Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

 

 

   2022          03          07                                     2021/ШЦТ/173

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: С.Энхтуул,

Шүүгдэгч: Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Э-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105018260171 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Э-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Э- нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Д.С-г “гадуур тэнэж явлаа” гэх шалтгаанаар хэл амаар доромжлон нүүр, толгой, цээж хэсэгт гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүү, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул, нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчтой эвлэрч хамт амьдарч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Д.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н.Э-тай 2015 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарч байгаа бөгөөд гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр дундаасаа 15 настай С.Ө-, 4 настай Э.Э гэх 2 хүүхэдтэй. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр Н.Э- нь 13 цагийн үед гэрээсээ хүнд бичиг баримт өгч, анкет бөглөнө гээд гараад явсан юм. Би 16 цагийн үед нөхөр Н.Э-ын утас руу залгахад “одоо удахгүй очлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дахин залгахад нөхөр Н.Э- нь утсаа авахгүй байсан бөгөөд 19 цагийн үед хүргэн ах Амарсайхан нь Н.Э-ыг хүргэж өглөө “хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байна шүү” гэж хэлсэн. Тухайн үед би хамаатан О-, түүний эхнэрийн хамт Зүүнсалаанд гэрийг нь барьчихаад гэр рүү явж байсан юм. Тэгээд гэртээ ороход Н.Э- нь согтуу унтаж байсан бөгөөд намайг хараад босож ирээд “гадуур тэнэж явж байгаад ирлээ, пизда” гээд намайг харааж хэл амаар доромжлоод агсам тавиад байсан. Би дүүгийнхээ гэр рүү явахаар гэрээс гараад төв зам руу алхаж явахад Н.Э- нь араас согтуу машинаа асаагаад жолоодож ирээд машинаасаа буугаад толгой руу нэг удаа гараараа цохиод машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр суулгаад хөдлөхөөр нь би хөлөөрөө газар чирэгдсэн. Би арай гэж хөлөө татаж суутал Н.Э- нь баруун гарыг хөшиж татаад миний цээж болон нүүр хэсэг рүү 3-4 удаа хүчтэй цохисон. Тэгээд гэрт очоод машинаас буулгаад Н.Э- миний хоолойноос боогоод газар унагаасан байхад бэр Болормаа нь гэрээсээ гарч Н.Э-ыг салгах гэтэл дийлэхгүй байсан. Н.Э- нь урьд өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гар хүрч бйсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаагүй. Агсам согтуу тавиад байхад нь дуудлага өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Шинжээчийн 8834 тоот дүгнэлтэд: “...Д.С-гийн биед тархи доргилт, эрүү, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдаланд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 22-23/,

Яллагдагчаар Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.С-гийн баруун гарнаас нь татаж суулгаад гарыг нь мушгиад, гарыг нь барьж байгаад 2-3 удаа цээж, нүүр хэсэг рүү гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44, 51-61/, хохирогчийн хүсэлт /хх-н 62/ зэрэг болно

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч Н.Э- нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Д.С-г “гадуур тэнэж явлаа” гэх шалтгаанаар хэл амаар доромжлон нүүр, толгой, цээж хэсэгт гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүү, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.С-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Э- нь согтуурсан үедээ хохирогч Д.С-г “гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар маргалдан, түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Н.Э- нь хамтран амьдрагч Д.С-г цохиж, зодсон тухайн үйл явдал тодорхой хугацаанд үргэлжилсэн мөн өмнө нь цохиж зодож байсан талаар хохирогч мэдүүлсэн, цагдаагийн асап сангийн лавлагаа зэргээр дээрх үйлдлүүд нь нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Э- нь хохирогч Д.С-г цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Э- нь шүүх хуралдаанд хохирогчид гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Д.С- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 62/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Н.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР