Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 963

 

Г.А-, Э.У-, Б.С-

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогч Б.Э-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр,

шүүгдэгч Э.У-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

шүүгдэгч Б.С-,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1065 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Э-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор А.Бямбацэемаагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаартай эсэргүүцлээр Г.А-, Э.У-, Б.С- нарт холбогдох 201301021120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Г А-, 19.. оны . .дүгээр сарын ..-ны өдөр ................. төрсөн, .. настай, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, эх, дүү нарын хамт .................................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

2. Х овгийн Э У, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ....................... төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эцэг, эх, дүүгийн хамт ................................................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

3. Ш овгийн Б С-, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....................... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...........................” ХХК-д нярав ажилтай, ам бүл .., эцэг, эх, дүүгийн хамт ..................................... тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, /РД:............................./;

 

Шүүгдэгч Г.А- нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Э- баруун нүд рүү цохиж, хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.С- , Э.У- нар нь бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Б.Э-т хүч хэрэглэн зодож, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.С-, Э.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.У-, Б.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Г.А-, Э.У-, Б.Сумъядулам нарыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.А-, Э.У-, Б.С- нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн  эд хөрөнгөгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор А.Бямбацэемаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд,

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.У-, Б.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201201021120 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Г.А-, Э.У-, Б.С- нарыг цагаатгасугай” гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.  Тухайлбал:

Яллагдагч Б.С-, Э.У- нар нь бүлэглэн, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси Их хайрхан” нэртэй  амралтын  газарт  нийгмийн  хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч  Б.Э-ийг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

яллагдагч Г.А- нь танхайн сэдэлтээр, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт хохирогч Б.Э-ийг зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-70  хуудас/,

хохирогч Б.Э-ийн: “...цахилгаантай цагаан цамцтай охин л над руу дайраад байсан. Намайг гайхаад зогсож байтал чи яах гээд байгаа юм бэ? гэхлээр нь юу яриад байгаа юм бэ? гэхэд намайг үсдээд авахаар нь адилхан үснээс нь зулгаасан. Тэгтэл баруун гар талаас дахин нэг охин орж ирээд намайг түлхсэн чинь би газар унасан. Уг охин ямар хувцастай байсныг нь мэдэхгүй байна аа. ...Цагаан цамцтай охин миний үснээс тавиач гэхлээр нь зэрэг тавья гээд зэрэг үсээ тавиад өндийсөн чинь баруун гар талаас аймаар хүчтэй цохисон. Уг залуугийн царайг хараагүй боловч надаас өндөр залуу цохисон. Уг залуу намайг цохичихоод юу ч яриагүй. Би уг залууг цохиулаад тэнгэр хараад унасан. ... уг охин үсээ хойшоо боосон харагдсан. Шардуу царайтай охин байсан. Би хараад биеийнх нь ерөнхий байдлаар танина..." гэх мэдүүлэг /хх 17-18/, “...С- нь надад хандан “Чи яах гээд байгаа юм бэ?, Чи юу гэж хэлээд миний үснээс үстэж зулгаагаад барьсан. Тэгэхээр нь би С-ыг адилхан үснээс нь үстэж аваад бид нар хоорондоо үсдэлцсэн. Тэгэхэд Урангэрэл нь бид хоёрын хажуунаас орж ирж, миний үснээс барьж аваад намайг хавсарч газар унагаасан. Ингээд намайг газар унахад миний баруун талын бөөр рүү Урангэрэл өшиглөсөн. ... Тухайн хэрэг болсон өдөр 21 цагийн үед амарч байгаа гэрээс Наранчимэгтэй гараад би араас нь гарч бие засах газрын зүгт баруун урагшаа яваад бие засчихаад эргээд гэр рүүгээ явж байхад гэрийн ард хүмүүс шуугилдаад том том дуугарч Наранчимэг бид хоёр гэрийн зүүн талаар тойроод очсон. Зүүн хойд гэрийн залуучуудтай Түмэнжаргал, Ууганбаяр, Ганзориг, Тулга нар хэрэлдээд маргаад байсан. Би юу болоод байгаа юм бэ? гэсэн, эсрэг талын нэг охин сүүлд нэрийг мэдсэн туранхай охин Сумьяадулам чи юу юм гичий минь гээд дайрсан. Нэг банди хориглосон боловч гарыг түлхээд над руу дайрч ирээд үснээс үстэж зулгаасан, би зөрүүлээд үснээс нь үстсэн, би тавь гэсэн тавихгүй байсан. Сумьяадулам зэрэг тавина гээд байсан. Тэгсэн баруун хажуу талаас сүүлд нэрийг мэдсэн Урангэрэл намайг хавирч унагаад газарт би баруун хажуугаас унаад өнхөрч дээр доороо орсон. Ингээд дээшээ харсан байдалтай С- үсдэлцэж байхад баруун хажуугаас А- миний баруун нүдэнд хүчтэй цохисон. Би толгой эргэж, болж байгаа зүйлээ санахгүй нэг хэсэг болсон. Гэрийн зүүн хойд хэсэгт гэрийг налаад суусан. Лхасүрэн намайг хараад манай охиныг цохиод зодсон байна гээд орилоод байсан. Эмэгтэй хүн зодсон байна гээд нөгөө гэрээс залуус орилоод байсан. ...А- гартаа юм бариагүй байсан. Хөлөөрөө баруун нүдэнд өшиглөсөн. Хөлөөрөө дэвссэн гэж хэлж болно. ...Харин баруун хацар нүдний хэсэгт хумсаараа самардаж маажсан. Урангэрэл хавирч унагаан баруун бөөрөнд өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх 217/,

гэрч Б.Н-ийн “...Намайг гэрт ороход Э- баруун нүд хавдсан, хамраас нь цус гарчихсан, гэрийн зүүн Талын орон дээр хэвтэж байсан. ... Э- намайг нэг өндөр залуу хүрч өшиглөсөн гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-1 21-22/,

гэрч Б.У-ын “...уучлаарай гэхлээр нь хэрүүл маргаангүй сайхан амраарай гэж хэлээд гарсан. Тэгтэл хойд талын гэрээс 4-5 охидууд орилж гарч ирээд яасныг нь мэдэхгүй зодох гээд байхад нь харилцан маргалдсан. ...Э- дээр очиход Э- баруун талын нүдний орчим нь ил хавдсан, ил харагдах гэмтэл шарх харагдсан" гэх мэдүүлэг/хх-1 25-26/,

гэрч Г.Т-ын “...тухайн үед эсрэг талаас хоёр банди л учир зүггүй дайраад байсан. Уг хоёр бандийг харвал хамгийн эхэнд дайрсан 20 гаруй насны, богино куртик өмссөн, бордуу царайтай надаас бага зэрэг өндөр залууг нь харвал танина аа. Би 167 см өндөр нуруутай” гэх мэдүүлэг /хх-1 27-28/,

гэрч Э.Г-ийн “...миний сайн санаж байгаагаар тэнд байсан хэдээсээ хамгийн өндөр залуу нь нэлээн согтуу, ална тална гээд л байсан. Бид нар ч гэсэн дээрэлхүүлэхгүйг л бодоод маргалдаад энд тэнд хэсэг хэсгээрээ маргалдсан. Би тэнд байсан залуучуудтай маргалдаад байж байтал нэг харсан Э- гэрийн хаяа налчихсан сууж байхаар нь очоод хартал нүүрний баруун тал нь битүү хавдсан нүд нь аньсан харагдахаар нь эмэгтэй хүн зоддог хүн байна гээд бид хэд тэр залуучууд руу дайртал амралтын газрын хамгаалагч, зохион байгуулагч хүүхэн гарч ирээд тэр хэдийн байсан гэрийн хаалгыг хаагаад үүдэн дээр нь бид нарыг ойртуулахгүй зогсоод байсан. ...” гэх мэдүүлэг/хх 32/,

гэрч Ж.О-ийн “...гадаа зодоон болоод байх шиг байна гээд гартал У, С- хоёр гэрийн баруун талд эсрэг талын хоёр охинтой тус тусдаа ойрхон нэг нэгээрээ үстэлцээд орилолдоод байж байхлаар нь Ч.У-ыг очиж салгасан, би С-ыг очиж салгасан. ... Манай банди нараас хамгийн өндөр нь А-, араас нь Б, Ч орно. ... У нэг охинтой газарт өөд өөдөөсөө хараад бие биенийхээ үснээс зулгаачихсан хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг/хх-1 34-35/,

гэрч М.Ү-гийн “... найзуудаа салгая гээд гэрийн урд гарч иртэл амралтын газрын жижүүр ах, үйлчлэгч эгч хоёр салгаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-1 45-46/,

гэрч Б.Ж-гийн “...Бид хэдийг гэртээ орсон байхад бидэнтэй маргалдсан залуучууд хаалга, хана руу өшиглөөд манай нэг охиныг та нар зодчихлоо гээд байсан. ... Сүүлд сураг сонсоход Үүрийнтуяа, Бепежан хоёрыг дээр байхад 2 залуу ирээд танай гэрт охидууд шуугилдаад байна, орж танилцъя гэснээс болж маргаан үүссэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх 1-48/,

гэрч О.Ч-ын “...У нэг охинд үстүүлчихсэн, Дууяа бас үстүүлчихсэн байхлаар нь би У-ыг салгасан, О Д салгасан. Уянгыг салгаж байхад Б, А- нар гэрийн урдуур дуугараад нөгөө талын хүмүүстэй маргалдаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 1-50/,

гэрч М.Л “...Тэгсэн манай найз Э- зүүн хойд талын гэрийн хойд хэсэгт налчихсан уйлаад сууж байсан. Тэр налсан гэрийн хойд талын гэрийн хэсэг залуучууд манай найзууд тэгээд амралтын газрын нэг эгч ирчихсэн, хэн зодсон бэ?, яасан бэ? гээд асуугаад би хүртэл Э-ээс асуусан чинь тэр залуучууд гээд тэнд байсан хойд гэрийн залуучуудыг заагаад байсан. Би тэр залуучуудаас асуусан. ...Тэр үед цагдаа авч явсан өндөр залууг Э- надад зодсон юм гэж ярьж байсан. Бусдаасаа өндөр нуруулаг залуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх 2-13/,

яллагдагч Б.А-ын сэжигтнээр өгсөн “...Би гэрээс Б хамт гарахад Ү нэг бандитай зууралдаад хажууд нь зогсож байсан. Тэгж байтал цаанаас нь бас нэг залуу гарч ирээд бид хоёр хоорондоо зууралдаж авсан. Намайг нэг нь салгаад гэрт оруулсан. ... Би л цохисон юм байлгүй дээ. ...” гэх мэдүүлэг /хх 1-76/,

шинжээчийн №4740 дугаартай дүгнэлт /хх 1-52/,

шинжээчийн №300 дугаартай дүгнэлт “...Б.Э-ийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэдрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт соривжилт, тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013 оны 4 дүгээр сарын 12-нд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх /хх 1-115/ болон хавтас хэрэгт заагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байхад шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийлгүй хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн таньж олуулах ажиллагаагаар ижил төстэй 9 охиноос 8 дугаартай охиныг С- байна гэж таньсан байдаг. Мөн А- нь хохирогч Э- нүд рүү санаатай цохисон идэвхитэй үйлдлийн улмаас түүний нүдэнд хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байхад шүүх хангалттай тогтоогдоогүй байна гэж хууль зүйн дүгнэлтийг өгөхдөө хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Мөн Шүүхийн тогтоолын "УДИРТГАЛ" хэсэгт “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэлбэрийн алийг нь гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, дүгнэн хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж, ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ...дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.Э- анхны мэдүүлэгтээ “Би уг залууд цохиулаад тэнгэр хараад унасан, биеийг нь хараад ерөнхий байдлыг танина” гэсэн. Мөрдөн байцаалтын явцад таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр хохирогч Б.Э- “А- намайг зодсон” гэж таньж, дараа дараагийн мэдүүлгээр А- намайг зодсон гэдэг. Хамгийн өндөр нь А- байсан. Гэрч Н “Э- намайг өндөр залуу хүрч ирээд өшиглөсөн” гэж мэдүүлсэн. Гэрч Тулга “надаас бага зэрэг өндөр залуу байсан, харвал танина” гэсэн мэдүүлэг өгсөн. Бусад гэрч нар А-ыг хамгийн өндөр нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, орилж хашгирсан байдлын талаар мэдүүлдэг. Хохирогч Б.Э-ийн мэдүүлэгт “шардуу царайтай, цагаан хувцастай охин байсан” гэж анх мэдүүлсэн. 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн таньж олуулах ажиллагаагаар 9 эмэгтэйгээс С-ыг таньсан. Шинжээчийн дүгнэлтээр ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг гэж тогтоогдсон. Б.А-ын сэжигтнээр өгсөн “...Би л цохисон юм байлгүй дээ” гэсэн мэдүүлдэг байхад шүүх нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр цагаатгасан. Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг шийтгэх тогтоол гэж гаргасан. Тийм учраас нотлох баримтад тулгуурлан шийтгэх тогтоолоор Г.А-, Э.У-, Б.С- нарыг цагаатгасан нь хуулийн үндэслэлийг хангахгүй байгаа учраас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч Ч.Нямцоож гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж, цагаатгаж шийдвэрлэсэн. Гэхдээ цагаатгаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудтай нийцэхгүй байна гэж үзэж давж заалдах гомдол гаргасан.

2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зодоон болж хохирогч, шүүгдэгч нар оролцсон. Энэ зодоонд хохирогч, шүүгдэгч нар оролцсон, хохирогч анхны мэдүүлгээр хоёр эмэгтэй, нэг эрэгтэйд зодуулсан талаар тогтвортой мэдүүлж байсан. Анхны мэдүүлгээр шүүгдэгч нарын нэрийг тодорхой мэдэхгүй байсан учраас тухайн үед “хоёр эмэгтэй, нэг залуу зодсон” гэж мэдүүлсэн.

Г.А- анхны мэдүүлэгтээ “Би хохирогчийг цохисон юм байлгүй дээ” гэж мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын явцад “Намайг цагдаа сүрдүүлж байгаад ийм мэдүүлэг авсан” гэж тайлбарладаг. Мөн Э.У-, Б.С- нарын хувьд тухайн үед үл таних эмэгтэйтэй зодолдсон талаар мэдүүлж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хоорондоо зодолдсон болж хэргийн нөхцөл байдлыг гуйвуулж, үндэслэлгүй тайлбар гаргасан. Хохирогчийн хувьд, урьд нь ямар нэгэн гэмтэл авч байгаагүй учраас дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, хариуцлага тооцож, шийдвэрлэх бүрэн боломжтой. ...” гэв.

 

Хохирогч Б.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гарсан хэрэг өнөөдрийг хүртэл 5 жил гаруй хугацаа өнгөрч байна. Миний бие энэ хэргийн талаар хууль сануулж, хуулийн дагуу үзсэн, харсан зүйлээ болсон үйл явдлыг ярьсан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч нар намайг “нийт 19 хүн байсан, тэд нараас хэн нь ч чамайг цохиулсныг хараагүй” гэсэн. Би өөрөө харсан байхад миний эсрэг ийм зүйл хэлж байгаад би маш их гомдолтой байна. Миний бие махбодид болон сэтгэл санааны хувьд маш их хүнд байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, өмгөөлөгч авч өнөөдрийг хүртэл явж, миний нүдийг гэмтээж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад их гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тэр өдөр хүнд зодуулаад ямар ч тэнхээгүй байсан. Би хохирогч Б.Э-ийг цохиогүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед хохирогч гэх Э-ийг хараагүй. Урангэрэл нэг охинтой үсдэлцэж байхаар нь хамт явж байсан охиныг дуудаж салгасан. Миний бие үсдэлцсэн, зодолдсон зүйл байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд цагаатгасугай гэсэн боловч хэвлэмэл хуудсанд гаргахдаа шийтгэх тогтоолын хэвлэмэл хуудсанд гаргасан нь шүүхийн алдаа тул техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүх засаж залруулж болно.

Прокурорын эсэргүүцэлд “...гэмт хэрэг нотлогдсон байхад буюу гэрч Тулгын мэдүүлгээр нотлогдсон байхад цагаатгасан...” гэж байна. Тухайн үед 19 хүн байсан, тэдгээр хүмүүсээс хохирогч Б.Э-ийг хэн цохисон талаар мэдүүлсэн гэрч байхгүй. Хохирогч Б.Э- анхны мэдүүлэгтээ “А- цохисон” гэж мэдүүлээгүй атлаа 1 жилийн дараах мэдүүлэгтээ “А-” гэж мэдүүлсэн.

Мөн таньж олуулах ажиллагаанд А-ыг таньж олсон гэж байна. Таньж олуулах ажиллагаанд А- байгаагүй. А- өөрөө хүнд зодуулж, нүд нь хөхөрсөн байсан учраас Налайх дүүрэгт эмээгийндээ эмчлүүлж байсан. Тэр тухай эмээ нь мэдүүлэг өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж орилж байсан гэдэг нь хавтас хэрэгт хэний мэдүүлгээр тогтоогдсон талаар огт байхгүй. А- тухайн үед байсан хүмүүсээс хамгийн өндөр нь байсан гэдгээр энэ хэрэгт яллагдагчаар татагдсан. Тухайн үед байсан залуучууд ойролцоо нуруутай байсан. Нарийвчлан харахгүй л бол А-ыг бусдаасаа өндөр гэж харах боломжгүй. Прокурор, хохирогчийн өмгөөлөгч “Би л цохисон юм байлгүй дээ” гэж мэдүүлэг өгсөн гэж байна. Мөрдөн байцаагч “Та нар хохирлыг барагдуулчих, эвлэрэх нөхцөл байдлууд байна” гэсэн учир “Би л цохисон юм байлгүй дээ” гэж мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаагч тодруулж асуухад А- “Би зодоогүй” гэж мэдүүлснийг шинжлэн судлуулах шаардлагатай. Хохирогчийн хувьд ямар байдалтай байгааг бид ойлгож байна. Гэхдээ энэ нөхцөл байдал нотлогдож, А- гэмтээсэн бол ял шийтгэлээ эдлэх нь зөв. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байхад яллаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд тогтоолын утга агуулгаар нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.У-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэж зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурал болсон. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж үзэхэд тухайн үед 19 хүн зодолдсон. Зөвхөн хохирогч Б.Э-тэй үсдэлцсэн гэж Б.С-, Э.У- нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн бол хохирогч Б.Э- мөн энэ хэрэгт олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт холбогдсон байх магадлалтай. Шүүх энэ хэргийг эргэлзээтэй байдалтай байгаа учраас цагаатгаж шийдвэрлэсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Г.А-ыг согтуугаар, бусадтай маргалдах явцдаа хохирогч Б.Э-ийн баруун нүд рүү цохиж, хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,

Э.У-, Б.С- нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Г.А-, Э.У-, Б.С- нарт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасан байна.

 

Хохирогч Б.Э-ийн “...Би гэрийн хаяанд зогсож байхад өндөр шар царайтай залуу үг хэлэлгүй нүүрэнд гараараа цохисон. Охидууд нь үстээд байсан санагдаж байна. Миний хамар мурийсан, баруун нүд хавдсан, юм харахад эвгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. ...” /1 хх-11/, “...цахилгаантай цагаан цамцтай охин над руу дайраад байсан. Намайг үстээд авахаар нь адилхан үснээс нь зулгаасан. Тэгтэл баруун гар талаас бас нэг охин орж ирээд намайг түлхсэн. Үсээ тавиад өндийсөн чинь баруун гар талаас аймаар хүчтэй цохисон. Уг залуугийн царайг нь хараагүй боловч надаас өндөр залуу цохисон. ...” /1 хх-18-20/, “...Миний нүд рүү өвдөлт өгөөд байгаа. Сонин сэтгүүл уншихаар удаан харж чадахгүй байгаа. Миний харснаар гартаа унь барьсан хүн байгаагүй. ...” /1 хх-21/ гэх, гэрч М.Лхасүрэнгийн “...тэр үед цагдаа авч явсан өндөр залууг Э- надад зодсон юм гэж ярьж байсан. Бусдаасаа өндөр нуруулаг залуу байсан. ...” /2 хх-ийн 15/ гэх мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх-ийн 69-71/ зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байна.

 

Г.А-, Б.С-, Э.У- нарыг тус тус цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

 

Анхан шатны шүүх Г.А-, Э.У-, Б.С- нарыг цагаатгасан атлаа шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж заасныг зөрчжээ.

 

Иймд Г.А-, Э.У-, Б.С- нарыг үндэслэлгүй цагаатгасан талаарх дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч Б.Э-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Г.А-, Э.У-, Б.С- нарыг цагаатгасан 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1065 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1065 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.А-, Э.У-, Б.С- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол Г.А-, Э.У-, Б.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

Д.ОЧМАНДАХ