Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0185/З |
Дугаар | 221/МА2016/0491 |
Огноо | 2016-07-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0491
2016 оны 7 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2016/0491 | Улаанбаатар хот |
“Г” ТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагч Хууль зүйн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0491 дүгээр шийдвэртэй, “Г” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, нийслэлийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 313 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэг, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын А/367 тоот захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарт холбогдох эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Г” ТББ-ын гишүүн 44 хохирогчдын нийт 514 874 212 төгрөгийн хохирлыг буруутай хариуцагчдаас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шинжээчийн зардал 58.135.000.00 төгрөгийг хариуцагч нийслэлийн Засаг даргад хариуцуулж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Л” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499009345 тоот дансанд тушааж, баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-60 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
Гэтэл шийдвэрийн 31 дүгээр хуудсанд анхан шатны шүүх шүүхийн зардлыг хуваарилж шийдвэрлэхдээ шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхийн зардлыг бүхэлд нь нийслэлийн Засаг даргад хариуцуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэсэн заалтыг зөрчиж шинжээчийн зардал 58.135.000.00 төгрөгийг хариуцагч нийслэлийн ЗАсаг даргаас бүхэлд нь гаргахаар шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх ингэж шийдвэрлэснээ шийдвэрийн 31 дүгээр хуудсанд тайлбарлахдаа нэхэмжлэгч тал Г-н хохирогчдын хохирлыг буруутай хариуцагчаас гаргуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээлгэхээр шүүхэд хандсан байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэлээр 29067500 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцуулах нь шударга ёсны зарчимд үл нийцнэ хэмээн тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэсэн заалтыг зөрчиж, шинжээчийн зардал 58.135.000.00 төгрөгийг хариуцагч нийслэлийн Засаг даргаас бүхэлд нь гаргахаар шийдвэрлэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, мөн хуулийн 7.2 дахь хэсэгт Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг гагцхүү хуулиар зохицуулна гэсэн хуулиудын заалтуудыг зөрчиж, шүүх гагцхүү хуульд захирагдах, хууль дээдлэх үндсэн зарчмаасаа хазайж, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэглэхээс зайлсхийж, хэрэглэхгүй шийдвэрлэсэн.
Мөн анхан шатны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг хуулийн үзэл баримтлалыг ёс зүй талаас нь тайлбарлаж, шүүхийн зардлыг дээрх байдлаар шийдвэрлэлээ гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг ёс зүй талаас нь тайлбарлаж хэрэглэх хуулийн зохицуулалт үгүй билээ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж шүүхийн шинжээчийн зардлыг хувь тэнцүүлэн хуваарилж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгчийн анх 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 1 жил 5 сарын дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон. Мөн зүйлийн 73.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэх хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах учиртай. Хүчинтэй болсон өдрөөсөө хойш 1 сарын дараа бэлэн болсон шүүхийн шийдвэрийг би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан. Хуулийн хугацаанаасаа илүү олон хоногоор сунжирч удаан хүлээлгэсэн шийдвэрийг уншаад даанч дээ гэх сэтгэгдэл төрж Захиргааны хэргийн шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дээд сургуулийн тааруухан сурлагатай оюуны семинарын даалгавраас ялгарахааргүй шийдвэр бичсэнд гайхаж гомдсоноо нуух юун.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбарыг тусгах ёстой. Шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч тус бүрийн тайлбарыг бүрэн хэмжээгээр тусгасан боловч нэхэмжлэгчийн хариу тайлбарыг огт дурдалгүй орхисон нь хэтэрхий өрөөсгөл, нэг талыг барьсан нөхцөл байдалтай байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй хүн энэ шийдвэрийг уншвал нэхэмжлэгч хариуцагчдын тайлбаруудыг ямар ч маргаан мэтгэлцээнгүйгээр хүлээн зөвшөөрсөн мэт ойлгогдож болохоор байна. Нэхэмжлэгчийг төлөөлөн өмгөөлөгч миний бие хариуцагчдын тайлбаруудад хариу тайлбаруудыг бичгээр гаргаж анхан шатны шүүхэд өгсөн бөгөөд шүүх хуралдаан дээр амаар нэг бүрчлэн тайлбарласан. Шүүх хуралдаан дээр хариуцагчид нэхэмжлэгчийн хариу тайлбарт хууль зүйн үндэслэл бүхий хариу няцаалт өгөөгүй. Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарал бүхий тодорхой маргаан мэтгэлцээн үндсэндээ явуулаагүйг шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэж болно. Хариуцагчид ихэвчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбогдох иргэний хэргийн шүүхэд харьяалагдах асуудлыг ярьж тайлбарлаж байсан. Манай нэхэмжлэлд хамаарах нотлох баримтуудад тулгуурлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар өмгөөлөгчийн хууль зүйн үндэслэл бүхий хариу тайлбараар няцаан нотолж нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тус тусад нь тайлбарласан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариу тайлбар, шүүх хуралдаанаас судлагдаж хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай холбогдох талуудын нотолгоо, үгүйсгэл, хариу няцаалтыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт тусгаагүй нь хуулийн 72.3 дахь заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийн агуулгыг гажуудуулан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмуудыг мөн адил зөрчсөн байна. Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талыг гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуульчлагдсан зарчмыг баримтлаагүй байна.
Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3 заалтын дагуу шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгаагүй учир шүүх хуулийн 51-р зүйлд заасныг баримталсан эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна. Иргэдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаан дээр төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэсэн утга агуулгатай дүгнэлтийг амаар хэлсэн учир төлөөлөгчийн дүгнэлт шийдвэрт тусгагдаагүй байх магадлалтай. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хуулийн дагуу тусгагдаагүй дээрх нөхцөл байдлууд нь цаашид хууль ёсны бус шийдвэр гаргах зам мөрийг зассан нь мэдээж. Шударга ёс, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчим хаана байна вэ? Эдгээрийг ардчилсан Монгол улсын ард иргэд Захиргааны хэргийн шүүхээс биш бол өөр хаанахын хэнээс нэхэх вэ? Захиргааны хэргийн шүүх биш бол өөр ямар байгууллага, албан тушаалтан хохирогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үнэн зөвөөр, шударгаар хамгаалж Монгол улсын нэрийн өмнөөс Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д заасны дагуу төрөөс...хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг хохирогчид-иргэдийнхээ өмнө хариуцах юм бол?
3. ЗХХШТХуулийн 72-р зүйлийн 72.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдлыг тусгах ёстой. Нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүх 8 хавтас бүхий нотлох баримтыг цуглуулсан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хэрэгт шууд хамааралтай, чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан. Харин хариуцагчдын зүгээс Нийслэлийн Засаг даргыг эс тооцвол нотлох баримт гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр нотлох баримт судлуулах хүсэлт ч гаргаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчдын тайлбарыг дахин дурдаж үнэлсэн хэр нь нэхэмжлэгчийн захиргааны хэрэгт шууд хамааралтай, чухал ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтууд өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар буюу нотолгооны хэрэгслээр тогтоогдсон эсэхийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 болон 40.2-т заасны дагуу огт үнэлээгүй байна. Анхан шатны шүүх хангаагүй зарим нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргааны зүйлээ тодорхойлоогүй, хэргийн оролцогчид ямар үйл баримт, нотлох баримт, ямар хуулийг хэлэлцэн нотлох ба үгүйсгэх ямар маргаан явуулсныг үнэлж дүгнээгүй хэр нь үндэслэлгүй байна хэмээх хуурай үгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан нь гайхалтай. Ийнхүү захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагч төрийн байгууллагуудын хууль бус эрх, ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр илүүд үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.3-т захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасантай нийцэхгүй байгаа учир шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим алдагдахад хүрчээ.
4. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийн Монгол улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарт холбогдуулан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгон хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын талаар шийдвэрийн өмнөх тодорхойлох хэсэгт тусгагдаагүй захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт тусгайлан олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэн эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн фактыг өөрийн хүсэл зоригийн нөлөөн дор үүсгэж, өөрчлөхдөө эрх зүйн хэм хэмжээг баримталсан эсэхийг шүүхээр тогтоолгон хуулийн 70-р зүйлийн 70.2.2-т заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэх боломжтой гэсэн эрх зүйн харилцааны онолын тайлбартай холбогдох хэсгийг иш татаж үүнийгээ нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаараа эрх зүйн хийсвэр хэм хэмжээг тайлбарлуулж, тогтоолгох /шүүхийн шийдвэрийн 21-р тал/-ыг хүссэн мэтээр үнэлж дүгнэсэн байна. Энэхүү гайхалтай дүгнэлтийг тайлбарлахад бэрхшээлтэй байна. Шүүгчид эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар дутуу дулимаг учир санамсаргүй байдлаар эрх зүйн онол, нэхэмжлэлийн шаардлага хоёрыг хольж хутган андуурсан юм болов уу. Эсвэл нэхэмжлэгчид болох хохирогчдыг санаатайгаар басамжлан доорд үзэж хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үндэслэлийг зөвтгөх оролдлого хийсэн юм уу. Аль нь ч байсан анхан шатны шүүхийн энэ үнэлэлт дүгнэлт болон үүнтэй холбогдох шүүхийн шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндэслэлгүй байгааг давж заалдах шатны шүүх анхааран үзэж алдаа мадгийг нь засаж залруулах нь зүйд нийцэх биз ээ. Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн 5-д ...нэхэмжлэлд дурдсан олон янзын хууль зүйн фактад тэдгээртэй уялдах эрх зүйн харилцаа байсан эсэхийг Г ХЗХ-ны хадгаламж эзэмшигчдэд хохирол учруулсан болон хохирогчдын хохирлоо бүрэн барагдуулах боломжгүй болсон нөхцөл байдалд нэр бүхий албан хаагчдын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг шүүхээр тогтоолгон хүлээн зөвшөөрүүлж, 70-р зүйлийн 70.2.2-т заасан шийдвэрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна /шүүхийн шийдвэрийн 8-р тал/ гэжээ. Ийнхүү нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд эрх зүйн хийсвэр хэм хэмжээг тайлбарлуулж тогтоолгох агуулга зорилгоор нэхэмжлэл гаргаагүйг нотлох баримтыг олж хараагүй, ойлгож мэдээгүй шүүгчдэд гомдолтой байна гэж хэлэх нь зөөлдмөөр...
Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд, шүүгчийн эрх зүйн ухамсар, албан хариуцлага ....өргөсөн тангараг зэргийг хэзээ, хэн, хэрхэн хэрэгжүүлэх вэ? Анхан шатны шүүх нэхэмжлэлийн тодотгож багасгасан шаардлагыг биш нэхэмжлэлийг анхны байдлаар нь бүрэн эхээр нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаж сунжруулсан боловч шүүх үнэлэлт дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлагаас огт өөр зүйлийг ишлэн тайлбарласнаар шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт эрх зүйн утга агуулгаараа хамааралгүй болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна. Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар 18-ны өдөр хуралдаж хойшлогдсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодотгон багасгаж шүүхэд болон хариуцагчдад гардуулж өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт энэхүү эцсийн байдлаар нарийвчлан тодотгож багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн тусгаагүй байна.
Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодотгохдоо ...тухайн үед хангалттай хөрөнгөтэй байсан Г ХЗХ-ны хохирогчдын хохирол одоог хүртэл нөхөн төлөгдөж дуусаагүй нөхцөл байдалд Монгол улсын Ерөнхий сайдын 63-р захирамжийн дагуу үүрэг хүлээсэн ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн болон зөвхөн ХЗХ-дын хохирогчдын асуудлыг шийдвэрлүүлэхээр шинээр үүсгэн байгуулсан дээр дурдсан байгууллагуудын албан хаагчдын эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон албаны эрх, үүргээ өөрсдийн хүсэл зоригийн нөлөөн дор хэрэгжүүлсэн албан хариуцлагатай холбогдох төрийн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа буюу хууль зүйн нэр томьёогоор бол ЗХХШТХ-ийн 70-р зүйлийн 70.2.2-т зааснаар эрх зүйн харилцааг тогтоолгон шүүхээр хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжилж байна гэжээ. Нэхэмжлэлийн энэ шаардлагаа нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад Монгол улсын ерөнхий сайд, хууль зүйн сайд нарт холбогдуулан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэхээр тодотгосныг шүүхийн шийдвэрт /20,21-р тал/ дурдсан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх ... Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 2-т Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана хэмээн Засгийн газрын бүрэн эрхийг, мөн хуулийн 23-р зүйлийн 1-д Ерөнхий сайд....төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна хэмээн ерөнхий сайдын бүрэн эрхийг, мөн хуулийн 24-р зүйлийн 1-д эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж...Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал,үр дүнг ерөнхий сайд, улмаар УИХ-ын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хүлээнэ...хэмээн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг зааж, тус тус хуульчилсны дагуу дээрх байгууллагууд тодорхой үйл ажиллагаа явуулсан байна. Иймд нэхэмжлэгчийн Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарт холбогдуулан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй байна /шийдвэрийн 22-р тал/ гэжээ. Нэг талаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Монгол улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарыг хариуцагчаар тодорхойлсон, нөгөө талаас нь үзвэл дээр дурдсан хуулийн зохицуулалт нь ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг тодорхойлсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хууль зүйн үндэслэлээ нэрлэгдсэн албан тушаалтнуудын хуулиар олгогдсон бүрэн эрх, үүргээ зохих ёсоор зөв зүйтэй хэрэгжүүлсэн эсэх албан хариуцлагатай бус байгууллагуудын үйл ажиллагаатай холбон тайлбарласан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тухай эрх зүйн үндэслэлгүй байна гэх үгс нь ямар нэгэн үйл баримт /хууль зүйн факт/ болон нотлох баримттай холбоогүйгээр дангаараа шүүхийн дүгнэлт болохгүй гэдгийг шүүгчид ойлгож мэдээгүй байна гэвэл туйлшрал хэтрүүлэг болох биз ээ.
Тэгвэл шүүхийн шийдвэр хууль ёсны байх эрх зүйн шаардлагыг умартсан шүүгчдийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар юунд хөтлөгдсөнийг хэн, хэрхэн тааж мэдэх юм бол?....Анх 2006 оны 06 дугаар 19-ний өдөр Монгол улсын ерөнхий сайдын гаргасан 63-р захирамжаар ХЗХ-дын асуудлыг шийдвэрлэх эрх, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж энэ захирамжийн дагуу ХЗХ-дын хэргийг дагнан шалгах эрхтэй мөрдөн байцаах хэлтсийг шинээр үүсгэн байгуулсан үеэс Г ХЗХ-ныхон өнөөг хүртэл хохирогч байх үүд хаалга нээгдсэн нь маргаангүй үнэн. Энэ ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль санаачлан батлуулж , хуулийн дагуу Засгийн газар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам гаргасан. Нэхэмжлэгч эрх зүйн харилцаа байсан эсэхийг шүүхээр тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэхдээ төрийн байгууллагуудын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг ерөнхийлөн хамааруулаагүй. Нэхэмжлэгч эрх зүйн харилцаа байсан эсэх асуудлыг зөвхөн Г ХЗХ-нд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үед байсан хоршооны хөрөнгийг худалдан борлуулахад нийт хохирогчдын төлөгдөөгүй үлдсэн 5,9 орчим төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулах боломжтой байсан эсэх, хэрэв ийм боломжтой байсан бол өнөөг хүртэл хохирол бүрэн төлөгдөөгүйд албан эрх, үүргээ хэтрүүлсэн, цалгардуулсан гэм буруутай албан тушаалтан байгаа эсэхтэй холбогдуулан нэхэмжилсэн. Ж.Мэндбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад шинжээчээр томилогдсон Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээчийн 056 тоот дүгнэлтээр /2006.05.15-ны байдлаар гаргасан/ иргэдэд 1,996,129,500Т-ийг зээлийн журмаар олгосон буюу хоршоо ийм хэмжээний зээлийн авлагатай байсныг нотлох баримт /5х-176 ар тал/ хэрэгт авагдсан байгаа. Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн хөдлөх хөрөнгийн үнийн дүнг нэгтгэн гаргаснаар хоршоо тухайн үед нийт 1,885 тэрбум төгрөгийн хөдлөх хөрөнгөтэй байсныг нотлох баримт Эрүүгийн хэргийн төв архиваас захиргааны хэрэгт авагдсан байгаа. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй Л ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр АДХ-гаар зарагдсан 5 үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн үнэлгээ нийт 9,263 тэрбум төгрөг байсныг нотлох баримт /6х-36х/ бас байгаа. Нэхэмжлэгч эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар судлуулан хэлэлцүүлсэн бөгөөд үнийн дүн нийт 13,144 тэрбум төгрөг болж байгаа нь нийт хохирлын 50% буюу 5,9 тэрбум төгрөгийг төлж барагдуулах боломжтой байсныг нотолж байна. Харин Ерөнхий сайдын 63-р захирамжаас улбаатайгаар үүсгэн байгуулагдсан ХЗХ-дын төлбөр барагдуулах ажлын албаныхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад Г ХЗХ-ны бусдаас авах авлага, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг зарсан нийт үнийн дүнгээрээ ердөө 2,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь төрийн албан хаагчдын хүсэл зоригийн нөлөөн дор хэрэгжсэн хууль зүйн фактуудаар хоршооны хөрөнгө үнэгүйдсэний нотолгоо юм. Үүнийг нэхэмжлэгчид бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үндсэн эрх төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн гэж үзэж ЗХШ-д эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгон шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасан. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар захирамж, шийдвэр гаргаж шинээр мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тусгай алба /зөвхөн ХЗХ-ны асуудлаар/ үүсгэн байгуулах хүртэл өргөтгөсөн арга хэмжээ авсан нь нийтэд илэрхий үйл баримт болсон учир нотлох шаардлагагүй асуудал. Г ХЗХ-ны 13,144 тэрбум төгрөгийн хөрөнгө үнэгүйдэн 2,2 тэрбум төгрөг болсон хууль зүйн факттай холбогдуулан хохирогчид төрийн албан тушаалтнуудаас үүрэг хариуцлага шаардах эрхгүй гэж үү? Анхнаасаа Г ХЗХ-ны хохирлыг барагдуулах хамтын *******-ын хууль зүйн сайд, ерөнхий сайдад гаргасан гомдолд /урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны явцад/ энэ 2,2 тэрбум гэсэн тоо, төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаа, ТББ-ын гишүүдийн хохирлыг төрөөс бүрэн барагдуулж өгөөч гэсэн үг өгүүлбэрүүд л давтагдсаныг олж мэдэж, онцолж шүүгээгүй шүүхэд хохирогчид гомдохгүй байхын аргагүй. Засгийн газраас 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ХЗХ-ны хадгаламж эзэмшигч иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа асуудлын шалтгаан нөхцөлийг судалж, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан 63-р захирамжийг сайд нар Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх заалтыг биелүүлэх зорилгоор захирамж гаргасан гэж үзсэн нэхэмжлэгчид буруугүй байлтай.
Тэгвэл Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 2-т зааснаар энэхүү захирамжийнхаа биелэлтийг нь хангаагүй, мөн хуулийн 24-р зүйлийн 1-д зааснаар ...ЗГ-ын шийдвэрийг биелүүлэх ажлыг ЗГ-ын өмнөөс гүйцэтгэж...үр дүнг ерөнхий сайдын өмнө дангаар хариуцах учиртай сайд нарын албан үүрэг, хариуцлагатай холбогдох асуудлыг захиргааны хэргийн шүүх биш бол өөр ямар байгууллага, албан тушаалтан тогтоох болж байна вэ? Ерөнхий сайдын 63-р захирамжийн үйлчлэлээр Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс шинээр үүсгэн байгуулагдаж, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль бас журам гарч, ХЗХ-дын төлбөр барагдуулах ажлын алба шинээр үүсгэн байгуулагдсан нь маргаангүй асуудал. Хуулиас давсан тусгай журам мөрдөж болох бие даасан тусгай зохион байгуулалттай энэ алба Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй өчнөөн олон үйл ажиллагаа явуулсан. Ийнхүү Г ХЗХ-ны үйл ажиллагаа төрийн идэвхтэй оролцоотойгоор тасалдаж улмаар хоршооны эрх, үүрэг дуусгавар болсон, хадгаламж эзэмшигчид хохирогчид болж өөрчлөгдсөн, хохирол төлөгдөх хангалттай хөрөнгөтэй байсан хоршооны хадгаламж эзэмшигчид ХЗХТБАА-ны үйл ажиллагааны үр дүнд өнөөг хүртэл хохирогчид хэвээрээ ШШГА дуусгавар болоогүй байгаа эрх зүйн харилцаанд төрийн албан хаагчид албан үүрэг, хариуцлагын хувиар гэм буруугүйг шүүх ямар үйл баримт, ямар нотлох баримт, ямар хуульд үндэслэн яаж нотолсон нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр тухайн үедээ боломжийн хөрөнгөтэй байсан “Г” ХЗХ-г ерөнхий сайдын 63-р захирамжаас улбаалан үүсгэн байгуулагдсан төрийн шинэхэн албадын хүрээнд албадан хамааруулж, хөрөнгийг нь битүүмжлэн улмаар төрд хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулж, төрийн албан хаагчид хураагдсан хөрөнгийг өөрсдийн хүсэл зоригийн нөлөөн дор хямдхан зараагүй бол төрөөс албан ёсоор хохирогчдоор тогтоогдоогүй иргэд 10 жилийн дараа хөндөгдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй байсныг үгүйсгэх аргагүй. Төрөөс иргэдийг хохирогчоор тогтоохдоо иргэний 1 нэхэмжлэгчээр мөн адил тогтоон нэхэмжлэгчдийн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хангахаар хоршооны бүх хөрөнгийг төрд хураан аваад хамгийн багаар , бодоход 5,9 тэрбум төгрөгийн үнэд хүргэх боломж байсан гэж хохирогчид үздэг. Анхан шатны шүүх “Г” ХЗХ-ны хөрөнгө 2,2 тэрбум төгрөг болтлоо багасаж үнэгүйдсэнд ерөнхий сайд, хууль зүйн сайд нарын оролцоо, үүрэг хариуцлага нөлөөлөөгүй гэж дүгнэж байгаа бол үүнийг хариуцагчид хэрхэн тайлбарлаж няцаасан тухай шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэн шийдвэрлэх ёстой. Эдгээрийн аль нь ч биш, нэг ч хариуцагчийн хэлж тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхэд чухал ач холбогдолгүй хуулийн ерөнхий зохицуулалтыг шүүх санаачилгаараа олж шийдвэрийн үндэслэл болгосныг зарим шүүгчид эрх зүйн ухамсраа бус хуучин ажиллаж байсан төрийн байгууллагаа өмөөрөх сэтгэл зүйгээ удирдлага болгожээ гэмээр байна. Ийнхүү анхан шатны шүүх нотлох баримтыг буруу ч болтугай үнэлэх оролдлого хийгээгүй хэр нь хуулийг буруу хэрэглэсэн байгаа тул давж заалдах шатны шүүх ЗХХШТХ-ийн 88-р зүйлийн 88.1.2 болон 88.2-т тус тус заасныг баримтлан Монгол улсын ерөнхий сайд, хууль зүйн сайд нарт холбогдох эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
5. Анхан шатны шүүх ШШГЕГ-ын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б\787 дугаар, 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б\131 дугаар тушаалтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дээрхийн нэгэн адил зөвхөн хариуцагчдын тайлбарыг дурдан үндэслэсэн байна. Хариуцагч төрийн байгууллагын тайлбар худлаа мөртөө хуульд үндэслэгдээгүй байсан ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болох, эрх ашиг нь хөндөгдсөн иргэдийн хариу тайлбар, няцаалт үнэн бөгөөд эрх зүйн үндэслэл бүхий байсан ч шийдвэрийн үндэслэл болох байтугай ЗХХШТХ-д зааснаар шүүхийн шийдвэрийн бичвэрт ч тусгагдах учиргүй хаанахын ямар гээч ёс журам шүүгчдэд үйлчлээд байна вэ? Шүүхийн шийдвэрт...ШШГЕГ-ын даргын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А\31 дүгээр тушаалаар ХЗХ-дын төлбөр барагдуулах ажлын хэсгийг байгуулж, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай \ХЭТНБТ\ хууль, мөн Засгийн газрын 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 242-р тогтоолоор ХЭТНБТ журам батлагдсантай холбогдуулж ШШГЕГ-ын даргын 2007.10.19-ний өдрийн Б\787 дугаар тушаалаар дээрх ажлын хэсгийг ХЗХ-дын төлбөр барагдуулах ажлын алба \ХЗХТБАА\ болгон зохион байгуулжээ \шийдвэрийн 23-р тал\ гэж хариуцагчийн тайлбар \...зохион байгуулсан байна гэсэн\-ыг дүгнэлт хэлбэрээр дахин бичээд ...Б\787 дугаар ХЗХТБАА байгуулах тухай тушаал нь ХЭТНБТ хууль, Засгийн газрын 2007 оны 242-р тогтоолыг тус тус үндэслэсэн байх бөгөөд ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавих,ажиллах нөхцөл боломжоор хангаж, шаардагдах зардлыг гаргахыг тус газрын холбогдох албан тушаалтнуудад даалгажээ хэмээн дүгнэсэн байна. Хэрэгт нотлох баримтаар авагдаж нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанаар судлагдсан ХЭТНБТ хуульд ямар нэгэн ажлын хэсэг, алба байгуулахтай холбогдох заалт огт байхгүй. Засгийн газраас баталсан ХЭТНБТ журамд ажлын хэсэг байгуулах тухай зохицуулалт байгаа бөгөөд журмын 2-р зүйлийн 2.2-т ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан шийдвэрээр байгуулна гэж заасан байна. Үүнээс үзвэл Засгийн газрын 242-р тогтоолоор ШШГЕГ-т \даргад\ алба байтугай ажлын хэсэг байгуулах эрх олгогдоогүй байна. Эдгээрийг бичгээр болон амаар тайлбарласан нэхэмжлэгчийн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр уншиж сонсгосон нотлох баримтууд эрхэм шүүгчдийн нүд, чихний хаагуур нь харагдаж сонсогдохгүй өнгөрчхөв өө. Үүнийг монголчуудын сэтгэл сохор бол нүд сохор хэмээх хэлцээс өөрөөр тайлбарлах аргагүй мэт. Зүрх сэтгэлээрээ эрх зүйн ухамсраа дээдлэх учиртай шүүгчдийн байрыг нь сольж андуурсан хууль зүйн үндэслэлийг дээд шатны шүүх хянан залруулж нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэдэгт итгэж байна.
Шүүхийн шийдвэрт Засгийн газрын 2008 оны 64-р тогтоолоор Банкны өр барагдуулах чиг үүргийг ШШГЕГ-Т шилжүүлсэн тул ШШГЕГ-ын даргын 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б\131 дүгээр тушаалаар Банк, ХЗХ-ны төлбөр барагдуулах ажлын алба болгон чиг үүргийг нь өргөтгөн зохион байгуулсан байна \шийдвэрийн 23-р тал\ гэжээ. Нэхэмжлэгч 64-р тогтоолоор чиг үүрэг шилжүүлсэнтэй холбогдуулан маргаагүй, харин энэ тогтоол болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар ШШГЕГ-ын даргад алба байгуулах эрх олгогдоогүй гэж маргасан.
Харамсалтай нь энэ маргааны талаар, холбогдох хуулийн зүйл заалтын талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан үг өгүүлбэр, үнэлэлт дүгнэлт огт алга. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу байгуулагдсан бүтэц бүрэлдэхүүнтэй \нийслэл, аймгийн ШГА\ хэрэгжүүлэгч агентлагтаа Засгийн газар Банкны өр барагдуулах албаны \Сангийн яамны харьяанд байсан\ чиг үүргийг шилжүүлсэн нь ШШГЕГ-ын даргад БХЗХТБАА байгуулах эрх олгосон гэсэн үг мөн үү? Шүүх мөн гэж үзсэн юм бол хууль зүйн үндэслэлээ тайлбарласан дүгнэлт нь хаана байна вэ? Шүүх нотлох баримтыг хэрэг маргаанд хамааралтай эсэхийг нь,нотлох баримтаар хууль зүйн факт нотлогдож байгаа эсэхийг нь үнэлж дүгнэх учиртай биш үү. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч битгий хэл Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг мэддэггүй, эрх зүйн бус дээд боловсролтой хүн ч Засгийн газрын 64-р тогтоолоор ШШГЕГ-т шинээр алба байгуулах эрх мэдэл олгосон байна гэж андуурахгүйгээр ШШГЕГ-ын хуучин бүтцэд банкны өр барагдуулах чиг үүргийг шилжүүлснийг зөвөөр ойлгох боломжтой. Шүүх хариуцагчдын ...ажлын хэсэг нь ХЗХ-дын хохирлыг тараах эрх зүйн зохицуулалт байхгүй, хуулийн этгээдийн эрх үүрэггүй байсан учир хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлын алба болгож байгуулсан....гэсэн тайлбарыг давтан дурдсан байна. ШШГЕГ-ын харьяанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба гэдэг зохих хууль журмаараа үүсгэн байгуулагдсан, орон тооны шийдвэр гүйцэтгэгчидтэй, олон банканд харилцах данстай, санхүүгийн хэлтэс тасаг, ня-бо гэхчлэн төрийн байгууллагад байх ёстой бүхий л орон тооны ажилтан, албан хаагчтай ШШГТ Хуулийнхаа дагуу дүүрэг, тойргийн журмаар үйл ажиллагаа явуулдаг нийтийн захиргааны хуулийн этгээд бэлээхэн байгаа нь нийтэд илэрхий үйл баримт шүү дээ. ХЭТНБТ журмын 2.1-д улсын төсвөөр хохирлын 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах ажлыг Хохирол барагдуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг \цаашид ажлын хэсэг гэх\ гүйцэтгэнэ гэжээ. Журмын зохицуулалтаар ажлын хэсэг нь хохирол барагдуулах ажлыг зохион байгуулах эрх, үүрэгтэйгээр ХЗДХ-ийн сайд, сангийн сайдын хамтарсан шийдвэрээр \журмын 2.2\ үүсгэн байгуулагдах учиртай. Ажлын хэсэг мөнгө тараах ажлыг гардан хийх биш түүнийг удирдан зохион байгуулах өөрөөр хэлбэл Сангийн яамнаас баталж өгсөн төсөв, ХЗДХЯ-аас нэмсэн орон тоогоор НШГА-нд хүн хүч нэмэгдүүлэх замаар хохирлыг тараах ажлыг зохион байгуулах байсан гэж ойлгогдохоор байна. Мөн журмын 5.2-т битүүмжлэгдсэн эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дуудлага худалдааны комисс \цаашид комисс гэх\ хийж гүйцэтгэнэ гэжээ. Үүнээс үзвэл хөрөнгө худалдан борлуулах ажиллагааг аль хэдийнээ үүсгэн байгуулагдчихсан ШШГ байгууллага хариуцах, бэлэн мөнгө тараах ажлыг журмын дагуу байгуулагдах ажлын хэсэг зохион байгуулах тухай өөр өөр зохицуулалт байна. Эндээс эрхэм шүүгчид ХЭТНБТ журмаар ШШГЕГ-ын даргад ШШГТ Хуулиас гадуур биеэ дааж тусгаар тогтносон байдлаар ганцаарчилсан тоглолт хийж бүгдийг нь мэдэх шинэ байгууллага үүсгэн байгуулах бүрэн эрх олгоогүйг ойлгоход мэргэжлийн өндөр ур чадвар шаардагдахгүй нь мэдээж. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ШШГТ Хуулийн 5.2 болон 9.1 заалтыг хариуцагчдын тайлбараас шүүхийн ямар ч дүгнэлтгүйгээр давтан бичжээ. Харин нэхэмжлэгчийн эдгээр заалт яагаад ШШГЕГ-ын даргын тушаалуудыг зөвтгөх үндэслэл болохгүй талаар маргасан хариу тайлбарыг шийдвэрт тусгаагүй байна. Тэрчлэн хариу тайлбараа шүүх хуралдаан дээр амаар тайлбарласан өмгөөлөгчийн үгнээс ШШГТХ-ийн 5.2, 9.1 заалттай холбогдох хэсгийг хуралдааны тэмдэглэлд бичилгүй орхигдуулж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрээ хамгаалах ядарсан арга хэмжээ авчээ. Үүнийг хуралдааны тэмдэглэлтэй танилцаад 2016.06.08-нд анхан шатны шүүхэд гаргасан өмгөөлөгчийн санал \гомдолд хавсаргав\-аас үзнэ үү.
Шүүх хуралдаан дээр хариуцагчид нэхэмжлэгчийн саналд дурдсан хууль зүйн үндэслэлийг эсэргүүцэн няцаагаагүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч ЗХХШТХ-ийн 30-р зүйлийн 30.1 болон ИХШХШТХ-ийн 42-р зүйлийн 42/4-т заасныг тус тус баримтлан гомдлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Шүүх ШШГЕГ-ын тушаалуудыг гадагшаа бус дотогшоо чиглэсэн, зохион байгуулалтын буюу тухайлсан шинжийг агуулсан, удирдлагаас доод нэгж, албан тушаалтандаа төрийн чиг үүргийнх нь хүрээнд гаргасан эрх зүйн акт байх тул эдгээр тушаалууд нь нэхэмжлэгч талын ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэжээ. /шийдвэрийн 24-р тал\ Нийтийн захиргааны байгууллагын дотогш чиглэсэн актаар тухайн байгууллагын зорилго, чиг үүрэг, дотоод журам, албан хаагчдын ажил үүргийн хуваарь гэх мэтийн байгууллагын доторх хүрээ хязгаарт хамаарах асуудалтай холбогдох харилцааг зохицуулдаг. Нэхэмжлэгч ШШГЕГ-ын даргын тушаалуудыг тухайн байгууллагын эрхлэх ажлын чиг үүрэгтэй холбогдуулан өөрөөр хэлбэл ШШГ газар ХЗХ-ны эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэн ШШГ ажиллагаа явуулах эрхгүй гэж маргаагүй. Харин ШШГЕГ-ын харьяанд ШГА явуулдаг бүтэц бүрэлдэхүүн байсаар байтал ШШГЕГ-ын дарга шинээр ХЗХ-дын төлбөр барагдуулах ажлын алба байгуулан уг алба тусгаар тогтносон байдлаар хуулиас давсан ХЭТНБТ журмаар үйл ажиллагаа явуулсны улмаас Г ХЗХ-ны хөрөнгө үнэгүйдэж хохирогчдын бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөнтэй холбогдуулан маргасан. Хэрэв ШШГЕГ-ын дарга албаны эрх хэмжээгээ хэтрүүлэн шинэ алба байгуулаагүй, НШГА-ныхан нийтлэг зарчмаар ШГА явуулсан бол 1 үл хөдлөх хөрөнгийг 7 удаа албадан дуудлага худалдаанд оруулах, битүүмжлэгдсэн хөрөнгөнд үнэлгээ хийх тусгай эрх, зөвшөөрөлгүй төрийн байгууллагын үнэ тогтоох комиссоор хөрөнгийг үнэлүүлэх, үнэ цэнтэй хөрөнгийг \төмөр зам, газар...\огт үнэлэхгүйгээр эзэнгүйдүүлэн АДХ-ны ялагчид бэлэглэх гэх мэтийн Иргэний хууль, ШШГТ Хуулиас гадуур үйл ажиллагаа явагдаж 13-14 тэрбум төгрөгийн хөрөнгө 2,2 тэрбум болтлоо үнэгүйдэх нөхцөл байдал үүсэх байсан уу? Анхнаасаа нэхэмжлэгч энэ асуудалтай холбогдуулан ЗХШ-ээр эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохыг хүссэн. Анхан шатны шүүх ШШГЕГ-ын даргын тушаалуудын зорилго буюу эхний заалтыг нь анхааралгүй мэдэн будилж түүний дараачийн заалтуудад илүү ач холбогдол өгч ...албаны үйл ажиллагаанд хяналт тавих, ажиллах нөхцөл боломжоор хангаж, шаардагдах зардлыг гаргахыг тус газрын холбогдох албан тушаалтнуудад даалгасан учир дотогшоо чиглэсэн акт гэж андуурч дүгнээд захиргааны актыг илт 1 хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна. ШШГЕГ-ын даргын тушаал нь ХЗХ-ны асуудлаар тусгай албыг үүсгэн байгуулсан бөгөөд эхний энэ заалтгүйгээр тушаалын утга агуулга ойлгомжгүй болно. Иймд ЗХХШТХ-ийн 9-р зүйлийн 9.2-т захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно гэсэн заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүх цааш нь ШШГЕГ-ын дээрх тушаалууд нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд газрын дарга өөрт нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд батлан гаргажээ хэмээн бичсэн байна. Нэхэмжлэгч ШШГЕГ-ын даргад ямар нэгэн хууль тогтоомжоор ХЗХТБА Алба байгуулах эрх олгогдоогүйг олонтоо тайлбарласан атал шүүх үүнийг шийдвэртээ огт тусгалгүй санаатайгаар орхигдуулан харин эсрэгээр нь өөрт нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд батлан гаргасан гэсэн хуулийн үндэслэлгүй дүгнэлт бичсэнийг шүүгчийн эрх зүйн ухамсар, ёс зүйгүй байдал гэхээс өөр яах вэ. Шүүгчид эрх зүйн ухамсар, ёс зүйтэй байсан бол хуулиа дээдлэх зарчмаар хууль ёсны шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагын хангах байсан болов уу. Хэргийн хариуцагч ЗХХШТХ-ийн 20-р зүйлийн 20.2.2-т зааснаар ...ЗХШ-д хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах \19.2.4\ хуульчлагдсан үүрэгтэй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчдын ялангуяа шүүгчдийн ёс зүйтэй холбогдуулан гомдол гаргах нь тусдаа асуудал боловч хариуцагчид нь шүүхэд худлаа тайлбар гаргаж шүүгчид нь түүнийг үндэслэн хууль бус шийдвэр гаргасныг засаж залруулах эрх, үүрэг давж заалдах шатны шүүхэд байгаа учир шударга ёсны болоод хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхийг нэхэмжлэгч иргэд дээд шатны шүүхээс шаардах эрхтэй нь мэдээж.
Дээр дурдсан нөхцөл байдал, эрх зүйн үндэслэлийг харгалзан давж заалдах шатны шүүх ЗХХШТХ-ийн 9-р зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9, 9.2 мөн хуулийн 88-р зүйлийн 88.1.2, 88.2-т тус тус заасныг баримтлан ШШГЕГ-ын даргын 2007.10.19-ний өдрийн Б\787 дугаар, 2009.03.17-ны өдрийн Б\131 дүгээр тушаалуудыг илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ШШГЕГ-ын даргын 2007.10.19-ний өдрийн Б\787 дугаар болон 2009.03.17-ны өдрийн Б\131 дүгээр тушаалыг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Нэхэмжлэгч ЗХШ-д нэхэмжлэл гаргахдаа ...төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаа шүүхээр тогтоогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэснийг ...ЗХХШТХ-ийн 70-р зүйлийн 70.4-т заасныг үндэслэн хохирлын асуудлыг хамтад нь шийдвэрлүүлэхээр нэхэмжилсэн. Анхан шатны шүүх Г ХЗХ-ны хохирлыг барагдуулах “Б” ТББ-ын гишүүн 44 хохирогчдын 514,874,212Т-ийн хохирлыг хариуцагчдаас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед хөрөнгийг үнэгүйдүүлж, багаар үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан, хэрэв бодитоор үнэлсэн бол хохирогчид хохирлоо бүрэн барагдуулах боломжтой байсан гэх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримт дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд “Г” ХЗХ-ны битүүмжлэгдсэн эд хөрөнгийг ямар үнээр, хэрхэн, ямар хугацаанд АДХ-гаар худалдсантай холбоотойгоор нэхэмжлэгч 514,874,212 төгрөгийг буруутай хариуцагчдаас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь ЗХШ-ийн хянан шийдвэрлэх маргаан биш байна. ЗХХШТХ-ийн 4.3-т нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо ердийн харьяаллын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэжээ. Эдгээрээс үзвэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг санаачилгаараа буруу тодорхойлон нэхэмжлэгчийн өөрсдийнх нь иргэний шүүхийн харьяаллын асуудал гэж үзээд нэхэмжлэлийн бусад шаардлагадаа ч огт дурдаагүй АДХ-ны худалдагдсан үнэ, процесстой холбогдуулан тайлбарласан нь нэн ойлгомжгүй байна. Хохирогчид бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх субьектив эрхээ хөндөгдсөн гэж үзэж ЗХШ-д нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарах маргааны зүйл нь төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаатай холбогдох асуудал болохоос хохирол дангаараа маргаан бүхий асуудал биш. Хохирогчдын хохирлын хэмжээ эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн учир үүнтэй холбогдох маргаан дахин гаргах үндэслэлгүйг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч шүүхээр эрх зүйн харилцаа байгаа эсэхийг буюу төрийн албан хаагчид буруутай эсэхийг тогтоолгохыг хүсэж, хэрэв төрийн албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагаа хохирогчдын хохирол төлөгдөх хэмжээг бууруулахад нөлөөлсөн болох нь тогтоогдвол ЗХХШТХ-ийн 70-р зүйлийн 70.4 заалтын дагуу хохирлын асуудлыг шүүхээр хамтад нь шийдвэрлүүлж зохих ёсоор хохирлыг төрд хариуцуулахаар нэхэмжилсэн. ЗХХШТХ-ийн 70.4-т захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан.
Нэхэмжлэгч хуулиар батлагдсан эрх зүйн хэм хэмжээ буюу ЗХХШТХ-ийн 70.4 заалтыг баримтлан хохирол нөхөн төлүүлэх субьектив эрхээ ойлгомжтойгоор эрх зүйн дагуу шаардсан байна. Харин шүүх үүнийг захиргааны хэргийн шүүх харьяаллын бус маргаан байна хэмээн ЗХХШТХ-ийн 4.3 болон 34.1.1 заалтыг баримтлан 514,874,212?-ийн хохирлыг буруутай хариуцагчдаас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэжээ. Энэ нь нэхэмжлэлийн бусад шаардлага болон анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн захиргааны хэрэгтэй утга агуулгын хувьд авцалдахгүй зөрчилдсөн шийдвэр болжээ. Захиргааны хэргийн шүүх үүсгэсэн захиргааны хэргээ харьяаллын хэрэг мөн гээд нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэр гаргасан хэр нь хохиролтой холбогдох өөр ямар хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа юм бол? Анхнаасаа нэхэмжлэлд хохирогчдын хохирлын асуудлыг биеэ даасан нэхэмжлэлийн шаардлага болгож захиргааны хэрэг үүсгүүлэхээр тусгайлан шаардаагүй.
Захиргааны хэргийн шүүх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоохоор хэрэг үүсгээд хэрэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудаа нэгэнт шийдвэрлэсэн болохоор шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр үнэхээр ойлгомжгүй бөгөөд эрх зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 4.2.7-д зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах төрийн албаны зарчмыг үндэслэн төрөөс төлөгдөөгүй үлдсэн хохирлоо нэхэмжилсэн. Ингэхдээ “Г” ХЗХ-ны 13-14 тэрбум төгрөгийн\ тухайн үеийн үнэ ханшаар\ үнэ бүхий хөрөнгө дөнгөж 2,2 тэрбум төгрөгийн үнэд хүрсэн нөхцөл байдалд хэргийн хариуцагч төрийн албан хаагчид албан хариуцлагынхаа хувиар гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоолгон, хэрэв албан хаагчдын буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хохирогчид төрөөс хохирлоо нөхөн төлүүлэхийг хүссэн. Ийм учраас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төрөөс гаргуулах хохирлын хэмжээг ямар нэгэн байдлаар хариуцагчдад хувилан хуваарилаагүй байсан. Харин шүүх хуралдааны эхэнд хуралдаан даргалагч нэхэмжлэгчээс хохирлоо ямар хариуцагчаас, ямар хувь хэмжээгээр гаргуулах тухай асууж тодруулахад нэхэмжлэгч талынхан энэ талаар ярилцаж тохиролцоогүй гэдгээ хэлээд бүгдээс нь хувь тэнцүүлсэн байдлаар гаргуулъя гэсэн.
Дараа нь шүүх хуралдааны төгсгөл хэсэгт шүүгч Ц.О нэхэмжлэгчээс дээрх асуултыг дахин лавлаж, гаргуулах хохирлын хувь хэмжээг эцсийн байдлаар тодорхойлохыг сануулахад хохирлыг хариуцагч ШШГЕГ, Нийслэлийн засаг дарга хоёроос гаргуулъя гэсэн нь хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа. Шүүх энэ 2 хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагын нэгийг нь хангаж нөгөөг нь хангаагүй. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хохирогчдын хохирлын асуудалтай холбогдох ямар нэгэн маргаан гараагүй. Иймд шүүх нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн болон хохирлын асуудлаар маргаан гараагүйг ЗХХШТХ-ийн 70.4-т заасан эрх зүйн хэм хэмжээний гипотез хоёулаа хангагдсан гэж үзэж хариуцагч НЗД-аас хохирогчдын нэхэмжилсэн хохирлын ядахдаа хагасыг нь гаргуулахаар шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байсан гэж дүгнэж болохоор байна.
Нэхэмжлэгч ШШГЕГ-ын даргыг “Г” ХЗХ-нд холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын дагуу ШШГ ажиллагаа явуулсантай нь холбогдуулан захиргааны хэрэгт хариуцагчаар татан оролцуулаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч анхнаасаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай шууд холбоотой гомдлыг харьяалал андуурч ЗХШ-д гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ШШГ ажиллагаатай холбогдуулан ямар нэгэн гомдол, нэхэмжлэлийн шаардлага нэмж гаргаагүй. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ЗХХШТХ-ийн 4.3-т заасны дагуу нэхэмжлэгч тал ШШГА-тай холбоотой гомдлоо ердийн харьяаллын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүх хохирогчдын хохирлын асуудлыг зохих ёсоор шийдвэрлээгүй алдаагаа ийм эрх зүйн үндэслэлгүй заалтаар цайруулахын оронд ядахдаа ЗХХШТХ- ийн 34-р зүйлийн 34.2 заалтыг баримтлан хохирогчид Төрийн албаны тухай хуулийн 4.2.7-д заасны дагуу төрөөс хохирлоо нэхэмжлэн иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай хэмээн шийдвэрийн тогтоох хэсэгт бичсэн бол арай дээр байсан болов уу.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл захиргааны хэргийн шүүх ЗХХШТХ-ийн 70-р зүйлийн 70.4-т заасныг баримтлан хохирогчдын хохирлын асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэж хохирогчид сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Г ХЗХ-ны хохирлыг барагдуулах хамтын “Б” ГҮТББ-ын нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар төрөөс хохирлоо нөхөн төлүүлж бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх субьектив эрхээ эдлэх иргэний хүсэл зоригоо бодитойгоор илэрхийлсэн нэр бүхий 44 хохирогчдын нийт 514,874,212 төгрөгийн хохирлыг гэм буруутай хариуцагчаас гаргуулах эрх зүйн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүх хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буруутай этгээдээр 514,874,212 төгрөгийг нөхөн төлүүлэх асуудлыг нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэн Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1- д зааснаар төрөөс ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг хохирогч иргэдийнхээ өмнө хариуцна уу. ХЗХ-ны хөрөнгийг төрийн албан хаагчид төрийн нэр сүр, хуулийн хүчээр далайлган төрд хураан авсан нь үнэн болохоор хохирогчид хохирлоо төрөөс нэхэмжлэхгүй юм бол өөр хаанаас, хэнээс нэхэх вэ? “Г” ХЗХ-ны хохирогчдын хохиролтой холбогдох шийдвэрийг төрийн нэрийн өмнөөс ЗХШ шийдвэрлэж өгөхгүй юм бол үүнийг өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхэд хүндрэл чирэгдэлтэй учир эрхэм шүүгчдийг хүний эрхийг хамгаалсан шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
Хэрэв давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэхэд хүрвэл ЗХХШТХ-ийн 88-р зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.5-д тус тус заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу. Гомдолд өмгөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргаж өгснөөр хавтаст хэрэгт авагдсан боловч шүүхийн шийдвэрт зохих ёсоор тусгагдаагүй хариу тайлбарууд, ХЭТНБТ хууль болон журам, шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай саналыг дахин хавсаргав. гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах хамтын “Б” нийгэмлэгийн тэргүүн С.Д-с “...Засгийн газрын харъяа байгууллагууд, албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас “Г” ХЗХ-ны хохирогчдын бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, нэр бүхий албан хаагчдын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, хохирогчдын төлөгдөөгүй үлдсэн хохирлыг хууль зүйн дагуу төрд хариуцуулж, хохирлыг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гарган маргажээ.
1. “Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарт холбогдуулан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах явцдаа эрх зүйн дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоолгох, нэр бүхий албан хаагчдын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хууль зүйн зөрчилтэй эрх зүйн харилцаа байгаа” гэж тайлбарлаж Монгол Улсын Ерөнхий сайд болон Хууль зүйн сайдад холбогдуулан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлага гаргасан байна. Энэхүү маргааны тухайд уг нэхэмжлэлийн шаардлага нь бусад нэхэмжлэлийн шаардлага болох тухайлсан захиргааны актын эсрэг, тухайлсан захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбогдуулан, уг актуудын улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзэж, тухайн захиргааны актуудыг хууль бус болон илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой байх тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй.
Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоохыг хэн нэгэнд холбогдуулан хариуцуулах үндэсгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлага нэхэмжлэгчид байгаа нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон Нийслэлийн Засаг дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйлдэл, үйл ажиллагаа, тэдний гаргасан актуудыг хууль бус гэж үзсэн атлаа, тэдгээртэй холбоотой үйлдэлд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
2. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалаар Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг байгуулсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор банкны өр барагдуулах чиг үүрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжсэнтэй холбогдуулан тус газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг байгуулсан байна.
Дээрх тушаал нь Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль болон Засгийн газрын тогтоолуудын дагуу гарсан байх бөгөөд агуулгын хувьд шинээр байгуулагдсан ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг илтгэн танилцуулах, ажиллах нөхцөл боломжоор хангах, холбогдох зардлыг гаргах зэрэг гадагшаа бус дотогшоо чиглэсэн, удирдлагаас доод албан тушаалтанд чиг үүргийн хүрээнд үүрэг болгосон шинжтэй эрх зүйн акт хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Харин анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж дүгнэсэн боловч уг шаардлагыг Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулав.
3. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 367 дугаар захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа хадгаламж зээлийн хоршоодыг шалгах явцад хэргийн холбогдолтой эд зүйлийн үнэлгээ хийх түр комисс байгуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 131 дүгээр тогтоолын дагуу Сангийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан “Журам батлах турхай” 181 дүгээр тушаалаар захиргааны журмаар хураагдсан эд зүйлтэй холбоотой харилцааг зохицуулахаар байх ба харин хэргийн эд зүйлийн үнэлгээ хийх комисс байгуулах эрх хэмжээ олгогдоогүй, өөрөөр хэлбэл захиргааны акт гаргах эрх хэмжээ олгогдоогүй гэж үзэж, А/367 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэнд Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хянав.
4. “Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах хамтын “Б” нийгэмлэгийн гишүүн 44 хохирогчдын нийт 514.874.212 төгрөгийг хариуцагчдаас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6 дахь хэсэгт “захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөх, хасах”, мөн зүйлийн 70.4 дэх хэсэгт “Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараас үзэхэд ямар албан тушаалтны хууль бус шийдвэрээс хэнд хэдий хэмжээний хохирол яаж учирсан, ямар бадлаар тогтоогдсон эсэх нь тодорхойгүйгээс гадна хадгаламж зээлийн хоршооны учруулсан хохирлыг энэ хэргийн хариуцагчдаас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэсгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 313 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэснийг хасч, “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтад “...баримтлан...” гэсний дараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж болно.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ