Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

           нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

улсын яллагч Г.Золзаяа,

шүүгдэгч Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0-009/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Батчулууны Шинэбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526012041 дугаартай, 106/2016/0573/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3-11 тоотод оршин суух,

2011 оны 09 дүгээр сарын  06-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар захирамжаар 09 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Их засаг овогт Батчулууны Шинэбаяр /РД: ДЮ92020455/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр оройн 18 цагийн үед өөрийн амьдарч байсан Өргөө кинотеатрын ард байрлах нийтийн байрнаас гарч найз Эрдэнэбаяртай уулзах гэж Баянхошууны ханын материалын эцэс орсон. Эрдэнэбаярын эмээгийн гэрт очиход Эрдэнэбаярын эмээ нь гарч ирээд “Эрдэнэбаяр байхгүй” гэж хэлсэн. Эрдэнэбаярыг урд гэртээ байгаа юм байна гэж бодоод Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 5-50 тоотод очсон. Хашааных нь хаалганы завсараар харсан чинь гэр нь цоожтой байсан. Би тухайн үед Эрдэнбаярт дургүй хүрээд гэрээс нь хулгай хийх санаа төрөөд шууд хашааны хаалгыг нь онгойлгоод орсон. Гэрийнх нь хаалгыг хүчтэй нэг удаа татаж онгойлгоод гэр дотор ороод гэрийнх нь зүүн талд байсан 32 инчийн LCD зурагт, баруун талын хананд өлгөөтэй байсан хоёр ширхэг цув, эрэгтэй хүний костьюм зэрэг эд зүйлийг аваад гэрийнх нь хаалгыг хаагаад гарсан. …Хулгайлсан эд зүйлээ тэврээд доошоо Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал яваад тэндээсээ приус маркийн тээврийн хэрэгсэлд гар өргөж суугаад найз Сүхболдын гэр болох Сонгинохайрхан дүүргийн ар талд байх гэрт нь очоод хулгайлсан хувцаснуудаа үлдээгээд явсан. Хулгайлсан 32 инчийн зурагтаа Сонгинохайрхан дүүргийн хойно байрлах Баянсамбуу гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар очоод таксины жолоочийн иргэний үнэмлэхээр 120,000 төгрөгөнд барьцаалаад эмийн сан орж ээж Амарсанаад эм тариа аваад гэртээ харисан. …Би найз Эрдэнэбаярт дургүй хүрээд л гэрээс нь хулгай хийсэн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй, …би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад өөр ямар нэгэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Би урьд өмнө нь бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж байсан. …Эрдэнэбаяр бид хоёрын дунд ямар нэгэн өр авлагын зүйл байхгүй. … би хохирлын 500,000 төгрөгийг төлж барагдуулсан хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Д.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай хүүхэд Эрдэнэбаяр гэртээ хоноод маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө гэрийнхээ хаалгыг цоожлоод гарсан. Манай хажуу айлын хөрш Оюунчимэг гэдэг хүн миний гар утас руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэсэн. Хэсэг хугацааны дараа гэртээ яваад очсон чинь манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт орсон байсан. Гэртээ ороход гэрийн хоймор хэсэгт байсан Hair маркийн 32 инчийн LCD зурагт, хар өнгийн цув, эрэгтэй хүнийн костьюм зэрэг эд зүйл алга болсон байсан. …Шинэбаяр гэх хүнийг танина, манай хүү Эрдэнэбаяртай найзалдаг байсан. …Одоо би 490,000 төгрөг нэхэмжилж байна, миний хохирлыг барагдуулаад өгчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 х/

 

Гэрч Х.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Цагдаагийн ажилтнууд хэлээд манай гэрт хулгай орсон талаар мэдсэн. Манай гэрийн хаалгыг эвдээд 32 инчийн зурагт, хувцаснууд алдагдсан байсан. Хэргийн талаар сайн мэдэх зүйл алга байна. …Шинэбаяр манай гэрт орж байгаагүй, бид нар ч оруулж байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12 х/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 х/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-30 х/

Шинжээчийн дүгнэлт 4720

1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 3 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй.

2.Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөрийн санд ... MN005210004368 дугаараар Батчулууны Шинэбаяр нэрээр, ..., MN000210009503 дугаараар Батчулууны Шинэбаяр нэрээр, нийт 4 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын ядам хуруугаар, 2 дугаартай гар мөр дээрх хүний баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Золзаяа /хх-ийн 47-50 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Б.Шинэбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5 дугаар гудамжны 50 тоотод оршин суух иргэн Д.Золзаяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожыг эвдэн орж, 32 инчийн LCD зурагт, цув, эрэгтэй костьюм зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 490,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Шинэбаярын “...Гэрийнх нь хаалгыг хүчтэй нэг удаа татаж онгойлгоод гэр дотор ороод гэрийнх нь зүүн талд байсан 32 инчийн LCD зурагт, баруун талын хананд өлгөөтэй байсан хоёр ширхэг цув, эрэгтэй хүний костьюм зэрэг эд зүйлийг аваад гэрийнх нь хаалгыг хаагаад гарсан ...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

хохирогч Д.Золзаяагийн “...манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт орсон байсан. Гэртээ ороход гэрийн хоймор хэсэгт байсан Hair маркийн 32 инчийн LCD зурагт, хар өнгийн цув, эрэгтэй хүнийн костьюм зэрэг эд зүйл алга болсон байсан ...”,

гэрч Х.Дарьсүрэнгийн “...Манай гэрийн хаалгыг эвдээд 32 инчийн зурагт, хувцаснууд алдагдсан байсан ...” гэх мэдүүлгүүд,

Хэргийн газрааас Б.Шинэбаярын хурууны хээ илэрсэн тухай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Шинэбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Шинэбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэсэн.

 

            Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

Гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Шинэбаярын нагац эгч. Манай дүү Шинэбаяр 1992 онд Говь-Алтай аймагт төрсөн, 2002 онд Говь-Алтай аймгаас гэр бүлийн хамт Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд элсэн орж 2008 оны 07 дугаар сард ар гэрийн гачигдлын улмаас сургуулиасаа гарсан. Хувиараа барилга болон барилгын зах дээр хувиараа ажиллаж байгаад 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан 445 дугаар хорих ангид ял эдэлж байгаад 2015 оны 4 дүгээр сард тэнсэн суллагдсан.  Хорих ял эдэлж гарч ирээд жолооны курст суралцаж төгсөөд ээж Амарсанаагаа асарч гэртээ байдаг байсан. Шинэбаяр дээрээ нэг ахтай, ах Сүхбаатар нь одоо Замын үүд дэх хилийн цэргийн ангид гэрээт цэргийн алба хааж байгаа. Шинэбаяр гэр бүлээ ганцаараа тэжээдэг, зан байдлын хувьд эелдэг даруухан, хүнтэй маргалдаад байдаггүй, төлөв даруухан, архи, согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй, муу зуршил гэх зүйл байхгүй. …Би Шинэбаярыг эд зүйл хулгайлсан талаар мэдэхгүй байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 х/

 

Гэрч Д.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”…Шинэбаярыг багаас нь танидаг болсон. Шинэбаяртай холбоо тасраад 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр нэг удаа уулзсан. Тэр өдөр Шинэбаяр, Намхайлхагва, Мөнхсайхан бид нар уулзаад нэг газар сууж ганц хоёр пиво уух гэсэн чинь мөнгө байхгүй байсан, тэгээд Намхайлхагвын гар утсыг барьцаалан зээлдүүлэх газар тависан. …Шинэбаяр амьдрал тааруу гэж бодож байна, зан аашийн хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтворгүй зан ааштай хүн байгаа юм. …Манай ээж Золзаяа хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа буюу маргааш нь хэлсэн. …Би Шинэбаярыг гэртээ ерөөсөө оруулаагүй. … ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 х/,

Хохирогч Д.Золзаяагийн хохирлоо бүрэн барагдуулж авсан тухай түүний бичгээр гаргасан хүсэлт

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69 х/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 х/ зэрэг баримтуудаас дүгнэлт хийхэд:

Б.Шинэбаяр нь 2011 онд хүнд гэмт хэрэгт 5 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 4  сарын 29-ний өдөр 9 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “... эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна” гэж заасны дагуу Б.Шинэбаяр нь хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн сулласан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул дээрх хугацааг өршөөх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл гэж шүүх үзсэн. Учир нь уг тэнсэнгийн хугацааг өршөөснөөр Б.Шинэбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийг хэрэглэж өмнөх ялын эдлээгүй үлдсэнээс нэмж нэгтгэн ял эдлүүлэх тухай асуудал байхгүй болж байгаа.

Б.Шинэбаярын хорих ялаас хугацааны өмнө тэнссэн хугацааг өршөөлд хамруулж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4, 78.4 дэх хэсгүүдэд зааснаар түүний ялтай байдал дуусаагүй бөгөөд ялтайд тооцогдох хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 Хохирогч Д.Золзаяа нь хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлж нотариатаар батлуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул Б.Шинэбаярыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

 

Б.Шинэбаяр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусад төлөх хохирол, төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, Б.Шинэбаярын хойшлуулшгүй ажиллагааны улмаас 3 хоног баривчлагдсан хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Их засаг овогт Батчулууны Шинэбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Шинэбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл  ял хэрэглэхгүйгээр, 04 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Шинэбаярын урьдчилан цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

4.Б.Шинэбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3-д зааснаар Б.Шинэбаярын Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 09 сар 16 хоногийн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Б.Шинэбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Шинэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ