Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          02          28                                     2021/ШЦТ/141

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Ц.Гансүлд,

  Шүүгдэгч: С.Г-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт С.Г-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102002850236 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Г-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч С.Г- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа:

Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хүний их эмчийн тангараг” болон Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаартай “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтанд дараахь зүйлсийг хориглоно”, 3.1.3 дахь заалтад “үйлчлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах” гэснийг,

- Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 4.1.4 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авилга, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг 8.2 дахь хэсэг “Эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйн баримт бичгүүдийн заалтыг чанд баримтлан ажиллана” гэснийг,

- Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 315/А тушаалаар батлагдсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “үйлчлүүлэгчээс энэ журамд зааснаас өөр төлбөр авах болон энэ журмын 3.2 дахь хэсэгт зааснаас өөр журмаар төлбөр авахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж,

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн хөлийн шилбэний мэс засалд орж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус төвийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт зүүн хөлийн шилбэний хадаас авах мэс засалд орохоор хэвтсэн М.М-т түүний ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5540372625 тоот дансаар дамжуулан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн буюу нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Г- шүүх хуралдаанд: “...2020 оны 5 дугаар сард 500.000 төгрөг авсан зүйл байхгүй. Тийм зүйл огт болоогүй гэдгийг батална. Үүнийг яаж нотолж оруулж ирж байна вэ, би хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүнлэг энэрэнгүй байдал, өргөсөн тангарагтаа үнэнч явсныхаа төлөө гэмт хэрэг хийж, гэм буруутай тооцогдох гэж байгааг ойлгохгүй байна. Хавтаст хэрэгтэй танилцахад 500.000 төгрөгийн асуудал хаанаас яаж гарсан талаар мэдэхгүй байна. Хавтаст хэрэгт танилцаад М-, Б- гэх нэрийг анх удаа сонссон. Дээрх хүмүүс нь ямар учиртай, энэ хэрэгт ямар холбоо хамааралтай вэ. Намайг гүтгэж мэдүүлэг өгсөн. Би хүний сайн сайхан эрүүл мэндийн төлөө дүрэм журмын дагуу ажиллаж, хулгай хийж худал яриагүй. Яагаад би шүүхийн өмнө ингээд зогсож байх ёстой вэ. Миний эцэг, эх хоёулаа хүний их эмчээр ажиллаж, хүн ардын эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж амь биеэ зориулсан. Хэн нэгний амь нас эрсэдсэн байна. Тэр бол золгүй тохиолдол байсан. Унтуулгын бодисоос харшлан, харшлын хариу урвал үзүүлэн нас барсан байна. Би мэс засал хийдэг мэс заслын эмч хүн. Унтуулга хийдэг эмч нь тусдаа байдаг. Хэн нэгний ар, гэр гомдол саналын дагуу хорсол заналаа тайлахын тулд гэм зэмгүй хүний төлөө ажиллаж байсан намайг шүүхийн тавцан дээр зогсож байгаад надад хэлэх үг байхгүй байна. 2018 оны 5 дугаар сард 500.000 төгрөг авсан гэж байна. Хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд Б- гэх хүнээс шилжиж орж ирсэн байдаг. Гэтэл Б- гэх хүн нь хэрэгт ямар холбоо хамааралтай, яагаад тухайн мөнгө гарч ирсэн талаар мэдэхгүй байна. Мөн М- гэх хүн тухайн үед эмчлүүлж байсан гэдэг. М- нь тухайн үед эмчлүүлж байсан уу, ямар учиртай 500.000 төгрөг, яагаад энэ хэрэгт холбоотой байгаа талаар ойлгохгүй байна. Дараагийн асуудал нь 2020 оны 5 дугаар сард үйлчлүүлэгч нь мэс засалд орно гэж ирсэн. Тэр хүнд ямар нэгэн байдлаар ам гарч, ярилцаж тохирсон зүйл байхгүй. Тухайн хүн эмнэлэгт хэвтсэний дараа “...миний банкны карт болохгүй байна, эвдэрсэн...” гэх шалтгаанаар миний данснаас мөнгө шилжүүлээд авъя гэсэн хүсэлт гаргахаар нь би тусалсан. Энэ талаар мөрдөн байцаалтад тодорхой ярьсан. Би мөнгө төгрөг авсан, амлалт өгсөн зүйл байхгүй” гэв.

Гэрч Ж.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаач анх 2018 оны 5 дугаар сард хотод эмчлүүлж байгаад хөдөө гэртээ ирээд Гэмтлийн эмнэлгийн Г- гэдэг эмчид 500.000 төгрөг өгсөн гэж ярихаар нь хөлтэй л болж байвал мөнгө яах вэ гэж хэлж байсан. Дүү М- нь 500.000 төгрөгийг Г-ад бэлнээр өгсөн гэж байсан. ...2020 оны ...6 дугаар сарын эхээр шарил хадгалах өрөөнөөс шарилыг нь авах гээд Гэмтэл согог судлалын төвийн гадаа бид нарыг зогсож байтал миний араас нэг хүн татах шиг болохоор нь эргээд хартал Г- гэдэг эмч нэг гартаа 10.000 төгрөгийн дэвсгэртүүд барьчихсан миний гарт атгуулах гээд байхаар нь би аваагүй, би хуулийн өмнө наадахыг чинь шийднэ, та нар хүн алчхаад яах гээд байна гэчхээд шарил хадгалах өрөө рүү алхаад үүдээр нь орох гэтэл араас татаад миний дээлний өвөрт тэр мөнгөнүүдээ чихчихээд юу ч ярилгүй зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/,

Гэрч Ц.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төв дотор М- надад “Г- эмчид 200.000 төгрөг өгье гэсэн чинь 300.000 төгрөг өг гээд байна гээд надаас 200.000 төгрөг байна уу, Г- эмчид өгөх гэсэн юм” гэхээр нь би 200.000 төгрөг бэлнээр М-т өгсөн. М- намайг энд сууж бай гэж үлдээгээд мөнгөний машин дээр очиж өөрийнхөө данс руу надаас авсан мөнгөө хийгээд, Г- эмч рүү 300.000 төгрөг шилжүүлчихлээ гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гараад гэртээ хариад байж байтал М-ийн утсаар яриад, Г- эмч байна, ирж эмнэлэгт хэвт гэж байна гээд бид хоёр Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хамт явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/,

Гэрч М.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М- эгч хөлний ясаа хадуулах мэс засалд орсоныхоо дараа над руу утсаар залгаад “эгчдээ 500.000 төгрөг байвал өгөөч, эмчдээ өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь 500.000 төгрөгийг бэлнээр эгч М-т аваачиж өгсөн. Дараа нь асуухад 500.000 төгрөгөө Г- эмчид өгсөн гэж ярьж байсан. ...2020 оны 5 дугаар сард талийгаач эгч маань хөлнийхөө хадаасыг авахуулахаар хотод ирсэн. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр талийгаач, манай нагац эгч Т-тэй хамт эмнэлгээр явж шинжилгээ өгсөн бөгөөд тэр өдрөө манай гэрт ирж хоносон. Тэгэхэд эгч “маргааш хагалгаанд орохоор боллоо. Г- эмчид 300.000 төгрөг өгөхөөр боллоо. 200.000 төгрөг өгчье гэж гуйсан чинь багадаж байна, заавал 300.000 төгрөг өг гэж байна” гэж ярьсан. Тэгээд маргааш нь талийгаач Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн бөгөөд, маргааш өдөр нь нас барсан. ...Би тухайн үед машинд сууж байхад аав М- машинд орж ирж суугаад “нөгөө эмч нь энгэр рүү 300.000 төгрөг хийчхээд яваад өгөх юм” гээд уйлаад 10.000 төгрөгийн дэвсгэртүүд харуулж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед манай эгч Т- над руу залгаад “М- хагалгааны өрөө рүү орчихлоо, би гадна нь хүлээгээд сууж байна” гэж ярьсан. Тэгээд байж байтал өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас миний төрсөн дүү Мөнхбаясгалан над руу залгаж “М- одоо болтол халгаанаас гарч ирээгүй гэж байна, чи ажил гайгүй бол очсон нь дээргүй юу” гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад 16 цаг өнгөрч байх үед гэмтлийн эмнэлэгт нөхөр Д-ийн хамт очсон. Намайг очиход Т- эгч сахиурын солих хувцас авах гээд гэр рүүгээ явсан байсан тул Т- эгчийг хүлээж байгаад ирэхээр нь уулзсан. Тэгээд Т- эгч ганцаараа дотогш орсон бөгөөд коронагийн хөл хорио гээд би орж чадаагүй. Т- эгч дотроос над руу залгаж шаардлагатай гэх эм тариа захиж авахуулсан. Тэгээд байж байтал орой 20 цагийн үед Т- эгч над руу залгаад “найдваргүй гэж байна, ар гэрийхнээ дууд гэж байна” гэсэн. Ингэж байж байгаад шөнийн 00 цагийн үед талийгаач нас барсан. Тэгээд талийгаачийн аав М- нь тэр даруй хот руу гарсан бөгөөд бид нар шөнийн 02 цагийн үед тосч авсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн үед гэмтлийн эмнэлгийн мооргоос шарилыг нь авах гээд манай гэр бүлийхэн ирсэн. Талийгаачийн шарилийг манай нөхрийн машинд хийж авч явна гээд мооргийн үүдэнд машинаа байрлуулсан байсан бөгөөд би багажны хаалгыг онгойлгоод зогсож байсан. Мооргийн үүдэнд М- ах зогсож байсан бөгөөд тэр үед нэг нүдний шилтэй, бордуу өнгийн куртиктэй 30 орчим насны залуухан эрэгтэй хүн ирээд М- ахын дээлний энгэр рүү нь юм хийчхээд яваад өгсөн. М- ах хүүе хаая гээд үлдсэн. Тэр үед мооргоос шарил гарч ирж байсан болохоор бид нар юм хэлж чадалгүй, яаж ч чадалгүй үлдсэн юм. Шарилыг ачсаны дараа би М- ахаас “саяны хүн юун хүн бэ” гэж асуухад М- ах “нөгөө 300.000 төгрөг авсан эмч нь энэ байна, 300.000 төгрөгөө миний өвөр рүү хийчхээд яваад өглөө” гэхээр нь би “яах гэж авсан юм, нүүр рүү нь шидэхгүй яасан юм” гэж хэлж байсан. Тэгээд бид хэд талийгаачийн шарилыг аваад нутаг руугаа явцгаасан. Т- эгчээс сонсоход тэр 300.000 төгрөгийг хагалгаанд орохын өмнө Г- гэгч эмч талийгаачаас авсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/,

Гэрч Х.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын эхээр талийгаачийн шарилыг гэмтлийн эмнэлгээс гаргасан. Би тэгэхэд бага зэрэг хоцорч очсон. Манай хамаатнууд талийгаачийн шарилыг аваад нутаг руугаа явсан бөгөөд би явалгүй хотод үлдсэн. Тухайн үед манай дүү Түмэншүр, талийгаачийн аав М- нар “өвөрт нь 300.000 төгрөг хийчихлээ, яах гэж авсан юм, буцаагаад өгөхгүй яасан юм” гэх зүйл ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан эрүүл мэндийн даатгалаас төлбөрийг нь олгох тусламж үйлчилгээний жагсаалт байдаг. Уг жагсаалтад орсон тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаас тогтоосон хэмжээгээр төлөх бөгөөд өвчтөн зөрүү төлбөрийг нь өөрөө төлөх ёстой байдаг. Харин өндөр настан, насанд хүрээгүй хүн, гурппт байдаг хүнд тусламж үйлчилгээг төлбөргүй үзүүлэх ёстой. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 264/293 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Төлбөрийн жишиг хэмжээ журам батлах тухай” журам байдаг. Уг журамд нийцүүлэн эмнэлгүүд өөрсдийн төлбөртэй тусламж үйлчилгээний журмыг батлан гаргадаг. Манай эмнэлгийн хувьд хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн захирлын 315/А тушаалаар төлбөртэй, тусламж үйлчилгээний журмыг баталсан байдаг. Уг журамд зааснаар зарим тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх бөгөөд жишээлбэл гоо заслын болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, гэмтэл согогийн бус оношилгоо эмчилгээ, үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр авч буй нэмэлт тусламж үйлчилгээ /өрөөний нөхцөл/ зэрэг ордог. Бусад эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас төлөх бөгөөд, үйлчлүүлэгч төлбөрийн 15 хувийг нь өөрөө төлдөг юм. Өвчний түүхээс харахад талийгаач М.М- 2018 онд шилбэний хугарлыг хадах мэс засалд орсон байна. Эмчлэгч эмч С.Г- байсан байна. Талийгаач 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай эмнэлэгт шилбэний хадаасыг авахуулахаар хэвтээд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хагалгаа эхлэх явцад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Эмчлэгч нь мөн С.Г- байсан байна. Үйлчлүүлэгч эмнэлгийн кассын ажилтанд зөрүү төлбөрөө төлөх бөгөөд, кассаас НӨАТ-ын баримтыг үйлчлүүлэгчид өгдөг. Эмч эмнэлгийн төлбөр тооцооны асуудалд оролцох ёсгүй. Эмчилгээний төлбөрийг кассын ажилтнуудад л төлөх ёстой” гэсэн мэдүүлэг /хх-н 38-40/, 

Гэрч К.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай эхнэр М- 2018 оны 5 дугаар сард зам тээврийн осолд орж Гэмтлийн эмнэлэгт хөлөө хадуулах мэс засалд орж байсан. Тэр үед эхнэрийн эмчлэгч эмч нь С.Г- гэх эмч байсан. Эхнэрийг би эмнэлэгт сахиж хамт хэвтэж байсан бөгөөд эхнэрийн хэвтэж байсан өрөөнд Өвөрхангайгаас нэг малчин охин мотоциклийн осолд орсон гээд ирж хэвтэж байсан. Тэр охиныг нөхөр нь гэх залуу сахиж байсан. Тэр охины нэрийг М- гэж байсан санагдаж байна. Тэр охин ...манай эхнэртэй адил хөлөө хадуулах мэс засалд орж байсан байхаа. ...2018 оны 5 дугаар сард намайг эхнэрээ сахиад хэвтэж байх үед М- гэх охин намайг гуйж миний данснаас уг 500.000 төгрөгийг Г- эмчийн данс руу шилжүүлсэн. ...Тухайн үед М-т “Г- эмчийн данс руу энэ мөнгийг хийчихмээр байна” гэхээр нь би шилжүүлж байсан санагдаж байна. М- надад бэлнээр 500.000 төгрөг өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-13/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-66, 71-77/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 315/А дугаар тушаал /хх-н 80-88/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ханГ-тай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч С.Г- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа:

Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хүний их эмчийн тангараг” болон Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаартай “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтанд дараахь зүйлсийг хориглоно”, 3.1.3 дахь заалтад “үйлчлэгчээс үйлчилгээний төлбөр хураан авах” гэснийг,

- Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх” гэснийг, мөн 4.1.4 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авилга, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг 8.2 дахь хэсэг “Эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйн баримт бичгүүдийн заалтыг чанд баримтлан ажиллана” гэснийг,

- Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 315/А тушаалаар батлагдсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “үйлчлүүлэгчээс энэ журамд зааснаас өөр төлбөр авах болон энэ журмын 3.2 дахь хэсэгт зааснаас өөр журмаар төлбөр авахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж,

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн хөлийн шилбэний мэс засалд орж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус төвийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасагт зүүн хөлийн шилбэний хадаас авах мэс засалд орохоор хэвтсэн М.М-т түүний ашиг сонирхлын үүднээс Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5540372625 тоот дансаар дамжуулан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн буюу нийт 800.000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч Ж.М-, Ц.Т-, М.М-, Ц.Т-, Х.Ц-, Б.Б-, К.Б- нарын мэдүүлэг, М.М-, С.Г- нарын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн буюу гэрч К.Б- нь М- гэх хүнийг сахиж эмнэлэгт хэвтэж байсан эсэх, М.М- нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ кассанд төлбөрөө тушаасан эсэх зэргийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эмнэлэгт хэвтэн эмчүүлж байсан М.М- нь 2 удаа эмнэлгэт хэвтсэн байх ба түүний өвчний түүхийн хуулбарууд хэрэгт авагдсан. Уг баримтад эмчилгээний төлбөрийн хэмжээ тусгагдсан  байна. Мөн гэрч К.Б- нь мэдүүлэг өгөхдөө болсон үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн байх тул энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ханГ-тай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.Г- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч, Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн нэгдүгээр тасгийн их эмчээр ажиллаж байхдаа М.М-ээс 2 удаагийн үйлдлээр нийт 800.000 төгрөг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г- нь шүүх хуралдаанд “ямар нэгэн хахууль аваагүй, М- миний данс руу мөнгө шилжүүлж, надаас бэлэн мөнгө авсан. Уг мөнгөө манай өрөөнд орхиод гарсан” гэж мэдүүлснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн дансанд  Б- гэж хүний данснаас 500.000 төгрөг шилжиж орсон талаар мэдээгүй гэж мэдүүлэх боловч хэрэгт авагдсан банкны хуулгаар уг 500.000 төгрөг шилжиж орсон нь нотлогдсон. Уг 500.000 төгрөгийг хэн ямар шалтгаанаар, яагаад шилжүүлсэн болох нь гэрч К.Б-, Ж.М-, М.М- нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон ба уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Мөн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр М.М-ээс 300.000 төгрөг аваагүй харин карт нь эвдэрсэн байсан тул өөрийн данс руу мөнгө шилжүүлж бэлэн 300.000 төгрөг өгсөн. Манай өрөөнд мөнгөө аваад гарахдаа ширээн доор үлдээсэн байсан. Тэр мөнгийг нь аавд нь өгсөн гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд нотлогдохгүй байна.

Харин тухайн өдөр 300.000 төгрөгийг өөрийн дансаар авсан болох нь М.М-ийн данснаас С.Г-ын дансанд мөнгө шилжүүлсэн банкны хуулгаар тогтоогдсон. Уг 300.000 төгрөгийг С.Г-ад өгсөн талаарх гэрч Ж.М-гийн “...Гэмтэл согог судлалын төвийн гадаа бид нарыг зогсож байтал миний араас нэг хүн татах шиг болохоор нь эргээд хартал Г- гэдэг эмч нэг гартаа 10.000 төгрөгийн дэвсгэртүүд барьчихсан миний гарт атгуулах гээд байхаар нь би аваагүй, би хуулийн өмнө наадахыг чинь шийднэ, та нар хүн алчхаад яах гээд байна гэчхээд шарил хадгалах өрөө рүү алхаад үүдээр нь орох гэтэл араас татаад миний дээлний өвөрт тэр мөнгөнүүдээ чихчихээд юу ч ярилгүй зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/, гэрч Ц.Т-гийн: “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төв дотор М- надад “Г- эмчид 200.000 төгрөг өгье гэсэн чинь 300.000 төгрөг өг гээд байна гээд надаас 200.000 төгрөг байна уу, Г- эмчид өгөх гэсэн юм” гэхээр нь би 200.000 төгрөг бэлнээр М-т өгсөн. М- намайг энд сууж бай гэж үлдээгээд мөнгөний машин дээр очиж өөрийнхөө данс руу надаас авсан мөнгөө хийгээд, Г- эмч рүү 300.000 төгрөг шилжүүлчихлээ гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/, гэрч М.М-гийн: “...эгч “маргааш хагалгаанд орохоор боллоо. Г- эмчид 300.000 төгрөг өгөхөөр боллоо. 200.000 төгрөг өгчье гэж гуйсан чинь багадаж байна, заавал 300.000 төгрөг өг гэж байна” гэж ярьсан... аав М- машинд орж ирж суугаад “нөгөө эмч нь энгэр рүү 300.000 төгрөг хийчхээд яваад өгөх юм” гээд уйлаад 10.000 төгрөгийн дэвсгэртүүд харуулж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г- нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон болно.

Түүнчлэн, шүүгдэгч С.Г-ын банкан дахь дансны дугаарыг М.М- нь өөрийнх зөвшөөрөлгүйгээр олж аван хоёр ч удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэх боломжгүй юм.

Шүүгдэгч С.Г- нь М.М-т ямар нэгэн төлбөр өөртөө авахгүйгээр эмчилгээ хийх ёстой атал түүнээс 2 удаагийн үйлдлээр 800.000 төгрөг шилжүүлэн  авсан нь “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” нь “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас бодит хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 6 сарын хорих ял оногдуулах” шүүгдэгчийн өмгөөлөгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч С.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан ялыг эдлүүлэхэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.     

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Г- нь М-ээс 2 удаагийн үйлдлээр нийт 800.000 төгрөгийг авсан ба тухайн орлого нь гэмт хэргийн улмаас олсон орлогод хамаарч байх тул шүүгдэгч С.Г-аас 800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь 300.000 төгрөгийг М.М-ийн ар гэрт буцаан өгсөн хэдий ч энэ гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос хасагдах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Г-ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн  хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.Г-аас 800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР