүүжилт доголдох болсон тул эргэн төлөлтүүд удааширч эхэлсэн байдаг. 2018 оны 5 дугаар сараас С.О- нь ажлаа таслах зэргээр зөрчил гаргах болсон тул ... 1 ломбардны үйл ажиллагаа барьцааны эд зүйлсийг шалгаж үзтэл барьцаа хөрөнгө болох лац, боолттой эд зүйлсээс чулуу гэх мэт зүйлс гарч ирсэн тул тэр дарай цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргаж бүх баримт бичиг тооцоог битүүмжлүүлж шалгуулсан болно. Мөн цагдаагаас С.О-ийн гэрт нэгжлэг хийж 344 ширхэг 186.410.000 төгрөгийн зээлийн гэрээг хурааж авсан. ...С.О- нь 2017 оны 7 дугаар сараас эхлэн 2017 оны 12 дугаар сард илт мөнгөжүү болж, тухайн үедээ хамгийн үнэтэй гар утас болох iphone 7 plus шинэ утастай болж, Айфель мак бүүк эйер /Apple macbook air/ зөөврийн компьютер барих болсон ба Орос руу аялах зэргээр гадаад, дотоодод зугаалах болсон. Энэ үед би О-ээс хаанаас ямар мөнгөөр энэ үнэтэй зүйлүүдийг авах болсныг тодруулж байсан ба тэрээр Шведэд амьдардаг найз залуугаас бэлгэнд ирсэн гэж тайлбарлаж байсан” ...Хөдөлмөрийн гэрээ яагаад байгуулаагүй вэ гэхээр С.О- нь өмнө ажиллаж байсан “MGL Дизайн” ХХК-иас гэнэт халагдсаны тэтгэмж, Нийгмийн даатгалаас авдаг байсан учир өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Учир нь тухайн хөдөлмөрийн гэрээг байгуулах юм бол О-ийн Нийгмийн даатгалаас гэнэт халагдсаны тэтгэмж авч чадахаа болчихно гэж гуйгаад байхаар нь зөвшөөрөөд мөнгөө авч дуусах хүртэл нь хөдөлмөрийн гэрээ хийхээ хойшлуулсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 87-100/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О- мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...шүүх хуралдааны явцад өөрийгөө надад 44.000.000 төгрөгийг нөхөн төлсөн гэж яриад байгаа гэтэл тийм зүйл байхгүй энэ нь дээрх зээлийн гэрээний сунгалт, хаалтын мөнгийг өөрийнхөө дансаар авч над руу дамжуулсан үйлдэл юм. Дээрх 44.000.000 төгрөгийг нь С.О-ийн манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа над руу шилжүүлсэн мөнгө гэдэг нь бол дансны хуулганы хугацаанаас харагдах байх гэж бодож байна. Энэ хүний хувьд бол цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн цагаас хойш ямар нэгэн байдлаар огт мөнгө төлөөгүй. Тэр ч байтугай биднээс мөнгө нэхэмжлээд байгаа юм. ...Би ойлгохдоо 2017 оны 7, 8 дугаар сард тус тус 1 удаа барьцаагүйгээр хуурамч зээлийн гэрээ үйлдэж мөнгө аваад сүүлдээ 2017 оны 9, 10, 11, 12 мөн 2018 оны 01 дүгээр саруудад хуурамчаар зээлийн гэрээг идэвхтэй үйлдэж эхэлсэн гэж ойлгоод байгаа юм. Энэ нь бол тус шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 322 ширхэг гэрээний он, сар, өдөр зэргээр харагдаж байгаа юм. ...тус шинжилгээний дүгнэлттэй маргах зүйл бол байхгүй учир нь тус 322 ширхэг гэрээ нь С.О-ийн үйлдсэн хуурамч гэрээ гэдгийг бол хэргийн газрын үзлэг хийж байх явцад мэдсэн. Мөн тухайн үед ломбарданд байсан бүх зээлдэгчтэй би утсаар холбогдож үзэхэд дийлэнх нь ашиглалтанд байхгүй, холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан байсан бөгөөд ерөнхийдөө С.О-ийн зээлийн гэрээнүүдийн 1 ч харилцагчтай холбогдож чадаагүй. ...322 ширхэг гэрээний баримтуудтай 1 бүрчлэн танилцсан, мөн одоо яриад байгаа 7 хүнээс ...Тэмүүлэн ...Долгоржав ...Одгэрэл гэх хүмүүсийг бол мэдээд байна учир нь Тэмүүлэн болон Долгоржав нар манай хажууд байрлах Төгөлдөр нэртэй цайны газрыг ажиллуулдаг байсан ба эдгээр хүмүүс нь өмнө нь манай ломбарданд эд зүйл барьцаанд тавьж байсан гэдгийг бол мэднэ. Одгэрэл гэх хүн бол харин охинтойгоо цуг үйлчлүүлээд хөөрөг, гар утас зэргийг барьцаанд тавьдаг байсан. Гэхдээ бол хамгийн сүүлд Айфоне 7 плас загварын гар утсыг барьцаанд тавиад дэлгэцний шил буланд нь хагарчихсан байна гэх мэт хэл ам 1 л удаа гаргаж ирсэн. Тэр үед нь би бол тэр хүнийг цагдаад ханд гэж хэлсэн юм. Дээрх барьцаат зээлийн гэрээнүүдийг бол харлаа эд нар бол надад мөнгө нь орж ирээгүй зүйлс байгаад байна. Одгэрэлийн хувьд бол баримт солиод 10304 дугаар болсон байна. Энэ нь манай хохиролд орж байгаа. Би дээрх 7 хүний регистр бичигдсэн гэх баримтуудад хаагдсанаас бусад зээл нь манай байгууллагад ямар нэгэн байдлаар орлого болж орж ирээгүй мөнгөнүүд байна” гэсэн мэдүүлэг /хх 6-н 11-14, 7-н 133-134/,

Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нагац дүү Э.О- хөдөө яваад нэг удаа миний утас руу залгаад Эх нялхасын барьцаалан зээлдүүлэх газрын салбар дээр зузаатгалын мөнгөгүй болчихлоо та С.О- рүү мөнгө шилжүүлээд өгөөч очиж байгаад өгье гэж хэлэхээр нь тухайн 2 гүйлгээг хийсэн. Зарим үед Э.О- зузаатгалын мөнгө гэж шилжүүлэн аваад буцаагаад өгдөг байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 118-119/,

Гэрч Э.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ... ХХК-ний “...” барьцаалан зээлдүүлэх газрын “Саппоро” салбарт 2017 оны 7 дугаар сараас эхлэн нөхөр Э.Т-ын хамт ажиллаж байгаа. С.О- нь манай компаний барьцаалан зээлдүүлэх газрын “Эх нялхас” салбар дээр ажилладаг болохоор зарим тохиолдолд амарсан үед нь тухайн газарт нөхөж ажилладаг болохоор тэр үеэс таньдаг болсон. ...Би 7 дугаар сард “...” ХХК-ний захирал Э.О- хөдөө явчихсан байсан болохоор нөгөө салбар маань мөнгөгүй болчихоод кассын зузаатгал гэж мөнгө шилжүүлсэн. Кассын дэвтэр дээр бичээд, дансаар шилжүүлсэн хуулгаа баримт болгон авч үлддэг. 3 удаагийн гүйлгээгээр зузаатгалын мөнгө шилжүүлэн өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 121-122/,

Гэрч Э.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “...” барьцаалан зээлдүүлэх газрын “Саппоро” салбарт 2017 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаа. Тухайн үед ...захирал Э.О- гадагшаа явчихсан байсан болохоор нөгөө салбарт зузаатгал гэж С.О-ийн данс руу 450.000 төгрөг шилжүүлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 116-117/,

Гэрч А.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд миний эхнэр болох Э.О- 5 сар гарснаас хойш бараг ажиллаагүй, бөө хүний түшээ болж байгаа гэх мэт шалтгаан хэлээд ажил дээрээ нэг шалгалт хийж үзье гэж хэлэхээр нь С.О-ийг дуудаж ирүүлж байгаад тооллого болон баримтын шалгалт хийхэд ямар нэгэн барьцаагүйгээр /эд зүйлгүй/ хуурамч барьцаалан зээлдүүлэх гэрээ хийж мөн заримд нь ямар нэгэн гэрээгүйгээр нийт 46.000.000 төгрөгийн зарлага гаргачихсан байсан. Тэгэхээр нь яагаад ийм юм болсон бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь бүрэн шалгалт хийхээр болж барьцаалан зээлдүүлсэн гэх эд бараанаас 1 ширхгийг задалж үзэхэд дотроос нь чулуу гарч ирсэн. Эд барааны баримтыг авч үзэхэд Канон 5Д марк-2 гэсэн баримт үйлдчихсэн байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн компаний нийт хохирлыг тооцож үзэхэд одоогийн байдлаар 171.696.700 төгрөг болчихсон бөгөөд С.О- нь нөүтбүүк болон камерийн цүнхэн дотор бичгийн цаас, ном, чулуу, тоосго зэргийг хийгээд барьцаалагчийн лацадсан эд зүйлд гар хүрч болохгүйг далимдуулж нийт 140 ширхэг баримтаар 95.970.000 мянган төгрөгийн хохирол учруулсан байхаар цаашид бүх эд зүйлсээ шалгаж үзэхэд үнэлэгдэх боломжгүй металуудыг монет болон алт үнэт эдлэл гэж хуурамч баримт нийт 52 ширхэг баримтаар 15.750.000 төгрөгийн хохирол мөн манай гэрт эд бараа нь байгаа гэж мэдүүлсэн баримттай болон баримтгүй нийт 52.295.000 төгрөгийн хохирол учирсан байхаар нь гар утсанд баримттай тулгалт хийхэд баримтан дээр бичигдсэн утаснуудын оронд өөр төрлийн хямд болон эвдэрхий утсаар сольж лацадсан хуурамч зээл гаргасан 8 ширхэг, 3.620.000 мянган төгрөгийн хохирол учирсан, байсан. Мөн С.О- нь компанид дараа тооцооны төлбөрийн үлдэгдэл болох 4.061.700 төгрөг байгаа болно. Ингээд нийт үнийн дүнг бодож үзэхэд 171.696.700 төгрөг болчихсон байгаа бөгөөд энэ үнийн дүн нь зээлдэгч нартай холбогдож үзэхэд миний утас одоо болтол байгаа гэх мэтээр өсөх шинжтэй байгаа. ...манай байгууллага сарын сүүлд нэг удаа баримтын дугаарыг барьцаалан зээлдүүлсэн эд барааны лацны дугаартай тулгаж тооллого хийдэг байсан тэрнээс биш ямар нэгэн задлах болон доторх эд зүйлийг нь шалгаж байсан удаа байхгүй. Тухайн тэр гарсан мөнгөний дүн нь өдөр болгон кассын дэвтрээр гардаг бөгөөд кассын дэвтэр бичилт хийдэг хүн нь С.О-...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 101-108/,  

Гэрч Л.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хамгийн анх 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Айфон 7 плас гар утсыг барьцаанд тавиад тухайн үед хүүгээ төлж байгаад гар утсаа авах гээд очтол миний гар утас хагарчихсан байсан. Тэгээд тухайн үедээ бол маргаан болж байсан юм. Миний хувьд бол 2017 онд 1 удаа гар утсаа барьцаанд тавьж байснаас бусдаар дахин тус ломбардаар үйлчлүүлээгүй” гэсэн мэдүүлэг /хх 7-н 136-137/,

Гэрч С.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би амьдралдаа барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаагүй. Тийм учраас энэ болон андуурагдсан эсвэл хэн нэгэн миний регистрийн дугаарыг тааж бичсэн байна. Би уг хүнийг огт таньж мэдэхгүй хүн байна” гэсэн мэдүүлэг /хх 7-н 138/,

Гэрч Ө.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тийм зүйл огт байхгүй. Би гэрэл зургийн аппарат хэрэглэдэггүй. Би С.О- гэж хүнийг огт танихгүй” гэсэн мэдүүлэг /хх 7-н 140/,

Гэрч О.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би дээрх эд зүйлийг барьцаанд тавьж байсан зүйл огт байхгүй. Харин камер /их бие/ болон бөгсийг барьцаад тавьж байсан удаа байгаа. Гэхдээ түүнийгээ бол төлөөд хааж дуусгасан. ...О- гэх хүн нь манай ажлын хажуу талд дээрх ломбарданд ажилладаг байсан ба надаас зарим үед бэлнээр мөнгө авахдаа хүний эд зүйл барьцаанд авсан мөнгөө бэлнээр авна гэх мэтээр маш олон удаа надаас мөнгө бэлнээр аваад түүнийгээ тухайн өдрийн орой миний данс руу буцааж хийдэг байсан зүйл байгаа” гэсэн мэдүүлэг /хх 7-н 142/,

Гэрч С.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Тийм зүйл огт байхгүй. Би гэрэл зургийн аппарат эзэмшиж байгаагүй. Би уг хүнийг огт таньж мэдэхгүй хүн байна” гэсэн мэдүүлэг /хх 7-н 144/,

Гэрч С.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би дээрх эд зүйлийг барьцаанд тавиагүй. Гэхдээ урьд нь өөр баримтанд дээр өөр эд зүйл барьцаанд тавиад маш хурдан авч байсан. Зээлийн гэрээн дээрх гарын үсгүүд бол миний гарын үсгүүд биш байна” гэсэн мэдүүлэг /хх 7-н 146/,

 Шинжээчийн 8615 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 52 ширхэг ууттай 114 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 114 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүдэд Монгол Улсын сорьцийн баталгааны тэмдэг тавигдаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 114 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүд нь алт болон монетон металлаар хийгдээгүй, шинжилгээнд ирүүлсэн 114 ширхэг шаргал өнгийн металл эдлэлүүд нь хуурамч эдлэл байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 164-184/,

Шинжээчийн 180 дугаартай дүгнэлтэд: “...С.О- нь ... ломбардад ажиллаж байх хугацаандаа барьцаагүй олгосон гэх зээл 45.265.000 төгрөг, үнэт эдлэлийн барьцааны оронд төмөр металл орлуулан барьцаалсан гэх зээл 15.750.000 төгрөг, гар утас барьцааны оронд эвдэрхий муу утас барьцаалсан гэх зээл 3.320.000 төгрөг, хуурамчаар барьцаа хөрөнгийн оронд тоосго, чулуу, бичгийн цаас оруулан барьцаалсан гэх зээл 95.870.000 төгрөгийн, кассын тайланд зарлага гарсан боловч зээлийн гэрээ барьцаа байхгүй зээл 8.520.000 төгрөгийн нийт 168.725.000 төгрөгийн дутагдал тооцоологдож байна” гэсэн дүгнэлт /хх 2-н 56-124/,

Шинжээчийн 090 дугаартай дүгнэлтэд: “...С.О- нь барьцааны эд зүйл, зээлийн гэрээгүйгээр ашиглагдах боломжгүй үнэ цэнэгүй төмөр, металл зэргийг алт, үнэт эдлэлийн барьцаа болгож ашиглах, хямд эвдэрхий утас бүхий зүйлсийг барьцаалах, барьцаа хөрөнгийг чулуу, бичгийн цаас зэргээр орлуулан ашиглаж, зальт үйлдэл гарган хувьдаа хуурамч зээлийн баримт бүрдүүлэн 167.365.000 төгрөгийн хохирол учруулсан”. ...С.О- нь ажиллаж байх хугацаандаа “Энх-...” ХХК-ний ... 1 ломбард нь 472.525.800 төгрөгийн орлого олж, 445.107.400 төгрөгийн зарлага гаргаж, 27.417.400 төгрөгийн ашиг олсон гэж бүртгэлээр харагдаж байгаа боловч энэ нь бодит ашиг биш болно. С.О- өөрөө нийт 378.720.000 төгрөгийн зээл олгосноос 167.365.000 төгрөгийн хуурамч зээл гаргасан хэмжээгээр ломбард нь алдагдалтай ажилласан байна” гэсэн мэдүүлэг /хх 3-н 138-250, 4-н 1-20/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 93 дугаартай дүгнэлтэд: “...Дахин шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтааар С.О- нь Энх ... ХХК-ний ... ломбарданд зээлийн мэргэжилтнээр 2017 оны 3 дугаар сарын 25-наас 2018 оны 5 дугаар сарын 08-ныг хүртэл хугацаандаа нийт 168.765.000 төгрөгийн эргэн төлөгдөх боломжгүй барьцаат зээл гаргасан байна. Энэ нь шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 1-11, 13-15-д авагдсан ... ХХК-ний ломбардын барьцаат зээлийн гэрээ, хавтаст хэргийн 12-т авагдсан 4 иргэний харилцах дансны хуулга, хавтаст хэрэг 16-д авагдсан кассын дэвтэр, хавтаст хэрэг 12-ын 188-250 дугаар хуудсанд авагдсан С.О-ийн харилцах дансны хуулга, хавтаст хэрэг 1-ийн 36-39 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан барьцаат зээлийн гэрээ зэргийг санхүүгийн анхан шатны баримттай тулган шалгахад барьцаат зээлийн үлдэгдэл нь тогтоогдож байна. ...дахин шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтаар С.О-т холбогдох Энх ... ХХК-ний ломбардын барьцаат зээлийн үлдэгдэл нь нийт 322 зээлийн гэрээний үнийн дүн 168.765.000 төгрөг байна. Харин үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх 5-н 208-250, 6-н 1-5/,  

Аудитын 01/38 тоот дүгнэлтэд: “...Хариуцагч С.О-ийн хаан банкны 8020766190 тоот дансанд 2017 оны 3 дугаар сарын 25-наас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тайлант хугацаанд нэхэмжлэгч талын доорх данснаас нийт 89.059.500 төгрөг шилжүүлсэн. ...5020766190 тоот данснаас 2017 оны 3 дугаар сарын 25-наас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тайлант хугацаанд нэхэмжлэгч талын доорх данс руу нийт 43.990.500 төгрөг шилжүүлсэн. ...С.О-ийн “Энх ...” ХХК-ний “...” ломбарданд учруулсан нийт хохирлын хэмжээг 179.248.300 төгрөг гэж тогтоолоо” гэсэн дүгнэлт /хх 2-н 134-250, 3-н 1-130/,

Аудитын Ж/18/02 тоот дүгнэлтэд: “...С.О- нь ... ломбарданд ажиллах хугацаандаа барьцаагүй олгосон гэх зээл 45.265.000 төгрөгийн, үнэт алт эдлэлийн барьцааны оронд төмөр металл барьцаалсан гэх зээл 15.750.000 төгрөгийн, гар утас барьцааны оронд эвдэрхий муу утас барьцаалсан гэх зээл 3.320.000 төгрөгийн хуурамчаар барьцаа хөрөнгийн оронд тоосго, чулуу, бичгийн цаас орлуулсан барьцаалсан гэх зээл 95.870.000 төгрөгийн, кассын тайланд зарлага гарсан боловч зээлийн гэрээ барьцаа байхгүй зээл 8.520.000 төгрөгийн нийт 168.725.000 төгрөгийн зээл гаргасан нь зээлийн гэрээ үйлдэж барьцаагүй, барьцааг хуурамчаар хийсэн, зээлийн гэрээ болон барьцаагүйгээр кассын тайлангаар мөнгөн зарлага бичиж хохироосон байх магадлалтай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 207, 2-н 46/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1-н 29/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 30-32/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 8 гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 36-43/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 1-н 51-57/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 65-66/, С.О-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 130-152/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 4-н 74-118/, хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-н 16-69/,  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч С.О- нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ний “...” гэх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт зээлийн мэргэжилтнээр 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа хуурамчаар зээл гаргах, хуурамчаар хаалт хийх, сунгалт хийх зэрэг аргаар ажил хүлээлцэх үед бэлэн байсан кассын үлдэгдэл, зузаатгал нэртэй тус компаниас санхүүжүүлсэн санхүүжилтийн орлого, зээлийн үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны орлого болох сунгалтын хүү, хаалтын хүү, иргэдийн барьцаалсан хөрөнгийг зарж борлуулсан орлого зэрэг тус компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж 168.725.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О- мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн болон аудитын дүгнэлт, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагаа хийгдээгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.О-т холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй ба урьд Улсын дээд шүүхийн тогтоолд дурьдсан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд бүрэн хийсэн байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа хийгдээгүй гэх боловч мөрдөн байцаалтаар хэргийн газрын үзлэг, эд зүйл хураан авах ажиллагааны журмаар хураагдсан хуурамч гэрээ, цаас, чулуу, хуурамч үнэт эдлэл, эвдэрхий болон өөр гар утаснууд зэрэг эд мөрийн баримтууд, тэдгээрт хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, хуурамч гэрээнд бичигдсэн хүмүүсийн талаарх лавлагааг гаргуулан шалгах зэрэг ажиллагааг хийсэн байна.

Түүнчлэн, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байсан тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ажиллагааг явуулсан байна гэж дүгнэлээ.  

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “хохирлын тооцоо зөрүүтэй байна, шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирол нь үндэслэлгүй байна” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан өмнөх Аудитын 2 дүгнэлт, шүүхийн шинжилгээний байгууллагын 2 дүгнэлтүүд зөрүүтэй байх боловч бүрэлдэхүүнтэй гаргасан дахин шинжээчийн дүгнэлтээр өмнөх дүгнэлтүүдэд тайлбар өгсөн, тухайн дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй, аль нь үндэслэлгүй гарсан талаар дүгнэлтдээ тодорхой тусгасан байсан.

Шинжээчийн дээрх дүгнэлтийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, зөвхөн шүүгдэгчийн дээрх хохирлыг учруулаагүй гэсэн мэдүүлгээр тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг буруу гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх тухайн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг үндэслэлтэй байна гэж үнэлсэн болно.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.О- нь “...” ХХК-ний “...” ломбарданд ажиллаж байхдаа хуурамчаар зээл гаргаж, хаалт хийх, барьцаанд тавьсан эд зүйлсийн оронд бусад эд зүйлийг хийж өөрийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул шүүгдэгч С.О-ийг их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч С.О- болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй харин хохирлын талаар маргасан ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр гарсан 168.765.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад хохирогчоос төлсөн 4.000.000 төгрөг нийт, 172.765.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн төлөөлөгч Э.О-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ”, 1.1 дэх заалтад “...шинжээч ...төлөх зардал”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 2.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Харин хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 8.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “03 жил хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх”, хохирогчийн өмгөөлөгч нар “улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна” шүүгдэгчийн өмгөөлөгч нар “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч С.О- нь гэм буруугийн талаар маргаагүй боловч хохирогчид учруулсан их хэмжээний хохирлыг төлж барагдуулаагүй байхад түүнд 10 сая төгрөгөөс дээш торгуулийн ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан торгуулийн ял оногдуулах саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч С.О-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзсан улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 жил 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 223 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт битүүмжилсэн “хуурамч гэх төмөр металл, “алт, монет” гэх 52 ширхэг эд зүйл болон гадна талдаа “нөүтбүүк болон фото аппарат, утас” гэсэн бичиглэл бүхий цүнхнүүд зэргийг шүүгдэгч С.О-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нь эдгээр зүйлсийг авахгүй гэсэн ба дээрх эд зүйлс нь гүйлгээнд хориглосон эд зүйл биш байх тул шүүгдэгчид олгох нь зүйтэй байна.

Гар утасны хоосон хайрцаг, чулуу, тоосго, цаас зэрэг нийт 139 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн iphione 7 маркийн гар утас 1 ширхэг, 16 хавтас санхүүгийн баримтаас 1-11, 16 дугаар хавтасыг хохирогчийн төлөөлөгч Э.О-д тус тус буцаан олгож, 12-15 дугаар хавтсыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Учир нь Iphone 7 загварын гар утсыг ломбарданд барьцаалсан байсныг хохирогч өөрөө төлбөрийг нь төлж авсан болох нь тогтоогдсон.

Түүнчлэн, эд мөрийн баримтаар хураагдан шинжээчийн дүгнэлт гаргуулахад ашигласан “...” ХХК-ний санхүүгийн анхан шатны эх баримтуудыг хохирогч байгууллагад буцаан олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин хуурамчаар үйлдсэн баримтуудыг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.О-ийг 02 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т оногдуулсан 02 жил, 6 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.О-ийн урьд цагдан хоригдсон 223 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Энэ хэрэгт битүүмжилсэн “хуурамч гэх төмөр металл, “алт, монет” гэх 52 ширхэг эд зүйл болон гадна талдаа “нөүтбүүк болон фото аппарат, утас” гэсэн бичиглэл бүхий цүнхнүүд, гар утасны хоосон хайрцаг, чулуу, тоосго, цаас зэрэг нийт 139 ширхэг эд зүйлийг шүүгдэгч С.О-т буцаан олгосугай.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн iphone 7 маркийн гар утас 1 ширхэг, 16 хавтас санхүүгийн баримтаас 1-11, 16 дугаар хавтасыг хохирогчийн төлөөлөгч Э.О-д тус тус буцаан олгож, 12-15 дугаар хавтасыг хэрэгт хавсаргасугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс 172.765.000 төгрөг гаргуулж “...” ХХК-нд /хохирогчийн төлөөлөгч Э.О-/-д олгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2.400.000 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.
  10. Шүүгдэгч С.О-т урьд шүүгчийн захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР