Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2017/00777

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

       Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* тоотод оршин суух, ЖЮ640*******301 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуульд холбогдох

       тус сургуулийн захирлын 2017 оны 3 сарын 14-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:                         

     Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* жилийн 1-р сургуулийн нягтлан бодогчоор 2006 оноос эхлэн ажилласан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 3 сарын 14-ний өдөр захирал хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг гардуулж өгсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4, 37.1.8-д заасныг үндэслэн халсан. Энэ талаар урьдчилан мэдэгдээгүй, аль нэг байгууллагаас надыг ажлаас чөлөөлөхийг шаардсан бичиг ирээгүй. Миний бие 2014 онд олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэх нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон. Тэгээд байгууллагын захиргаа надыг эргүүлэн хөдөлмөрийн гэрээ хийж ажилд авсан. Тэтгэвэр тогтоолгосон хүнийг ажиллуулж болохгүй гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Миний хувьд хуулийн хүрээнд, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажиллаж байсан. Би улсад 30 гаруй жил, боловсролын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа учир боловсролын салбарт 25 жил ажилласан хүнд 25 сарын тэтгэмж олгодог хуулийн дагуу тэтгэмжээ аваад тэтгэвэртээ суухыг хүссэн. Хөдөлмөрийн хуулинд тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа бол ажиллах эрх, цалин хөлс, тэтгэмж авах эрх бусдын адил үйлчилнэ гэж байгаа болохоор намайг үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд тушаалыг хүчингүй болгож нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 2.734.380 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

     Хариуцагч Б.Батсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.******* нь 2014 оны 2 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, тус сургуулийн захирлын 2014 оны 2 сарын 28-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн тэтгэврээ тогтоолгосон, тэтгэмж авах эрх нь нээгдсэн байхад тэтгэмжээ аваагүй байсан. Тэгээд 2014 оны 3 сарын 03-ны өдрийн Б/******* тоот тушаалаар ажилдаа эргэн орж нийгмийн даатгалын сангаас сард 643.624 төгрөгийн тэтгэвэр авдаг. Аймгийн засаг дарга удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг 2015 оны 11 сарын 09-ний өдөр хийхдээ ...өндөр насны тэтгэвэртээ гарч тэтгэмжээ авсан хүнийг ажиллуулж байгаа ... зөрчлийг арилгах тухай үүргийг байгууллагын удирдлагуудад өгсөн. Энэ үүргийн дагуу нягтлан бодогч С.*******ийг өрөөндөө дуудаж уулзаад аймаг орон нутгийн удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг танилцуулаад хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Энэ үед С.******* нь тэтгэмжийн асуудлыг шийдэж өгвөл татгалзах зүйлгүй гэсэн. Тэгээд 2017 оны 3 сарын 14-ний өдрийн Б/04 тоот тушаалаар С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4,  37.1.8 дахь заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2017 оны 3 сарын 14-ний өдрөөр дуусгавар болгосон. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Засаг даргын гаргасан шийдвэрийн заалтыг дагаж мөрдсөн, хуулийн дагуу гэрээг цуцалсан гэж үзэж байна гэжээ.

      Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч С.******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 3 сарын 14-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, дээрх нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.  

      Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургууль нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан байна.

       Нэхэмжлэгч С.******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчоор 2006 эхлэн ажиллаж  байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуулийн захирлын 2014 оны 2 сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар чөлөөлөгдөн, 2014 оны 3 сарын 3-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар ажилдаа эгүүлэн томилогдсон байна. Улмаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2017 оны 3 сарын 14-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

       Дээрх үйл баримтын талаар, Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуулийн захирлын 2014 оны 2 сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаал, 2014 оны 3 сарын 3-ны өдрийн Б/******* дугаар тушаал, 2017 оны 3 сарын 14-ний өдрийн Б/04 дүгээр тушаал, ажил олгогч ажилтан нарын хооронд 2015 оны 9 сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ тус тус хэрэгт авагджээ.

      Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

      Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж ирсэн, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4, 37.1.8-д заасныг үндэслэн халсан, энэ талаар урьдчилан мэдэгдээгүй, аль нэг байгууллагаас надыг ажлаас чөлөөлөхийг шаардсан бичиг ирээгүй, миний бие 2014 онд олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэх нөхцлөөр тэтгэвэр тогтоолгож  захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ хийж ажилдаа орсон, тэтгэвэр тогтоолгосон хүнийг ажиллуулж болохгүй гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй ...” гэж тайлбарладаг.

      Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...Аймгийн засаг дарга удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг 2015 оны 11 сарын 09-ний өдөр хийхдээ ...өндөр насны тэтгэвэртээ гарч тэтгэмжээ авсан хүнийг ажиллуулж байгаа ... зөрчлийг арилгах тухай үүргийг байгууллагын удирдлагуудад өгсөн, энэ үүргийн дагуу С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4,  37.1.8 дахь заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2017 оны 3 сарын 14-ний өдрөөс дуусгавар болгосон учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.

     Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 3 сарын 14-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4,  37.1.8 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан заалтуудыг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

      Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан”, 37.1.8-д “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцалсан”... бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заажээ.

      Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “Захирал нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй...” гэж заажээ.

     Хариуцагч тал нь тушаалын үндэслэлтэй холбогдуулан Дорнод аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны 2015 оны 11 сарын 09-ний өдрийн 39 тоот тэмдэглэлийг хуулбарлан ирүүлжээ. Дээрх хуралдаанаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэх үндэслэлийг баримтлан нэхэмжлэгч С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр дуусгавар болгосон байх тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

      Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 3 сарын 14-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээрх тушаал нь нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэл болох бөгөөд цаашид эрхзүйн үр дагавар үүсгэхгүй тул хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

       Нэхэмжлэгч С.******* нь ажилгүй байсан бүх хугацааны буюу 2017 оны 3 сарын 14-ний өдрөөс  2017 оны 7 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 2.734.380 төгрөг нэхэмжилсэн.

      Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тодорхойлжээ.

      Иймд  2017 оны 3 сарын 14-ний өдрөөс 2017 оны 7 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй байна.

      Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт болох С.*******ийн цалин хөлсний цэсийг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тодорхойлов.

      Нэхэмжлэгчийн 2017 оны 1, 2, 3 сарын дундаж цалингаас /3 сарын цалин 1.448.707 төгрөгийг ажлын 48 хоногт хувааж/ нэг өдрийн цалингийн хэмжээг гаргасан ба нэг өдрийн цалин 30.181 төгрөг гарч байна.  Үүнийг 2017 оны 3 сарын 14-ний өдрөөс 2017 оны 7 сарын 16-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын 83 хоногоор үржүүлвэл нийт 2.505.023 төгрөг болох бөгөөд үүнээс ээлжийн амралтын цалин 691.549 төгрөгийг хасч тооцон 1.813.474 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу С.*******ийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгохоор шийдвэрлэлээ.  

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус   удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

    1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ийг Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

       2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуулиас ажилгүй байсан хугацааны олговор 1.813.474 /нэг сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******эд олгосугай.

       3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 1.813.474 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.  

    4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллага Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 43.966 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай. 

       6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.   

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ