Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

 

 

 

    2022          02          28                                     2021/ШЦТ/140

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Онон,

Хохирогч: Ц.Э-,

Шүүгдэгч: Б.М- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000170140 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.М-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.М- нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсахуй” нэртэй баарнаас 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч Ц.Э-гийн гар цүнхийг буюу уг цүнхэнд байсан Айфон 7 маркийн гар утас, Самсунг-7hg маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.Э-д нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М- шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохирол учруулсандаа гэмшиж байна. Дахин ийм үйлдлээ давтахгүйгэв.

Хохирогч Ц.Э- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр найзын төрсөн өдөр болоод бааранд орсон. Баарнаас гарахад Б.М- нь миний цүнхийг авч явсан байсан. Б.М-д “теди худалдааны төвөөс гар утасны үнийг асуухад 750.000 төгрөг болж байна”, бензин унааны мөнгө, цүнхний мөнгийг нэхээгүй учраас надад 800.000 төгрөг өгчих гэхэд Б.М- нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд надад 460.000 төгрөг өгөөд гомдолгүй, хохиролгүй гэх бичиг хийгээд өг гэхээр нь бичиж өгсөн. 25-нд үлдсэн мөнгийг найдвартай өгнө гэж хэлсэн. Одоо үлдэгдэл 340.000 төгрөг төлөгдөөгүй тул нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ц.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байсан байх бид нар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар паласын хашаанд байх Дурсахуй нэртэй бааранд орсон. Тэнд ороод 0.75 литрийн 2 шил архи, 0.5 литрийн хэмжээ бүхий 5 шил пиво захиалаад ууж идээд бүжиглэсэн. Баар хаах болоод бүгд гараад явсан. Баарнаас гараад явж байсан чинь Ю-, Э-гийн цүнх хаана байна гээд орилсон. Тэгэхээр нь буцаж ороод миний цүнхийг хайсан боловч бааранд байхгүй байсан. Тэгээд хүмүүсээ бүртгэсэн чинь Б.М- байхгүй байсан. Тэд нар миний цүнхийг хайгаад байхаар нь Б.М- алга байна тэр миний цүнхийг авсан байх аваад ирэх байх өө гэж хэлээд бид нар хүлээсэн боловч Б.М- ирээгүй. Би өөрийн дугаар руу залгах үед миний 2 гар утсыг унтраасан байсан. ...Хэрэг болсон өдрөөс 6 хоног өнгөрсний дараа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дурсахуй бааранд орж камерийн бичлэг шүүсэн чинь миний цүнхийг Б.М- үүрээд баарнаас гарч байгаа бичлэг байсан. ...би одоо өөрийн 2 гар утсаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч Д.Ю-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний төрсөн өдөр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болоод би найз Э-, Э-, Батцэцэг, Х-, Х-ын найз гэх үл таних залуу нар миний төрсөн өдөрт ирсэн. Бид нар хорооллын эцсийн Цэ пабад сууж байгаад тэндээсээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дурсахуй нэртэй бааранд бүгд ороод Эдэн нэртэй архи, пиво авсан. Бид нар ууж идээд бүжиглэж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад баарнаас гараад дуудлагын жолооч дуудаад явах гэж байсан чинь Ц.Э- утас, цүнхээ хайсан чинь байхгүй байсан. Тэгээд бид нар хамт байгаа хүмүүсээ бүртгэсэн чинь Х-ын найз гэх үл таних эрэгтэй байхгүй байсан. ...Э-гийн цүнхийг Х-ын найз нь гарахдаа аваад явж байгаа нь камерын бичлэг дээр бичигдсэн байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд бид нар тус газраас гараад Дурсахуй бааранд орсон. ...бүгд гарах гээд байж байсан чинь Э-гийн цүнх нь байхгүй байсан. Тэгээд Э- тэр хавиар цүнхээ хайсан боловч цүнх нь олдоогүй баарнаас гараад ирсэн чинь Ю-гийн 4 найзын нэг эрэгтэй найз нь байхгүй байсан. Тэгээд бид нар тарцгаасан. Хэрэг учрал болсноос хэд хоногийн ...2, 3 өдрийн дараа Э- надад хандаж “би тус баарны камерийг шүүсэн чинь Ю-гийн найз Хадаатай хамт явж байсан найз нь миний цүнхийг үүрээд аваад гарч байгаа бичлэг нь байна тэр залуу миний цүнхийг үүрээд бид нараас түрүүлээд баарнаас гараад явсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цагаан канттай хар цамцтай залуу хар, цагаантай куртикээ өмсөөд ...баруун талд байсан цүнхийг аваад толгойдоо оосрыг нь хийж үүрээд хар цамцтай залуугийн араас яваад араас нь мөнгөлөг гялгар өнгөтэй куртиктэй эмэгтэй гарч явж байгаагаар бичлэг дуусав” гэжээ. /хх-н 8-12/,

Яллагдагчаар Б.М-ы мөрдөн байцаалтад өгсөн :”...Баар хаах цаг болоод хүмүүс гараад байсан. Баарны сандал дээр хар өнгийн эмэгтэй хүний цүнх байхаар нь түүнийг үүрээд баарнаас гараад явсан. ...нэг мэдсэн даараад ухаан ороод харсан чинь 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд автомашины зам дээр ганцаараа унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 33-34/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46-53, 56-71/, хохирогчийн хүсэлт /хх-н 74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Б.М- нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсахуй” нэртэй баарнаас 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч Ц.Э-гийн гар цүнхийг буюу түүн дотор байсан Айфон 7 маркийн гар утас, Самсунг-7hg маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Э-гийн мэдүүлэг, гэрч Д.Ю-, Б.Э- нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.М- нь бааранд хамт байсан хохирогч Ц.Э-гийн цүнхийг зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.М- нь шүүх хуралдаанд хохирогчийн цүнхийг нууцаар авч гарсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүх хуралдаанд хохирогч Ц.Э- “шүүгдэгчээс эд зүйлийн үнэлгээгээр гарсан 450.000 төгрөгийг хүлээн авсан. Алдсан хоёр гар утасны үнийг судалж үзэхэд нийлээд 800.000 төгрөг болж байгааг шүүгдэгчид хэлсэн. Үлдсэн хохирлыг төлнө гэж хэлсэн боловч төлөөгүй байгаа тул 340.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр гарсан хоёр гар утасны үнэ болох 450.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид нөхөн төлсөн байна.

Хохирогчийн нэхэмжилсэн 340.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.М-аас 340.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.М-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.М-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.М-д улсын яллагчийн оногдуулсан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 450.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 340.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-д олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР