Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 08 өдөр           Дугаар 128/ШШ2019/0278           Улаанбаатар хот

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Э.С

Хариуцагч: ЦЕГД

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалын Э.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э.С-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, түүний өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нарыг оролцуулав.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Ш.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.С нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт нягтлан бодогчоор ажилладаг байсан ба албан үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.10-т тус тус заасан үндэслэлээр цагдаагийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулаад цагдаагийн дэслэгч цолыг нь хураасан тухай Хүний нөөцийн хэлтсийн 34/1 дугаартай мэдэгдлийг хүлээн авч мэдсэн.

Ингээд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Э.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э.С-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Э.С-ийг П.Л-ийн нүцгэн зургийг өөрийн хаягнаас олон нийтийн сүлжээнд тавьсан нь ёс зүйн зөрчил юм гэж байна. Мөн энэ зургийг өөрийнх нь утсан дээр хадгалсан байсан гэж тайлбарлаж байна. Гэвч тус зураг нь өөрийнх нь утсан дээр бус мессенжерт нь хадгалагдсан зураг байсан. Тухайн үед авсан зургаа өөрөө өөрийнхөө фэйсбүүк мессенжерт илгээж, мессенжертээ хадгалсан.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.10 буюу “гэр бүл, үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэж заасныг зөрчсөнтэй холбоотойгоор Э.С-ийн ар гэрийн байдалд болон Цагдаагийн байгууллагын нэр хүндэд хор уршиг учраагүй, тэр фэйсбүүк сторид тавигдсан зураг нь ямар нэгэн мэдээлэл биш бөгөөд албаны шалгалт явуулах журамд нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл тавигдсан байх юм бол зөрчил гэж үздэг. Нүцгэн зураг бол Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл биш. Энэ зургийг цахим орчинд тавьсныг нь зөрчил гэж үзээд арга хэмжээ авч байна гэж ойлгосон. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн тайлбараас П.Лтой эр эмийн харилцаатай байсан нь ёс зүйн зөрчил гэж ярьж байна. Албаны шалгалтын явцад П.Л, Э.С нар нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл хувийн харилцаатай байсан гэдэг. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм нь 2017 оны 6 дугаар сарын 23-нд батлагдсан. Энэ дүрмийг батлагдахаас өмнө П.Л, Э.С нар нь хувийн харилцаатай байсан байх тул хэрэв эр эмийн харилцаатай байсныг ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа бол сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Хувийн харилцаа таслан зогсоогдсоноос хойш бүтэн нэг жил дөрвөн сарын дараа сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Ц 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө ёс зүйн дүрэм батлагдаагүй байхад болсон үйл явдлыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх юм уу? 2017 оны 4 сараас хойш дотно харилцаатай байсан эсэхийг Цагдаагийн ерөнхий газар, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын албаны шалгалтаар тогтоогоогүй. Хэрэгт авагдсан П.Л, Э.С нарын тайлбар, тодорхой болсон үйл баримтаас харахад 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 сар хүртэл дотно харилцаатай байсан нь тогтоогддог. Мөн тухайн ёс зүйн дүрмийг албан хаагчдад танилцуулж, гарын үсэг зуруулсан байх ёстой. Дүрэм батлагдаж гарснаар энэхүү ёс зүйн дүрэмд зөрчил гэж заасныг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх үү, гарын үсэг зурснаар хариуцлага хүлээлгэх үү гэдэг нь тодорхойгүй...” гэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нар шүүхэд  ирүүлсэн хариу тайлбар болон 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга П.Л гэх хүний нүцгэн зураг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ асуудалд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас албан шалгалт явуулсан. Тус шалгалтаар П.Л гэх хүн нь хамт ажилладаг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогч Э.Стэй эр эмийн харилцаатай байсан нь тогтоогддог. Тус зураг нь Э.С-ийн өөрийн эзэмшдэг хувийн фэйсбүүк хаягаас цацагдсан нь мөн тогтоогдсон. Иймд П.Л, Э.С нар нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн байна гэж үзэж Цагдаагийн албаны тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч талаас хакердуулсан гэх тайлбарыг өгдөг. Албаны шалгалтын явцад П.Лийн зураг Э.С гэх хүний гар утсанд хадгалаатай байсан гэдгийг П.Л, Э.С нар нь хүлээн зөвшөөрдөг. Э.С гэх хүний цахим хаягийг хакердлаа гэхэд өөр төхөөрөмжөөс хакердсан тохиолдолд тухайн хүний гар утсанд байх зургийг өөр хүн олон нийтийн сүлжээнд тавих боломжгүй. Э.С-ийнцахим хаягийг хакердан орж тус зургийг олон нийтийн сүлжээнд тавьсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй, заавал Э.С гэх хүний оролцоотойгоор тухайн зургийг гар утаснаасаа тавих боломжтой. Энэ асуудал нь илэрхий нөхцөл байдлаар тогтоогдож байгаа юм.

Э.Сд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-д “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах...” 2.4.10-т “...нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэж байгаа. П.Л, Э.С нарын хувьд нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж байгаа үйлдэл. Энэ зөрчлийн тухайд гуравдагч этгээд, хөндлөнгийн гэрч зэрэг хязгаарлагдмал, өөрсдийнх нь ярьж хэлж буйгаар л асуудал тодорхойлогддог. Гэтэл бид энэ асуудлыг агуулгаар нь авч үзэх ёстой. Урт хугацааны туршид удирдах албан тушаалтантайгаа эр эмийн харилцаатай байсан, мөн ямар зорилгоор тухайн хүний зургийг гар утсаараа авчихаад утас, мессенжертээ хадгалсан,  ямар зорилгоор мессенжерт хийсэн нь тодорхойгүй. Э.С-ийнхувьд гэр бүлгүй ганцаараа амьдардаг байсан тул түүний хувьд хор уршиг учраагүй гэдэг. Гэвч П.Л нь халагдах хүртлээ Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт 10 жил ажилласан.  Энэ хүний нүцгэн эвгүй байдалтай зураг цахим орчинд тархснаар гэр бүл, хамаатан садан, үр хүүхэд, найз нөхөд, Цагдаагийн байгууллагынхан зэрэг бүх хүмүүс тухайн зургийг харсан. Хууль бус явдалтай тэмцдэг цагдаагийн байгууллагын талаарх үзэл бодол, хандлага энэ зураг олон нийтийн сүлжээнд тавигдсаны улмаас байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.

Энэ зөрчил нь 2017 онд гэнэт шинээр гарч ирээгүй. Энэ ёс зүйн хэм хэмжээ урьд нь байсан ч 2016 онд Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан ба энэ хуульд “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж заасан. Энэ хуулийн заалтын хүрээнд өмнө нь байсан ёс зүйн дүрмээ шинэчлэн боловсруулсан. Өмнө нь мөрдөгдөж байсан ёс зүйн дүрэмд 2.4.1, 2.4.10 дугаар заалтууд байгаа.

Зургийг мэдээлэл гэж үзэхгүй гэж байна. Мэдээлэл нь зурган хэлбэрээр байж болно. Энэ зураг нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Л нь айлд нүцгэн хэвтэж байна гэдэг мэдээллийг дамжуулж байна.

Энэ зураг нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн орой, ажлын цаг дууссаны дараа олон нийтийн сүлжээнд тавигдсан байдаг. Энэ өдөр Э.С нь Цагдаагийн газрын даргадаа хандаж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн байдаг. Ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсний дараа орой нь энэ мэдээлэл Э.С-ийнгар утаснаас олон нийтийн сүлжээнд тавигдсан байх тул өш хонзонгийн сэдлээр олон нийтийн сүлжээнд тавигдсан байхыг үгүйсгэхгүй...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалын Э.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э.С-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч тал “...сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, 2017 онд батлагдсан ёс зүйн дүрмээр сахилгын шийтгэл ногдуулсан, олон нийтийн сүлжээнд тавигдсан зургийг хэн тавьсан болохыг тогтоогоогүй, өөрөө албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байхад албанаас халсан нь миний хууль ёсны эрхийг зөрчсөн” гэж хариуцагч тал “Э.С-ийн ёс зүйн зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, “Цагдаагийн  алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.4.1-т “өөрийн болон албаны  нэр төрийг ариун байлгах, ...”, 2.4.10-д “гэр бүл үр хүүхэддээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэж заасныг зөрчсөн гэж маргаж байгаа болно          

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Э.С-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт тооцооны нягтлан бодогчийн /энгийнээр/ орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 10-ыг хүртэл түр хугацаагаар ажлуулж, тус газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/231 дүгээр тушаалаар 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс мөн газарт нягтлан бодогчоор томилжээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.С-ийг “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.10-т заасныг тус тус зөрчсөн тул цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн дэслэгч" цолыг хураажээ.

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн дэслэгч Э.С-ийнфэйсбүүк хаягнаас цагдаагийн албан хаагчийн нүцгэн байх үеийн зураг олон нийтийн сүлжээнд  тарсаны дагуу цагдаагийн газраас албаны шалгалт явуулж, тус материалд авагдсан Э.С-н “...манай гэрт авсан зураг,  би энэ зургийг өөрийн утсаар авсан. Авсан зургаа өөрийн мессенжерт оруулсан байсан. Миний фэйсбүүк хаягийн зургийн түүх гэсэн хэсэгт тус зураг тавигдсан байсан, би өөрөө тавиагүй...” гэсэн, П.Лийн “...Э.Стэй 2016 оны 10 дугар сараас, 2017 оны 4 сар хүртэл хугацаанд хувийн харьцаатай байсан. Миний хувьд алба хаагчтайгаа хувийн харилцаа үүсгэж цагдаагийн алба хаагчийн хувьд зөрчил гаргасан гэдгээ ойлгож байна...” гэсэн тайлбарууд,  цагдаагийн газрын танилцуулга, илтгэх хуудас, бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Э.С “удирдах албан тушаалын алба хаагчтай хувийн харилцаа тогтоосон, өөрийн болон албаны нэр төрийг гутааж, зүй зохисгүй үйлдэл гаргасан” зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

Дээрх албаны шалгалт явуулсан тухай танилцуулгыг ЦЕГДд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлж, танилцуулан, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар түүнийг байлцуулан хэлэлцжээ.

Нэхэмжлэгчээс “...сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, 2017 онд батлагдсан ёс зүйн дүрмээр сахилгын шийтгэл ногдуулсан, олон нийтийн сүлжээнд тавигдсан зургийг хэн тавьсан болохыг тогтоогоогүй, өөрөө албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байсан” гэсэн үндэслэлээр маргасан боловч нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, энэхүү хүсэлтийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэж, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албан хүргүүлэхээр шийдвэрлэсэн боловч 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн орой Э.С-ийнфэйсбүүк хаягт цагдаагийн алба хаагчийн зураг тавигдаж, үүний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр явуулсан албаны шалгалтаар нэхэмжлэгч уг зургийг өөрөө гэртээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрч,  өөрийн шууд удирдах албан тушаалтантай эр эмийн харьцаатай байсан болох нь тогтоогдсон тул, хариуцагчаас дээрх үйлдлийг ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн /2002/ оны 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар...өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.10-т “гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх” гэсэнд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснийг огт хамруулахгүй гэж үзэх боломжгүй, энэхүү ёс зүйн хэм хэмжээний агуулга нь гэр бүлийн харилцаатай холбоотой нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх тухай байх тул үүнд Гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн гэрлэгчдийн хоорондын эрх, үүрэг хамаарахгүй, уг хууль нь зөвхөн гэрчлэгчдэд хамааралтай, өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж болно, энэ нь ёс зүйн зөрчил биш гэж тайлбарлах нь өөрөө нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нийцэхгүй, нэхэмжлэгчийг зөвхөн хэн нэгэнтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэхээсээ илүүтэй албаны чиг үүргийн хувьд дээд шатны алба хаагчтайгаа хувийн харилцаа тогтоосон, фэйсбүүк хаягт цагдаагийн албан хаагчийн зүй бус зураг тавигдсан зэрэг нь цагдаагийн алба хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр буруутгаж, уг зөрчлийн хэм хэмжээг харгалзан ногдуулсан сахилгын шийтгэлийг тохироогүй гэж үзэх боломжгүй байна.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн үүрэг байхаар зохицуулж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тус хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй тодорхой сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар зааж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд Цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлагыг зохицуулсан байх бөгөөд 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.2-д “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална”, 81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно”, 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”,  81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж цагдаагийн алба хаагчид сахилгын хариуцлага хүлээлгэх харилцааг нарийвчлан зохицуулсан байх тул хариуцагчаас маргаан бүхий актад нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчилд холбогдуулан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан тухайн харилцааг зохицуулсан тусгай хууль байгаа бол түүнийг хэрэглэх хууль хэрэглээний ерөнхий зарчимд нийцжээ.

Дээрх үндэслэлүүдээр Цагдаагийн ерөнхий газрын даргын гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/648 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасан байх тул нэхэмжлэлийн “Э.С-ийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэслэгч цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.С-ийн“Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалын Э.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн дэслэгч цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

           

 

    ШҮҮГЧ                                     Д.ЧАНЦАЛНЯМ