Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 01959

 

 

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01959

 

 

“БГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/01430 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “БГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “БЦН” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд нийт 11 980 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.Я

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г

Хариуцагчийн төлөөлөгч: Х.А

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2015 оны 10 дугаар сард 3 давхар обьектод халаалт хийлгэхээр тохиролцсон. Ажлын хөлсийг 2 000 000 төгрөг байхаар тохиролцож, материалын үнэд 6 500 000 төгрөгийг зарлагдсан. Ажил эхлэх өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мобайлаар 700 000 төгрөг, бэлнээр 300 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийн урьдчилгааг хариуцагчид өгсөн.

Гэрээгээр барилгын урд жигүүр, дээд талын 2 давхрын өрөөнд бүгдэнд нь паар тавихаар тохиролцсон. Худгийн өрөөнд паар тавиагүй байсан. Паар тавих шаардлага тавихад ажлын хөлсийг 2 500 000 төгрөг тооцно гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс болж маргаан гарсан бөгөөд ажлыг чанаргүй гүйцэтгэсэн.

Худгийн өрөөнд нэг паар холбож өгсөн. Тэр халаалт доголдоод ажиллаагүй. Тогоо чинь болохгүй байна манайх шинээр тавиад өгье гэж хэлээд надад тогоо хийж өгөхөөр тохиролцсон. Халаалтын тогоог 2 400 000 төгрөгөөр хийж өгье гэж хэлэхэд 300 000 төгрөгийн урьдчилгааг өгсөн. Ингээд хийсэн тогоогоо авчирч өгсний дараа залгаж үзэхэд халж өгөхгүй байсан. Халахгүй байгааг нь хэлэхэд танайх галлаж чадахгүй байна гээд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зуухаа салгаад аваад явсан. Би 2 500 000 төгрөгөөр зуух захиалж авчруулаад хариуцагчид зуухыг тавиад өг гэхэд зөвшөөрөөгүй. Зуухыг өөр хүнээр тавиулах үед шугам хоолой хөлдсөн байсан. Шугам эхнээсээ хөлдөж хагараад ажил хийх нөхцөл бололцоо бүрдээгүй. Ингээд байшингаа цоожлоод хавар ирэхэд хамаг шугам хоолой, жорлонгийн суултуур хүртэл хагарчихсан байсан.

Би “БЦН” ХХК-ийн захирал Х.Ад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мобайлаар 700 000 төгрөг, мөн өдөр бэлнээр 300 000 төгрөг, 2015 оны 12 дугаарс сарын 04-ний өдөр мобайлаар 195 000 төгрөг, мөн өдөр бэлнээр 200 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард бэлнээр 300 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөгийг ажлын хөлс гэж өгсөн.

Надад материал авах зардлыг 6 500 000 төгрөг тооцож, би уг мөнгөөр сантехникийн материал авч угсруулсан боловч бүгд хөлдөж хагаран дахин ашиглах боломжгүй болсон.

Мөн байшин халаалтгүй болж дэлгүүр, халуун усны газар, үсчин, дулаан зогсоол ажиллахгүй болсон тул 7 сарын хугацаанд ажилуулаагүйн улмаас учирсан хохирол болох олох байсан орлогыг 1 сард 500 000 төгрөгөөр тооцож 3 500 000 төгрөгөөр хохироод байна. Мөн 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацааны цахилгааны төлбөр 280 000 төгрөгийг хариуцагчаас шаардана. Халаалтын төхөөрөмж тавина гэж байх хугацаанд нь цахилгаанаар байрыг халаасан зардал юм.

Иймд хариуцагч “БЦН” ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 1 700 000 төгрөг, барилгын материалын зардал 6 500 000 төгрөг, олох байсан орлого 3 000 000 төгрөг, цахилгааны төлбөр 280 000 төгрөг, нийт 11 980 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын эхээр манай компанид хандан халаалт тавиулахаар тохиролцсон. Халаалт тавиулах байшингийн хуучин тал нь халаалттай байсан. Тэрийг нь задлаад шинээр халаалт тавиулахаар болсон.

Материалын нийт зардал нь 6 500 000 төгрөг, ажлын хөлс 2 000 000 төгрөг болно гэж хэлэхэд нэхэмжлэгч зөвшөөрсөн. Усанд ордог өрөөнүүдэд халаалт тавихгүй бол болохгүйг анхааруулсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаа эхэлсэн. Дуусах арай болоогүй байхад худгийн өрөөнд паар тавихгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь паар тавьж өгсөн. Үүнд ажлын хөлс аваагүй. Таван өрөөнд нэмж паар тавиулъя гэхээр нь 1 өрөөг 80 000 төгрөгөөр тооцоод 400 000 төгрөгийг нэмж өгөхийг шаардахад зөвшөөрөөгүй.

Ажил хийх явцад ганц хоёр плита хагалсан. Маргаан гарахаас өмнө өөрсдийнх нь 2 жижиг зуухыг суурилуулахад халахгүй байсан. Тэгэхээр нь тогоог солих хэрэгтэй гэж хэлэхэд манайхаас авахаар санал тавьсан. Тогооны үнийг 1 800 000 төгрөгөөр тохиролцсон. 10 хоногийн дараа угсраад өгсөн. Зуух сайхан халлаа гэж хэлж байсан. Тэгээд бид нар хүлээлцээд явсан.

Нэхэмжлэгчид яндангаа солихыг санал болгоход яндангаа солиогүй. Мод хийхээр таталтаа голохгүй сайн асаад, нүүрс хийхээр таталтаа голоод, зуух яндангаа голоод асахгүй байсан. Нэхэмжлэгчид яндангаа соль гэж хэлсэн. Тооцоогоо хийхгүй, тэгээд тогоо өгөхгүй байсан. Төлбөрөө нэхэхэд өгөлгүй сар гаран болсон учир 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зуухаа салгаж авсан. Системийн усыг асгаад Ч.Янжинхорлоогийн нөхөрт хүлээлгэж өгөөд явсан. Сүүлд өөрсдөө зуух аваад 12 сарын сүүлээр над руу залгаад суурилуулаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй. 6 500 000 төгрөгийн бараа материалын үнэд 400 ширхэг радиатор гэсэн бичигтэй байгаа ч 120 шинэ радиатор суурилуулсан. Тал нь хуучин, тал нь шинэ байсан. Турба дан шинэ байсан.

Мөн 10 дугаар сард бид ажиллаж байсан болохоор тогны мөнгө гарна. Өвөл дэлгүүр дотроосоо галлаад ажилласан байдаг. Дээд давхар ашиглалтад ороогүй байсан. Гарааш дотор нь нүүрс хураасан байсан болохоор тэр өвөлдөө ажиллах боломжгүй байсан.

Надад ажлын хөлс гэж урьдчилгаа болгон 1 700 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгө бол миний хийсэн ажлын мөнгө. Маргаан үүсгээд байгаа учир урьдчилгаа мөнгийг буцаагаад өгье гэж бодож байна. Уг нь миний буруу гэж байхгүй. Миний буруугаас болж пар нь хагарч хөлдөөгүй учир бусад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч БЦН ХХК-аас 1 700 00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10 280 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч БГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 630 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “БЦН” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 42 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар талууд мэтгэлцэх үндсэн дээр хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтууд болох ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон уг гэрээний дагуу хүлээсэн үүргээ ажил гүйцэтгэгч буюу хариуцагч тал биелүүлээгүй буюу халаалт бий болоогүй, сүүлд өөр гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлснээр халаалттай болсон тухай үйл баримтыг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба энэ нь шүүхэд ирүүлсэн хариуцагчийн тайлбараар хангалттай нотлогдсон, харин хариуцагч нь ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаагүй байтал анхан шатны шүүх ийнхүү нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хангалттай нотлогдохгүй байна гэснийг зөвшөөрөхгүй байна.

Мөн захиалагч буюу нэхэмжлэгч тал өөрт 11 980 000 төгрөгийн хохирол учирсныг нотлох баримтуудыг хуульд заасан үүргийнхээ дагуу гаргасан боловч эдгээр баримтуудыг шүүх үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “БГ” ХХК нь хариуцагч “БЦН” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 11 980 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 11-1 тоотод байрлах байшинд халаалт тавиулахаар гэрээ байгуулагдсан талаар маргаангүй, шүүх уг харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тогтоосон.

 

            Зохигч ажлын хөлсийг 2 000 000 төгрөг, бараа материалын зардал 6 500 000 төгрөгөөр тохиролцож, нэхэмжлэгч урьдчилгаа 1 700 000 төгрөг төлсөн үйл баримтын хувьд талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийгдсэн ажлын үр дүн шаардлага хангаагүй нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан ажлын үр дүн биет байдлын доголдолтой гэж гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон учирсан хохирлын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй. Энэхүү шаардлага хангагдах эсэх нь биет байдлын доголдол, түүнээс үүссэн хохирлын хоорондын шалтгаант холбооноос хамаарна. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Х.А урьдчилгаанд авсан 1 700 000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж буйг зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авсан зүйлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хэн алиндаа буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “БЦН” ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 1 700 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил болох сантехникийн угсралт нь чанар, стандартын шаардлага хангаагүй, ажил гүйцэтгэгчийн буруугаас болж 6 500 000 төгрөгийн сантехникийн шугам хөлдсөн нь ажил гүйцэтгэх гэрээний шууд доголдлоос болж хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Мөн 6 500 000 төгрөгийн үнэ бүхий сантехникийн хэрэгсэл буюу халаалтын радиатор /паар/ нь хөлдөж, ямар хэмжээний хохирол учирсан талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, хохирлын хэмжээг гэрэл зургийг үндэслэн тогтоох боломжгүй.

 

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зарлагын баримтууд нь сантехникийн хэрэгсэл худалдаж авсныг тодорхойлох боловч эдгээр хэрэгслийг нэхэмжлэгчийн байранд суулгасан эсэх нь эргэлзээгүй тодорхой биш, түүнчлэн олох ёстой байсан орлогыг 3 500 000 төгрөгөөр тодорхойлж 2015 оны 3 сарын санхүүгийн тайланг нотлох баримтаар өгсөн ч 2015 оны 10 дугаар сард суурилуулсан халаалтын радиатор /паар/ хөлдсөнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй байна. Иймд эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэж, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт “1 700 000” төгрөгийг “1 700 00” гэж алдаатай бичсэнийг залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/01430 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “1 700 00” гэснийг “1 700 000” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БГ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 180 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА