Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00441

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00441

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт оршин суух, БЭ******* регистрийн дугаартай, Ш****** мурат овогт Д.Д ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Барилгын техникийн мэргэжлийн сургууль, Баян-Өлгий аймгийн Барилгын трестийн барилгын контор, Ноос угаах үйлдвэрт 1966 оны 11 дүгээр сарын 01-нээс 1978 оны 3 дугаар сарын 18-ны хүртэл слесарь, Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1978 оны 3 дугаар сарын 18-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хивсний өөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: 1966 оны 11 дүгээр сарын 01-ээс Баян-Өлгий аймгийн БТМ-ийн сургуульд 1968 оны 3-15 хүртэл, 1968 оны 4 дүгээр сарын 01-ээс 1969 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл Барилгын конторт барилгачин, 1969 оны 11 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт нормчноор ажилласан болно. Тухайн жилүүдийн ажилласан жил хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд орсон, гарсан тушаалын зарим нь олдохгүй тэтгэврийн материалд хавсаргасан баримтуудын тамга, тэмдэг дутуу учир дахин нотлох шаардлага гарч байна. Ийм учир миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн жилүүдийг буюу ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг Нийгмийн даатгалын хэлтсээс зөвлөсөн учир миний 1966 оны 11 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл 28 жилийг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Д шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би Улаанбаатар хотоос 1965 онд Барилгын техникум төгсөж ирээд 1966 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Техник мэргэжлийн сургуульд мастер багшаар ажилд орох хүсэлттэй ирсэн. Гэвч тус сургуульд багшийн орон тоо байхгүй байсан учир Техник мэргэжлийн сургуульд 1966 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1968 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл слесариар ажилласан. Улмаар би орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдөж Барилгын трестэд тоног төхөөрөмжийн слесариар 1968 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1969 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Дараа нь Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрт дулааны слесариар ажилд ороод 1969 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1978 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Харин 1978 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрийн Хивсний цехэд өөлөгчөөр ажилласан. Тийм учраас эдгээр ажилласан байдлыг шүүхийн шийдвэрээр тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Д нь Баян-Өлгий аймаг дахь Барилгын техникийн мэргэжлийн сургууль, Баян-Өлгий аймгийн Барилгын трестийн барилгын контор, Ноос угаах үйлдвэрт 1966 оны 11 дүгээр сарын 01-нээс 1978 оны 3 дугаар сарын 18-ны хүртэл слесарь, Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1978 оны 3 дугаар сарын 18-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хивсний өөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:

- хүсэлт гаргагчийн 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Барилгын техникийн мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн 2-9 дүгээр хуудас хүртэл Баян-Өлгий аймаг дахь Барилгын техникийн мэргэжлийн сургууль, Баян-Өлгий аймгийн Барилгын трестийн барилгын контор, Ноос угаах үйлдвэр зэрэг байгууллагад слесарь болон хивсний өөлөгчөөр тус тус томилогдсон болон чөлөөлөгдсөн тухай тушаалын талаарх бичилт хийгдэж хөдөлмөрийн дэвтэр нь холбогдох тамга тэмдгээр баталгаажсан, тухайн үеийн цээж зураг наагдсан байдал,

-2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 296 дугаартай архивын лавлагаанд:

1). БТМС-ийн захирлын 1966 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 тоот тушаалаар Д.Дыг Октябрийн 49 жилийн ойн баярт сургуульд хариуцлагатай жижүүрээр томилсон байна.

2). Мөн захирлын 1968 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 57 тоот тушаалаар слесарийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

3). Барилга трестийн даргын 1969 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183 тоот тушаалаар өөр газар шилжих болсон тул слесарийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

4). Ноос угаах үйлдвэрийн даргын 1969 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 62 тоот тушаалаар слесариар томилсон байна.

5). Мөн даргын 1978 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 42 тоот тушаалаар гар хивсний өөлөгчөөр өөрчлөн томилсон байдал,

-1984 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор Ноос угаах үйлдвэрийн хивс өөлөгч Д.Дд VII таван жилийн гавшгайчийг олгосон байдал,

-1976 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БНМАУлсын Батлан Хамгаалахад туслах Нийгэмлэгээс олгосон 18711 дугаартай бат илэрхийлэхэд Д.Д нь 1976 оноос 1982 он дуустал татвар төлсөн байдал,

-хүсэлт гаргагчийн 064577 дугаартай Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд: Ноос нэхмэл хувьцаат компанийн тамгыг дарж баталгаажуулж Д.Ды паспортын дугаар 559807, БЭ******* регистрийн дугаарыг тус тус бичсэн ба 1994 оны даатгалын хураамж төлсөн тухай тэмдэглэл хийгдэж тэмдэг дарж баталгаажуулсан байдал,

-хамт ажилласан гэх А.Ханатын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн тэтгэвэрт буй А.Ханат миний бие аймгийн Ноос-нэхмэл ХХК-д ажиллаж байхдаа Д.Д надтай хамт дулааны цехэд засварчин, 1978 онд хивсний цехэд хивс өөлөгчөөр ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. Ингэхдээ 1976 оноос 1996 он хүртэл хамт ажиллаж байлаа. Тэр үед миний бие тус үйлдвэрт тасгийн дарга, дэд захирал, гүйцэтгэх захирлаар ажиллаж байв гэх тодорхойлолт,

Хамт ажилласан гэх С.Хыдырпатшагийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Өлгий сумын 5 дугаар багийн иргэн өндөр настан С.Хыдырпатша миний бие 1973 онд аймгийн Ноос угаах үйлдвэрт анх ажилд орохдоо Д.Д дулааны цехэд сантехникчийн ажил хийж байсан бөгөөд тус үйлдвэрт тасралтгүй 1996 он хүртэл ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх,

- 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 219 дугаар албан бичигт: Ноос нэхмэл ХК нь 1992, 1993, 1994 онуудад онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тодорхойлов гэснээс үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байгууллага болох Ноос нэхмэл ХК нь 1992 оноос 1994 он дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр уг байгууллагад ажиллаж буй ажилтнуудын шимтгэл төлөгдсөн байна гэж үзлээ.

- мөн 2002 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Ноос-нэхмэл хувьцаат компанийн ерөнхий захирлын 27 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан хивсний цехийн өөлөгч Д.Дыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба үүнээс дүгнэхэд хүсэлт гаргагч Д.Д нь Ноос угаах үйлдвэр болон Ноос-нэхмэл хувьцаат компанид 1978 оны 3 дугаар сарын 18-наас 2002 он хүртэл хивсний цехийн өөлөгчөөр ажилласан байна гэж дүгнэлээ.

-Хамт ажилласан гэх О.Хабсаторын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1991-1996 онд Ноос-Нэхмэл ХК-ний захирлаар ажиллаж байхдаа Д.Д тус компанийн хивсний цехэд хивс өөлөгчөөр ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

-Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 287 дугаартай архивын лавлагаанд: Ноос угаах үйлдвэрийн санхүүгийн баримтыг архивд шилжүүлээгүй тул иргэн Д.Дд холбогдох баримт гаргаагүй болно гэжээ.

Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэрийн санхүүгийн баримтыг архивд шилжүүлээгүй боловч хүсэлт гаргагч Д.Д нь Баян-Өлгий аймаг дахь Барилгын техникийн мэргэжлийн сургууль, Баян-Өлгий аймгийн Барилгын трестийн барилгын контор, Ноос угаах үйлдвэрт 1966 оны 11 дүгээр сарын 01-нээс 1978 оны 3 дугаар сарын 18-ны хүртэл слесарь, Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1978 оны 3 дугаар сарын 18-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хивсний өөлөгчөөр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд хүсэлт гаргагч Д.Д нь Баян-Өлгий аймаг дахь Барилгын техникийн мэргэжлийн сургууль, Баян-Өлгий аймгийн Барилгын трестийн барилгын контор, Ноос угаах үйлдвэрт 1966 оны 11 дүгээр сарын 01-нээс 1978 оны 3 дугаар сарын 18-ны хүртэл слесарь, Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1978 оны 3 дугаар сарын 18-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хивсний өөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЭ******* регистрийн дугаартай, Ш****** мурат овогт Д.Д ы Баян-Өлгий аймаг дахь Барилгын техникийн мэргэжлийн сургууль, Баян-Өлгий аймгийн Барилгын трестийн барилгын контор, Ноос угаах үйлдвэрт 1966 оны 11 дүгээр сарын 01-нээс 1978 оны 3 дугаар сарын 18-ны хүртэл слесарь, Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Ноос нэхмэл хувьцаат компанид 1978 оны 3 дугаар сарын 18-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хивсний өөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Ды улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ